| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2020/0088/Э |
| Дугаар | 102 |
| Огноо | 2020-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 102
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж овогт Н.О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ............. дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, архив бичиг хэрэг мэргэжилтэй, Дархангеомаш ХХК-нд нярав ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, ........ тоотод оршин суух Ж овогт Н.О,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Н.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.О нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Дархангеомаш ХХК-ийн хашаанд Ч.А-ийн эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Ч.А-ийн “...О гэнэт эргэж хараад миний өмсөж байсан ажлын малгай каск руу нэг цохисон. Тухайн үед би амьсгалын дасгал хийгээд яг дээшээ болж байсан. Тэгэхэд миний малгайны дотор талын хэсэг нь миний зүүн хөмсөг дээд хэсэг рүү цохигдож таараад миний зүүн хөмсөгний дээд хэсгээс цус гарсан. Тэгэхээр нь би О-д хандаж чи яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь О намайг хэл амаар доромжлоод чи миний өгзгөнд хүрлээ гэж уурласан. Тэгэхээр нь миний уур хүрээд О-ын баруун шанаа руу нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/,
Гэрч Т.М-ын “...О чи дандаа яахаараа миний бөгсөнд хүрч байдаг юм гэж хэлээд эргэж хараад ардаа зогсож байсан А-ийн өмсөж байсан ажлын малгай каск руу нэг удаа цохиод авсан. Тэгэхэд А-ийн духнаас цус гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
Гэрч Б.Б-ы “...О чи болиочээ гэж хэлээд эргэж хараад ардаа зогсож байсан А өмсөж байсан ажлын малгай каск руу нэг удаа цохиод авсан. Тэгэхэд А-ийн духнаас цус гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 122 дугаартай “...Ч.А-ийн биед зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 15-16/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Н.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын 450 нэгжээр торгох ялын хүлээн авч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч Н.О нь хохирогчид 400,000 төгрөг төлсөн, хохирогч шүүгдэгч нар эвлэрсэн /хохирогч, шүүгдэгч нарын гаргасан баталгаа, хэргийн 65, 66, 73/ байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Н.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж овогт Н.О-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД