Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 110

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А овогт С.Г-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .......... дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эх, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум ............. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А овогт С.Г,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас С.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Г нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 30-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчидийн ............. тоот хашааны гадна иргэн С.Э-ыг “таксины мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч С.Э-ын “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр С.Г 2 шил архи хувааж уусан. Бид хоёр өдөр нь хогийн цэг дээрээс хаягдал төмөр түүж төмөр авдаг цэг дээр авчирч тушаагаад 26,000 төгрөг болохоор нь арав арав мянгаар нь хувааж аваад үлдэгдэл 6,000 төгрөгөөр нэг шил 0.5 литрийн Түмний хишиг нэртэй архи авч уусан. Тэгээд Г дахиад 0.5 литрийн архи аваад бид хоёр хувааж уусан. Би жаахан муудсан байсан болохоор Г намайг гэрт хүргэж өгнө гээд такси дуудаад манай гэрийн гадна ирээд надаас Г таксины мөнгө 5,000 төгрөг өгчих гэхээр нь би яахаараа чамд өгдөг юм бэ, чадахгүй гэж хэлээд буух гэтэл ***** чи яасан овоо гар вэ, өдрөөс хойш дургүй хүргээд байна гээд миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгэхэд нь хамт явсан таксины жолооч бид хоёрыг салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/,

 

Гэрч Д.А “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр” 20 цагийн үед манай нөхөр Э-ыг дүү Э дагуулж орж ирсэн юм. Тэр үед манай нөхөр жоохон архи уусан байсан. Орж ирээд намайг Ганаа зодчихоод явчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

 

Гэрч С.С “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Буян захын урдаас таксинд явж байхад орой 18 цагийн орчим санагдаж байна, хуурай ах Г гэх хүн яриад “Баяндаваанд хүрээд ирээч, найзыгаа Хүнсчид рүү хүргэж өгөх гэсэн юм” гэж ярихаар нь би яваад очиход Г ах нэг ахтай нилээн өндөр согтолттой сууж байсан. Тэр хоёрыг машиндаа суулгаад найзынх нь гэрийн гадна ирээд хамт явсан ахыг буулгах гэхэд Г ах тэр ахаас таксины 5000 төгрөг өгчих гэхэд нөгөө ах би яахаараа 5000 төгрөг өгдөг юм гэхэд найз нь гуйж байна шүү дээ гэхэд нөгөө ах би яахаараа өгдөг юм пизда минь гээд уурласан. Тэгэхэд Г ах нөгөө ахын нүүр рүү 2 удаа гараараа цохиод авахаар нь би тэр хоёрыг салгаад машинаас буулгачхаад машинаа эргүүлж байхад Г ах хашаа руу орж харагдсан. Тэгээд хашаанаас нь буцаж гарч ирээд машинд суугаад гэрийнхэнд нь хэлчихлээ гээд бид хоёр яваад Г ахыг гэрт нь хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

 

Гэрч Д.Э “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18 цагийн орчим манай гэрт Г гэх залуу жаахан халамцуу байдалтай орж ирээд Э ахыгаа аваарай, хашааны гадна аваад ирлээ гэж хэлчхээд гарахаар нь дагаад хашааны гадна гартал Э ах доошоо харчихсан хэвтэж байхаар нь өргөөд гэрт нь оруулсан. Тэгээд А эгч нөхрийнхөө нүүрийг харчхаад хүнд зодуулчихсан байна гэж хэлээд эмнэлэг рүү нөхрийгөө аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 136 дугаартай “...С.Э-ын биед хамар ясны битүү хугарал, зүүн шүдний зовхи, хацар, дээд уруул, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн  хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 17-18/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч С.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын 500 нэгжээр торгох ялын саналыг хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байдлыг харгалзан үзэж торгох ялын доод хэмжээнд багасгаж шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч С.Г нь хохирогчид 180,000 төгрөг төлсөн, хохирогч шүүгдэгч нар эвлэрсэн /хохирогч, шүүгдэгч нарын гаргасан баталгаа, хэргийн 61, 62, 86/ байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт С.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А овогт С.Г-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД