Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2016/01250

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин баг 3-6-44 тоотод оршин суух Ачуут овгийн Монхоодойн Саранчимэг /ФА66060109/-ийн хүсэлттэй,

"С.Баатарсайханыг нас барсныг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч М.Саранчимэг, гэрч М.Нарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Хүсэлт гаргагч М.Саранчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие 1988 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Эрдэнэт хотын төрөх тасагт хүү Баатарсайханыг төрүүлсэн бөгөөд эцэг эхийн асрамжинд өсөж бойжиж байгаад хүү маань 1994 онд хөдөө аав ээж дээр байхдаа өвчний улмаас нас барсан. Монгол улсын Тэтгэвэрийн тухай хуулийн дагуу 4 хүүхэд төрүүлсэн эх хүн 50 настайдаа тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэсэн хуулийн заалтын дагуу тэтгэвэрээ тогтоолгох гэтэл хүүхдийн маань нас барсны гэрчилгээг шаардаад байна. Тухайн үед хүүхэд маань хөдөө малчны хотонд төв суурин газраас хол байсан тул ямар ч бичиг баримт бүрдүүлэх боломж байгаагүй. Ганц үлдсэн бичиг баримт нь гэвэл түүний төрсний гэрчилгээ байна. Эрдэнэт хотын эмнэлгээс лавлагаа авах гэтэл 20 жил өнгөрсөн тул устгалд орсон гэсэн хариу өгсөн. Мөн улсын иргэний бүртгэлийн архиваас шүүлгэсэн боловч лавлагаа гараагүй. Иймээс ганц үлдсэн бичиг баримт болох төрсний гэрчилгээг үндэс болгон 1994 онд нас барсан нь үнэн болохыг тогтоож өгнө үү” гэжээ. 

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

М.Саранчимэг нь шүүхэд хандан "хүү С.Баатарсайханыг нас барсныг тогтоолгох”-оор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч М.Саранчимэг нь 1988 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Эрдэнэт хотын төрөх тасагт хүү Баатарсайханыг төрүүлсэн болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

М.Саранчимэг нь “хүү Баатарсайхан маань хадам эцэг эхийн асрамжинд өсөж бойжиж байгаад хөдөө 1994 онд өвчний улмаас нас барсан. Тухайн үед хүүхэд маань хөдөө малчны хотонд төв суурин газраас хол байсан тул нас барсны гэрчилгээ аваагүй юм билээ.  Ганц үндсэлэх бичиг баримт нь төрсний бүртгэлийн лавлагаа байгаа. Эрдэнэт хотын эмнэлгээс нас барсан тухай лавлагаа авах гэтэл 20 жил өнгөрсөн тул устгалд орсон гэсэн хариу өгсөн. Мөн улсын иргэний бүртгэлийн архиваас шүүлгэсэн боловч лавлагаа гараагүй. Иймд миний хүсэлтийгг шийдвэрлэж өгнө үү” гэж тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д “эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно”, 135.2.3-д “төрөлт, үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралтыг бүртгүүлсэн байдал” гэжээ.

Иргэний гэр бүлийн бүртгэлд иргэний төрөлт, үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралтыг бүртгүүлсэн байдал, тэмдэглэл зэрэг баримт байхгүй түүнийг шүүхээс өөр байгууллага тогтоох боломжгүй болсон, иргэний бүртгүүлсэн эдгээр байдлыг иргэний гэр бүлийн байгууллага тогтоохоос татгалзсан тохиолдолд тус тус шүүхэд хүсэлт гарган шийдвэрлүүлэхээр заасан тул М.Саранчимэгийн хүсэлтийг тус шүүх харъяалан шийдвэрлэх үндсэлэлтэй байна.

Саранчимэгийн Баатарсайхан нь 1988 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн байх бөгөөд иргэний үнэмлэхний санд бүртгэгдээгүй, нас барсан талаар нас баралтын бүртгэлд бүртгэгдээгүй, 1994 онд нас барсан нь гэрч М.Нарангэрэл, хүсэлт гаргагч М.Саранчимэг нарын тайлбараар нотлогдож байх тул М.Саранчимэгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.  

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заав.    

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-д заасныг баримтлан 1988 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн С.Баатарсайханыг 1994 онд нас барсан болохыг тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА