| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01525/и |
| Дугаар | 01410 |
| Огноо | 2015-11-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 01410
=
| 2016 оны 11 сарын 22 өдөр | Дугаар 142/ШШ2016/01410 | Орхон аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 38-10 тоотод оршин суух Хөрхүүд овогт Цэрэндуламын Булгамаа /ГИ:78081401/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Шандын 17б-02 тоотод оршин суух Харчу овогт Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ /ГИ:79041317/
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Булгамаа, хариуцагч П.Соёл-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Булгамаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Булгамаа нь Соёл-Эрдэнэтэй гэр бүл болж 2007 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2007 онд охин Ану, 2011 онд хүү Хувьт нар тус тус төрсөн ба гэрлэхийн өмнө би хүү Доржсамбуутай хамт амьдарч байсан. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, охин Ану, хүү Хувьт, Доржсамбуу нарыг өөрийн асрамжинд авч, Соёл-Эрдэнээс Ану, Хувьт нарт тэтгэлэг толгоолгоно. Мөн улсын тэмдэгтийн хураамж 100 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан авах хүсэлтэй байна. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч П.Соёл-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие нь Цэрэндулам овогтой Булгамаатай амьдран суугаад 9 жил болж байна. Энэ хугацаанд 2007 онд охин Ану, 2011 онд хүү Хувьт нар төрсөн юм. Өнгөрсөн хугацаанд болж бүтээд л явж байсан. Ханийхаа шаардлагаар салахыг зөвшөөрсөн гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Булгамаа нь хариуцагч П.Соёл-Эрдэнэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн мөнгөө гаргуулан авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч П.Соёл-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигчид арван жилд нэг ангид суралцдаг байсан ба 2007 оноос Ц.Булгамаа хүү С.Доржсамбуугийн хамтаар П.Соёл-Эрдэнэтэй амьдарч, 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгсдийн дундаас охин С.Ану 2007 оны 08 дугаар сарын 11-ний өдөр, хүү С.Хувьт 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа болох нь талуудын тайлбар, Мөнхийн гэгээ өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Булаг багийн Засаг даргын тодорхойлолт, Булган аймгийн Сэлэнгэ сумын дунд сургуулийн тодорхойлолт, Орхон аймгийн 17 дугаар сургуулийн тодорхойлолт, С.Доржсамбуугийн 38/09 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.Анугийн 42 дугаартай төрсөний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.Хувьтын Г-1504 дугаартай төрсөний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.
Хариуцагч архи уудаг болсоны улмаас зохигчид хамтран амьдрах хугацаандаа байнгийн хэрүүлтэй байх болсон, хүүхдүүдийн хүмүүжил ёс суртахуунд муугаар нөлөөлж байгаа талаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, ба хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
2000 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү С.Доржсамбуу эхийнхээ хамт амьдарч байсан ба зохигчид гэр бүл болсноор П.Соёл-Эрдэнэ С.Доржсамбууг өөрөөрөө овоглох болсон гэж тайлбарлаж энэ талаар маргаагүй.
С.Доржсамбуу, С.Ану, С.Хувьт нар нь төрсөн цагаасаа эцэг, эхийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 38-10 тоотод амьдарч байсан ба хүүхдүүдийн өсөж торниж байгаа орчин нөхцөл, бага насны хүүхдүүдэд эхийн зүгээс тавих анхаарал халамж асаргаа, хүүхдүүдийн санал зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан эхийн асрамжинд байлгах нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх, эд хөрөнгийн талаар зохигчид маргаагүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Нэхэмжлэгч С.Ану, С.Хувьт нарыг тэжээн тэтгүүлэх хүсэлт гаргасан тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг П.Соёл-Эрдэнээр тэтгэлэг гаргуулан охин С.Ану, С.Хувьт нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч П.Соёл-Эрдэнээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Булгамаад олгож, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгээс нэг жилийн хугацаанд төлөх хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 52 184 төгрөг тус тус гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хөрхүүд овогт Цэрэндуламын Булгамаа, Харчу овогт Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2000 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү С.Доржсамбуу, 2007 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин С.Ану, 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Хувьт нарыг эх Ц.Булгамаагийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин С.Ану, хүү С.Хувьт нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг П.Соёл-Эрдэнээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
5.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Энхбаатарт даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Соёл-Эрдэнээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Булгамаад, 52 184 төгрөг гаргуулж улсын орлогод тус тус оруулсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ