Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 800

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,

улсын яллагч Ц.Гансүлд,

хохирогч Д.Ө ,

шүүгдэгч Я.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гансүлдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Б холбогдох эрүүгийн 1908031400000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Сэлэнгэ” зах дээр махны худалдагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Тахилтын 000 тоотод оршин суух хаягтай, урьд

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 00 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Б  овогт Я-ийн Б /РД:000000000/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Я.Б нь 2019 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Тахилтын 00 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, эхнэр Д.Ө ыг “архи уулаа гэж өшиглөлөө, хоол хийж өгсөнгүй, босч ирсэнгүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                 Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч Д.Ө ын мэдүүлэг /хх11-14, 15-19/, гэрч Г.О-ийн мэдүүлэг /хх30-33/, гэрч Б.Н-ийн мэдүүлэг /хх38-41/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3733 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх24/, шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн мэдүүлэг /хх28-29/, Я.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх107-110/, оршин суугаа хаягийн тодорхойлолт/хх73-74/,  хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх100/  зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

                 Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Я.Б-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Д.Ө ын “...2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ажлаа тараад 20 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд нөхөр Б  гэртээ халамцуу сууж байсан. Би Б-ыг архи дарсаа Б  гэж загнаад унт гэхэд архи нэхээд байсан. Би өөрт байсан 3200 төгрөгөөр өгөхөд хадам ээж, хүү 2 дэлгүүрээс 200 граммын архи авч өгөөд унтуулах гэхэд унтахгүй үглээд хэрүүл өдөөд миний хөл хэсэгт 2 удаа гараараа цохихоор нь би цагдаад дуудлага өгсөн... Б  миний баруун хөлрүү гараараа цохисон. Намайг босч ирэхэд дахин нөгөө хөлрүү цохисон... Чи яасан их хүн зоддог юм гэхэд миний үснээс зуураад байсан...” гэх мэдүүлэг /хх11-14, 15-19/,

2. Гэрч Г.О-ийн “...2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр намайг гэртээ байж байхад 19 цагийн үед Б  нь халамцуу орж ирээд араас нь Ө  гэрт орж ирсэн. Би бие засаад орж ирэхэд хоорондоо маргалдаж хэрэлдээд зодолдоод байхаар нь би Б  гээд болиулсан... Манай хүү өлсөөд байна гэхээр нь би 00 цаг өнгөрч байхад босч өндөг шарч өгөөд байж байхад тэр 2 хоорондоо маргалдаад байсан. Өнөржаргал Болдбаярын толгойруу нь цохиход Б  Ө-ын хөлрүү нь цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх30-33/,

3. Гэрч Б.Н-ийн “...2019 оны 3 дугаар сарын 17-оос 18-ны хооронд Сэлбэ 0 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан. Албан үүргээ гүйцэтгэж байхад шөнө 00 цаг 50 минутын үед СХД-ийн 0 дугаар хороо 00 тоотод нөхөр агсам тавиад байна гэх дуудлага ирсний дагуу очиж шалгахад дуудлага өгсөн Ө  өөдөөс гараад ирсэн. Юу болсон талаар асуухад “манай нөхөр архи уугаад байх юм, архи уусан үедээ үглээд унтуулахгүй юм тэгээд маргалдахад үснээс зулгаагаад гараараа хөл гар хэсэгт цохиж зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх38-41/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3733 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Д.Ө ын биед баруун зүүн гуя, зүүн бугалга, шууны цус хуралт, зулайн үсний халцралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх24/,

5. Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн “...Д.Ө ын биед учирсан баруун зүүн гуя, зүүн бугалга, шууны цус хуралт, зулайн үсний халцралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хх28-29/,

6. Я.Б-ын “...Би 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр... Ө-ыг босоод надад хоол хийгээд өгөөч гэхэд унт архи уухгүй гэх мэтээр үглээд загнаад байхаар нь хөнжлөөс нь татаад босгох гэхэд босч ирэхгүй байхаар нь хөлрүү нь зөөлөн цохиод босооч гэхэд уурлаад байхаар нь чи яасан сүртэй юм гээд дахин нөгөө талрүү нь гараараа цохисон. Ө  гараад зугтаах гэхээр нь үснээс нь барьж аваад зогсоох гэхэд би газар унаад Ө-ыг алдчихсан...” гэх мэдүүлэг /хх107-110/,

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Я.Болдбаяр.

Шүүгдэгч Я.Б нь 2019 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Тахилтын 00 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, эхнэр Д.Ө ыг “архи уулаа гэж өшиглөлөө, хоол хийж өгсөнгүй, босч ирсэнгүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хохирогч Д.Ө , гэрч Г.О , Б.Н  нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Я.Б-ын үйлдлийн улмаас хохирогч Д.Ө ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3733 дугаартай дүгнэлт “Д.Ө ын баруун зүүн гуя, зүүн бугалга, шууны цус хуралт, зулайн үсний халцралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн хохирогч Д.Ө , шүүгдэгч Я.Б гэрлэлтээ батлуулаагүй боловч нэг гэрт амьдраад 10 жил болсон бөгөөд дундаасаа 1 хүүхэдэтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, Мөн зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор заажээ.

Мөн шүүгдэгч нь энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч, шүүгдэгч гомдол саналгүй, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Я.Б нь хохирогчтой маргалдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Я.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлжээ.

Хохирогч Д.Ө  нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Я.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” үндэслэлийг ял оногдуулах хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх тул шүүгдэгч Я.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт Я-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР