Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2016/01251

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 45-16 тоотод оршин суух, Чонос овгийн Пүрэвдоржийн Болормаа /ГЮ69052125/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум “Рояал блүүд” ХХК-д холбогдох

“4 956 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Болормаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Болормаа би “Рояал блүүд” ХХК-ий Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах МУИС-ийн ОС-ийн замын урд талд баригдах “Шинэ монгол” хотхонд 2 өрөө орон сууц захиалж 2016 оны 03 дугаар сарын 31-нд урьдчилгаа 4 956 000 төгрөгийг гэрээний дагуу тохиролцож өгсөн. Гэтэл барилгын үйл ажиллагаа эхлээгүй дээр “Рояал блүүд” ХХК–ий ерөнхий захирал Д.Бат-Эрдэнэ 99903814 утсаа авдаггүй, борлуулалтын ажилчдын утаснууд төлбөрийн тооцоотой хаагдсан гэх 99903641, 99902761, 99724991, 95347516 гэрээн дээр бичигдсэн утас 99902341 холбогддоггүй, ажлын байр нь сүүлийн 1 сар хаалттай байсан. Үүнээс үүдсэн сэтгэл зүй шаналал, зардал чирэгдэл их байгаа билээ. “Рояал блүүд” ХХК-ий барилга барих үйл ажиллагаа нь эхлээгүй учраас гэрээг цуцалж 4 956 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн улсын тэмдэгтийн хураамж 94 250 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “Рояал блүүд” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...“Рояал блүүд” ХХК-ий захирал Д.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар би нэхэмжлэгч П.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлагад дараах хариуг өгч байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 4 950 000 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг улсын тэмдэгтинй хураамжийн хамт 2016 оны 11 дүгээр сард төлөх боломжтой болно. Түүнээс өмнө ямарч боломжгүй байна. Иймд төлбөр төлөх хугацаан дээр харгалзаж үзэхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч П.Болормаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие П.Болормаа нь “Рояал блүүд” ХХК-д холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн төлөөлөгчийн ирүүлсэн хариу тайлбарт бичигдсэн хугацааг болон хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Болормаа нь хариуцагч “Рояал блүүд” ХХК-д холбогдуулан “4 956 000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 4 950 000 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт 2016 оны 11 дүгээр сард төлье гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч хугацааны хувьд эвлэрсэн байна.

Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулахаар заалаа. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Нэхэмжлэгч П.Болормаагийн хариуцагч “Рояал блүүд” ХХК-аас нэхэмжилсэн “5 050 250 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч 4 950 000 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч байна, уг мөнгийг улсын тэмдэгтинй хураамжийн хамт 2016 оны 11 дүгээр сард төлье гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 250 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 94 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА