| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2020/0105/Э |
| Дугаар | 120 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 120
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Хохирогч Б.Б,
Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт Д.Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000710077 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, ............. тоотод оршин суух Ш овогт Д.Н,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Д.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Н нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, 710 дугаар байрны автомашины граж дотор Б.Б маргалдан, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь нэг шүдний хугарал, уруулын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Б.Б “...2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Н гараараа нэг удаа шүд орчимд цохичихсон” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
Гэрч Г.Л “...2020 оны 01 дүгээр сарын 15-ны орой 18 цагийн үед гражид байгаа машиныхаа аккумляторыг солих гээд граж руу ортол манаач Б ах уг гражид машинаа тавьдаг ах хоёр маргалдаад зогсож байсан. Би машиндаа аккумлятороо тавьчихаад гарах гээд явж байхад тэр хоёр маргалдаад хэрэлдсэн хэвээрээ зогсож байсан. Б ахын уруулнаас цус гарсан бололтой юм хэлэхэд ам шүд нь цус болчихсон харагдахаар нь би амнаас чинь цус гарчихсан байна шүү дээ гэхэд ***** цохичихдог байна ш дээ, жоохон юм уучхаад хүнд аашаа гаргалаа гэж хэлсэн. Нөгөө ах нь зүгээр байсан. Гэмтсэн зүйл харагдаагүй. ...Би яг цохилцохыг хараагүй. Ямар ч байсан хэрэлдээд зогсож байсан. Хэзээ нь ***** цохиулаад уруул амнаас нь цус гарсныг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,
Гэрч О.Т “...2020 оны 01 дүгээр сарын 15-ны орой 18 цагийн үед гражид машинаа тавих гээд гражийн ах руу залгаад хүлээж байтал уг гражид машинаа тавьдаг нэг ах миний машинд орж ирж сууснаа уг гражийн зохицуулагч ахтай маргаж хэрэлдсэн талаараа яриад байсан. Тэгэхэд гражийн ах гарч ирээд хаалга онгойлгоод би дотогш орж машинаа тавихад нөгөө ах миний машинаас буусан. Тэгээд гражийн зохицуулагч Баяраа гэдэг ахтай маргалдаад л үлдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 100 дугаартай “...Б.Б биед нэг шүдний хугарал, уруулын цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр буюу 5%-иар тогтонги алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/,
Шинжээч эмч Д.Т “...Би Б өөрийн биеэр үзсэн. Б.Б биед нэг шүдний хугарал, уруулын цус хуралт гэсэн гэмтэл тогтоогдсон. Үзлэгээр: дээд доод уруулын салстад хөхөлбөр өнгийн шинэ цус хуралттай, үүдэн доод зүүн талын 1 дүгээр шүд хөдөлгөөнтэй, эмзэглэлтэй байсан ба шүдний рентген зурагт үүдэн доод, зүүн 1 дүгээр шүд хүзүүвч хэсгээр хөндлөн хугарсан байсан. Шүд нь анатомийн байрлалаар титэм дөш буюу нүдэнд харагдах ил хэсэг, хүзүүвч буюу буйлны цаана, ёзоор гэсэн бүтэцтэй. Гаднаас дотогшоо паалан, дентин, зөөлөн эд, цемент гэсэн бүтэцтэй. Энэ тохиолдолд шүдний хүзүүвч хэсгээр хугарсан байх ба энэ нь гаднаас харахад мэдэгдэхгүй, эмзэглэлтэй хөдөлгөөнтэй байдаг. Рентген зурагт харагдана” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,
Хохирогч Б.Б мөрдөгчид гаргаж өгсөн гэрэл зургууд /хх-ийн 10/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Д.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч Д.Н нь гэм хор учруулсны улмаас учирсан хохиролд хохирогч Б.Б 65,100 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах төлбөргүй байх ба цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжээр торгох ялаар шийтгэж, түүний сарын орлогыг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Д.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш овогт Д.Н-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД