Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 514

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч А.Үүрийнтуяа, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р баг, 462 дугаар байр 11 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, 56 настай, Чонос овгийн Тогмидын Доржцэрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багт оршин суух, 1997 онд төрсөн, 19 настай, Боржигон овгийн Батсүхийн Маналд холбогдох

Гэм хорын хохирол 659211 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Доржцэрэн, хариуцагч Б.Манал, иргэдийн төлөөлөгч Х.Нэргүй, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Доржцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Манал нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мотоцикльтой явж байгаад У.Түвшинбаярыг дайрч биед нь амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулсан тул тархи толгой, нүд, шүд, хамар, бөөрөнд удаа дараагийн эмчилгээ, курс эмчилгээ хийлгэж байгаа. Одоогоор хүүхдийн маань биеийн байдал толгой их өвддөг, хүчтэй эм уулгадаг. 5 хоногийн хичээлд суух хүндрэлтэй байгаа. Эмчид үзүүлэхээр тархины доргилт их байна гэдэг. У.Түвшинбаяр нь хичээлийн цүнхээ үүрч чаддаггүй. Эмчилгээний зардлаа гарсан үед нь нэхэмжилнэ. У.Түвшинбаярын эмчилгээний зардал болох 659211 төгрөгийг Б.Маналаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Манал шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Аюуш баатарын хөшөөний ард мотоцикльтой явж байгаад У.Түвшинбаярыг мөргөж биед нь болгоомжгүйгээр гэмтэл учруулсан. Би энэ болсон явдалд харамсаж шаналж явдаг. У.Түвшинбаярын эмчилгээний зардлыг тухай бүр төлж явж байсан. Тархины зураг авахуулахад нь 313000 төгрөг, эм тарианд 127500 төгрөг өгсөн. 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр эмчилгээнд явах гэж байна 2000000 төгрөг шаардлагатай байна гэхэд нь өгсөн. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1200000 төгрөг нэхэмжилснээс 1000000 төгрөгийг өгсөн. Дараа нь 2016 оны 03 сард 550000 төгрөгийг төлсөн. Би өөрөө тусдаа гараагүй. Ажил хийдэггүй, тэтгэвэрт байдаг ээжийн хамт айлын мал маллаж амьдардаг. Энэ бүх мөнгийг малыг нь маллаж байгаа айлаасаа малчны зээл авахуулж өгч байсан. Би түрүүчийнхээ айлын өр зээлийг дарж дуусаагүй, айлд зарагдаж байгаа. Нөгөө талаас дахин эмчилгээний төлбөр нэхэмжилснийг төлөх ямар ч боломжгүй байна. Миний энэ хүүхдийн төлөө сэтгэл гарган хичээсэн зүтгэлийг ойлгож хүлээн авна уу гэв.

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Доржцэрэн нь Б.Маналд холбогдуулан Гэм хорын хохирол 659211 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хариуцагч Б.Манал нь 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р багийн нутаг дэвсгэр Аюуш баатарын талбайн урд талын засмал зам дээр өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикль жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас У.Түвшинбаярыг мөргөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлээд хариуцагч Б.Маналаас нэхэмжлэгч Т.Доржцэрэн, хүү У.Түвшинбаяр нарын Өвөрхангай аймгаас Улаанбаатар, Улаанбаатараас Өвөрхангай аймаг руу явсаны зардал болох 52900 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Монос-Мойл ФМ эмийн сангаас авсан эмийн үнэ болох 30811 төгрөг нийт 83711 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин Эм гоо ХХК-аас 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр авсан эмийн үнэ гэх 36800 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн эмийн үнэ гэх 19000 төгрөгийн баримтууд нь ямар эм авсан нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй,

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэсэн байхад Мичид зочид буудлын төлбөр 400000 төгрөг, хоолны үнэ 119700 төгрөг нийт 519700 төгрөг нэхэмжилж байгаа нь хохирогчид учирсан шууд хохирол гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 575500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Т.Доржцэрэнгийннэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Б.Маналаас улсын тэмдэгтийн хураамжинд 4550 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныгтус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Б.Маналаас 83711 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Доржцэрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 575500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 4550 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлснийг дурьдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйболохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД Л.НАРАНГЭРЭЛ

А.ҮҮРИЙНТУЯА