Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1324

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

           улсын яллагч М.Амарзаяа,

    шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Аийн Бид холбогдох 1908054621643 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Хустайн ... дүгээр гудамжны ... тоотод оршин суудаг, Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо Бэлхийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Ө овогт Аийн Б /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч А.Б нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгиохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Мөнхцэцэглэх” хүнсний дэлгүүрийн үүдэнд ... УБИ улсын дугаартай Тоёота приус 20 загварын машинаас буухдаа гээгдүүлсэн А.Жийн эзэмшлийн Самсунг эс 6 загварын гар утсыг завшсаны улмаас 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэжээ.ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг талуудаас шинжлэн судалсныг үнэлж дүгнэхэд:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ...УБИ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон  такси үйлчилгээнд явахдаа тус тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байсан иргэн А.Жийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнхцэцэглэх” хүнсний дэлгүүрийн үүдэнд буухдаа мартаж буусан  Самсунг эс 6 маркийн гар утсыг завшсаны улмаас бусдад 310.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. А.Жийн цагдаагийн байгууллагад гаргасан: “...2019 оны 10 дугаар сарын 18-нд Тойргоос гэртээ хүргүүлэх гээд такси барьж байгаад Самсунг жи 6 маркийн шинэ утас аваад зугтаасан. Уг машины дугаар дэлгүүрийн камерт бичигдсэн...” гэх гомдол /хх-ийн 3х/,

2. Хохирогч А.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эх нялхсын автобусны буудлаас өдөр 09 цаг 40 минутын үед такси бариад баруун салаа руу гэрлүүгээ харих гээд зогсож байхад миний харснаар приус-20 маркийн цэнхэр өнгийн автомашин ирээд зогсохоор нь урд талын суудал дээр нь суусан юм. Замдаа жолоочоос нь андройд гар утасны цэнэглэгч байна уу гэж асуухад байна гэхээр нь би өөрийнхөө барьж явсан Самсунг эс-6 маркийн гар утасны цэнэг дуусах гээд 3-4 хувьтай л байсан учир цэнэглээд явж байсан юм. Би жолоочид хандаж 20.000 төгрөг байна, задлах уу гэхэд жолооч задлахгүй гэж хэлсэн. Тэгээд баруун салааны Мөнхцэцэглэх хүнсний дэлгүүрийн хажуу талд ирээд .... таксины жолоочид 5.000 төгрөг өгөөд замаасаа эргэж Мөнхцэцэглэх дэлгүүрийн урд талд зогсоод би машинаас нь буусан юм. Машинаас буугаад удалгүй халаасаа тэмтрээд үзтэл гар утсаа байхгүй байхаар нь сууж явсан таксинд цэнэглээд үлдээснээ санаад сууж явсан таксиныхаа араас гараараа даллаж хэсэг гүйж орилсон боловч уг таксины жолооч нэг тоормосны гэрэл асаад удааширмаар аядаад байхаар нь би зогсох гэж байгаа гэж бодтол жолооч нь намайг харснаа цаашаа ум хумгүй чигээрээ даруйхан явчихсан. Тэгээд би эргэж Мөнхцэцэглэх дэлгүүр ороод худалдагч А гэгч эмэгтэйг байнга ордог болохоор таньдаг юм. Би Ад хандаж алив ахдаа утсаараа нэг яриулаач сая намайг танай үүдэн дээр буулгасан таксины жолооч гар утас аваад явчихлаа гээд өөрийнхөө дугаар луу залгаж үзтэл дуудаж байсан. Ахиж залгаж үзтэл холбогдох боломжгүй болчихсон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х, 20х/,

3. СД-нд дахин үзлэг хийсэн тэмдэглэл: “...Уг камерын бичлэгийг тоглуулж үзэхэд Мөнхцэцэглэх хүнсний дэлгүүрийн гадна талын камерын бичлэг байх ба ... тус дэлгүүрийн гадна талд ... УБИ улсын дугаартай цэнхэр өнгийн тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ирж зогсож, уг приус дотор хүмүүсийн хөдөлгөөн хийж байгаа нь /хохирогч таксины мөнгө төлж байгаа/ харагдаж байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд камерын бичлэгийн секунд 19 секунд дээр ирэхэд цагаан өнгийн малгайтай хүн /хохирогч Ж/ таксинаас бууж, ... УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь машины хаалга хаагдахаас өмнө хөдөлгөөн хийж байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд камерын бичлэгийн цаг 23 секунд дээр байхад цагаан малгайтай хүн /хохирогч Ж/ таксинаас бууж өмсөж явсан хувцас болон өмднийхөө кармааг тэмтэрч үзээд алхаж байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд камерын бичлэгийн цаг 28 секундыг зааж байхад цагаан малгайтай хүн /хохирогч Ж/ Мөнхцэцэглэх хүнсний дэлгүүрийн хаалгаар орохгүй шууд чигээрээ алхаж байгаа нь камерын бичлэгт буусан байв...” /хх-ийн 69-71х/,

4. Гэрч М.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хувиараа Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Зээлийн .... тоотод 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. А.Ж 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 10 цаг 20 минутын орчимд ах нь гар утсаа таксинд орхичихлоо. Утсаараа нэг яриулаач гээд миний утсаар өөрийнхөө утас руу залгаад байх шиг байсан. Тэгээд утас нь дуудаж байсан эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд намайг цагдаа дуудаад өгөөч гэж хэлэхээр нь би цагдаа руу залгаад өөрт нь өгсөн. Таксинд гар утсаа цэнэглүүлээд буухдаа мартаад буучихсан байна гэж ярьж байсан. А.Ж ах бид хоёр манай дэлгүүрийн үүдний хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд цэнхэр өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслээс бууж байсан. Улсын дугаар нь надад сайн харагдахгүй байсан. Удалгүй цагдаа нар хүрч ирээд манай камерын бичлэгийг дахин шүүж үзээд байсан. Бас камерын бичлэг дээр А.Ж ах тухайн машинаас буугаад хаалгаа бүрэн хаагаагүй байхад нөгөө машин нь зугтааж байгаа юм шиг хөдлөөд яваад өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/,

5. Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б бид хоёрыг машинтай гэрлүүгээ явж байтал хоёр цагдаа зогсоогоод цагдаагийн газар авч ирсэн. Тэгээд манай нөхрийг гэрлүүгээ харих гээд явж байхад нь нэг хөгшин хүн гар өргөөд баруун салааны тэр хавь руу хүргүүлэхдээ  машин дотор нь гар утсаа цэнэглүүлсэн байж байгаад буухдаа үлдээгээд буучихсан гэж байсан. Б надад гэртээ гар утас аваачсан талаар огт юм хэлж яриагүй. Сүүлд цагдаагийн байгууллага дээр очиж байгаад мэдсэн. Манай нөхөр машинд хүн гар утсаа үлдээчихсэн байхаар нь гэртээ аваачаад зурагтын тавиур дээр тавьчихсан гэж байсан. Би тэрийг огт анзаарч хараагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 31х/,

6. Насанд хүрээгүй гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б нь манай аав байгаа юм. Надад гэрт утас авч ирж тавьсан талаар юу ч хэлж яриагүй. Би гэртээ бага дүү Агийн хамт гэрээ цэвэрлээд байж байтал манай зурагтын тавиур дээр Самсунг галакси эс 6 маркийн гар утас байхаар нь хэний утас юм бол гэж бодоод асааж үзтэл пин код нэхээд байсан. Тэгэхээр нь би сим картыг нь хартал мобикомын сим байхаар нь утаснаас нь гаргаж зурагтынхаа тавиур дээр тавьсан. Тэгээд утсыг нь асаагаад оролдож үзэх гэж байтал манай дүү уйлаад эхлэхээр нь утсыг нь буцаагаад тавьчихсан. Манай аав, ээж хоёр ирээд тухайн утасны сим карт нь хаана байна гээд хайж үзтэл сим нь алга болчихсон байсан. Би тухайн үед сим картыг нь гаргаад зурагтын тавиур дээр тавьсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34х/,

7. Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнийн тодорхойлолт: “..:Самсунг фирм, галакси эс 6 гар утас-310.000 төгрөг” гэх /хх-ийн 36-37х/

8. Эд зүйлийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Самсунг маркийн хөх өнгийн гар утас 1 ширхэг” /хх-ийн 4-5х/,

9. Хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: “...хохирогч А.Жэд Самсунг эс 6 маркийн хөр өнгийн гар утсыг хүлээлгэн өгсөн” /хх-ийн 6х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл, хохирогч А.Жийг Самсунг галакси эс 6 маркийн гар утсыг машинд цэнэглэж байсан, буухдаа мартаж буусныг шүүгдэгч А.Б нь мэдсээр байж, уг гар утсыг буцаан өгөлгүй хувьдаа завшиж, бусдад 310.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг тус зүйл ангиар гэм буруутайд тооцох үндэслэл болно. 

Иймд шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч А.Б нь хохирогч А.Жийн гар утсыг буцааж өгсөн /хх-ийн 6х/ буюу гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол төлөгдсөн байх бөгөөд харин хохирогч нь “Бийн араас явахад гарсан зардлаа болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ, холбогдох баримтууд нь байгаа” /хх-ийн 92х/ гэх боловч тус шүүх хуралдаанд баримтуудыг ирүүлээгүй тул энэхүү шууд бус зардлыг нотолсон нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч А.Б“...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч А.Бийг гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохирлыг хохирогчид нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шууд хохирлыг төлж барагдуулсан, шууд бус хохирлыг төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал, тухайлбал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, улирлын чанартай ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин хөлс орлоготойг илэрхийлсэн баримтууд тус хэрэгт авагдсан байх тул дээрх байдлыг харгалзан А.Бид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч А.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч А.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэж, тус хэрэгт шүүгдэгч А.Бийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ө овогт Аийн Бийг гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бид 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бид оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шүүгдэгч А.Бийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч А.Бнь хохирогч А.Жэд энэ тогтоолоор төлөх төлбөргүй ба хохирогч А.Ж нь бусад зардлаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

            

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Г.АЛТАНЦЭЦЭГ