| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2019/0105/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/33 |
| Огноо | 2020-02-07 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга М.Гантуяа,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанчимэг, түүний өмгөөлөгч Х.Даваахүү /онлайнаар оролцсон/
Иргэний хариуцагч Э.Отгонбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг
Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дамдинсүрэнгийн Н яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1929001800099 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Н нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цагаан хад гэх газарт 2019 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 72-10 ГЧ улсын дугаартай чиргүүлтэй, 81-72 ӨМА улсын дугаартай Фотон маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Д.Гансүхийг дайрч амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: “Миний санамсар болгоомжгүй байдлаас болж хүний амь нас хохирсонд маш их харамсаж байна. Хэрэг гарсан цагаас хойш үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогч хүүхдийн тэтгэмжийн мөнгө нэхэмжилсэн. Хүүхдийн мөнгийг сар сард нь багаар төлж явах бодолтой байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанчимэг мэдүүлэхдээ: “Миний дүү ам бүл 3 байсан. Албан ёсны баталгаатай гэр бүлтэй байсан. Бид эхээс зургуулаа. Миний дүү “Итайкер” компанид жолоочийн ажил хийдэг байсан. Хүүхэд Хишигбаяр нь одоо 5 настай, Чоожоо нь 18 настай Анагаах ухааны их сургуулийн 2 дугаар курсийн оюутан байгаа. Энэ 2 хүүхдийн хувьд эцгийн хайрыг юугаар ч орлож чадахгүй. Мөнгөн дүнгээр ч орлож чадахгүй. Барагдуулах боломжгүй хохирол гэж үзэж байгаа учир маш их гомдолтой байна. Эгч хүний хувьд дүүгийнхээ төлөө хариуцагчаас компаниас мөнгө нэхэмжлэхээс өөр хийж чадах зүйл үлдсэнгүй. Монгол улсын гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38.1-т эцэг эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байдаг. Эцэг нь нас барснаас хуульд заасны дагуу төрөөс тэжээгчээ алдсаны тэтгэмж олгоно, нас барахад буруутай этгээдээс гэм хорыг арилгуулна гэж үзэж байгаа учир Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай болон төлбөр авах эрхгүй этгээдийг хасан нас барагчийн цалин хөлс болон орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүр тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасна гэж заасан байдаг. Энэ бүх хуулийн заалтыг үндэслэн Хишигбаярт тэжээгчээ алдсаны тэтгэмж олгуулах, Гансүхийн цалингийн зөрүүг иргэний хариуцагч компаниас дараах байдлаар гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийг онлайнаар явуулсан бөгөөд бүх задаргааг хийсэн байгаа. 2018 оны 6 сарын 18-ны өдрөөс 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Хишигбаяр нь улсаас болон хариуцагч компаниас нэг ч төгрөгийн тэтгэмж авч байгаагүй. Том хүү Чоожоо нь энэ жилийн сургалтын төлбөрөө хийж чадахгүй хэмжээнд хүрч байна. Амьдрал нь оронгоороо эргэсэн. Шүүх хуралд оролцох болон хавтаст хэрэгтэй танилцах зэргээр Өмнөговь аймгийн Ханбогд сум руу 2-3 удаа явсан бүх зардлыг оруулж тооцсон. 2020 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 2033 оны 6 дугаар сарын 13-ны өдөр бага хүү Хишигбаяр нь насанд хүрнэ. Энэ хугацаанд хүүхдийн тэжээн тэтгэхтэй холбоотой зардлыг иргэний хариуцагч компаниас албан ёсоор нэхэмжилж байна. Хойшид учрах сэтгэл санааны хохирлыг хэн ч төлж чадахгүй нь ойлгомжтой. Эдийн засгийн хувьд аавынх нь олж байсан орлогын 30 хувьд ч хүрэхгүй мөнгийг энэ 2 хүүхдийг Монгол улсдаа хэрэгтэй иргэн болж төлөвшихөд хэрэглэх гэж нэхэмжилж байгаа. Дүүгийнхээ төлөө үүнээс өөр зүйл хийж чадахгүй байгаадаа өөртөө гомдож гутарч байна. Хэрэг явдал гарснаас хойш 7 сар өнгөрсөн. Тайвшрахгүй улам их шаналж, асуудал үүсэж гомдож байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанчимэгийн өгсөн: “...Би талийгаач Д.Гансүхийн төрсөн эгч нь байна. Талийгаач нас барахаасаа өмнө эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдарч байсан. Сүүлийн үед бага зэрэг уудаг болсон гэж сонссон. 2015 онд орон сууцны зээл авсан. Тэгэхдээ ипотекиор биш бизнесийн зээлээр сарын 2.3%-н хувийн хүүтэй 80 орчим сая төгрөгний зээл аваад байр авсан юм. Сүүлийн үед зээлээ төлж чадахгүй байдлаас болж хоорондоо маргалдаад байх шиг байдаг байсан. Нас барахаас нь 14 хоногийн өмнө утсаар ярьсан. Хэвийн байсан. Гомдолтой байна. Дүүг маань дайрсан жолооч өнөөдрийг хүртэл бид нартай уулзаагүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 134-135-р хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-69-р хуудас/
Гэрч П.Оюунтунгалагийн өгсөн: “Ганаа /Гансүх/ миний хийж өгсөн хоолыг идэж дууссаны дараа дэлгүүрээс барьж орж ирсэн “Шар Чингис” архи задлаад нэг хундага уугаад надад нэг хундага хийж өгсөн. Тэгэхээр нь би уухгүй амсаад өгсөн. Тэгээд Ганаа манай гэрт жаахан сууж байгаад 19:00 цагийн үед манай гэрээс гарахдаа “ганцаараа архи уур тэнэг юм байна” гэж хэлээд манай гэрээс “Шар Чингис архиа бариад гараад яваад өгсөн ... Ганаа манай гэрээс гарахдаа “миний машин Шунхлай шатахуун түгээгүүрийн ард Амгалан ахын хажууд байгаа. Би машин дээрээ очлоо” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 188-р хуудас/,
Гэрч Д.Доржрагчаагийн өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 18-ны өглө 08:00 цаг
өнгөрч байхад Амгалан ах манай гэрт сандарсан байдалтай орж ирээд “чамтай хамт нэг цуваанд яваад байдаг Гансүх гээд залуу нас барсан байдалтай шороон дээр хэвтэж байна” гээд хамт Шунхлай шатахуун түгээгүүрийн зүүн талд шороон дээр хэвтэж байсан Гансүхийг нас барсан байна гэдгийг мэдээд цагдаад хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 186-187-р хуудас/,
Гэрч М.Амгаланбаатарын өгсөн: “Би тэр өглөө босоод харахад миний гагнуурын
портерийн цаахна улаан толгойтой чиргүүлтэй Нордбенз маркийн машин тавиатай байсан. Одоо ч тэр машин тэндээ байгаа. 06 дугаар сарын 18-ны өглөө намайг босоод харахад тэр машины кабины 2 дэлгээтэй харагдсан. Би ойртож лавшруулж харалгүй өөрийнхөө харж байгаа машинуудыг шалгаж хараад явж байгаад талийгаачийн цогцосыг харсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 204 -р хуудас/,
Гэрч Б.Амархүүгийн өгсөн: “Тэр өглөө би 07 цаг өнгөрч байхад босоод бие засаад гар нүүрээ угаачихаад угаадсаа асгаад явж байтал манай гэрээс урагш, машинуудын цаана нэг хонхор газар нэг хүн ямар нэгэн хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Би согтуу хүн байна гэж бодсон ... намайг цайгаа чаначихаад байж байтал манай өвгөн босоод гарч явснаа Улаанаатай хамт гүйхээрээ буцаж ирээд “хүн өнгөрчихсөн байна ш дээ” гэж хэлсэн ... Манай гэрээс зүүн урагш талийгаачийн машин байсан гэсэн. Талийгаач тэр машиныг манай нөхөрт гагнуур хийлгэхээр үлдээсэн юм билээ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 220 -р хуудас/,
Гэрч Н.Отгонсүрэнгийн өгсөн: “Тэгээд Н, Итгэл, Мөнхгэрэл бид дөрөв Нгийн машинтай Цагаан хадруу явсан. Санхиан уулзвараар зүүн гар тийш буугаад Цагаанхадны зүүн талд байрлах засварын гэрүүд дунд яваад Шунхлай ШТС-ын зүүн урд талд гэрүүд дунд машинаа тавьсан ... шөнийн 00 цагийн үед караокеноос гараад Нгийн жолоодож явсан нүүрс тээврийн автомашин дээр ирсэн. Машиндаа дөрвүүлээ суугаад манай кемпрүү явсан”, мөн “Тухайн үед Н машинаа жолоодон манай кемпийн үүднээс хөдлөөд нүүрс тээврийн засмал замруу орон урагшаа чигээрэй явж байгаад Санхиа уулзвараар зүүн гар талруугаа буусан. Тэгээд засмал замын зүүн талын гэрүүд дундуур явж байгаад Шунхлай колонкын араар буюу зүүн талаар нь тойрч гаран тус колонкын урд хэсэгт зам дагуу байрласан Монгол гэрүүдийн зүүн талаас нь очиж зогссон. Миний санаж байгаагаар тухайн үед хойноо амбаартай гадуураа төмөр хашаатай айлын зүүн талаас нь машинаа тулгаж зогсоосон ... Н машинаа асаан Шунхлай колонкын урд хэсгээс хөдлөхдөө тээврийн хэрэгслээрээ ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 255-р хуудас/,
Гэрч Э.Эрдэнэ-Итгэлийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 248-р хуудас/,
Гэрч Ө.Мөнхгэрэлийн өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 267-р хуудас/,
Д.Нгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 258-259, 261-262-р хуудас/,
Өмнөговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 82 дугаартай дүгнэлт /хх-ийн 275-276-р хуудас/,
Өмнөговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.Шүрцэцэгийн
мэдүүлэг /2-р хх-ийн 281-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны
өдрийн 4111 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 299-300-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3967 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 310-320-р хуудас/,
Гэрээт цагдаагийн тасгийн шинжээч Б.Батбаярын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 323-324-р хуудас/,
72-10 ГЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 81-72 ӨМА улсын дугаартай Фотон маркийн хүнд даацын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 119-163-р хуудас/
Шүүгдэгч Д.Нгийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Д.Нгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 90-р хуудас/,
Шүүгдэгч Д.Нгийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний гэрлэлтийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2-р хх-ийн 121-124-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч Д.Н нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цагаан хад гэх газарт 2019 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 72-10 ГЧ улсын дугаартай чиргүүлтэй, 81-72 ӨМА улсын дугаартай Фотон маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн гэм буруутай нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч Д.Гансүхийн амь нас хохирсныг гэмт хэргийн хохиролд, харин мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү хохирлын улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Шүүгдэгч Д.Нгийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутай байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа буюу Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Д.Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Нг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан ““Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Д.Гансүхийг дайрч амь насыг нь хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Зам тээврийн осол гарахад тухайн өдрийн цаг агаарын байдал, замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанчимэгийн гэм хорын хохиролд нэхэмжилсэн 5 583 700 төгрөгийн нэхэмжлэлээс амь хохирогчийн 2019 оны 6-р сараас 9 сар хүртэл олох ёстой байсан орлогын дундаж орлого 1 200 000 төгрөг, замын зардалд 268 700 төгрөг, 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 2 сар хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 650 000 төгрөг нийт 2 118 700 төгрөгийг иргэний хариуцагч “Хероесвин” ХХК-наас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанчимэгт олгох нь зүйтэй. Харин амь хохирогчийн том хүүгийн сургалтын төлбөрт 3 465 000 төгрөг нэхэмжилсэнийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт “...нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно...” гэж зааснаар амь хохирогчийн бага насны охин Г.Хишигбаярт 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл сар бүр 100 000 төгрөгөөр тогтоож шүүгдэгч Д.Нгаас гаргуулж олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
- Улсын яллагчаас Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулах гэсэн дүгнэлийг
- шүүгдэгч Д.Н нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээр маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг дүгнэж, түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй, боломжтой байна.
Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Д.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээгээр “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахыг үүрэг болгон 2 жилийн хугацаагаар тэнсэж” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс нэмэгдэл ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний хариуцагч “Хероесвин” ХХК-ийн зүгээс оршуулгын зардалд 14 000 000 /арван дөрвөн/ сая төгрөг төлсөн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Дамдинсүрэнгийн Нг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахыг үүрэг болгон 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Нд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн оногдуулахыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Хероесвин” ХХК-аас гэм хорын хохиролд 2 118 700 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанчимэгт олгосугай.
5. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3 508.4.1, 509.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн бага насны охин Г.Хишигбаярт сар бүр 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл 100000 /нэг зуун мянга/-н төгрөгийг шүүгдэгч Д.Нгаас гаргуулан олгосугай.
6. Шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, иргэний хариуцагч “Хероесвин” ХХК-ийн зүгээс хохирол төлбөрт нийт 14000000 /арван дөрвөн/ сая төгрөг төлсөн болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Нгийн B, C, E ангиллын №580837 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, мөн хураагдаж ирсэн 4 ширхэг дугуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Хероесвин” ХХК-д буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА