Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 0001

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Бугат сумын иргэн Г.Л нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Булган аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдох

            “Бугат сумын Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий 158/2017/0030/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч  Бугат сумын Засаг дарга Х.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил, гэрч Э.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Г.Л  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний биеийг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтын үндэслэн Булган аймгийн Бугат сумын Засаг дарга 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/18 тоот захирамжаар сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргаар томилсон. Би Санхүү эдийн засгийн дээд сургуулийг нягтлан бодогч-эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд улсад 15 жил ажиллаж байгаа үүнээс тасралтгүй төрийн албанд 8 жил ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч юм. Намайг Санхүүгийн албаны даргаар ажиллахад төрийн жинхэнэ албан хаагчийн ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан талаар Авлигатай тэмцэх газар, аймгийн Төрийн албаны салбар зөлвлөлийн албан бичгүүд ирсэн боловч сумын Засаг дарга дээд шатны байгууллагаас ирүүлсэн санал дүгнэлтийг үл харгалзан гэнэт өмнө гаргасан шийдвэрээ өөрчилж, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Б/25 тоот захирамжаар үүрэгт ажлаас минь хуулийн үндэслэлгүй чөлөөлж, төрийн жинхэнэ албан хаагч миний эрх ашгийг хохироож байна. Булган аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргахад дээрх сумын Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь заалтыг зөрчсөн тухай 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 83 тоот албан бичгээр зөвлөмж ирүүлсэн. Намайг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийг баримтлаагүй ба би Санхүүгийн албаны даргын үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байхдаа мэдээ тайланг цаг хугацаанд нь гаргаж, удирдлага арга зүйгээр ханган ажиллаж байсан. Иймд намайг ажлаас чөлөөлсөн сумын Засаг даргын Б/25 тоот захирамжийг хүчингүй болгож, Бугат сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны буюу 99 өдрийн цалин болох 3896544 /гурван сая найман зуун ерэн зургаан мянга таван зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бугат сумын Засаг даргын Б/25 тоот захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр  зүйлийн 4.2.1-д заасан “Хуульд үндэслэх” зарчмыг хангаагүй. Анх нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу томилсон байдаг ба тухайн ажил албан тушаалаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлалгүй аймгийн Засаг даргаас ирүүлсэн албан бичгийг үндэслэл болгож чөлөөлсөн нь буруу юм. Аймгийн Засаг даргын албан бичиг нь хэн нэгнийг томилох буюу халах эрх олгосон бичиг баримт биш юм. Хуульд заасан зөвшилцөнө гэдэг ойлголт нь сумын Засаг дарга тухайн албан тушаалд хүн томилох гэж байгаагаа мэдэгдэж буй хэлбэр юм. Үүнээс гадна Засаг дарга өөрийн гаргах шийдвэрийн талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, хэрвээ мэдэгдэж сонсгох ажиллагаа хийсэн бол хуульд заасны дагуу тэмдэглэл үйлдээгүй байдаг. Төрийн албаны салбар зөвлөлөөс нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд тэнцэх талаар дүгнэлт ирүүлсэн байгаа. Нягтлан бодогчийн чиглэлээр мэргэшсэн гэдгийг “мэргэшсэн нягтлан бодогч” гэж ойлгохгүй. Мөн сумын Засаг даргаас аймгийн Засаг даргад хүргүүлсэн зөвшилцөх албан бичигт ямар хүн томилох гэж байгаа талаараа тодорхой тусгаагүй, шаардлага хангасан эсэхийг тодорхойлох бичиг баримтыг хавсаргаж явуулаагүйн улмаас аймгийн Засаг дарга нэхэмжлэгчийг сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа хүнийг Санхүүгийн албаны даргаар томилохоор ирүүлсэн байна гэж ойлгож, шаардлага хангахгүй гэсэн хариу өгсөн байгаа. Г.Лхагважаргалын нягтлан бодогчоор ажиллаж байсан талаар нотлох баримтуудыг хамтад нь хүргүүлсэн бол Сангийн сайдаас гаргасан журмын шаардлагад нийцэх эсэх талаар дүгнэлт хийн зөвшилцөлд хариу өгөх боломжтой байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.     

     Хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг дарга Х.Ууганбаяр шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ганбаатарын Лхагважаргал нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/35 тоот захирамжаар Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өөрөө мэргэжлийн дагуу ажиллах хүсэлтээ гаргаж, Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдсон. Тухайн үед Г.Л нь сумын Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байсан тул удирдах албан тушаалд шууд томилсон. Учир нь Сонгуулийн хорооны дарга нь түр тушаалтай байж болохгүй гэсэн үндэслэлээр жинхлэн томилсон юм. Ингээд Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 тоот тушаалаар баталсан “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, ажилд томилох , чөлөөлөх журам”-ын 3.1.3-д заасны дагуу аймгийн Засаг даргад зөвшилцөх албан бичиг хүргүүлсэн. Түүний хариуд 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 06/977 тоот албан бичгээр Г.Л г Санхүүгийн албаны даргаар томилохоос татгалзсан. Аймгийн Засаг даргаас ирсэн албан бичгийг түүнд танилцуулж, хурлын дарга, тамгын дарга нарыг хамт байлцуулж байгаад ажлаас чөлөөлөх тухай нь мэдэгдэж, нягтлан бодогчоор ажиллах санал дэвшүүлсэн. Гэтэл Г.Л энэ саналыг хүлээж аваагүй. Харин нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд орьё гэсэн боловч тухайн үед нь энэ ажлын байранд хүн томилогдсон байсан. Санхүүгийн албаны даргын албан тушаал нь удирдах албан тушаал учир сонгон шалгаруулалт явуулах захиалгаа Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн байгаа. Нэхэмжлэгчид санал болгосон нягтлан бодогчийн ажлын байр одоо ч гэсэн хадгалагдаад байж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

     Хариуцагчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтээр Санхүүгийн албаны даргаар томилсон боловч зөвшилцөх хуулийн шаардлагын дагуу аймгийн Засаг даргатай зөвшилцөж байгаад чөлөөлсөн байдаг. Сумын Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд шатлан захирагдах ёсоор аймгийн Засаг даргын албан бичгийн дагуу арга хэмжээ авсан. Нэхэмжлэгч ерөнхий болон ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаагүй нь Санхүү албаны даргаар ажиллах ажлын байрны шаардлагыг хангахгүй байгаа ба мэргэшсэн нягтлан бодогч биш юм. Анх Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилохдоо хууль баримтлаагүй байна. Нэхэмжлэгч аймгийн Засаг даргын албан бичигт яагаад гомдол гаргаагүй юм бэ?. Сумын Засаг даргын шийдвэрийн гол үндэслэл нь аймгийн Засаг даргаас ирүүлсэн томилохоос татгалзаж байгаа албан бичиг. Энэ талаар холбогдох газар нь гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх ёстой байтал шүүх сумын Засаг даргын шийдвэрт гаргасан гомдлыг хүлээж аваад байгаа нь буруу гэж үзэж байна. Ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байгаа тул нэхэмжлэгчийг албан тушаал бууруулах ёстой. Төрийн албаны салбар зөвлөлөөс удирдах албан тушаалыг сонгон шалгаруулалт явуулах замаар томилох тухай чиглэл, зөвлөмж өгсөн байдаг. Сонсгох ажиллагааны хувьд аймгийн Засаг даргын албан бичгийг танилцуулж, тодорхой хэмжээгээр ярилцан, нэхэмжлэгчид өөр ажлын байр санал болгосон байдаг боловч нэхэмжлэгч өөрөө хүлээж аваагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

     Шүүх хуралдаанд гэрч Э.Пүрэвсүрэн мэдүүлэхдээ: “Г.Л энэ албан тушаал дээр шалгуур үзүүлэлт хангахгүй гээд тэнцэхгүй болчихлоо. Надад нягтлан бодогч, нийгмийн даатгалын байцаагчийн ажлын байр санал болгож байна. Саналаа өгөөрэй гэж байна гэж хэлж байсан. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нийгмийн даатгалын байцаагчийн ажлыг сонголоо гэж над руу мессеж бичсэн байхаар нь би Засаг даргад хэлээрэй гэж хэлсэн. Аймгийн Засаг даргын албан бичиг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ирж, албан бичгийн талаар Г.Л утсаар ярихад Улаанбаатар хотод явж байна, очоод ямар ажилд орох талаараа хариу өгнө гэж хэлж байсан юм. Ямар ч байсан энэ талаар нэхэмжлэгч өөрөө мэдэж байсан” гэв.   

ҮНДЭСЛЭХ нь:

            Булган аймгийн Бугат сумын иргэн Г.Л с Бугат сумын Засаг даргад холбогдуулан “тус сумын Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “сумын Засаг даргын маргаан бүхий захирамж нь Төрийн албаны тухай хуулийг үндэслээгүй, ажлын байранд тавигдах шаардлагыг хангасаар байтал үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус” гэж тодорхойлсон ба

Хариуцагчаас “нэхэмжлэгчийг тухайн ажлын байранд томилох талаар хуулийн дагуу дээд шатны Засаг даргад зөвшилцөх санал хүргүүлсэн боловч ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй тул томилохоос татгалзсан тухай албан бичиг ирсэн тул чөлөөлсөн, мэргэжлээрээ ажилласан жил нь хүрэхгүй байгаа” гэж маргажээ.

Нэхэмжлэгч Г.Л нь Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/18 тоот Бугат сумын Засаг даргын захирамжаар тус сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдож, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Б/25 тоот захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.[1]

Хариуцагчаас анх нэхэмжлэгч Г.Л г сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 /Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө/-д заасныг баримтлан томилсон байх боловч Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 /Сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчтай, аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө / -д заасныг зөрчсөн нь хэрэгт авагдсан Булган аймгийн Засаг даргад хүргүүлсэн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 01/285 тоот Бугат сумын Засаг даргын албан бичиг, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 06/977 тоот аймгийн Засаг даргын албан бичгүүдээр тогтоогдож байна[2].

Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.15, 14.1.16-д зааснаас бусад төсвийн ерөнхийлөн захирагч байна” гэж заасан байх ба сумын Засаг дарга тухайн сумын төсвийн ерөнхийлөн захирагч байхаар хуульчилжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Санхүүгийн алба байгуулах тухай” 326 дугаар тогтоолоор сумын Засаг даргын Тамгын газарт сумдад үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад санхүү, нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн үйлчилгээ хүргэх, сумын төсөв, санхүү, эдийн засаг, хөгжлийн бодлогын төлөвлөлт хариуцсан Санхүүгийн албыг байгуулж, уг албаны зохион байгуулалт, чиг үүрэг, орон тооны жишиг нормативыг хавсралтаар баталсан байна. Энэхүү тогтоолын хавсралтад зааснаар сумын Санхүүгийн албаны дарга нь ерөнхий нягтлан бодогч байхаар зохицуулжээ. Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 тоот тушаалаар баталсан “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг ажилд томилох, чөлөөлөх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.3 /Төсвийн ерөнхий нягтлан бодогч нь ахлах нягтлан бодогч буюу нягтлан бодогчоор 7-оос доошгүй жил, үүнээс төвлөрүүлэн болон шууд захирагчийн ахлах нягтлан бодогчийн ажлыг 5-аас доошгүй жил эсвэл санхүү, төрийн сангийн газар, хэлтэст 3-аас доошгүй жил ажилласан, эрх бүхий мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй байх/- т сумын Санхүүгийн албаны дарга буюу Ерөнхий нягтлан бодогч нь мэргэжлийн хувьд тусгай шаардлага хангасан байхыг шаарджээ. Өөрөөр хэлбэл сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалд ажиллах албан хаагч нь нягтлан бодогчийн мэргэжлээр тодорхой хугацаанд ажилласан байхыг шаардсан байна. Мөн дээрх журмаар сумын ерөнхий нягтлан бодогчийг томилж, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхдээ сумын Засаг дарга аймгийн Засаг даргатай зөвшилцөхөөр тусгажээ.

Хариуцагчаас дээрх хууль, Засгийн газрын тогтоол, сайдын тушаалаар баталсан журмуудад заасны дагуу Бугат сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалд шинээр хүн томилох талаараа аймгийн Засаг даргад зөвшилцлийн санал хүргүүлсэн боловч уг зөвшилцөх тухай албан бичигт Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилох гэж буй хүнийхээ ажлын туршлага болон мэргэжлийн талаархи баримтуудыг хавсарган хүргүүлээгүйгээс аймгийн Засаг даргаас томилохоос татгалзсан шийдвэр хүргүүлсэн байх магадлалтай байна. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад дээрх сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 01/285 тоот албан бичигт нэхэмжлэгч Г.Л г сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан талаар дурдсан байх ба шинэ томилогдох албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан эсэх, томилох хүнийхээ ажилласан байдал болон журамд заасан материалыг хүргүүлсэн нь тогтоогдохгүй байна[3].

Нэхэмжлэгч нь сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдоход харшлах зүйл байхгүй, тавигдсан шаардлагыг хангасан гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийн хувийн хэрэгт эх баримтаар авагдсан 266515 дугаарын мөн 000199882 дугаарын нийгмийн даатгалын дэвтрүүдэд[4] хийгдсэн даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлээс харахад нэхэмжлэгч нь 1999 оны 10 дугаар сарын 20-ноос 2002 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл “Хан-Эрдэнэ” ХХК-д нягтлан бодогчоор 2 жил 11 сар 10 хоног, 2004 оны 12 дугаар сарын 03-наас 2006 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Хас банкны Баянзүрх дүүрэг дэх тооцооны 36 дугаар төвийн нягтлан бодогчоор 1 жил 1 сар 14 хоног, 2006 оны 1 дүгээр сарын 17-ноос 2008 оны 7 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл Хас банкны Үйл ажиллагаа удирдлагын газарт албаны менежер,  2008 оны 7 дугаар сарын 15-наас 2009 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл “Хан-Эрдэнэ” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор 10 сар 16 хоног ажилласан байх ба 2009 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл татварын улсын байцаагч, татвар хураагч, сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Хөдөлмөрийн хэлтэст сум хариуцсан мэргэжилтэн зэрэг ажлуудыг хийж байсан байна. Үүнээс мэргэжлээрээ буюу нягтлан бодогчоор нийт 4 жил 11 сар 10 хоног ажилласан байх ба төрийн байгууллагад мэргэжлээрээ ажиллаагүй нь тогтоогдож байна.  Нэхэмжлэгч Хас банкны албаны менежер гэдэг нь нягтлан бодогч юм гэж тайлбарласан боловч тус банкны албаны менежерийн ажлын чиг үүргийг шүүх тодорхойлох боломжгүйгээс гадна хэрэгт цугларсан баримтаар уг албан тушаалыг мэргэжлийн нягтлан бодогчтой адилтган үзэх боломжгүй байна.

Хариуцагчаас маргаан бүхий сумын Засаг даргын Б/25 тоот захирамжийг гаргах болсон гол үндэслэлээ Сангийн сайдын 294 тоот тушаалаар батлагдсан ерөнхий нягтлан бодогчид тавигдах шаардлагыг хангаагүй гэж тодорхойлсон байх ба уг журамд төсвийн ерөнхий нягтлан бодогч нь нягтлан бодогчоор 7-оос доошгүй жил ажилласан байх шаардлага тавигджээ. Харин Бугат сумын Засаг даргын Тамгын газраас 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр боловсруулж баталсан Санхүүгийн албаны даргын ажлын байрны тодорхойлолтод[5] “В.Тавигдах шаардлага”-ын 1-т заасан “Ажлын байранд тавигдах шаардлага” хэсэгт “Мэргэжил - Нягтлан бодогч, Туршлага - Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан” байхыг шаардсан нь дээрх журмыг зөрчсөн гэж үзэхгүй. Нэхэмжлэгч Г.Л нь Сангийн сайдын тушаалаар баталсан журамд тавигдсан ажилласан хугацааны шаардлагыг хангахгүй байгаа боловч сумын Засаг даргын Тамгын газраас баталсан “Санхүүгийн албаны даргын ажлын байрны тодорхойлолт”-д заасан 5-аас доошгүй жил нягтлан бодогчоор ажилласан байх шаардлагыг хангасан байх магадлалтай юм. Хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан эсэх талаар нягтлан шалгаагүйгээс гадна энэ талаар нэхэмжлэгчээс тодруулж, түүнд тайлбар, санал гаргах боломж олгоогүй байна.

Нэхэмжлэгч Г.Л нь 2010 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн байх ба түүнийг Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хуульд заасны дагуу томилжээ. Төрийн албаны тухай хуулийн дагуу томилогдсон төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх харилцааг энэхүү хуулиар зохицуулдаг бөгөөд төрийн албанаас чөлөөлөгдөх, албан тушаал буурах зэрэгт мөн л энэ хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагатай. Энэ талаар Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс нэхэмжлэгчийн сумын Засаг даргын маргаан бүхий актад гаргасан гомдлыг судалж үзээд сумын Засаг даргад хүргүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 83 тоот албан бичигт[6] тодорхой тусгасан байна.   

Хэдийгээр хариуцагч Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлалгүй захиргааны акт гаргасан буруутай боловч нэхэмжлэгчийг сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдон ажиллахад тавигдах ажлын байрны тодорхойлолтод заасан ажилласан хугацааны шаардлагыг бүрэн хангасан гэж үзэх боломжгүй байгаа тул хариуцагчаас өөрийн гаргасан маргаан бүхий актыг эргэн харж, нэхэмжлэгчийн мэргэжлээрээ ажилласан хугацааг тодруулах, аймгийн Засаг даргад “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, ажилд томилох, чөлөөлөх журам”-ын 3.2-т заасан материалыг хүргүүлэх зэрэг нөхцөл байдлыг нэмж тодруулсны дараа шинээр захиргааны акт гаргах боломжтой гэж шүүх дүгнэлээ.      

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг тус тус баримтлан Бугат сумын Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Б/25 дугаар захирамжийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинээр захиргааны акт гаргаагүй бол маргаан бүхий Бугат сумын Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Б/25 тоот захирамж хүчингүй болохыг дурьдсугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4 -т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дараа шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХЖАРГАЛ

 


[1] Хавтаст хэргийн 28, 29, 31 дүгээр тал

[2] Хавтаст хэргийн 32, 33 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 32 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 39, 40, 80, 81 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 41-44 дүгээр тал

[6] Хавтаст хэргийн 34 дүгээр тал