Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2021/0402

 

“Ө г х а” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээд “В р” ХХК-ийн өмгөөлөгч С.Э, гуравдагч этгээд “В м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, гуравдагч этгээд “А К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 150 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Ө г х а” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 150 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13, 11.1.14, 11.1.16, 11.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.3.2, 49 дүгээр зүйлийн 49.6, 50 дугаар зүйлийн 50.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасныг баримтлан “Ө г х а” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Сонгон шалгаруулалт зарлах тухай А/167 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Эргэл-Халивын өргөтгөл нэртэй талбайд холбогдох 2 дахь хэсгийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Эргэл-Халивын” өргөтгөл нэртэй 49260.41 га талбайг “А К” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-20952 тоот тусгай зөвшөөрлийг хязгаарлагдмал сонгон шалгаруулалтаар хууль зөрчиж олгосон Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 629 дүгээр шийдвэрийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох, “А К” ХХК өөрийн эзэмшиж байсан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл-Халивын өргөтгөл нэртэй 49260.41 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-20952 тоот тусгай зөвшөөрлөө “В р” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-20952 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 815 дугаар шийдвэрийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох, “В р” ХХК-аас Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл-Халивын өргөтгөл нэртэй 49260.41 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-20952 тоот тусгай зөвшөөрлөө “В м” ХХК-руу 29712.64 га талбайг хэсэгчлэн шилжүүлэх өргөдлийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэж, “В м” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-21271 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох, “В р” ХХК нь өөрийн эзэмшиж байсан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй 11996.2 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-20952 тоот тусгай зөвшөөрлөө шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл болгуулах өргөдлийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргасныг бүртгэж, “В р” ХХКд ашигт малтмалын ашиглалтын ХV-021322 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 171 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, “В м” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-21271 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдийн Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 186 дугаар шийдвэрийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох” тухай шаардлагууд бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“Ө г х а” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б би тус хэргийг анхан шатны журмаар хэлэлцэн шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны дөрийн 128/ШШ2021/0150 дугаартай шийдвэрийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гардан авч улмаар эс зөвшөөрч, хуулийн хугацаанд энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Гомдлын шаардлага: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах

Гомдлын шаардлагын үндэслэл: Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэж байна.

1. Хязгаарлагдмал сонгон шалгаруулалт явуулсан нь илт хууль бус болохыг шүүх буруу дүгнэсэн тухай

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор “Эгэл-Халивын өргөтгөл” талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан байсан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15 ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/167 дугаар тушаалаар хязгаарлагдмал сонгон шалгаруулалт явуулах талбай болгон өөрчилсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3 дахь хэсэгт заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.

Тухайлбал, хариуцагч талын үндэслэл болгож буй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тушаалын 1 дүгээр хавсралтад заагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1.6 дахь хэсэгт “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно” гэж заасан нь Монгол Улсын Засгийн газраас нээлттэй сонгон шалгаруулалт зарласнаас бусад газарт тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад хэрэглэгдэх юм.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8 дахь хэсэгт “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ыг хуульчилж өгсөн бөгөөд энэ нь захиргааны байгууллагын хууль ёсны шийдвэр нь иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллагад эргэлзээгүй итгэх, өөрийн шийдвэрийг гаргах боломжийг бүрдүүлж өгөх ач холбогдолтой байдаг.

Манай компанийн хувьд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор Эгэл-Халивын өргөтгөл талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан байсан тул Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Эгэл-Халивын өргөтгөл талбайд эрэл хайгуулын ажил хийхээр сонгон шалгаруулалтад тодорхой цаг зардал гаргаж бэлтгэл хангаж мэргэжлийн багтай хамтран тус газарт ажиллаж, орон нутгийн өөрөө удирдах байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцож, талбайн анхдагч танилцуулгыг бэлдэж, компанийнхаа үйл ажиллагааг энэ ажил руу зориулаад байсан юм.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/167 дугаар тушаалаар хязгаарлагдмал сонгон шалгаруулалт явуулах талбай болгон өөрчилсөн нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн үйлдэл болсон байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3 дахь хэсэгт заасан өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан байна.

Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн хууль үүргийн биелүүлэх үүргээ биелүүлээгүй.

Тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/133 дугаар “Чиглэл өгөх тухай” албан бичигт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Журам батлах тухай A/129 тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1.6 дахь заалтыг үндэслэн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг “А К” ХХК-д олгосон үйлдэл нь холбогдох хууль, дүрэм журмыг зөрчиж байгаа тул хязгаарлагдмал байдлаар зохион байгуулсан хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авах тухай үүргээ эс биелүүлсэн байна.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэг хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухай

Захиргааны байгууллагын шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5 дахь хэсэгт заасны дагуу “Зорилгодоо нийцсэн” байх шаардлагатай.

Хариуцагч тал Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тушаалын 1 дүгээр хавсралтад заагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1.6 дахь хэсэгт заасны дагуу Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулсан гэх боловч энэхүү үйлдэл нь зорилгодоо нийцээгүй байна.

Учир нь Сонгон шалгаруулалтыг нийтэд зарласны дараа 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “Дорноговь байгалийн баялаг” хэмээх ХХК байгуулж улмаар “А К” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр 2017 оны 09 дүгээр сарын 27-нд бүртгэгдэн “Эргэл-Халивын Өргөтгөл” нэртэй 49260.41 га талбайд Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр “А К” ХХК-д XV-20952 дугаар Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон боловч “А К” ХХК нь тухайн орон нутагтаа хамааралгүй “В р” ХХК-д XV-20952 дугаар Хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг Ашигт малтмал, газрын тосны газар кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 825 дугаар шийдвэрээр бүртгэж авсан байна. Энэ нь анхнаасаа хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг ямар нэгэн өрсөлдөгчгүйгээр хязгаарлагдмал байдлаар зохион байгуулах зорилготой байсан гэх хардлагыг төрүүлэхэд хүргэж байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/167 дугаар тушаалаар хязгаарлагдмал сонгон шалгаруулалт явуулсан нь Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулсан гэх зорилгодоо нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж дүгнэсэн, маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч “Ө г х а” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэг. Нэхэмжлэлийн “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/167 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй талбайд холбогдох 2 дахь хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс уг нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон үндэслэлийг “... уг талбайд хязгаарлагдмал сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасны дагуу илт хууль бус ... Засгийн газрын нийтэд зарласан нээлттэй сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал болгох эрх хэмжээ Ашигт малтмал газрын тосны газрын даргад хуулиар олгогдоогүй ... ” гэж маргажээ.

Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын тухайд “ ... бүрэн эрхийнхээ хүрээнд сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал хүрээнд явуулахаар зарласан хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй ... илт үндэслэлгүй гэж үзэх үндэслэлгүй ...” гэх агуулга бүхий дүгнэлтийг хийж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэстэй байна.

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 10.1.2-т “энэ хуулийн 19.12, 20.1,  24.2,  26.9-д заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах” гэж заасан байна.

Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны 23 дугаар тэмдэглэлд “тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын шинэчилсэн найруулгын төслийг хянан хэлэлцээд Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.2-т заасны дагуу Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад олгох”-оор заасан байна.

Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Журам батлах тухай” А/129 дүгээр тушаалын нэг дэх заалтаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүн”-ийг хоёрдугаар хавсралтаар ... тус тус баталсан, уг тушаал захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 3768 дугаарт бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд уг хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэгчээс маргаагүй, хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байна.

Ийнхүү Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаас гарсан тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлахыг үүрэг болгосны дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/129 дүгээр тушаалаар баталсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 1 дүгээр зүйлийн 1.6-д “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион байгуулж болно” гэж, мөн 1.7-д сонгон шалгаруулалтад Ашигт малтмалын тухай хуулийн ... 7.1-д заасан Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээд оролцоно”, ... 2.7-д “Төрийн захиргааны байгууллага энэ журмын 2.6-д заасны дагуу сонгосон талбайг Ашигт малтмалын тухай хуулийн ... 20.1.1.-д заасны дагуу нийтэд зарлана” гэж тус тус заасны дагуу Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/167 дугаар тушаалаар “хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хязгаарлагдмал сонгон шалгаруулалт зарлах талбайг хавсралтаар баталсан, уг тушаалын нэгдүгээр хавсралтаар Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 74347.47 га бүхий “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй талбайд гэж солбицлыг зааж баталсан байх тул уг тушаалын хавсралтыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, мөн уг захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан” гэж үзэх, улмаар илт хууль бус захиргааны акт гэж тогтоох үндэслэлгүй байна.

Хоёр. Нэхэмжлэлийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны  10 дугаар сарын 23-ны өдрийн 629 дүгээр шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...эрх хэмжээ олгогдоогүй байхад  орон нутгийн өмчийн оролцоотой гэх “А К” ХХК-д сонгон шалгаруулалтгүйгээр шууд давуу эрхээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгож манай компанийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох эрхэд халдсан, нэхэмжлэлийн нэг дэх шаардлагад дурдсан Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2017 оны А/167 дугаар тушаал илт хууль бус учир түүнийг дагаж гарсан бусад захиргааны актууд шууд хууль бус ...” гэж тайлбарлан маргажээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр ... “сонгон шалгаруулалтад шалгарсан” гэх үндэслэлээр “А К” ХХК-д Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй 49260.41 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосныг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай А/193 дугаар тушаалаар сонгон шалгаруулалт зохион байгуулах дүгнэлт үнэлгээний дүнг баталсан, комиссын дүгнэлтээс үзвэл “... ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн саналыг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл Сонгон шалгаруулалтын комисс хүлээн авсан, нийт 2 аж ахуйн нэгж санал ирүүлсэн талаар, мөн сонгон шалгаруулалтын комисс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутад аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулан ирүүлсэн саналыг нээж, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах 49260.41 га талбай бүхий Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй талбайд “А К” ХХК-аас ирүүлсэн санал ... нийт  75.0 оноо авсан ...” талаар тэмдэглэгдсэн байна.

Анхан шатны шүүхийн дээрх сонгон шалгаруулалтыг Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам болон Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 6.5.4, 11.1-т заасантай нийцсэн гэж үзсэн нь, мөн гуравдагч этгээд “А К” ХХК-ийг орон нутгийн өмчийн оролцоотой буюу Д Б Б ОНӨААТҮГ тус компанийн энгийн хувьцааны зарим хэсгийг эзэмшигч болох талаар, мөн орон нутгийн эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр “А К” ХХК-ийг “Эргэл-Халивын өргөтгөл” талбайд зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцуулахаар шийдвэрлэсэн зэрэг хэрэгт авагдсан үйл баримтуудад үндэстэй зөв дүгнэлт хийсэн,  нэгэнт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “журам батлах тухай” А/129 дүгээр тушаалаар тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг баталсан уг журамд орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн оролцоотой  аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болохоор заасан, хуулийн хүчин төгөлдөр уг журмыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/167 дугаар тушаалаар сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарласан, улмаар сонгон шалгаруулалтын комисс сонгон шалгаруулалтад оролцсон “А К” ХХК-ийг сонгон шалгаруулалт тэнцсэн талаар дүгнэлт гаргасан, тус компани орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байсан болохыг үгүйсгэх баримт нотолгоо хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч үүнийг үгүйсгэх баримт нотолгоог гаргаж мэтгэлцээгүй энэ тохиолдолд хариуцагч Кадастрын хэлтсийн даргын 2017 оны  10 дугаар сарын 23-ны өдрийн 629 дүгээр шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч дээрх сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт шийдвэртэй маргаагүй, харин “зохих тэмдэгтийн хураамж, төлбөрийг төлж, сонгон шалгаруулалт оролцох хүсэлт хүргүүлсэн” гэж нэхэмжлэлдээ дурдсан байх боловч энэ талаарх баримт нотолгоог гаргаж мэтгэлцээгүй, анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгч Ө г х а” ХХК-ийн сонгон шалгаруулалтын комисст хүсэлтээ гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна ...” гэх дүгнэлт үндэслэлийг няцааж үгүйсгэсэн гомдол тайлбар гаргаагүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч компанийн Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хүсэлт хэрхэн шийдвэрлэгдсэн, тус компанид мэдэгдсэн талаарх хэрэгт авагдсан баримтуудад үнэлэлт дүгнэлт хийж, уг хүсэлтийг хүлээн аваагүй захиргааны байгууллагын эс үйлдэхүйн талаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан, улмаар тухайн үед гарсан шүүхийн шийдвэрт гомдол гаргаж байгаагүй талаар дүгнэсэн байх бөгөөд шийдвэрийн уг хэсэгтэй холбогдуулан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.

Гурав. Нэхэмжлэлийн “... “А К” ХХК-ийн эзэмшиж байсан XV-020952 дугаар тусгай зөвшөөрлийг “В р” ХХК-д шилжүүлсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 815 дугаар шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд “А К” ХХК-аас 2018 оны 11 дүгээр сард өөрийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргажээ.

Ашигт малтмал, газрын тосны газар “А К” ХХК болон “В р” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэх, шилжүүлэн авах тухай” гэрээ,  Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “... “В р” ХХК хайгуулын ажил хийж гүйцэтгэсэн, байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа гаргаагүй тул тусгай зөвшөөрөл шилжүүлэн авахад татгалзах зүйлгүй” талаарх агуулга бүхий 05/668 дугаар албан бичиг зэрэг баримтуудыг хүлээн авч тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд хариуцагчийн  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын“А К” ХХК-ийн эзэмшиж байсан XV-020952 дугаар тусгай зөвшөөрлийг “В р” ХХК-д шилжүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 815 дугаар шийдвэр Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно” гэж заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгчээс “...“Хэрэгт “В р” ХХК орон нутгийн өмчийн оролцоо бүхий компани болохыг тодорхойлсон Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Эрх шилжүүлэн авах, гэрээ байгуулах эрх олгох тухай” А/682 /2хх-122/ дугаар захирамж, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Компанийн хувьцаа эзэмшихийг зөвшөөрөх тухай” 80 дугаар тогтоол /2хх-121/ зэрэг баримтууд авагдсан мөн захиргааны хэргийн шүүх нь захиргааны акт хуульд нийцсэн эсэх, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх хууль зүйн боломжтой тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... “А К” ХХК нь тухайн орон нутагт хамааралгүй “В р” ХХК-д ... тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр бүртгэж авсан нь анхнаасаа хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтыг ямар нэгэн өрсөлдөгчгүйгээр хязгаарлагдмал байдлаар зохион байгуулах зорилготой байсан гэх хардлагыг төрүүлж байна ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Дөрөв. Нэхэмжлэлийн “В р” ХХК-аас Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй 49260.41 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-020952 дугаар тусгай зөвшөөрлөө “В м” ХХК-руу 29712.64 га талбайг хэсэгчлэн шилжүүлэх өргөдлийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэж, “В м” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-21271 дүгээр тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох” шаардлагын тухайд

Ашигт малтмалын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий бусад этгээдэд шилжүүлж болох бөгөөд шилжүүлсэн болон үлдэх талбайн хэмжээ, хэлбэр, байршил нь мөн хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна”, 50.2-т “Талбайн тодорхой хэсгийг энэ хуулийн 50.1-д заасны дагуу шилжүүлснийг мөн хуулийн 49.6.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуульд зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу талбайн тодорхой хэсгээ тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий бусад этгээдэд шилжүүлж болохоор, ийнхүү шилжүүлснийг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэхээр зохицуулжээ.

Хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17 /2хх-225/, мөн аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/19, “Дорноговь байгалийн баялаг” ОНӨААТҮГ-ын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай” 05 дугаар албан бичиг, “В р” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Компанийн тусгай зөвшөөрөл болон хувьцаа шилжүүлэх тухай” 01/05 дугаар тогтоол /2хх-231/, мөн тус компанийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Хувь нийлүүлэгчдийн 05/01 дүгээр шийдвэр, анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Архивд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеэр бэхжүүлэн авсан фото зураг зэрэг баримтуудаас үзэхэд “В р” ХХК нь хөрөнгө оруулалт татах зорилгоор Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах “Эргэл Халивын өргөтгөл” нэртэй ашигт малтмалын хайгуулын 49260,1 га бүхий талбайн тодорхой хэсгийг буюу 29712,64 га талбайг “В м” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэж, хуульд заасан баримтуудыг бүрдүүлж, эрх бүхий байгууллагад хандсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий бусад этгээдэд шилжүүлж болох бөгөөд шилжүүлсэн болон үлдэх талбайн хэмжээ, хэлбэр, байршил нь мөн хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна”, 50.2-т “Талбайн тодорхой хэсгийг энэ хуулийн 50.1-д заасны дагуу шилжүүлснийг мөн хуулийн 49.6.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ” гэж тус тус заасантай нийцсэн.

“В р” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөө “В м” ХХК-руу хэсэгчлэн шилжүүлэх өргөдлийг бүртгэсэн, “В м” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-21271 дүгээр тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаар шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийн уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

Тав. “В р” ХХК нь өөрийн эзэмшиж байсан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Эргэл-Халивын өргөтгөл” нэртэй 11996.2 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-20952 дугаар тусгай зөвшөөрлөө шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл болгуулах өргөдлийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргасныг бүртгэж, “В р” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын XV-02133 дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 171 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, “В м” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-21271 дүгээр тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Ашиглалтын тусгай зөвшөөрөл 168 дугаар шийдвэрийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох тухай шаардлагуудын тухайд

Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан чиг үүргийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг өргөдлийг хүлээн авч бүртгэх” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1-д “хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна”, 26.3-д “26.3.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ”, 26.3.2-д “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх” гэж тус тус хуульчилсан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “В р” ХХК-аас Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан холбогдох баримтуудын хамт 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасны дагуу эрх бүхий төрийн захиргааны байгууллага тухайн өргөдөл, баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэхэд шүүлт хийж, улмаар Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” 171 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасныг үндэслэн “Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Эргэл-Халивын өргөтгөл нэртэй 11966.20 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “В р” ХХК-д олгож” шийдвэрлэсэн, энэ нь дээрх хуульд заасан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэх журмыг зөрчөөгүй, Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” 171 дүгээр шийдвэрийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй.

Мөн “В м” ХХК-аас Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл, холбогдох баримтуудыг гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” 186 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасныг үндэслэн NM-025949 дугаартай өргөдлийн дагуу Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Шар хөтөл нэртэй 1600.46 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “В м” ХХК-д олгожээ.

Захиргааны акт илт хууль бус болох тохиолдлыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан бөгөөд дээр дурдсанаар “В р” ХХК болон “В м” ХХК нарын хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд буюу хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдлийг төрийн захиргааны байгууллага бүртгэж, холбогдох баримтуудыг хянаж, шалган өөрт хуулиар олгосон чиг үүргийн хүрээнд, хуульд үндэслэж тус компаниудад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон дээрх шийдвэрүүдийг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч нарын цаг хугацаа болон үйл баримтын хувьд дараалсан шинжтэй хэрэгжүүлсэн захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн маргасан үндэслэлээр хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн хүрээнд маргаан бүхий актуудыг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй, маргаан бүхий шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөөгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 150 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                        С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                        Н.ХОНИНХҮҮ