Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2017/00857

 

Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

       Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 

            Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 131/ШШ2017/00832 дугаар шийдвэр,

            Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар магадлалтай,

                                                                                                           

           Д-ийн нэхэмжлэлтэй,          

           С-т холбогдох

      Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,602,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхбаяр, хариуцагч С , хариуцагчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 

          Нэхэмжлэгч Д-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Манайхаас С  нь 29,000,000 төгрөг зээлж авсан. Мөнгө зээлж авахад эхнэр Д.Жаргал нь мөнгө авсан нь үнэн гэж гарын үсгээ зурсан. Мөнгө өгөхгүй удаад маргаан гараад шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан. Тэр үед эвлэрүүлэн зуучлагч Ө.Сувдаагийн хажууд  29,000,000 төгрөгөө өгөхөөр цаг хугацаагаа тохироод эвлэрсэн. Тухайн үед огт муудалцсан зүйл байхгүй, 4 сард мөнгө өгнө гээд гэрээ байгуулаад гарын үсгээ зураад гарсан. Эвлэрүүлэн зуучлагчийг худал гэрээ хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Шүүгчийн захирамж гараад шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандахад н.Отгонбаяр гэдэг хүнээс 16,398,000 төгрөг орж ирсэн. Өөр өгөх юм байхгүй гээд Истана маркийн машинаа 6,000,000 төгрөгт бодоод өгсөн байгаа. 2017 оны 01 сарын 10-ны өдрийн 97 дугаартай захирамжаар Сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 03 сарын 26-ны өдрийн 444 дүгээр захирамжийг хүчингүй болгосон тул миний зээлсэн 29,000,000 төгрөгийн үлдэгдэл 6,602,000 төгрөгийг С аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

           Нэхэмжлэгч Д-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: С ын эхнэр Д.Жаргал нь манай төрсөн эгч юм. 2014 оны 10 сарын 04-ний өдөр С , эхнэр Д.Жаргалын хамт манайд ирээд “14 хоногийн хугацаатай надад 29,000,000 төгрөг зээлээд өгөөч манайх наймаа хийх гэсэн юм тэгээд мөнгөө өгөхдөө нэмж 2,000,000 төгрөгийн хүү өгье” гэсэн. 2014 оны 10 сарын 04-ний өдөр С  түүний эхнэр бид 3 амаар тохиролцож би С-т мөнгө зээлсэн. С ын эхнэр нь манай төрсөн эгч учраас би итгээд н.Машбат гэдэг хүнээс мөнгө зээлж аваад 2 хоногийн дараа С-т аваачиж өгсөн. Өгөх үед машинд нь С.Наран-Очир гэх хүн хамт байсан. Би С-т л мөнгө зээлүүлсэн. С.Наран-Очирыг танихгүй. Тэгээд мөнгөө өгөхгүй удаад 14 хоногийн хугацаа өнгөрөхөөр нь С  руу залгахаар “өгнө, байж бай мал авсан малаа борлуулаад өгнө” гэж хэлдэг байсан. Тэгээд бүр өгөхгүй 3 сар болж С ын эхнэр надруу утсаар ярьж “чи С , С.Наран-Очир хоёрыг шүүхэд өгч байж мөнгөө олж авахгүй бол энэ хүмүүс чиний мөнгийг өгөхгүй гээд байна би яахав гэрч болъё” гэж хэлсэн. Тэгээд С ын эхнэр гэрчийн мэдүүлэг бичиж өгөөд эвлэрүүлэн зуучлалаар орсон. 2015 оны 03 сарын 26-ны өдөр эвлэрүүлэн зуучлагч н.Сувдаа намайг дуудаж очиход С , эвлэрүүлэн зуучлагч н.Сувдаа 2 сууж байсан. Тэгээд н.Сувдаа нь “чи Д тай эвлэрэх үү, эхнэр чинь мэдүүлэг өгсөн Д гаас мөнгө зээлсэн гэдгийг хэлсэн” гэхэд С  нь “тэгье эвлэрнэ. Хавар ноолуураа самнаад өгье” гэхээр нь би 2015 оны 04 сарын 20-ны өдөр мөнгөө авна гэхэд С  нь “за за” гээд 2015 оны 04 сарын 26-ны өдөр өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулаад ямар ч маргаан гараагүй гарын үсэг зураад эвлэрсэн. Түүнээс хойш С  нь мөнгөө өгөхгүй байсаар 2015 оны 7 сар хүргэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахад 16,398,000 төгрөг миний данс руу орж ирсэн. Дансанд мөнгө орж ирэхээс 1 цагийн  өмнө С ын эхнэр над руу утастаад “чи дансаа миний утас руу явуулаадах” гэсэн тэгээд 16,398,000 төгрөг дансанд орж ирсэн учир зээлийн гэрээний мөнгө гэж бодсон. Энэ мөнгийг С  хийсэн гэж үзэж байна. Ингээд 29,000,000 төгрөгийг ганц гэрчлэх гэрч нь С ын эхнэр болох манай эгч юм. Мөн эвлэрлийн гэрээнд С  нь гарын үсэг зурсан. Гэтэл эвлэрүүлэн зуучлагч нь гэрээний огноог буруу тавьж зассан гэж уг гэрээг хүчингүй болгосон. С  нь 16,398,000 төгрөг өгөөд дараа нь түүний эхнэр “Манайд одоохондоо өгөх мөнгө алга” гээд ISTANA маркийн автомашинаа өгсөн. Нэг жилийн дараа С  нь хуулийн зөвлөгөө аваад тэр цагаас хойш эрс өөрчлөгдөж эхэлсэн. Тэгээд тэр ISTANA маркийн автомашинаа нэхсэн. Тэгэхээр нь би үлдэгдэл мөнгөө өг гэсэн. 16,398,000 төгрөг, 6,000,000 төгрөгт тооцоод нийт 22,398,000 төгрөг өгсөн гэж үзэж одоо үлдэгдэл 6,602,000 төгрөг нэхэмжилж байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 6,602,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь С  нь Д гаас мөнгө зээлээгүй гэдэг асуудал ярьдаг. Энэ асуудлаар нэхэмжлэгч нь эвлэрүүлэн зуучлалын талаар ярьж байна. Эвлэрүүлэн зуучлал дээр байгуулсан гэрээ нь хуулийн шаардлага хангахгүй байдлаар байгуулагдсан байдаг. Энэ асуудал нь цагдаа, хуулийн байгууллагаар шалгагдаад тогтоогдсон. Тухайн асуудалтай холбоотой материалууд бүрдээд шүүхээс тухайн эвлэрүүлэн зуучлагчид арга хэмжээ аваад шүүхээс эвлэрүүлэн зуучлалын гэрээг баталгаажуулсан захирамжийг тухайн шүүгч өөрөө хүчингүй болгосон байдаг. Нэхэмжлэгч нь эвлэрүүлэн зуучлагчийн захирамж дээр гомдол гаргаад бүрэлдэхүүнтэй шүүх шийдвэрлээд тухайн захирамжийг хүчингүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээсэн. Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа нь С ын эрхийг зөрчсөн байна гэж үзсэн. Мөн энэ 6,000,000 төгрөгөнд суутгана гээд яригдаж байгаа ISTANA маркийн автомашин нь эвлэрүүлэн зуучлалд очихоос өмнө шүүхээр ороод хариуцагчийн өмчлөл болох нь тогтоогдсон машин юм. Мөн би С.Наран-Очирын гэрчээр асуулгахад өөрийнхөө харсан зүйлийг үнэн зөв ярьсан байсан. Мөн Б.Бонихүү гэдэг хүнийг асуулгасан. Тэгэхэд энэ хүн нь ам дамжсан яриагаар мэдүүлгээ өгсөн байдаг. Өөрөө тухайн үед хамт байгаагүй учраас ам дамжсан яриагаар мэдүүлгээ өгсөн байсан. Ийм учраас энэ хүмүүс нь зээлийн гэрээ хийгээгүй, хамтран ажилллах гэрээ хийсэн нь харагдаж байна. Мөн хариуцагч С  “Би тухайн үед С.Наран-Очир, Д  нарын жолооч хийж явж байсан. Тухайн үед энэ хүмүүс  Ховд аймаг руу явж  вольпром чулуу авах гэж явж байсан. Хариуцагч энэ асуудлыг тайлбарлахдаа Ховд аймагт гарсан вольпром чулуун дээр байж байхад Д  утсаар над руу ярьсан ярихдаа наана чинь чулуу ямар ханштай байна гэдэг асуудлыг ярьсан” гэдэг. Тухайн мөнгийг Д  нь Ховд аймагт ирж өгсөн гэж ярьсан. Тэгээд Д  нь С.Наран-Очирт 29,000,000 төгрөг өгсөн юм. Д , С.Наран-Очир хоёр нь вольпром чулууг хамтран авах гэж тухайн мөнгийг С.Наран-Очирт тоолж өгсөн нь нотлогддог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

         Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 131/ШШ2017/00832 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 43 дугаар зүйлийн 43.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан С-т холбогдох зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 6,602,000 төгрөг гаргуулах тухай Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,582 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

          Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар магадлалаар: Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 131/ШШ2017/00832 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 43 дугаар зүйлийн 43.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан С-т холбогдох зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 6,602,000 төгрөг гаргуулах тухай Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар С аас 6,602,000 төгрөг гаргуулж Д-д олгосугай” гэж, 2 дугаар заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,582 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан С аас улсын тэмдэгтийн хураамжинд 120,582 төгрөг гаргуулж Д д олгож, Д гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,582 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

           Хариуцагч С ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ГАА-ийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.01.10-ны өдрийн 97 дугаартай “Шүүгчийн захирамж хүчингүй болгох тухай” захирамж гарсан байгаа. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 131/ШШ2017/00832 дугаар шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Д-ийн мэдүүлгээр “2014.10.04-нд Наран-Очирт 29 сая төгрөгийг тоолж өгсөн, мөн өдөр С , Жаргал нар манайхаас 29 сая төгрөгийг 2 сая төгрөгийн хүүтэй өгөхөөр зээлж авсан, Бонихүүгийн гэрчийн мэдүүлэгт 2015 онд 32 сая төгрөгийг С , Жаргал нар зээлж авсан, Отгонбаяраас 16,398,000 төгрөг орж ирсэн, С аас 16,398,000 төгрөг орж ирсэн, Истанаг зээлийн барьцаанд тавьсан, Истанаг 6,000,000 төгрөгт өгсөн, Истанаг буцааж авсан” гэх эдгээр зөрүүтэй баримтад тулгуурлан 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Дээр дурдагдсан Истана маркийн машин нь нэхэмжлэгч Д , н.Мөнгөнбаяр нарын хууль бус эзэмшилд байдаг нь үнэн. Ийм учир Д , н.Мөнгөнбаяр нар хүнээс ор үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэж байгаад нь, хүний гарын үсгийг дуурайлгаж зурж, төрийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэнд, хүний эзэмшлийн машиныг хууль бусаар нэр дээрээ шилжүүлж, эзгүй араар гэр бүлээрээ ирж хулгайлан авч гар дамжуулан зарсанд, хэрэгсэхгүй болсон хэргийг өөрийн дураар сэргээж бүх шатны хүмүүсийг төөрөгдүүлж байгаад нь ямар ял шийтгэл байдгийг оногдуулж, эдгээр хүмүүсийн хууль бус эзэмшилд байгаа амьжиргааны ганц унааг минь, 4 жилийн туршид алдагдсан амьдралын баталгааг сэргээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

         Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

        Нэхэмжлэгч Д  нь С-т холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэл 6,602,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж маргажээ.   

        Анхан шатны шүүх Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх С аас 6,602,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

         Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлэхдээ ялгаатай дүгнэлт хийсэн байна. Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол зэргийг харьцуулан үзээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

     Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар бичгээр хийсэн гэрээ хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч ийм баримт шүүхэд ирүүлээгүй боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан иргэд хоорондын зээлийн гэрээг байгуулах хэлбэрийг хуульд тусгайлан заагаагүй байна.

          Д  нь С-т 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 29,000,000  төгрөгийг зээлдүүлсэн гэж нэхэмжилж байх бөгөөд зохигчдын хооронд иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа үүссэн, хэлцлийг амаар байгуулсан гэж үзэх нь мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1-д нийцнэ.

         Хэрэгт авагдсан С  нь “Истана” маркийн автомашиныг нэхэмжлэгч талд зээлийн барьцаанд тавьж байгаад буцааж авсан баримт, “2015 оны 7 дугаар сард 16,398,000 төгрөг Д-ийн харилцах дансанд орсныг С аас төлбөртөө өгсөн мөнгө...” гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, гэрч С.Лхагвадоржийн “...Аамаа гэдэг хүн Д-ийн дансанд мөнгө хий гэсэн. Би тэгээд Д  гэдэг хүний дансыг авч мөнгө шилжүүлсэн...” гэх, гэрч С.Наран-Очирын “...Д  түүний нөхөр Ч.Мөнгөнбаяр нар С тай утсаар яриад вольфром чулуу худалдаж авахаар ирээд 29,000,000 төгрөгийг С  бид хоёрт үлдээгээд явсан...” тухай, мөн гэрч Б.Бонихүүгийн “...С  нь эхнэртэйгээ 2015 оны үед Д , Ч.Мөнгөнбаяр нараас 32,000,000 төгрөг зээлж авсан. Би Д , Ч.Мөнгөнбаяр нартай хамтарч наймаа хийж байсан...” тухай мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн үлдэгдлийг шаардах эрхтэй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

       Түүнчлэн нэхэмжлэгч “...шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 16,398,000 төгрөг Отгонбаяр гэдэг хүнээс орж ирээд дараа нь С  түүний эхнэр хоёр нь өөр өгөх юм байхгүй гээд 6,000,000 төгрөгт “Истана” маркийн автомашиныг өгсөн...” гэсэн  тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

        Давж заалдах шатны шүүх С , Д  нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдаж, 29,000,000 төгрөгийг Д  нь С-т бэлнээр зээлж, өгч, авалцсан болох нь баримтаар тогтоогдсон гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, магадлалын үндэслэлийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11-д нийцсэн гэж үзлээ.

          Иймд “...зөрүүтэй баримтад тулгуурлан 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй” гэсэн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Хариуцагч С аас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 120,600 /нэг зуун хорин мянга зургаан зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮҮГЧ                            Б.УНДРАХ

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН