Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2016/01273

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 34-11 тоотод оршин суух, Монгол овгийн Чойжилийн Отгонсувд /ГК80102861/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 34-11 тоотод оршин суух, Сөрт овгийн Хандаагийн Ганхуяг /ГК74111376/-д холбогдох,

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Отгонсувд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Отгонсувд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ч.Отгонсувд нь нөхөр Х.Ганхуягтай 1998 онд танилцаж, 1998.06.01 албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Том охин Г.Сүрэн нь 1998.04.21 нд төрсөн, бага охин Г.Сугармаа 2008.10.20-нд төрсөн. Анх гэр бүл болоход элдэв ааш зан нь мэдэгддэггүй, зан ааш нь төлөв хүн шиг санагддаг байсан. Хааяа уурлахаараа эд зүйлээ эвдэж шиддэг зантай байсан. Том охиноо төрөхөөр төлөвших байх гээд охиноо гарангуут гэрлэсэн. Гэтэл ааш нь улам эвдэрч эхэлсэн. Ялангуяа намайг бусадтай хардах нь хэрээс хэтэрсэн. Гэхдээ би хайртай учраас хардаад ингэдэг юм боловуу гэж боддог байсан. Энэ бодлыг маань самруулж өөр хүнтэй нэг хэсэг нөхөр маань явалдах болсон. Үүнээс болж гэр бүлийн хэрүүл байнга гарах болсон. Сүүлдээ тухайн эмэгтэй манай нөхрөөс салж явсан. Ингээд одоо амьдрал гайгүй болох байх, гэмээ гэмших байх гэж бодтол огт гэмшээгүй. Ингээд би дахин хүүхэдтэй болсон учир хоёр хүүхдээ бодож түүний гаргаж байсан авир зодуурыг тэвчдэг байсан. Намайг элдвээр хэлэх нь тоймгүйн дээр байнга зодож, дарамталдаг. Анх 2001 онд надад гар хүрч олон хүний өмнө зодож, цагдаа сэргийлэх болж байсан. Энэ үед намайг зодохдоо толгойруу өшиглөж, газар унаган дэвсэж, чулуу аван надруу нүүр нүдгүй нүүлгэж, цус нөжиндөө хутгалдаж зодуулж байхад хоёр танихгүй эмэгтэй цагдаа дуудаж аварч байсан. Зодох болсон шалтгаан нь хүнтэй мэндэллээ гэж зодсон. Дараа нь байнга жижиг гэхгүй гар хүрдэг болж уурлахаараа хутга барьж хоолойд тулгаж айлгадаг болсон. Шалтгаан нь дандаа хүнтэй хардаж байна гэж тайлбарладаг болсон. 2004 онд мөн намайг хэвтэрт ортол зодож, аяга шидэж, ар нуруунд гэмтэл учруулж, арай гэж ээж дээрээ очиж байсан. Ингэж зодсон шалтгаан нь хоол хийсэнгүй гэсэн шалтгаан байсан. 2006 онд Солонгос явахын өмнө том охин бага байхад түүний нүдэнд дээр индүүгээр цохиж зүүн талын нүдэнд гэмтэл учруулж, цус харсан охин маань айж уйлж түүнээс хойш ааваасаа байнга айдаг болсон. Зодох шалтгаан нь охиноос болсон гэж охиныг барьж авч сэгсэрч орлуу шидсэн. 2006 онд нөхөр Солонгос яваад амралтаараа ирээд 2 хоног бололгүй хардаж, үс гэзэгнээс зулгаан чирч, толгой тархигүй өшиглөж, нуруу хөлрүү цохиж хажуу айлын хүмүүсийг дуудаж тэдний хажууд хэрэг шүүж байна гэж тэдний нүүрэн дээр зодож байсан. Зодсон шалтгаан нь хажуу айлын хүмүүстэй хардаж зодсон. Үүнээс болж тархи байнга өвддөг болж, юм мартахдаа амархан болсон. Ингэж зодохоороо хажууд хүүхдүүд байгааг огт тоодоггүй бөгөөд хүүхдүүд болиоч гэж уйлбал дуугай бай гээд орлуу шидэж, барьсан юмаараа далайлган айлгадаг. Зодох болгондоо хутга барьж айлгаж, хоолойд хэд хэдэн удаа тулгаж ямар байна, чи өөрөө нэг хатгачих тэгвэл би санаа амрах байна гэж уйлахаар улам зодож бах тав нь ханасан хүн шиг өөрөөсөө болсон шүү олон юм ярилтгүй шүү цагдаа сэргийлэх болох юм бол алчихаад өөрийгөө ална, тэгэхэд чи хохироно шүү бүгдийг хүйс тэмтрэнэ, хүүхдүүдээ шатаана тэгсэн байхад хэн юу гэхийг нь харна цагаа тулахад өөрсдөө шатчихсан гэж хэлэхэд тэд юу гэхийг харж чи чадахгүй юм чинь та нар л хохино болно шүү гэж шөнөжин харааж ерөөж орилж зодож байж сая тайвшираад биднийг орхиж гарч явдаг. Ингээд айлд хоноод ирэхээрээ хэд хоног гайгүй байдаг. Хонож байгаа айлынхаа эзэнг амраг маань юм байгаа, би хоёр авгайтай хүн чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг. Ингээд сална гэж бодож байдаг боловч шүүх цагдаад хандахаас айж нэг хэсэг явсан. 2008 оны нэг сард амралтаар ирэхэд нь би жирэмсэн болоод үлдсэн. Гэтэл наад шээсийг чинь нохойд хаяж өгнө, намайг очиход гарчихсан байх юм бол хоолойг нь хэрчиж ална, гаргаад үзээрэй гичий минь янхан минь зулбасагатай чинь цуг ална очиж байгаад ална гэх болсон. Ингээд түүний үгэнд орж түүний ээж дүү нар нь гэр орны тавилга эд зүйлийг ачиж авч явсан. Үүнээс удалгүй Монгол ирээд буруу зүйл хийсэн байна, дахиж амьдралаа бодьё үр хүүхдээ бодъё гэхээр нь гадаад, дотоод яваад зан ааш нь гайгүй болсон байх гэж бодоод эргэж хамт амьдарсан. Гэтэл 2009 онд дахин зодож, бензин цацах гэж оролдож хүүхэдтэй маань хамт шатаана гэж өдөржин хашиж зодож, хүүхэд маань уйлж орилж, аврал эрж байсан. Ингээд бензин оруулж ирнэ гэж байснаа гараад явах хооронд нь охиноо авч аав ээж дээрээ очиж хамгаалуулж байсан. Энэ үед толгойруу мөн өшиглөж, үснээс чирж хөлний шилбэ хөх няц болтол өшиглөж, газарт унагаан нааш цааш чирж, хутга барьж ирэн хоолой дээр хэд хэдэн удаа тавьж айхгүй байна, амраг чинь хэн бэ хэл, хүргэн Болдоотой унтсан уу, Төмрийн Мөнхөөтэй унтсан уу, Шаазгай Төмрөөтэй унтсан уу, өөр хэнтэй унтсан бэ үнэнээ хэл хэлэхгүй бол би алах гээд байна шүү гэж өдөржингөө тамалж зодсон. Одоо л салья цаашид энэ хүний гарт үргэдэх нь байна гээд шүүхэд хандахаар болтол аав ээж хоёр, хоёрын хоёр охинтой болсон ажил төрөл ч үгүй хоёр хүүхдээ тэжээх хэцүү, энэ хүний гарыг харж амьдарч байгаа болохоор энэ хүний үгээр бай ая аашийг нь зохицуулж байвал аандаа нас тогтохоор гайгүй болдог тал байдаг юм хүүхдүүд чинь том болж байна нөхөр чинь чиний байдлыг бүрэн ойлгох байлгүй гэхээр нь мөн буцаж хамт амьдрах болсон. 2010 онд цэцэрлэгт би багшаар орж, хоёул хоёулаа ажилтай болж ахуй амьдрал гайгүй болж эхэлсэн. 2011 онд танихгүй хүнээс чамд мессеж ирсэн байна, чи учиртай гээд хамт олны дунд толгой тархигүй өшиглөж, хөлрүү өшиглөж зодсон. Ингээд би ичээд гараад явах гэтэл үснээс чирж ажилруу орж, хамт олны ажлыг тайван хийлгэхгуй намайг элдвээр хэлж хашгирч байсан.Энэ үед айхтар гэмтэл аваагуй учраас дахин эвлэрсэн. Үүнээс хойш зодох нь ихэсэж, архи уусан үедээ шөнөжин бид нарыг унтуулахгүй босгож бүгдийг зогсоож тамлах болсон. Ялангуяа намайг хэвт бос, өөр хүнтэй яаж унтдагаа харуул одоо яг надад тэр байдлаар харуулж надтай унт гэх зэргээр хүүхдүүдийн хажууд айх ичих зовох зүйлгүйгээр тамлах болсон. Энэ байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй юм байна гэдгийг ойлгож гэрлэлтээ цуцлуулах тухай ярьснаас болж бүр долоон дор болж хаана хаашаа явах хэнтэй уулзах, хэнтэй ярих мэндлэх ажил гэр хоёроос өөр газарлуу явуулахгүй болсон. Ах дүү нар дээрээ очих бол байнга хамт очино, ганцаар очвол араас байнга утасдаж яг одоо ир гэж орилж уурлах болсон. Энэ бүгдийг хоёр охиноо бодож тэвчиж байсан. Том охин маань энэ байдал надад хэцүү байна, аавын энэ байдал хэзээ болих юм бэ надад хэцүү байна гэх болсон. Ингээд би шаналж охиноо дахин муу муухай юм харуулахгүй байх юмсан гэж нөхрийнхөө өмнө долигонох болсон. Надад боломж олдож 3 сарын хугацаагаар Солонгос явах боломжтой болсныг нөхөр сонсоод явуулахгүй Солонгос хүнтэй болсон байна, түүнлүүгээ явах гээд байна гэж хавь ойрын хүнд хэлж, хилийн хориг тавиулна гэж хот хүртэл явж ирсэн. 2016.05.05 ны өдөр Сологос явах виз тийз зэргийг үзээд бүгдийг нь урж, намайг зодож эхэлсэн. Ингээд охин маань ээжрүү залгаж ээж маань цагдаа дуудаж түүнийг авч явсан. Энэ үед миний бие энд тэндгүй хөх няц болж толгойд гэмтэл авч хоёр гар хөх няц болж хоёр гар хөдлөхөө байсан. Бүтэн 5 цаг намайг зодож орилуулж уйлуулсан. Энэ үед хадам ээжийг дуудаж тусламж гуйж орилж байхад ээж огт тоогоогүй, ээж маань түүнлүү утсаар ярихад одоо хүү минь болно одоо боль гэж хэлж орж ирсэн. Цагдаа ирээд эмэгтэй хүнийг ингэж зоддог тамлагч байдаг юм уу, таны эхнэр биз дээ та чинь хаашаа хүн бэ гэхэд цагдаа нар луу орилж эхнэр нөхөр учраа олох гэж байхад та нарт ямар хамаатай юм, би архи уугаагүй байхад та нар авч явах эрх байхгүй, янхан өмөөрдөг хэн бэ, Солонгос хүнтэй банзалдаад хөхөвч бандаашаа орхиод хаячихсан байсан. Ийм хүнийг та нар өмөөрөөд яадаг юм гэх зэргээр орилж байсан. Ийм байдлыг цаашид тэвчин амьдрах боломжгүй тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Гэрлэлтээ цуцлуулах, охин Г.Сугармааг өөрийн асармжинд авах, хүүхдийн тэтгэвэр тогтоолгох, Том охин Сүрэн 18 нас хүрсэн тул сургуульд суралцах 19 нас хүртэл хүүхдийн тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаангүй.

...нөхөр Х.Ганхуягтай зан харилцааны хувьд таарч тохирохгүй байгаа, үргэлж хэрүүлтэй байдаг, нөхөр Х.Ганхуяг нь байнга харддаг, хардахдаа янз бүрээр хэлдэг, одоо намайг дандаа хөгшин Солонгостой явалддаг гэх мэтээр хашгирч доромжилдог, зоддог, зодохдоо дандаа хөл гарлуу, нуруу руу өшиглөнө, далд газарлуу цохидог, шөнө унтуулахгүй бос суу гээд хэдэн цагаар тэгдэг, манай аав ээж, ах дүү нарыг мал хулгайлдаг, аав ээжтэйгээ хулгайч гэж доромжилдог, хүүхдүүд маань тав тухгүй байна. Солонгосоос ирээд аав ээж дээрээ байж байхад бас л янз бүрээр хэлээд 5,0 сая төгрөг хулгайлсан гээд тэр хавиар нэг юм болоод, маргааш нь уучлал гуйгаад байхаар нь дагаад л гэртээ ирсэн. Тэгээд 2016-08-11-нд найзындаа архи ууж ирчээд шөнийн 11:30-с 03 цаг хүртэл нүцгэн зогсоогоод, бос суу гээд хоносон. Би ер нь өмнө нь шүүхэд хандахаа ч мэддэггүй байсан. Одоо бол сүүлийн үед утас булаагаад авчихдаг, тэгээд л зоддог. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү, том охин маань насанд хүрсэн, бага охиноо өөрийн асрамжиндаа авч тэтгэлэг тогтоолгоно... гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Хандаа овогтой Ганхуяг нь 1998 онд Чойжил овогтой Отгонсувдтай гэр бүл болоод өнөөдөрийг хүртэл амьдарч байгаа билээ. Энэ хугацаанд манай гэр бүлд нэхэмжлэл дээр бичсэн шиг гэр бүлийн хүчирхийлэл, доромжлол, болж байгаагүй бөгөөд хааяа ам зөрөх муудах асуудал байсан. Эхнэр Отгонсувдыг солонгос улс руу явуулахгүй гэж маргалдсаны төлөө ийм нэхэмжлэл гаргасан гэдэгт итгэхгүй байна. Иймд эхнэр Отгонсувд нь 8 сард Солонгос улсаас ирнэ ирэхээр нь энэ нэхэмжлэлийн асуудлыг шийдэж өгнө үү. Өөрөө ийм өргөдөл гаргахгүй бөгөөд өмгөөлөгч Оюунбат, эгч Болормаа нар нь энэ өргөдлийг гаргасан гэж бодож байна. өөрийнх нь гарын үсэг биш шалгаж өгнө үү. Иймд надад эхнэр Отгонсувдаас салах шалтгаан байхгүй бөгөөд 2 хүүхдийнхээ ирээдүйг бодож байна. Өмгөөлөгч Оюунбат, эгч Болормаа нар 18 жил зүтгэж босгосон амьдралаар минь тоглох гэж байгаад гомдолтой байна. Өмгөөлөгч Оюунбат эгч Болормаа нар нь намайг удаа дараа гүтгэж цагдаагаар шалгуулан үнэн зөвийг цагдаа тогтоож өгсөнд баярлаж байна. Эхнэр Отгосувд нь салах тухай өргөдлийг өөрийн гараар бичээгүй бөгөөд Солонгос улс руу явсаны дараа энэ хүмүүс бичсэн болно. Өөрийнх нь гарын үсэг биш байлаа. Чойжил овогтой Отгонсувд Хандаа овогтой Ганхуяг 2 нь итгэмжлэлээр суугаагүй бөгөөд хайр сэтгэлээр суусан. Тийм учраас салах шаардлаггүй хүлээн авна уу. Эхнэр Чойжил овогтой Отгонсувдыг Солонгос улсаас ирсэн үед асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Отгонсувд нь хариуцагч Х.Ганхуягт холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох”–оор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчид 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр болох шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулаад 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хийхээр товлон зарласан. 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15:00 цагт болох шүүх хуралдааны товыг хариуцагч Х.Ганхуягт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д заасан журмын дагуу хүргүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хариуцагч ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийнг 131 дүгээр зүйлийн 131.3-д заасны дагуу хариуцагчийн эзгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.      

Ч.Отгонсувд, Х.Ганхуяг нар нь 1998 оны 06 дугаар сарын 11-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 1998 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр охин Г.Сүрэн,  2008 оны 10 дугаар сарын 20-нд охин Г.Сугармаа нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ч.Отгонсувд: “...нөхөр Х.Ганхуягтай зан харилцааны хувьд таарч тохирохгүй байгаа, үргэлж хэрүүлтэй байдаг, нөхөр Х.Ганхуяг нь байнга харддаг, хардахдаа янз бүрээр хэлдэг, одоо намайг дандаа хөгшин Солонгостой явалддаг гэх мэтээр хашгирч доромжилдог, зоддог, зодохдоо дандаа хөл гарлуу, нуруу руу өшиглөнө, далд газарлуу цохидог, шөнө унтуулахгүй бос суу гээд хэдэн цагаар тэгдэг, манай аав ээж, ах дүү нарыг мал хулгайлдаг, аав ээжтэйгээ хулгайч гэж доромжилдог, хүүхдүүд маань тав тухгүй байна. Солонгосоос ирээд аав ээж дээрээ байж байхад бас л янз бүрээр хэлээд 5,0 сая төгрөг хулгайлсан гээд тэр хавиар нэг юм болоод, маргааш нь уучлал гуйгаад байхаар нь дагаад л гэртээ ирсэн. Тэгээд 2016-08-11-нд найзындаа архи ууж ирчээд шөнийн 11:30-с 03 цаг хүртэл нүцгэн зогсоогоод, бос суу гээд хоносон. Би ер нь өмнө нь шүүхэд хандахаа ч мэддэггүй байсан. Одоо бол сүүлийн үед утас булаагаад авчихдаг, тэгээд л зоддог. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү, том охин маань насанд хүрсэн, бага охиноо өөрийн асрамжиндаа авч тэтгэлэг тогтоолгоно...” гэж тайлбарласан.

Хариуцагч Х.Ганхуяг нь гэр бүлээ цуцлуулах сонирхолгүй, Ч.Отгонсувдыг Солонгосоос ирэхээр нь гэрлэлт цуцлах асуудлаа шийдүүлэх сонирхолтой байгаа, эхнэр Ч.Отгонсувд нь Солонгос улсад ажиллаж байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлт цуцлалтыг түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч гэрлэгчид эвлэрээгүй байна.

 Гэрлэгчид зан харьцааны хувьд таарамжгүй байгаа, нэхэмжлэгч цаашид гэр бүлээ үргэлжлүүлэхгүй, хамтран амьдрах хүсэлгүй байгаа, зохигчдод эвлэрлийн хугацаа өгсөнч энэ хугацаанд эвлэрээгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэрлэгчдийн дундаас төрсөн охин Г.Сүрэн насанд хүрсэн байх ба, охин Г.Сугармааг насны байдал /бага насны хүүхэд/, хүүхдийн санал, хүүхдэд тавих анхаарал халамж зэргийг харгалзан эх Ч.Отгонсувдын асрамжинд үлдээж, эцэг Х.Ганхуягаар насанд хүртэл нь тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд охин Г.Сүрэн 18 нас хүрсэн тул сургуульд суралцах 19 нас хүртэл хүүхдийн тэтгэвэр тогтоолгоно гэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д суралцаж байгаа бол 18 нас хүртэл хүүхдийг тэжээн тэтгүүлэхээр заасан байх тул энэ шаардлага үндэслэлгүй.    

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох 26 092 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан Ч.Отгонсувд, Х.Ганхуяг нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 10 дугаар сарын 20-нд төрсөн охин Г.Сугармааг эх Ч.Отгонсувдын асрамжинд тус үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 10 дугаар сарын 20-нд төрсөн охин Г.Сугармааг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Ганхуягаар сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулж, нэхэмжлэлээс охин Г.Сүрэнг 19 настай болтол тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг  хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Намуунцэцэгт даалгасугай.    

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 26 092 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. 

6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА