| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2020/0018/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/16 |
| Огноо | 2020-04-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/16
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Т-ийн Б-д холбогдох эрүүгийн 1917002170004 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 27-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 29 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, Аяганы хонхорын ........ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Б овогт Т-ийн Б /РД: ............/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Т.Б нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 101 тоот байрны 01 тоотод байрлах мал эмнэлэгт хууль бусаар нэвтэрч HP маркын зөөврийн нөүтбүүк компьютер хулгайлж иргэн М.Ад 320.000 төгрөгний хохирол учруулсан,
Мөн 2020 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Сүмбэр сумын 2 дугаар баг, Сансарын 127 тоотод оршин суух иргэн Б.Эгийн байшинд хууль бусаар нэвтэрч хонины гулууз мах 1 ширхэг, ямааны гулууз мах 1 ширхэгийг хулгайлж нийт 285.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 101 тоот байрны 01 тоотод байрлах мал эмнэлэгт хууль бусаар нэвтэрч HP маркын зөөврийн нөүтбүүк компьютер хулгайлж иргэн М.Ад 320.000 төгрөгний хохирол учруулсан,
Мөн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Сүмбэр сумын 2 дугаар баг, Сансарын 127 тоотод оршин суух иргэн Б.Эгийн байшинд хууль бусаар нэвтэрч хонины гулууз мах 1 ширхэг, ямааны гулууз мах 1 ширхэгийг хулгайлж нийт 285.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
1. Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 12 дугаар сарын 07-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Дэнжийн Андууд дэлгүүрийн гадаа таньдаг хүн таарвал мөнгө гуйя гэж бодоод очиж зогссон. Тэгээд таньдаг хүн таарахаар нь мөнгө гуйж аваад дэлгүүрээс “Монгол стандарт” нэртэй 0,75 литрийн архи аваад дэлгүүрийн хойд талд А, Ц нартай хувааж уусан. Тэгээд Чандмань дэлгүүрийн ойр орчмоор явж байгаад Төмөр замын ажилчидын тэмцээн Геологийн зааланд болж байгааг сонсоод 16 цагийн орчим Геологийн зааланд очиж гар бөмбөгийн тэмцээн үзсэн. Тэгээд геологийн заалнаас гараад дулаахан газар очиж хоноё гэж бодоод явж байтал мал эмнэлгийн гадна талын хаалга хагас нээлттэй байхаар нь үүднийх нь таамбарт унтах гэж орсон. Тэгээд дотор талынх нь төмөр хаалгыг татахад түгжээгүй онгорхой байсан. Тэгэхээр нь шагайгаад хартал гэрэл нь унтраалттай байсан, юу байдаг юм гээд ортол зүүн талд шилэн лангуунууд байсан. Лангуунаас жоохон зайтай байх ширээн дээр хар өнгийн нөүтбүүк байсныг аваад тэр чигээрээ хойшоо яваад 2 сургуулийн хажууд ууттай хог байхаар нь хогийг нь асгаад торон дотор нь нөүтбүүкээ хийгээд хорихын 75 дугаар байрны 1 дүгээр орцонд орсон...Би 2020 оны 01 сарын 28-ны өглөө Дэнжийн Андууд дэлгүүрийн гадаа очсон. Тэгээд байж байтал А, С нар ирээд бид нар Андууд дэлгүүрийн гадаа зогсож байгаад архины мөнгө олоод архи авч уусан. Тэгээд өдөр 15 цагийн үед шиг санагдаж байна бид нар гэр гэрлүүгээ явцгаасан. Би Сансарын эгнээнд байх Очир ахын гэрлүү ганцаараа явсан. Тэгээд очтол Очир ах архи уучихсан гэртээ ганцаараа байж байсан. Би Очир ахтай юм яриад сууж байтал хажуу айлынх нь Д ах орж ирсэн. Тэгээд юм ярьж байгаад охин эмнэлэгт хэвтсэн нөгөө махаа яасан бэ гэхээр нь би авчирч өгнөө гэж хэлсэн. Би Чандмань дэлгүүрийн гадаа очиж хэсэг зогсож байгаад Д ахад мах олж өгье гэж бодоод Сансарын эгнээгээр явж байгаад ногоон цэнхэр туяатай цэнхэр хашааны хаалганы завсраар харахад байшин нь онгорхой харагдсан тэгээд хашааны хаалгыг түлхээд дотогш орж байшинруу орсон. Байшин дотор авчихаар юм юу байна гээд гээд үзэхэд цаасан хайрцаган дотор мах мөн бас 1 уутай мах байсныг нэг нэгээр нь хашааны гадаа гаргасан. Мөн байшин дотор байсан улаан оруулгатай цэнхэр өнгийн пүүз байсныг авч өмсөөд өөрийн өмсөж явсан пүүзийг орхисон...гэх мэдүүлэг. /хх-ийн 164-167/
2. Хохирогч М.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай нөхөр Г малын тоонд хөдөө явахдаа ажлын ширээн дээр нөүтбүүкээ үлдээлээ түүнээс программ дээр гарал үүслээ яаж бичихээ хараарай гэж хэлээд явсан. Тухайн өдөр манай ажил дээр хүмүүс гарал үүслийн бичиг нилээн ихийг авсан. Манай гэр ажил хоёр нэг дор байдаг. 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажлын өрөө рүүгээ шагайчихаад орохгүйгээр сүмрүүгээ явсан. Тэгээд өдөр 14 цагийн үед гэртээ ирэхэд мал эмнэлгийн ажлын өрөөний хаалга нээлттэй байхаар нь анзаараагүй өрөөнийхөө хаалгыг хаагаад өнгөрсөн. 12 дугаар сарын 09-ний өдөр ажлын өрөөндөө байж байгаад гэнэт ширээн дээр байсан нөүтбүүкээ үзэхэд байхгүй байсан, гэртээ хайгаад ч олоогүй тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манайхаас HP брэндийн хар өнгийн 13 инчийн дэлгэцтэй товчны доод хэсэгт нь “гентама” хүүхдийн комик зураг наалттай, асахдаа батерей муу интер товч дарна уу гэсэн бичиг англи хэл дээр гардаг, 2гб рамтай, сепү нь кор 2 үзүүлэлттэй 2013 онд авсан нөүтбүүк байсан. Харин зөөлний тэмдэг буюу б үсэг дардаг товч нь дарагдахдаа нилээн чанга дарагддаг болсон байсан. Нөүтбүүкийг залгууртай нь аваад явсан байсан, уг нөүтбүүк нь нилээн жижиг хэмжээтэй.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-23, -р тал/,
3. Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:” Манайх Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг юм. Манай ажлын газар болон гэр Сүмбэр сумын 1 дүгээр баг 101-1 тоотод байдаг юм. Эхнэр бид 2 ажлын газар дээрээ хар өнгийн HP маркын нөүтбүүкийг ашигладаг. 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би Сүмбэр сумын 5 дугаар багт улсын мал тооллогын ажлаар яваад 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ирсэн. Хөдөө явахдаа би ажлын нөүтбүүкийг дэлгэцийг нь хаагаад ширээн дээр орхилоо гэж эхнэрт хэлсэн. Тэгээд юу болсон талаар асуухад манай эхнэр ажлын өрөөрүү гаднаас ордог хаалгыг онгорхой орхичихсон юм шиг байна, тэгээд гаднаас хэн нэгэн орж ирээд авчихлаа гэж хэлсэн. Манай ажилд эхнэр бид хоёроос өөр хүн ажилдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,
4. Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ Манай гэр Сүмбэр сум 1 дүгээр баг 75 дугаар байрны 1 дүгээр орцонд байдаг юм. 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би эргүүлтэй байсан учир хүмүүсээ амраахаар ажил руу гарч явтал орцны 1 давхарт хар куртиктэй 1 залуу хана налаад өвдгөө гараараа барьчихсан байдалтай сууж байсан. Тэгээд би ямар учиртай хүн бэ гэж харчихаад гараад явсан. Тэгээд 23 цагийн үед ажлаасаа гэртээ ирэхэд тэр орцонд хүн байгаагүй. Манай гэр тэр орцны 5 давхарт байдаг хэрэв тэр орцонд хүн байвал таарах байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/,
5. Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Б бид 2013-2015 онуудад хамт амьдарч байсан дундаасаа 6 настай нэг охинтой. Т.Б нь 1991 оны 12 дугаар сарын 27-нд Говьсүмбэр аймагт төрсөн, айлын том хүү доороо 2 дүүтэй. Багаасаа эмээ өвөө дээрээ өссөн. Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд суралцсан. Бид хоёрт албан ёсны баталгаа байхгүй. Зан байдлын хувьд хүмүүстэй нийтэч харьцаатай, хааяа худлаа хэлдэг. Хүнд тусархуу зантай, архи уудаг болсноосоо хойш түргэн зантай болсон...” гэх мэдүүлэг. /хх-ийн 29-30-р тал/,
6. Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Бийн төрсөн ээж юм. Бэд өөрийн гэсэн гэр орон байхгүй, тусдаа гараагүй бид нартай хамт амьдардаг байсан юм. Чойрт Бэд амьдрах газар байхгүй. Гэр маань Чойрт байдаг байсан боловч өнгөрсөн зун нөхөр бид 2 ирж гэрээ буулгаж хураачихаад Замын-Үүд явсан. Б өмнө нь эхнэр хүүхэдтэй байсан юм. Эхнэрээсээ салахаар нь нөхөр бид 2 түүнийг аваад Замын-Үүд авч явж тэнд оруулсан. Ажилд ороод хачин сайхан байсан цалингаа аваад тэр чигтээ явсан. Түүнээс хойш хааяа надруу хүний утсаар ярьдаг юм. Архинд толгойгоо мэдүүлчихсэн юм байна лээ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 31-р тал/,
7. Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Манайх 2019 оны 09 дүгээр сард шилжиж ирсэн түүнээс хойш Сүмбэр сумын 1 дүгээр баг Хорихын 75 дугаар байрны 1 дүгээр орцны 1 давхарт амьдарч байна. Манайх гэртээ засвар хийгээд шатны хажууд байх сул зайд 2-3 хөндлөн модыг /хавтан/ хана түшүүлж тавьсан. Уг хавтан мод нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны үеэр орцонд байсан байх. Уг мод нь шатны хажууд нилээн удсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33-р тал/,
8. Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Т.Б нь Говьсүмбэр аймагт тодорхой оршин суух хаяггүй. Ээж болон дүүтэйгээ амьдардаг байсан Замын-Үүдрүү шилжээд бараг 2 жил болж байна. Б нь Говьсүмбэр аймагт гэр байхгүй. Байрны орц болон заримдаа хамт архи уудаг хүмүүсийнхээр хонодог. Нөүтбүүк зарна гэж байхыг нь огт сонсоогүй, мэдэхгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 34-35-р тал/,
9. Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 78 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37-р тал/
10. Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Дорноговь аймгийн Сайншанд суманд байж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Сансарын 127 тоотод байх эмээгийндээ ирсэн. Манай эмээгийн хашаанд байшин байдаг бөгөөд одоогоор уг байшинд хүн байхгүй, хашаандаа гэр барьсан уг гэрт амьдарч байгаа юм. Уг байшинд өөрсдийн хэргэлдэг ойр зуурын эд зүйл, тавилга, өвлийн идэшний мах зэрэг зүйлсийг хурааж тавьсан байсан. Би Дорноговь аймгаас ирэхдээ эмээдээ хоолны мах гэж хонины бүтэн мах, ямааны бүтэн мах тус бүр 1 ширхэгийг авчраад уг байшингийн урд талын өрөөнд ширээн дээр уутанд хийгээд гадуур нь хайрцаглаад тавьсан байсан юм. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 11 цагийн үед байшин руу мах авах гээд орсон чинь миний авчирсан бүх мах байхгүй болчихсон, эд хогшил, хувцас хунар зэргийг ухсан байдалтай эмх замбараагүй тараасан, мөн байшингийн цаад талын өрөөнд миний огт харж байгаагүй пүүз хосоороо үлдээсэн байсан. Өөрийн төрсөн дүү Э-ээс пүүзний талаар асуухад манай дүү өмнө нь харж байгаагүй гэсэн. Өчигдөр намайг байшинд ороход энэ гутал байгаагүй, улаан өнгийн оруулгатай, цагаан өнгийн ултай, цэнхэр өнгөтэй ахын пүүз байсан алга болсон байна гэж хэлсэн...гомдол санал байхгүй, гомдолгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 117-120-р тал/,
11. Насанд хүрээгүй гэрч Б.Эн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ Миний мэдэж байгаагаар хонь, ямааны бүтэн мах тэр чигээрээ алдагдсан байна. Бас манай ахын өмсдөг байсан улаан өнгийн оруулгатай, цагаан өнгийн ултай, цэнхэр өнгийн пүүз байхгүй болсон...” гэх мэдүүлэг. /хх-ийн 125-р тал/,
12. Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би Чойрт байсан. Тэр өдрийн өглөө хэдэн цагт гэдгийг нь мэдэхгүй байна. Стай би Дэнжийн Андууд дэлгүүрийн тэнд таарсан. Тэгээд тэнд бид хоёр байж байтал Б гэх залуутай Б хамт явж байсан бөгөөд Б буцаж ирээд намайг дуудаж авч яваад С араас ирсэн чинь Сыг цаашаа яв гээд хөөсөн. Тэгээд би Б, Б нартай 0,75 литрийн Хараа нэртэй архи уучихаад би буцаад Андууд дэлгүүр дээр ирсэн чинь С зогсож байсан. Б Цтой хамт Цгийн гэрлүү явсан. С бид хоёр 0,75 литрийн Монгол стандарт нэртэй архи хувааж уугаад би нилээн согтсон болохоор харьж унтсан. Маргааш өглөө нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө Дэнжийн Андуудын тэнд байж байтал Б нилээн мөнгөтэй явж байсан. Ногоон өнгийн дээлнийхээ өвөрт 1 шил архи хийчихсэн явж байсан...цагаан өнгийн тортой юм барьж явахыг нь хараагүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 132-135-р тал/,
13. Гэрч Ш.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 7 цаг өнгөрч байхад би гэрээсээ гараад Дэнжийн Андууд дэлгүүрийн тэнд явж байхад Баясаа гэх залуутай Б хамт явж байсан бөгөөд Б буцаж ирээд Аыг дуудаад явахаар нь би араас нь дагасан чинь Б намайг цаашаа яв гээд хөөсөн, тэгээд Андууд дэлгүүрийн хойд талд байж байтал А буцаж ирээд Б Цтой хамт Цгийн гэрлүү явсан. Би мөнгө олоод А бид хоёр 0,75 литрийн хэмжээтэй Монгол стандарт архи хувааж уугаад би нилээн согтсон. Тэгээд цааш нь юу болсон талаар би санахгүй байна. Би ер нь согтохоороо гэрлүүгээ явчихдаг юм. Б намайг хамт явж хулгай хийсэн гэж яриад байсан би ерөөсөө санахгүй байна. Бээс асуусан чинь намайг нилээн согтуу байсан гэж байсан. Тэгээд маргааш өглөө нь би гэртээ сэрсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 137-р тал/,
14. Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Б гэх залуу миний мах авах гэж байсан мөнгөөр архи авахуулсан юм тэгээд оронд нь мах авчирч өгнө гэж хэлсэн. Гэтэл мах авчирч өгсөн зүйлгүй алга болчихсон. Дараа нь өдрийг нь сайн санахгүй байна гэртээ байж байсан чинь Б гэх залуу надад тортой мах авчирч өгсөн. Тухайн үед дотор нь ямааны мах дээр нь хонины мах байгаа гэж хэлж байсан.. Б ганцаараа мах авчирч өгсөн. Тухайн үед орой болчихсон байсан, Бийг хаанаас мах авчирч өгсөн талаар би асуугаагүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 139-р тал/,
15. Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б саяхан хотод таарсан. Тэгээд хотод юу хийж яваа юм бэ гэхэд би Чойрт мах хулгайлчихсан уутанд хийгээд явж байгаад нэг хүнд зарсан. Одоо зугатаж явна цагаан сараар Чойр орно гэж хэлж байсан. Би 2 гулууз мах ганцаараа хулгайлсан уутанд хийгээд аймаар хүнд байсан, 2 гартаа бариад явсан гэж хэлсэн. Тэгээд нэг авгайд махаа зарсан л гэж хэлсэн хэнд хэдэн төгрөгөөр зарсан талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 141-р тал/,
16. Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12 дугаартай дүгнэлт /хх-ийн 150-151-р тал/
17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 009/003 дугаартай дүгнэлтэнд:
- Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан гутлын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
- Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөр нь Т.Бийн хэргийн газар орхиж явсан гэх гутлын мөртэй тохирно.
- Онцлог шинж тэмдгүүдийг гэрэл зургаас үз. Дүгнэлт гаргасан шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Б гэжээ. /хх-ийн 155-158/
18. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 65-р тал/
19. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 11-13-р тал/
20. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 46-50/
21. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 110-113/
22. Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10, 48-50, 116-118, 112-113, 156/159 тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгч Т.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Т.Бийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 35 хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч М.А, Б.Э нар нь шүүгдэгчид холбогдуулж гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн цагаан ултай 1 хос пүүзийг устгах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т-ийн Б-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийг 01 /нэг/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бэд оногдуулсан 01 /нэг/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийн цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн цагаан ултай 1 хос пүүзийг устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ