Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/18

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,  

шүүгдэгч Ш.С, П.Н, тэдгээрийн өмгөөлөгч Б.Батчимэг  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ш-н С, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П-н Н нарт холбогдох эрүүгийн 2019000050017 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 22-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ... дугаар баг, .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Ш-н С /РД: ЕЙ

Монгол Улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 19-нд Төв аймгийн Архуст суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, группт байдаг, ам бүл 2, ээжийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын .. дугаар баг, С-н тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Б овогт П-н Н /РД: ЕЙ/

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ш.С нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Андууд-2 /дэнжийн/ дэлгүүрийн орчим иргэн Н.Б-тэй маргалдан түүний нүүрэн тус газар толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь баруун дээд үүдэн 1-р шүдний хугарал мултрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Яллагдагч П.Н нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Андууд-2 /дэнжийн/ дэлгүүрийн орчим Н.Б-тэй маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохих, зүүн гарын шуу хэсэгт өшиглөх зэргээр зодож цохин эрүүл мэндэд нь баруун хэнгэрэг хальсны цоорол бүхий хөнгөн хохирол, зүүн шууны богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Ш.С нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Андууд-2 /дэнжийн/ дэлгүүрийн орчим хохирогч Н.Б-тэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь баруун дээд үүдэн 1-р шүдний хугарал мултрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч П.Н нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Андууд-2 /дэнжийн/ дэлгүүрийн орчим хохирогч Н.Б-тэй маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохих, зүүн гарын шуу хэсэгт өшиглөх зэргээр зодож цохин эрүүл мэндэд нь баруун хэнгэрэг хальсны цоорол бүхий хөнгөн хохирол, зүүн шууны богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Ш.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.2. Шүүгдэгч П.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.3. Шүүгдэгч Ш.С мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би Сүмбэр сумын 2 дугаар баг Дэнжийн андууд дэлгүүр дээр тухайн өдрийн өглөө 07 цагийн орчимд очсон. Намайг Андууд дэлгүүр дээр очоод байж байтал миний араас А ирсэн. Түүний дараа Ж ирсэн. Тэгээд бид гурав андууд дэлгүүрийн хажууд зогсож байтал хохирогч Б архи уугаагүй эрүүл андууд дээр ирсэн. Тэгээд бид 4 мөнгөө нийлүүлж байгаад Андууд дэлгүүрээс 0.5 граммын Монгол Стандарт нэртэй архи авч уусан. Тэгээд архи хувааж уугаад дуусчихаад байж байтал Нямдорж нилээд согтуу өөрийн төрсөн дүү Б хамт Андууд дээр ирсэн. Тэгээд Н, Б бид гурав Андууд дэлгүүр лүү ороод Бага 1 шил 0.75 литрийн архи аваад андууд дэлгүүрээс гараад уг дэлгүүрийн зүүн талд Н Б хоёр муудалцаад эхэлсэн. Би Н-г Б-н нүүр лүү хэдэн удаа цохиж байгааг тоолоогүй. Тэгээд уг зодооныг Н-н дүү Б голоор нь орж салгаад Н-г аваад гэр лүүгээ аваад явсан. Харин Б Андууд дэлгүүрийн хойшоо гудамж руу алхаж байсан. Би араас нь очоод гудамжны буланд  Б-г ядарсан хүнийг чи дээрэлхлээ гээд нүүр лүү нэг удаа аман тус газар луу нь мөргөсөн. Тэгтэл Б чи миний шүдийг унагачихлаа гээд надад харуулаад байсан. Тэгээд би Б-г тоолгүй гэр лүүгээ харьсан. Тэгээд байж байтал цагдаагийн машинтай хамт Б ирээд намайг цагдаагийн эрүүлжүүлэх байр луу аваад явж байхад Б надад тэр хэл муутай хүн миний гар луу өшиглөөд гар хугарсан юм шиг байна. Мөн чих рүү цохиод чих эвгүй болчихлоо гэж байсан. Тэгээд цагдаагийн машин Б-г эмнэлэг рүү хүргэж өгөөд намайг эрүүлжүүлэх байранд авчирсан... гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

 

1.4. Шүүгдэгч П.Н мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08 цаг өнгөрч байхад Сүмбэр сумын 3 дугаар баг, 5 дугаар байранд байх дүү М-н гэрээс гараад шууд дэнжийн Андууд дэлгүүр орсон. Тэгээд Б-тай таараад Андууд дэлгүүрээс Ерөөл нэртэй 0.75 литрийн архи авсан. Тэр архийг нь Б, С бид нар хувааж уусан. Түүний дараа дахиад нэг шил архи хувааж уусан. Тэгээд би Андууд дэлгүүрээс гарч ирээд Б гэх залуугийн баруун шанаа хэсэг рүү 5 удаа, зүүн шанаа руу 1 удаа цохисон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

1.5. Хохирогч Н.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэрээсээ гарч явж байгаад А тааралдаад дэнжийн Андууд дэлгүүрээс Монгол Стандарт нэртэй 0.5 литрийн архи аваад А, Ж нартай А дэлгүүрийн хойд гудамжинд хувааж уусан. Тэгээд дэнжийн Андууд дэлгүүрийн тэр хавиар А, Ж нартай дахиад архи уухаар хүнээс мөнгө гуйгаад нэг шил архи авсан. Тэр архиа А, Ж нартай мөн гудамжинд хувааж уусан. Тэгээд Андууд дэлгүүрийн гадаа буцаж ирээд байж байтал С ирсэн. С дэлгүүрээс 0.33 литрийн Монгол Стандарт нэртэй архи авсан. Тэр архийг С, А, Ж бид нар Андууд дэлгүүрийн гадаа уусан. Тэгээд байж байтал нэг гацаж ярьдаг намхан биетэй залуу, мөн нэг өндөр залуугийн хамт Андууд дэлгүүр дээр ирсэн. Тэр хоёр согтуу байсан. Өндөр залуу нь Андууд дэлгүүр лүү орсон. Намхан гацаж ярьдаг залуу нь үлдсэн. Өндөр залуу нь архи аваад гарч ирсэн. Намхан гацаж ярьдаг залуу нь чи хэн юм бэ, чамайг танихгүй юм байна гээд надтай маргалдсан. Тэгээд өндөр залуу нь одоо больцгоо гээд намайг түлхсэн. Тэгтэл гацаж ярьдаг намхан залуу хажуунаас орж ирээд миний нүүр нүд хэсэг рүү 4-5 удаа цохисон. Мөн баруун талын чих рүү нэг удаа цохисон. Миний зүүн гарын шуу хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд гар янгинаад өвдөөд байсан. Тэгээд Андууд дэлгүүрээс хойшоо явж байгаад Андууд дэлгүүрийн гудамжны зүүн үзүүрт очсон. Тэгтэл С надад хандаад ядарсан хүн дээрэлхээд намайг заамдаж барьж аваад нэг удаа толгойгоороо шүд рүү мөргөсөн. Миний дээд талын нэг ясан шүд унасан. Мөн хиймэл нэг шүд хугарсан. Би С шүд хугалчихлаа гээд үзүүлсэн. Миний гар янгинж өвдөөд байсан болохоор яаж ч чадахгүй байж байгаад С мөргүүлсэн. Тэгээд гар өвдөөд болохгүй байхаар шууд эмнэлэг рүү алхаад очиж үзүүлсэн. Эмч үзээд зүүн гарын болон тохойн зураг авсан. Тэгээд миний зүүн гарын хуучин бороолсон хугархай хэсгээрээ шинээр хугарсан байна гэж хэлсэн. Мөн баруун чихний хэнгэрэг цоорсон байна гэж хэлсэн.

...Би тухайн үед намайг зодсон залуугийн нэрийг мэддэггүй танихгүй хүн байсан. Сүүлд С надад хэлэхдээ Д гэж хочилдог Н гэдэг хүн гэж хэлсэн. Н гэх хүн намайг баруун гараараа нүүр нүд хэсэг рүү 4-5 удаа цохиход Андууд дэлгүүрийн хашаа руу түлхсэн. Тэгтэл бид хоёрын голоор нэг залуу орж ирээд салгасан. Тэгээд хэсэг хугацаанд салсны дараа Н гэх залуу баруун гараараа миний баруун талын чих рүү нэг удаа цохисон. Би цохиулчихаад цаашаа явж байтал миний араас зүүн талын гар луу нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд миний хуучин хугарч байсан гарыг минь хугалсан. Тэгээд би цаашаа яваад Андууд дэлгүүрийн хойд талын Сансарын эгнээгээр ороод буланд зогсож байтал С ирээд надад хандан чи ядарсан хүн дээрэлхлээ гээд миний шүд рүү нэг удаа толгойгоороо мөргөхөд миний нэг ширхэг үүдэн шүд хугарсан. Хиймэл нэг шд суурьнаасаа хугарсан.

...Миний хугарсан шүдний оронд хиймэл шүд хийлгээд хагарсан хэнгэрэгийг маань нөхүүлээд өгчихвөл надад гомдол санал байхгүй байна..гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

 

1.6. Гэрч П.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Андууд дэлгүүрийн гадаа очоод би дэлгүүр лүү түрүүлээд орсон. Манай ах араас дагаад явж байгаад гадаа үлдсэн. Н ах урд өдрийн ууж байгаад үлдсэн 0.75 литрийн шилтэй доод талаасаа 3 хуруу хэрээтэй архи байсныг ганцаараа шахуу уусан. Би нэг хундага татсан. Би Андууд дэлгүүрээс архи аваад зогсож байтал Н ах араас орж ирсэн. Тухайн үед би С-тай юм яриад зогсож байсан. Н ах орж ирэхдээ муухай хараад байна гэж хэлээд байсан. Би учрыг нь олоогүй. Манай ах Н хэл муутай группт байдаг хүн юм байгаа юм. Тэгээд С, Н ах бид нар дэлгүүрээс гарсан. Дэлгүүрийн гадаа гараад Н ах хар өнгийн куртектай согтуу залууг заагаад тэр над руу муухай хараад байна гээд байсан. Тэгээд тэр залуутай зууралдсан. Н ах тэр залууг зүүн шанаа руу 2 удаа, баруун шанаа руу 1 удаа цохиод авсан. Тухайн үед би голоор ороод салгасан боловч Н ах хажуу талаас орж ирээд цохиод авсан. Тэгээд би Н ахыг салгаж аваад гэр лүүгээ явсан. С Андууд дэлгүүрийн төмөр хашааны зүүн хойд өнцөгт тэр согтуу залууг аваад үлдсэн. Тэр залуугийн нүүр амнаас цус гарсан зүйл байгаагүй. Зүгээр харагдсан. Тэгээд Н ах бид хоёр гэрлүүгээ явсан. Цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

...Н ах Б гээд байгаа залуугийн зүүн талын гар луу нэг удаа өшиглөх нь өшиглөсөн юм. Тэхдээ тийм хүчтэй өшиглөөгүй өөрөө арагшаа саваад унасан. Манай Б Н ахын голоор ороод салгах гэхэд Н ах миний араас Б-н нүүрэн тус газар 4-5 удаа цохисон... гэх  мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

1.7. Гэрч П.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2020 оны 01 дүгээр сард цагдаагийн ахмад Ц над руу залгаад Н ах зодоон хийсэн байна гэж хэлсэн. Тэгээд зодоон хийсэн талаар нь мэдсэн. Би ахыгаа хүн зодсон гэдэгт итгэхгүй байна. Манай Н сонсгол хэл ярианы 70 хувийн группт байдаг. Хүнтэй ярихдаа муу, ойлголцдоггүй, чих хатуу, сонсгол муу, өөрийнх нь баруун хөл хугарч байсан. Одоо жаахан доголж явдаг атингаршилттай хүн байдаг юм. Ааш зангийн хувьд төлөв даруу, хүнтэй хэр бараг муудалцаад байдаггүй. Архи дарс хааяа л уудаг. Байнга бол уугаад байдаггүй юм. Группын мөнгөнөөс өөр орлого байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

1.8. Гэрч П.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр /цагийг нь мэдэхгүй байна/ Чандмань дэлгүүрийн гадаа А-той тааралдаад Андууд дэлгүүрийн гадаа очсон. Андуудын гадаа С-тай тааралдсан. Мөн Б тэнд байсан. Тэгээд Андууд дэлгүүрээс 1 шил Монгол Стандарт архи аваад Андууд дэлгүүрийн хойд талын гудамжны нөмөрт очоод уусан. Энэ архи ууж дуусгаад С Андууд дэлгүүрээс нэг шил архи авсан. Тэр архийг нь Андууд дэлгүүрийн гадаа уусан. Би өөрөө олон жил архи уусан учраас 2 хундага уугаад согтчихдог юм. Зарим зүйлийг сайн санахгүй байна. Нэг харахад Б Андууд дэлгүүрийн гадаа нэг хүнтэй муудалцаад байсан. С Ж ах харь та согтсон байна гэж хэлсэн. Б ямар хүнтэй муудалцаад байсныг мэдэхгүй байна. Миний санаанд орж байгаагаар Б нэг хүнтэй зууралдсан муудалцаж байсан. Андууд дэлгүүрийн гадаа муудалцсан. Би гэртээ ирээд унтсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

1.9. Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 10 цагийн үед С, Б, Ж нартай Андууд дэлгүүрийн гадаа очсон. Эхлээд Андууд дэлгүүрээс 0.5 литрийн Монгол Стандарт нэртэй архи аваад Андууд дэлгүүрийн хойд талын гудамжны урд талд очиж уусан. Тэгээд тэр архи уучихаад Андууд дэлгүүрийн гадаа очиж зогсож байгаад таньдаг хүмүүсээсээ мөнгө гуйж аваад нийлүүлсэн. Мөн Андууд дэлгүүрийн хойд талын эгнээнд очиж уусан. Тэгээд С мөн 0.33 литрийн архи авсан. Тэр архийг Андууд дэлгүүрийн хажууд уусан. Тэгээд би нилээн согтсон байна, зарим зүйлийг сайн санахгүй байна. Миний нэг санаж байгаагаар С, Б нар хоорондоо маргалдаад байсан. Тэр хоёр маргалдаж байгаад хоёулаа камергүй газар очиж зодолдъя гээд Андууд дэлгүүрээс хойшоо явж байгаад гудамжинд очоод зодолдож байхаар нь би салгасан. Тэгээд буцаад Андууд дэлгүүрийн гадаа ирж байж байгаад гэртээ ирээд унтсан.

Амнаас цус гарсан байсан. Би 00 цаасаар арчиж өгсөн. Өөр гэмтэл гэхээр зүйл харагдаагүй. Тэр хоёр дахиад нэг шил архи олж ууя гэж байсан. Тэгээд Андууд дэлгүүрийн гадаа хамт ирсэн санагдаж байна. Нэг мэдсэн Батчимэг, С нар алга болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

1.10. Гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр 15 цагийн үед Н-н Б гэх эрэгтэй согтуу 3 хоног архи уусан гээд зүүн гар шуу хэсгээрээ хугарсан, баруун чих сонсохгүй байна гэх зовиуртай, үүдэн нэг ясан шүд унасан өвчтөн ирсэн. Тухайн хүний зүүн гарын шуу хэсгийн рентген зураг харуулахад хуучин хугарч байсан /бороолсон/ хэсгээрээ дахин хугарсан байсан.

Чихийг нь үзэхэд ил харагдах шарх цус зэрэг гараагүй байсан. Чих хамар хоолойн эмчид үзүүл гээд явуулсан. Шүдний хувьд нэг ширхэг ясан шүд унасан, хиймэл нэг шүд унасан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

1.11. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

 

1.12. Шүүгдэгч Ш.С-н согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, /хх-ийн 6 дугаар хуудас/,

 

1.13. 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

 

1.14. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаартай дүгнэлтэд:

- Н.Б-н биед зүүн шууны богтос ясны хугарал, баруун хэнгэрэг хальсны цоорол, баруун үүдэн дээд 1-р шүдний хугарал, мултрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Н.Б-н биед учирсан зүүн шууны богтос ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг. Баруун хэнгэрэг хальсны цоорол гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг, баруун үүдэн дээд 1-р шүдний хугарал мултрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 15 хувиар бууруулна. Шинжээч эмч Б.Сэргэлэн /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

1.15. Шинжээч Б.Сэргэлэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр цагдаагийн ахмад Л.Цогбадрахын шинжээч томилж ирүүлсний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 26 дугаартай гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлт гаргасан. Магадлуулагч Н.Б-н биед зүүн шууны богтос ясны хугарал, баруун хэнгэрэг хальсны цоорол, баруун үүдэн дээд 1-р шүдний хугарал мултрал гэмтэл тогтоогдсон.

Магадлуулагч Н.Б-н зүүн шууны богтос ясны хугарал гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хуучин хугарч байсан хэсэг бүрэн эдгэрсэн ч дахин эдгэрсэн хэсгээрээ хугарсан шинэ гэмтэл байсан. Өмнө нь хугарч байсан гар дахин тэр хэсгээрээ хугарахдаа амархан бага зэргийн хүч үйлчилхэд хугардаг... гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

1.16. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 186 дугаартай дүгнэлтэд:

- П.Н нь хэрэг үйлдэхдээ сэтгэцийн ямар нэгэн өвчихгүй, өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгож удирдах чадвартай байсан байна.

- П.Н нь хэргийн үйлдлийн үед өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байсан байна.

- П.Н нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. П.Н нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна.

- П.Н-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Комиссын дарга О.Баатаржав, гишүүн Я.Ганхүү, илтгэгч Л.Баттулга /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

1.17. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаартай дүгнэлт /хх-н 37 дугаар хуудас/,

 

1.18. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-42 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч П.Н-н өмгөөлөгч Б.Б нь гэм буруугийн шүүх хуралдаанд “...шүүгдэгч П.Н нь хохирогч Н.Б-г өшиглөж гарыг нь хугалсан болох нь тогтоогдохгүй байна. Камерийн бичлэгээс тодорхой харагдахгүй байна. Түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх саналыг гарсан боловч шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Шүүгдэгч П.Н нь хохирогч Н.Б-г өшиглөж түүний гарыг хугалсан болох нь

хохирогч Н.Б-н “...Тэгтэл гацаж ярьдаг намхан залуу хажуунаас орж ирээд миний нүүр нүд хэсэг рүү 4-5 удаа цохисон. Мөн баруун талын чих рүү нэг удаа цохисон. Миний зүүн гарын шуу хэсэг рүү нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

гэрч  П.Б-н “...Н ах Б гээд байгаа залуугийн зүүн талын гар луу нэг удаа өшиглөх нь өшиглөсөн юм. Тэхдээ тийм хүчтэй өшиглөөгүй өөрөө арагшаа саваад унасан...” гэх мэдүүлэг болон камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг сиди болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Ш.С, П.Н нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Ш.С, П.Н болон хохирогч Н.Б нар нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Ш.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч П.Н-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Ш.С, П.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч П.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Манай ах хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг юм. 70 хувийн группт байдаг санагдаж байна. Хүнтэй ярихдаа муу, чих хатуу хүн, хааяа архи уудаг. Архи уухаараа нээх олон зан байдаггүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

2.2. Гэрч Т.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

С-н хувьд жаахан ядуу амьдралтай, архи нилээд уудаг, уухаараа хурдан согтдог. Хүн чанарын хувьд сайн, хүнээс юм харамлаад байдаггүй. Айлаар явж нүүрс хагалж өгч хоол удныхаа мөнгийг олдог.

Н-г би Д гэж хочилж дууддаг юм. Жаахан мэдрэл муутай юм шиг хачин хачин юм яриад яваад байдаг. Архи хааяа ууцан явж байдаг. Чих хатуу, хүнтэй ярихдаа муу, би Д ярихдаа зарим хэлж байгаа үгийг нь ойлгодоггүй юм... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

 

2.3. Шүүгдэгч П.Н-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/

 

2.4. Шүүгдэгч Ш.С-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/

 

2.5. Шүүгдэгч Ш.С-н иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 65-66 дугаар хуудас/

 

2.6. Шүүгдэгч П.Н-н иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 67-68 дугаар хуудас/

 

2.7. Шүүгдэгч П.Н-н хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хяналтын картны хуулбар /хх-ийн 74-76 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ш.С, П.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батчимэг нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...шүүгдэгч Ш.С, П.Н нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал,  мөн шүүгдэгч П.Н-н 70 хувь хөдөлмөрийн чадвар алдалттай зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдэнд торгох ялыг доод талын хэмжээгээр оноож 1 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү...” гэх санал гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй.” гэж заасан гэтэл шүүгдэгч П.Н нь хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан болох нь хавтаст хэргийн 74-76 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Мөн шүүгдэгч П.Н нь хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжнээс өөр орлогогүй болох нь гэрч П.М-н мэдүүлгээр тогтоогдсон байна.

Харин шүүгдэгч Ш.С нь шүүх хуралдаанд “эрхэлсэн тодорхой ажилгүй” гэж мэдүүлдэг ба түүний орлого олдог талаарх баримт шүүхэд ирээгүй байна.

Шүүгдэгч Ш.С, П.Н нарт торгох ял оногдуулах боломжгүй байна гэж дүгнэв.

 

            Иймд шүүгдэгч Ш.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            шүүгдэгч П.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ш.С оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар, шүүгдэгч П.Н оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тус тус тогтоов.

 

Шүүгдэгч Ш.С, П.Н нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Ш.С, П.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Ш-н С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Б овогт П-н Н-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч Ш.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            шүүгдэгч П.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С-т оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар, шүүгдэгч П.Н оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тус тус тогтоосугай.

           4. Шүүгдэгч Ш.С, П.Н нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

        5. Шүүгдэгч Ш.С, П.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

       6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

         8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.С, П.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ