| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00515/И |
| Дугаар | 515 |
| Огноо | 2016-12-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 515
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Монгол Ардын намын хорооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сант мандах хоршоонд холбогдох
Хууль бус эзэмшлээс байр гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулгын гаргасан хүсэлтийг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулга шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ: Өвөрхангай аймаг дахь Сант мандах хоршооноос Сант сумын Монгол ардын намын байрыг гаргуулах тухай аймгийн Монгол ардын намын хорооны 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулга миний бие аймгийн Монгол ардын намын хорооноос 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр олгосон шүүхэд бүрэн төлөөлөх итгэмжлэлээр олгогдсон эрхийнхээ хүрээнд энэхүү нэхэмжлэлээс татгалзах хүсэлтийг дараах үндэслэлийн дагуу гаргаж байна. Миний бие 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр аймгийн Монгол ардын намын хорооны хүсэлтээр иргэний хувиар итгэмжлэгдсэн төлөөлөгч болсон ба хожим шүүх дээр хэргийн материалтай танилцахдаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, түүнийг төлөөлөлж захирал Д.Дэмбэрэл, Сант мандах хоршоо, түүнийг төлөөлөгч дарга Ш.Тогоо нарын хооронд 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ТЭ2011/20 тоот барьцааны гэрээ байгуулагдсныг, мөн энэхүү гэрээг нотариатч миний бие нь 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрчилснийг олж мэдсэн билээ. Намайг итгэмжлэгдсэн төлөөлөгч болсны дараа Сант сумын тухайн үеийн Монгол ардын намын хорооны дарга асан Ц.Цэцгээ, Сант сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Д.Нямсүрэн нарын мэдүүлснээр 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Д.Нямсүрэнгийн гэрчилсэн №449 дугаартай Монгол Ардын намын байрыг барьцаалахыг зөвшөөрсөн итгэмжлэл нь Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх заавар, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай зэрэг олон хууль зөрчсөн, хуурамч итгэмжлэл байсан байна гэдгийг олж тогтоосон болно. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, түүнийг төлөөлж захирал Д.Дэмбэрэл, Сант мандах хоршоо, түүнийг төлөөлж дарга Ш.Тогоо нарын хооронд 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан, ТЭ2011/20 тоот барьцааны гэрээг гэрчлэхдээ үндэслэсэн 449 нотариатын бүртгэлийн дугаартай итгэмжлэл нь хууль зөрчсөн, хуурамч итгэмжлэл гэдэг нь баримтаар нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 57.1 Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэсэн заалт, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал гэсэн заалт, мөн нотариатын тухай хуулийн 31.3 энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэсэн заалтыг тус тус үндэслэн дээрх барьцааны гэрээг гэрчилсэн 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2036 бүртгэлийн дугаартай нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нотариатчийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах болсон тул нэхэмжлэлээс татгалзаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Монгол Ардын намын хороо нь Сант мандах хоршоонд холбогдуулан хууль бус эзэмшлээс байр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулга нь барьцааны гэрээг гэрчилсэн 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2036 бүртгэлийн дугаартай нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтээ ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэгчнэхэмжлэлээсээ татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүйг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар Өвөрхангай аймгийн Монгол Ардын намын хорог Сант мандах хоршоонд холбогдуулан хууль бус эзэмшлээс байр гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 191475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 382950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА