Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2016/01291

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: “Вишн Фанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Овоот баг 9-31 тоотод оршин суух, Хотгойд овгийн Пүрэвдоржийн Баярмагнай /ДЮ73071712/-д холбогдох

“2 703 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Вишн фанд” ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Пүрэвдорж овогтой Баярмагнай нь 2015 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Вишн фанд ББСБ-ын эрдэнэт салбараас 103095516 тоот зээлийн гэрээ байгуулан 8 000 000 төгрөгний зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 24 сарын хугацаатай сарын 3.2%-ийн хүүтэй зээлж авсан. Зээлийнг графикт заасны дагуу зээлийн үндсэн төлбөр болон хүүг хэсэгчлэн төлөх байсан боловч сар бүр байнга хоцроодог бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс хойш зээлийн төлбөрр хийгээгүй, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны байдлаар нийт 2 703 000 төгрөгний төлбөртэй байгаа болно. Санаатайгаар эргэн төлөлтөө хийлгүй манай байгууллагад хүндрэл учруулж байна. Иймд манай байгууллага иргэн П.Баярмагнайгаас зээл, зээлийн хүүгийн төлбөр болох 2 703 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Баярмагнай шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баярмагнай миний бие “Вишн фанд”-аас нэхэмжилж байгаа 2 703 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 25-нд 1 351 500 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 25-нд 1 351 500 төгрөгийг тус тус төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Вишн фанд” ББСБ нь хариуцагч П.Баярмагнайгаас “2 703 000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч “Вишн фанд” ББСБ-ын нэхэмжилсэн 2 703 000 төгрөгийг хариуцагч П.Баярмагнай нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 25-нд 1 351 500 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 25-нд 1 351 500 төгрөгийг тус тус төлж барагдуулах болно гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Вишн фанд” ББСБ-ын 2 703 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Баярмагнай төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч П.Баярмагнай нь нэхэмжлэгч “Вишн фанд” ББСБ-ын 2 703 000 төгрөгийг сайн дураар эс төлбөл шийдвэрийн нэгэн адил албадан биелэгдэхийг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 198 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 14 099 төгрөг, төрийн сангаас 14 099 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Вишн фанд” ББСБ-д олгосугай.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА.