Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 301

 

 

 

 

 

 

 

 

         2020           3           27                                     301  

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Бат-Эрдэнэ, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан,

шүүгдэгч, хохирогч: Т.Ц,

шүүгдэгч, хохирогч: С.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бө нарт холбогдох эрүүгийн 1905 0471 60350 дугаар хэргийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, дүү, охины хамт м.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт.

 

Шүүгдэгч Т.Ц, С.Ө нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Харцад” нэртэй бааранд иргэн А.Дыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, баруун хацрын шарх, баруун нүдний алим, баруун, зүүн дал, цээжний цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хүзүүний цус хуралт зулгаралт, баруун шууны шарх, зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Т.Ц мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйж, хохирлыг төлж барагдуулсан. Улсын яллагчтай 450 000 төгрөгөөр торгох ялын саналыг сайн дураараа тохиролцсон. Торгуулийн ялыг богино хугацаанд төлж барагдуулана. Дахиж гэрт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-С.Ө мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж, уучлалт гуйсан. Улсын яллагчтай 450 000 төгрөгөөр торгох ялын саналыг сайн дураараа тохиролцсон. Торгуулийн ялыг богино хугацаанд төлж барагдуулана. Өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-А.Д мэдүүлэхдээ:

Би 2019 оны 11 дүгээр сарын 22-ны орой ажил тараад гэртээ ирээд байж байтал манай хоёр найз болох Баттулга, Соёлоо нар гэрт ирсэн. Тэгээд ганц нэг юм ууя гээд гарсан. Тэгээд төмөр замд байдаг “Харцад” гэх нэртэй караокед ороод гурван хүн дундаа нэг шил 0.5 литрийн Соёрхол гэх архи авч уусан. Нэг цаг орчим сууж байгаад бид нар тооцоо хийх гээд гарсан чинь үүдэнд нэг согтуу залуу бөөлжөөд, тек орчим нь хэвтээд байж байсан. Би нэг найзыг нь дуудаад “танай найз мөн үү, бөөлжөөд байна” гэж хэлсэн. Гэтэл хамт байсан найз нь гээд нэг залуу, 180 см өндөртэй, туранхай, халимаг үстэй залуу надад хандаад “бацаанууд та нарт хамаагүй, наад хамт байгаа гичий, янханаа аваад зайл” гээд байсан. Гэтэл цаанаас нь хамт байсан гэх найз нар нь 3 эрэгтэй, хоёр эмэгтэй гарч ирээд маргаан болсон. Тэгээд нэг намхан, бусдаасаа арай махлаг залуу болон анх гарч ирсэн өндөр залуу хоёр намайг заамдаж түлхээд, цааш нь авч яваад, намхан залуу нь эхлээд салгаж байгаад хаалганы ойролцоо очоод над руу дайраад байсан. Энэ үед хамт байсан хоёр эмэгтэй нь нөгөө залууг хориод нөгөө намхан, махлаг, анх маргаан хийгээд байсан өндөр туранхай сүүлд гарч ирсэн нэг нь намайг мөн заамдаад цааш нь дарсан. Тэр үед хажуунаас нөгөө намхан махлаг нь миний нүүр рүү өшиглөсөн. Тэгээд хамаг бие сулраад байж байхад нэмээд зодоод байсан. Харин хэн нь хаана цохиод байгаа талаар мэдээгүй. Хэсэг зодож байгаад өөрсдөө больсон. Тэр үед манай найз ганцаараа салгах гээд хүчрэхгүй байсан. Зодохоо больсны дараа цагдаа нар ирээд бид нарыг аваад хэлтэс дээр ирсэн. 

Эмчилгээнд гарсан зардлыг Т.Ц, С.Ө нар төлж барагдуулсан. Сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 42-43, 131 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Б мэдүүлэхдээ:

2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай найз нар болох Өнөболд, Цэдэнням, Жагаа, Аамка гээд хэдүүлээ 23 цагийн үед Төмөр замд байдаг “Харцад” гэх караоке орж тэндээ нэг шил 0.75 литрийн Соёрхол гэх архи уугаад нөгөө архиа дуусаад нэмж нэг шил 0.75 литрийн Соёрхол аваад уугаад байж байсан. Тэгээд шөнө 01 цаг өнгөрч байхад манай найз Цэдэнням бие засахаар гараад явсан. Удалгүй чанга яриад, хэрүүл болоод байсан. Өнөболд тэр үед гарч яваад би араас нь заал руу ороход нэг үл таних залуу баахан хараал хэлээд, хашгираад байсан. Юу болж байгааг би сайн ойлгоогүй. Тэгээд Цэдэнням бид хоёрыг “та хоёр төмөр замынх, аав чинь тийм, ээж чинь тийм” гээд доромжлоод байсан. Тэр үед Өнөболд “дүү согтсон байна, одоо харьж амар” гэж хэлсэн боловч нөгөө залуу өөдөөс нь дайраад цохиод авсан байх. Цэдэнням нөгөө залууг “боль” гээд үгэнд нь орохгүй байхаар нь 1-2 удаа цохисон. Гэтэл хамт яваа хүүхэн, залуу хоёр нь улам хөгжөөгөөд байсан бөгөөд би Цэдэннямыг аваад салгах гэтэл нөгөө хэд Өнөболд руу дайраад байсан. Тэгээд Цэдэнням бид нар болиулах гээд хүчрэхгүй, хэл ам хийгээд, хараал хэлээд байсан. Өнөболд “боль” гээд аргадаад байсан, харин нөгөө залуу хэл амаар доромжлоод дайраад байсан. Би гайгүй болох байх гээд хүлээж байхад дахиад Цэдэннямыг цохиод авсан бөгөөд Цэдэннямыг цааш нь салгаад явж байхад Өнөболдын хөлнөөс нь зуураад унагаах гээд бужигнаад байсан. Би Цэдэннямыг салгаж байсан. Тэгээд Өнөболд гарыг нь өчөөд цагдаа иртэл хүлээгээд байж байгаад цагдаа нар ирээд нөгөө залуу болон Цэдэнням, Өнөболд нарыг аваад явсан гэжээ. (хэргийн 21-23 дугаар хуудас)

 

2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд:

А.Д нь хавсралт №2, №6-д байгаа гэрэл зургуудыг анхааралтай, сайтар ажиглаж байгаад эдгээр хүмүүс мөн байна. Би энэ хоёр залууг таниж байна. Тухайн залуусаас өөр энэ хэрэгт хамаатай хүн байхгүй гээд шууд заасан гэжээ. (хэргийн 46 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14125 дугаартай дүгнэлтэд:

1. А.Дын биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, баруун хацрын шарх, баруун нүдний алим, баруун, зүүн дал, цээжний цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хүзүүний цус хуралт зулгаралт, баруун шууны шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо ба ир ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. (хэргийн 30-31 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Т.Ц ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 66 дугаар хуудас)

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

С.Ө ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 87 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Т.Ц, С.Ө нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Харцад” нэртэй бааранд хохирогч А.Дтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, баруун хацрын шарх, баруун нүдний алим, баруун, зүүн дал, цээжний цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хүзүүний цус хуралт зулгаралт, баруун шууны шарх, зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Д, гэрч Д.Б нарын мэдүүлэг, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14125 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Ц, С.Ө нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгч нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч А.Д нь баримтаар 351 400 төгрөгийн хохирол нэхэмжилсэнээс шүүгдэгч нар нь 350 000 төгрөгийг төлсөн, хохирогч нь “эмчилгээнд гарсан зардлыг Т.Ц, С.Ө нар төлж барагдуулсан. Сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэж мэдүүлсэн тул Т.Ц, С.Ө нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч  нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй Т.Ц, С.Ө нар өөрсдийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Т.Цыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох,

 

шүүгдэгч С.Өыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Т.Ц, С.Ө нарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Ц, С.Ө нар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Ц, С.Ө нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Ц, С.Ө нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН