Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 319

 

 

 

 

 

 

 

 

   2020           4           01                                           319   

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Боорчи, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батнасан,

шүүгдэгч: Х.Я нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн д холбогдох эрүүгийн 1905 0378 80367 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, онгоцны үйлчлэгч мэргэжилтэй, Орхон аймгийн “Баян” худалдааны төвд гоо сайхны лангууны худалдагч ажилтай, сард 400 000 төгрөгийн цалинтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт.

 

Шүүгдэгч Х.Я нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кинотеатрын хойд талд байр түрээслэнэ гэж “Үнэгүй.мн” сайтад худал зар байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Т.Цоос Хаан банкны 5090780779 дугаарын дансаар 200 000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Х.Я мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирлыг нь бэлнээр өгсөн. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Прокурорын санал болгосон 450 000 төгрөгөөр торгох ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Торгуулийн мөнгийг тогтоосон хугацаанд төлнө. Эцэг, эхдээ гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хэлсэн. Тэд надад туслана гэдгээ илэрхийлсэн гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Т.Ц мэдүүлэхдээ:

2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр би “Үнэгүй.мн” сайтаас байр түрээслэнэ гэсэн зар хайж байгаад “Баянгол дүүрэг дэх Өргөө кино театрын ард хажуу өрөө түрээслэнэ” гэсэн зар байхаар нь би өөрийн 99702281 дугаарын утаснаас зар дээр байршуулсан 99628206 дугаарын утас руу залгаж ярихад утсыг эмэгтэй хүн аваад “Өргөөгийн ард хажуу өрөө байна. Сард 200 000 төгрөгөөр түрээслэнэ, эхний сард 200 000 төгрөгийн барьцаатай, цаашид төлбөрийг сар, сард нь авна” гэж хэлэхээр нь би тэр даруй урьдчилж 150 000 төгрөг шилжүүлэхээр болсон. Харин барьцаа болох 200 000 төгрөгийг орой байраа үзэхдээ өгөхөөр тохиролцсон юм. Тэгээд би тэр даруй Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тариад трейд” ХХК-ийн ажлын байрандаа байхдаа “Лэнд.мн” программ ашиглан лэнд хэтэвчнээсээ Хаан банк дахь 5090780779 дугаарын данс руу 150 000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлчихээд энэ талаар утасдаж хэлэхэд тухайн эмэгтэй “дахиад 50 000 төгрөг нэмээд шилжүүлэх боломж байна уу, би банкны зээл төлөх гээд мөнгө дутаад байна, би ажил дээрээ байна, орой уулзаад би чамд байраа үзүүлээд түлхүүрээ өгье” гэж хэлэхээр нь би итгээд дахин 5090780779 дугаарын данс руу 50 000 төгрөг шилжүүлсэн. Энэ өдрөө орой 20 цагийн үед 99628206 дугаарын утас руу залгахад утсаа авахгүй салгаж байгаад утас нь холбогдохоо больсон. Гадуур түрээсийн байр маш ховор байсан учраас би олдсон дээр нь байрыг алдчихвий гэж бодоод яараад мөнгөө шилжүүлсэн юм.

Миний бие хохирол 200 000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан. Х.Ятай эвлэрсэн, гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 14-15, 60 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Д мэдүүлэхдээ:

Х.Дэлгэрцэцэг нь миний том охин байгаа юм. 1995 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймагт төрсөн. 2018 онд БНСУ-ын иргэнтэй гэр бүл болж, тухайн улсын иргэн болоод тэндээ ажиллаж амьдарч байгаа. Хаан банк дахь 5090780779 дугаарын данс миний охин Х.Дэлгэрцэцэгийн нэр дээр байдаг. Дансыг заримдаа миний охин Х.Я ашигладаг байсан. Карт уг нь надад байх ёстой. Би гэртээ нэг газарт хадгалчихаад олохгүй байна. 2019 оны 7 дугаар сарын 20-ны үеэр миний охин Янжин ажил хийхээр Улаанбаатар хотод ирсэн юм. Энэ үед Янжин өөрийн ашигладаг 5035487156 дугаарын дансны виза картыг гээгдүүлсэн байсан учир эгчийнхээ 5090780779 дугаартай дансыг карттай нь ашиглаж байсан. Тэгээд Янжин 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Орхон аймагт гэртээ ирээд 5090780779 дугаарын дансны картыг надад өгсөн. Дансны орлого, зарлагын мэдээлэл Х.Дэлгэрцэцэгт очдог юм. Тэгээд Янжинг энэ картыг ашиглаж байх хугацаанд буюу 2019 оны 7 дугаар сараас 12 дугаар сар хүртэл түүний эгч Х.Дэлгэрцэцэг “өөрийнх нь данс руу мөнгө орлоо, та дүүд мөнгө өгч эрхлүүллээ” гээд намайг загнаад байхаар нь би картыг Янжингаас 2019 оны 12 дугаар сард буцаагаад авчихсан юм. 99628206 дугаарыг миний охин Янжин 2019 онд Орхон аймагт байхдаа Улаанбаатар хотод ирэхээсээ өмнө худалдаж авсан. Тухайн үед “6 сар ашиглах дататай юм байна” гэж хэлж байсан. Янжин 99628206 дугаарыг 2019 оны хавар худалдаж аваад 2019 оны намар хүртэл ашигласан. 99628206 дугаар болон 5090780779 дугаарын дансыг миний охин Янжингаас өөр хүн ашигладаггүй гэжээ. (хэргийн 18-19 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Т мэдүүлэхдээ:

Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 7 дугаар байрны 26 тоот нь “Алтан дорнод” ХХК-ийн байр юм. Би уг хоёр өрөө байрыг түрээслэж аваад зочны өрөөнд нь өөрөө амьдраад жижиг өрөө болон гал тогоогоо бусдад түрээслэдэг. Би 2016 оноос хойш түрээслэж байгаа. Би Х.Я гэдэг хүнтэй огт гэрээ хийгээгүй. Харин хамт амьдардаг Батхишигийн ах Очирбаттай гэрээ хийсэн. Янжин гэдэг охин хааяа ирдэг байсан. Би Янжинд байр түрээслэх талаар огт хэлээгүй. Тэр манай байранд 1 сар орчим амьдраад муудалцаад яваад өгсөн гэжээ. (хэргийн 20 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Х.Я ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 46 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Х.Я нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кинотеатрын хойд талд байр түрээслэнэ” гэж “Үнэгүй.мн” сайтад худал зар байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Т.Цоос Хаан банкны 5090780779 дугаарын дансаар 200 000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Ц, гэрч Д.Т, С.Д нарын мэдүүлэг, Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Яд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Т.Ц нь “хохирол 200 000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан. Х.Ятай эвлэрсэн, гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Яг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Х.Я нь торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.Я нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.  

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Х.Я цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Яд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН