Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 322

 

 

 

 

 

 

 

 

   2020          4            03                                   322     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Н.Өсөхжаргал, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндорж,

хохирогч: Э.Б,

шүүгдэгч: Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Намсрай овогт Төмөргарьдын Төртогтоход холбогдох эрүүгийн 2009 0023 10327 дугаар хэргийг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Өндөршил суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тамган харуул” хамгаалалтын газарт жолооч ажилтай, 500 000 төгрөгийн цалинтай, ам бүл 6, эхнэр, 2 хүүхэд, хадам аав, ээж нарын хамт.

Шүүгдэгч Т.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр  хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цоглог” хотхоны гражид иргэн Э.Бгийн эзэмшлийн “Тоёота приус-20” загварын 33-22 УБХ улсын дугартай автомашины дунд хайрцагнаас дугтуйтай 440 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Т.Т мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр  сарын 07-ноос 08-ныг шилжих шөнө “Ай лофт” баарны гаднаас хохирогч Болормааг аваад “Цоглог” хотхоны байранд хүргэж өгсөн. Тэгээд хохирогч Болормаа унтаж байснаа сэрээд “миний машин хаана байна” гэж асуусан. Би “таксиний жолооч” байна гэж хэлсэн чинь “миний машин “Ревер стоун”-д байсан, тэндээс очиж машинаа авна” гээд “Цоглог” хотхоноос “Ревер стоун” руу явсан. Машин дээр нь очиход гэрэл нь асаалттай, түгжээтэй байсан. Болормаа тэр үед “чи дэлгүүр ороод миний машины түлхүүрийг аваад ир, касс дээр нь нэг хүүхэд байгаа” гэж хэлсэн. Түлхүүрийг нь авах гээд явахад өөрөө араас дагаад ороод ирсэн. Түлхүүрийг нь аваад машин дээр нь очиход машин асаалттай, мөн паарыг асаасан байсан. Тэгээд “Цоглог” хотхон хүргэж өгсөн бөгөөд машины түлхүүртэй нь хамт грашийн хаалганы түлхүүр хамт байсан. Би буугаад грашийн хаалгыг онгойлгож өгсөн ба ухарч орохдоо эвгүй дарж орох гээд байхаар нь би Төмөрөө гээд найзыгаа “машиныг оруулаад өгчих” гэж хэлсэн. Манай найз машиныг нь оруулж өгсөн. Тэр үед Болормаа “хэдэн төгрөг гарсан” гэж асуусан. Би “ирж очихын 25 км гарсан, 60 000 төгрөг өгчих” гэхэд дугтуйнаас 60 000 төгрөг авч өгсөн. Тэгээд “машинаа үүдэнд тавьчих уу” гэхээр нь “үүдэнд хэрэггүй, хойшоо ухраад тавьчих” гэж хэлсэн. Тэгээд надад “чи наанаа байгаа дугтуйгаа аваад өгөөч” гэж хэлсэн. Би “дугтуйгаар яах гэж байгаа юм” гэж асуусан. Тэгэхэд “мөнгө байгаа” гэж Болормаа хэлсэн. “Мөнгө байхгүй байна” гэж хэлсэн чинь манай найзтай юм яриад хойшоо яваад өгсөн. Миний хэлснийг сонсоогүй. Дугтуй авч байгаа камерийн бичлэг байгаа. Би өөрөө цагдаагийн газар байхдаа үзсэн. Мөнгийг нь би аваагүй. 7 хоногийн дараа намайг ажилтай байх үед цагдаагийн газраас залгаад энэ талаар хэлсэн. Тэр өдрөөс хойш би цагдаагийн газарт өдөр болгон очиж бүтгүүлж байсан. Би авсан бол авсан гэж хэлнэ. Аваагүй болохоор аваагүй мөнгөө төлөх харамсалтай байна гэж би байцаагчид хэлсэн чинь тэр хамаагүй гэж надад хэлсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Э.Б мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө “Ай лофт” баарны урьд талаас такси бариад “Ревир стоун орж машинаа авна, жолооч хийх үү” гэж асуугаад явсан. Очоод жолоочийг дагуулаад Болорцэцэгээс машиныхаа түлхүүрийг аваад буцаад машин дээрээ очсон. Тэгээд “Баянгол дүүргийн Цоглог хотхон оръё” гэж хэлээд би унтсан. Намайг сэрэхэд 2 залуу байсан бөгөөд манай граш руу машиныг оруулсан байсан. Би айгаад “тооцоо хэд болсон бэ” гэж асуухад “60 000 төгрөг болсон” гэж хэлэхээр нь юу ч асуулгүй 60 000 төгрөг дугтуйнаас аваад өгөхөд Төртогтох миний хойно зогсож байсан. Манай тэнд таксигаар хүрэхэд 60 000 төгрөг хэзээ ч гарахгүй. Дугтуйд тухайн үед 500 000 төгрөг байсан. Тэр мөнгөнөөсөө 60 000 төгрөг аваад үлдсэн мөнгийг нь би буцаагаад байсан байранд нь хийсэн. Тэгээд “чи жолооны ард суучих, би чамд машин байрлуулах газрыг заагаад өгье” гэж хэлсэн. Ингээд би түлхүүрээ аваад явсан. Маргааш өдөр нь би ажилдаа явах гээд машинд суух үед дугтуй хийсэн хайрцаг онгорхой, дугтуй нь хоосон байсан. Ингээд камерийн бичлэг шалгаад, цагдаа дуудсан. Би өөрийн алдсан мөнгө болох 440 000 төгрөгөө нэхэмжилж байна. Би энэ хүнийг гүтгээгүй гэв.

Мөрдөн байцаалтад гэрч-П.Т мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө “Ай лофт” гэх нэртэй баарнаас согтуу эмэгтэй гарч ирсэн. Төртогтох миний урд зогсож байсан бөгөөд “такси авах уу” гэхэд “авна” гээд Төртогтохын машинд суугаад явсан. Би хүн аваад хороолол хүргэж өгөөд буцаад явж байхад Төртогтох залгаад “дуудлагын жолооч хийж байна, 10 дугаар хороололд хүрч ирээд аваач” гэсэн. Тэгээд гэрлэн дохион дээр таараад тэр эмэгтэйг гэрт нь буюу “Цоглог” хотхонд хүргээд граж руу машиныг нь оруулахдаа би ухрааж байрлуулсан. Тухайн үед Төртогтох ухрааж чадахгүй, юм мөргөчих гээд байхаар нь би байрлуулсан юм. Анх гражид машиныг оруулаад тэр эмэгтэй голын хайрцагнаас дугтуй гаргаж ирээд 60 000 төгрөг Төртогтоход өгсөн юм. 3 ширхэг 20 000 төгрөг өгсөн. Тэгээд машиныг түгжээд гарах гэтэл “гражийн хаалга хаасан болохоор энд тавьж болохгүй” гээд би, тэр эмэгтэй, Төртогтох бид гурав цааш алхаж байгаад тэр эмэгтэй түлхүүрээ Төртогтоход өгсөн. Би цаашаа зогсоол дээр нь очоод машин байрлуулахад нь зааж өгсөн. Тэгээд Төрөө юм мөргөчих гээд байхаар нь би шахаж байрлуулсан. Машинаас дугтуй гаргаж ирээд мөнгө өгөхийг харсан. Дугтуйнд мөнгө байсан үгүйг би мэдэхгүй гэжээ. (хэргийн 14 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Б мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө манай ажлын газрын хүмүүс орой ажил дээрээ сууж, уусан. Тэр үед манай ажлын газрын Болормаа архи уусан болохоор өөрийнхөө автомашиныг унахгүй, надаар машин бариулахаар болоод намайг байгууллагаас хамт дагуулж гарсан. Болормаа эгч бид хоёр машин дээр нь очоод би хаалгыг нь онгойлгосон. Тэр үед Болормаа эгч машиныхаа урд хайрцагыг онгойлгоод надад дугтуй өгөөд “энэ дотор хэдэн төгрөг байна, хамт тоолоод үзье” гэж хэлээд дугтуйнаас мөнгөн дэвсгэртүүд гаргаж ирээд надад талыг нь өгөөд бид хоёр нэгэн зэрэг тоолоод нийт 500 000 төгрөг байсан. Тэр үед Болормаа эгч “за 500 000 төгрөг байгаа юм байна” гэж хэлээд надаас мөнгийг аваад дугтуйндаа хийгээд урд талынхаа хайрцагт дугтуйг хийгээд машинаа цоожлоод надад түлхүүрээ өгсөн. Тэр үед Болормаа эгч манай ажлын газрын хүмүүстэй өөр бааранд орохоор болоод машинынхаа түлхүүрийг надад өгөөд яваад өгсөн. Би машиных нь түлхүүрийг аваад буцаж ажил руу орсон. Тэгтэл шөнө 03 цагийн үед Болормаа эгч нэг залуутай хамт ирээд “би жолооч олчихлоо, миний дүү миний машины түлхүүрийг өгчих” гэж хэлэхээр нь түлхүүрийг нь өгөөд явуулсан. Тэгээд маргааш нь Болормаа эгч гэртээ хүргүүлсэн жолооч нь машиных нь хайрцагт байсан мөнгийг хулгайлсан байна, цагдаад мэдэгдсэн гэж хэлсэн гэжээ. (хэргийн 35 дугаар хуудас)

 

Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Цоглог хотхон"-ны СӨХ-ийн хяналтын камерын бичлэгт 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд:

Цоглог хотхоны гражид Т.Приус-20 загварын тээврийн хэрэгслийн хаалгыг иргэн Э.Б онгойлгож өгөх ба машины голын хайрцагнаас цагаан өнгийн дугтуй авч, 2 эрэгтэй хүний нэг болох десант загварын эрээн өнгийн куртиктай залууд мөнгө өгөөд цагаан өнгийн дугтуйг машины голын хайрцганд буцаан хийж машины хаалгыг хаасан ба мөнгө өгөх гэж байхад мөнгө авсан залуу дугтуйтай мөнгө рүү харсан. Тэгээд цааш алхаж, тухайн машиныг байрлуулах гээд түлхүүрийг мөнгө авсан залууд өгөөд тэр залуу ганцаараа машинд ирж цагаан өнгийн дугтуйг авч байгаа нь харагдаж байна. Машиныг байрлуулж байхад Болормаагийн хамт нэг залуу цаашаа явж байна гэжээ. (хэргийн 5 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Т.Т ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 42 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

  Шүүгдэгч Т.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр  хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цоглог” хотхоны гражид хохирогч Э.Бгийн эзэмшлийн “Тоёота приус-20” загварын 33-22 УБХ улсын дугартай автомашины дунд хайрцагнаас дугтуйнд байсан 440 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Э.Б, гэрч П.Т, Г.Б нарын мэдүүлэг, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Цоглог хотхон"-ны СӨХ-ийн хяналтын камерын бичлэгт 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгажээ. 

Баянгол дүүргийн прокурорын газраас Т.Тод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Т нь би хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй гэж маргаж байх боловч

гэрч Г.Бийн “Болормаа эгч машиныхаа урд хайрцагыг онгойлгоод надад дугтуй өгөөд “энэ дотор хэдэн төгрөг байна, хамт тоолоод үзье” гэж хэлээд дугтуйнаас мөнгөн дэвсгэртүүд гаргаж ирээд надад талыг нь өгөөд бид хоёр нэгэн зэрэг тоолоод нийт 500 000 төгрөг байсан. Тэр үед Болормаа эгч “за 500 000 төгрөг байгаа юм байна” гэж хэлээд надаас мөнгийг аваад дугтуйндаа хийгээд урд талынхаа хайрцганад дугтуйг хийгээд машинаа цоожлоод надад түлхүүрээ өгсөн”,

гэрч П.Тын “гражид машиныг оруулаад тэр эмэгтэй голын хайрцагнаас дугтуй гаргаж ирээд 60 000 төгрөг Төртогтоход өгсөн юм. 3 ширхэг 20 000 төгрөг өгсөн”,

Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Цоглог хотхон"-ны СӨХ-ийн хяналтын камерын бичлэгт 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үзлэг хийсэн “Э.Б онгойлгож өгөх ба машины голын хайрцагнаас цагаан өнгийн дугтуй авч, 2 эрэгтэй хүний нэг болох десант загварын эрээн өнгийн куртиктай залууд мөнгө өгөөд цагаан өнгийн дугтуйг машины голын хайрцганд буцаан хийж машины хаалгыг хаасан ба мөнгө өгөх гэж байхад мөнгө авсан залуу дугтуйтай мөнгө рүү харсан. Тэгээд цааш алхаж, тухайн машиныг байрлуулах гээд түлхүүрийг мөнгө авсан залууд өгөөд тэр залуу ганцаараа машинд ирж цагаан өнгийн дугтуйг авч байгаа нь харагдаж байна. Машиныг байрлуулж байхад Болормаагийн хамт нэг залуу цаашаа явж байна” гэх мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар түүний мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Тоос 440 000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Бд олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдлаа. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Тыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Т 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Т.Тоос 440 000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Бд олгосугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Т цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Тод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН