Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 323

 

 

 

 

 

 

 

 

   2020             4            03                                    323

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Н.Өсөхжаргал,  

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан,

шүүгдэгч: Ж.А, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг /2149/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхай овогт Жаргалын Ариунбаатарт холбогдох эрүүгийн 2005 0030 00247 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн 1986 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “АПУ” ХХК-д барилгын засварчин ажилтай, сард 1 200 000 төгрөгийн орлоготой, ам бүл 4, эхнэр, 0-2 настай 2 хүүхдийн хамт.

 

Шүүгдэгч Ж.А нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 27 дугаар гудамжны 1235 тоотод оршин суух иргэн С.Цгийн хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар, нууцаар нэвтэрч “ВSВ” загварын 42 инчийн эл си ди зурагтыг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 533 400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ж.А мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Зурагтыг ломбардад тавиад мөнгөөр нь архи уусан. Хохирлыг барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Манай гэр бүлд надаас өөр ажил хийдэг хүн байхгүй. Хойшид ажлаа хийгээд зөвөөр амьдарна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.Ц мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ээж маань “ганцаараа байна, дүү чинь хөдөө явсан” гэхээр нь би эхнэрээ дагуулаад гэрт нь 3 хоносон. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэр рүүгээ ортол манай гэрийн зурагт байгаагүй. Тэгээд би цагдаа дуудсан. 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэг хашаанд амьдардаг ах Ж.А манай гэрээс зурагт авсаныг мэдсэн. Ж.А ах манай цоожийг хөшиж ороод зурагтыг маань хулгайлсан байна. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэрээс гарахдаа хаалгаа мөнгөлөг өнгийн хятад цоожоор цоожилсон. Тэр цоож 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр очоод үзэхэд зүгээр байсан. Би тооноор хулгай орсон байна гэж бодсон. Сүүлд харахад манай гэрийн цоожийг хөшсөн мөр байсан. Надад гомдол санал байхгүй. Алдсан эд зүйлээ буцааж авсан гэжээ. (хэргийн 24-25 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.А мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр байх “Тулгуур стандарт” ломбардад Намжилмаа овогтой Бямбабаатар гэх ДИ86021312 регистрийн дугаартай хүн 42 инчийн БСБ зурагтыг 250 000 төгрөгөөр барьцаанд тавьсан байна. Би энэ үед байгаагүй, манай хамаатны дүү тухайн зурагтыг авсан байсан. Харин удалгүй 1 дүгээр сарын 10-11-ний үед Жаргалын Ариунбаатар, нэг жирэмсэн эмэгтэй, 3 хүн ирээд “цагдаагаас зурагт аваад ир гэсэн, манай зурагтыг хулгайч авч явсан” гэсэн утгатай зүйл хэлээд авсан. Тэгэхээр нь би үндсэн 250 000 төгрөг, үүн дээр хүү болох 15 000 төгрөгийг буцааж авсан гэжээ. (хэргийн 56 дугаар хуудас)

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд:

Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 27-1235 тоот нь ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан ногоон өнгийн төмөр хаалгатай хашаа байх бөгөөд уг хашаанд ороход хашааны хойд талаар 3 гэрийг цувуулан барьсан байх бөгөөд уг гурван гэрийн баруун талд байрлах ногоон өнгийн даавуун дулаалгатай, өлзий хээтэй хаалгатай, 5 ханатай гэр байх бөгөөд уг хаалгаар ороход ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байна. ...зурагт байсан гэх зурагтын суурийн дээд талд хар өнгийн ddish хүлээн авагч байх бөгөөд уг газраас ямар нэгэн мөр илрээгүй... гэжээ. (хэргийн 3-4 дүгээр хуудас)

 

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэлд:

Ж.Ааас “ВSВ” загварын 42 инчийн эл си ди зурагтыг хураан авсан гэжээ. (хэргийн 41 дүгээр хуудас)

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд:

Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, дэслэгч Г.Ууганбаяр би Эрүүгийн 2020 дугаартай хэрэгт хохирогч С.Цгийн гэрээс алдагдсан гэх 42 инчийн зурагтыг хүлээлгэж өгөв гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандалгын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 533 400 төгрөгөөр үнэлэв гэжээ. (хэргийн 38 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ж.А ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ж.А нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 27 дугаар гудамжны 1235 тоотод оршин суух хохирогч С.Цгийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч, “ВSВ” загварын 42 инчийн эл си ди зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 533 400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Цгийн мэдүүлэг, гэрч Ц.Аын мэдүүлэг, эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгажээ. 

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.А нь хулгайлсан “ВSВ” загварын 42 инчийн эл си ди зурагтыг биет байдлаар нь хохирогчид буцааж өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

         

Шүүгдэгч Ж.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хор арилсан, гэр бүлээсээ ганцаараа ажил хийж 0-2 наснай 2 хүүхдийг тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “...ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй...” буюу 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ж.Аыг 1 жилийн /нэг жил/ хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Ж.Ат оногдуулсан 1 жил /нэг жил/ хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ат урьд авсан хувийн баталаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.А бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Ат цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН