Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 01438

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбар

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Орхон тооцооны төвийн данс хариуцсан ажилтан Ж.Саруулзам /ГЮ:89102802/

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 4-03 тоотод оршин суух Тарвагатайхан овогт Бөх-Оршихын Ариунзаяа /ФБ:88081721/

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 21-03 тоотод оршин суух Тарвагатайхан овогт Бөх-Оршихын Ариунболд /ФА:84072175/

 

            2 798 116, 91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Саруулзам, хариуцагч Б.Ариунзаяа, Б.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 4-р гудамж 03 тоотод оршин суух Тарвагатайхан овгийн Бөх-Оршихын Ариунзаяа /ФБ: 88081721/ нь тус банктай 2015 оны 10 сарын 14-ний өдөр №2015/028701/0420 тоот цалингийн зээлийн гэрээ, №2015/028701/0420 тоот цалингийн зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулан 3 500 000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлж авсан. Тус зээлд Тарвагатайхан овгийн Бөх-Оршихын Ариунболд /ФА:84072175/ 2015 оны 10 сарын 14-ний өдөр №2015/028701/3113 тоот цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээгээр үүрэг хүлээсэн. Зээлдэгч нь цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд ажил олгогч байгууллагатай байгуулсан гэрээний дагуу авч буй цалин, түүнтэй адилтгах орлого, мөн Худалдаа, хөгжлийн банкны 407232535 тоот цалингийн картын дансны орлогыг барьцаалсан. Зээлдэгч Б.Ариунзаяа нь 2016 оны 04 дүгээр сараас эхлэн зээлийг хугацаанд нь төлөөгүй тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн хуваарь зөрчигдөж, зээл төлөгдөөгүй байна. Мөн зээлийн хувийн батлан даагч Б.Ариунболдод зээл төлөгдөхгүй байгаа талаар утсаар удаа дараа мэдэгдсэн. Зээлдэгч Б.Ариунзаяа нь 2015/028701/0420 тоот цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 2016 оны 10 сарын 24-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 2 650 367, 80 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн үлдэгдэл 142 323,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 5 425, 96 төгрөг, нийт 2 798 116, 91 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2 798 116, 91 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 59 719, 87 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэр гаргаж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд цалингийн зээлийн харилцагч Б.Ариунзаяа /ФБ88081721/ болон хувийн батлан даагч Б.Ариунболд /ФА84072175/ нарын эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэв.                                   

Хариуцагч Б.Ариунзаяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбарын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбар нь 2 798 116, 91 төгрөг нэхэмжилсэн бөгөөд миний бие 2015 оны 10 дугаар сард цалингийн зээл 3 500 000 төгрөг уг банкнаас авсан. Түүнээс сар бүр төлөлт хийж байсан бөгөөд одоогоор 1 560 412 төгрөг төлсөн байна. Зээл төлсөн баримтаа нягтлан үзэхэд 2 798 116, 91 төгрөгийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2016 оны 8, 9 дүгээр сарын зээл төлсөн баримтаа олохгүй байгааг шүүхийн журмаар тодруулсаны дараа нэхэмжлэлийг зөвшөөрөх эсэх асуудлыг шийдвэрлэх буюу нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч нар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Үнийн дүнд маргаан байхгүй хүлээн зөвшөөрч байна. Ажлаасаа гарсан ч гэсэн хувиараа юм оёж байгаа тул дээрх зээлийг хариуцан төлнө гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбар хариуцагч Б.Ариунзаяа болон Б.Ариунболд нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 798 116, 91 төгрөг гаргуулах, шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл хариуцагч нарын эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч нар нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй боловч үүргийг зөвхөн зээлдэгч хариуцан төлнө гэж мэтгэлцэж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 2015/028701/0420 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээ болон  мөн өдөр байгуулсан 2015/028701/3113 дугаартай хувийн батлан даалтын гэрээнд тус тус үндэслэн тайлбарлаж байна.

Хариуцагч Б.Ариунзаяа нь зээлийн төлбөрийн үлдэгдэл  буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба хариуцагч Б.Ариунболдоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн шаардлагыг зөвшөөрөөгүй. 

Хариуцагч Б.Ариунзаяа нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр №2015/028701/0420 тоот Цалингийн зээлийн гэрээ, Цалингийн зээлийн барьцааны гэрээг байгуулан 3 500 000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 24  сарын хугацаатай зээлж авсан байх ба, уг зээлийг бүрэн төлөөгүй тохиолдолд өөрийн хөрөнгөөр үл маргах журмаар хариуцахаар Б.Ариунболд нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний  өдөр №2014/028701/3113 тоот цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээгээр үүрэг хүлээсэн болох нь цалингийн зээлийн гэрээ, цалингийн зээлийн барьцааны гэрээ, цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээ, зохигчдын тайлбараар тус тус  нотлогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл болон 153 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 458 дугаар зүйлд заасан батлан даалтын гэрээ тус тус байгуулагдсан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Зээлдэгч Б.Ариунзаяа нь  зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2016 оны 04 дүгээр сараас эхлэн хугацаанд нь төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлийн үлдэгдэл төлбөр 2 650 367, 80 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 142 323,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5 425, 96 төгрөг нийт 2 798 116, 91 төгрөг төлөх нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч Б.Ариунзаяа нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй.

Цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээний 4.2.1-д “Зээлдэгч нь банкнаас авсан зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлөөгүй тохиолдолд энэхүү гэрээнд заасны дагуу төлөгдөөгүй зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүг өөрийн хөрөнгөөс банкинд үл маргах журмаар төлөх” үүргийг Б.Ариунболд хүлээхээр тохиролцож гэрээ байгуулсан байна. Уг үүргийн дагуу банк нь хариуцагч Б.Ариунболдоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч үндсэн зээлдэгч Б.Ариунзаяа нь төлбөрийн чадваргүй, зээлээ төлөх боломжгүйг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл зээлдэгч Б.Ариунзаяагийн ажлаасаа халагдсан нөхцөл байдал нь  түүнийг төлбөрийн чадваргүй болсон гэж үзэх үндэслэл биш юм.

Зохигчдын хооронд байгуулсан барьцааны гэрээнд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө барьцаалаагүй байх бөгөөд үүргийн гүйцэтгэлийг эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иймд зээлдэгч болон хувийн батлан даагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зэрэг нэхэмжилж байгаа банкны шаардлага үндэслэлгүй байх тул зээлдэгч буюу хариуцагч Б.Аринзаяагийн дээрхи төлбөрийг би хариуцан төлнө, хувиараа аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа тул төлбөрөө төлөх боломжтой  гэсэн тайлбарыг үндэслэн хариуцагч Б.Ариунзаяагаас 2 798 116, 91 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Ариунболд болон үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нарын эд хөрөнгөөс албадан хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ариунзаяагаас 59 720, 87 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбарт олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ариунзаяагаас 2 798 116, 91 төгрөг гаргуулан Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбарт олгож, хариуцагч Б.Ариунболд болон хариуцагч нарын эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 59 720, 87 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.Ариунзаяагаас 59 720, 87 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбарт олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ