Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 324

 

 

 

 

 

 

 

 

   2020           4           03                                        324       

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Н.Өсөхжаргал, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганхөлөг,

шүүгдэгч: Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн холбогдох эрүүгийн 2005 0087 20421 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1952 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 68 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Платинум” ХХК-д харуул ажилтай, сард 750 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, эхнэр, 2 дүүгийн хамт.

 

Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Платинум” ХХК-ийн оффис дотор иргэн М.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар М.Огийн биед халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйх, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы гадна, дотор хэсэг, баруун бугуй, зүүн суганы ард цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Х.Б мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед М.О миний хажууд цэвэрлэгээ хийж байхад тоос боссон юм. Тэгээд би “тоос босголоо” гээд бид маргалдсан. Хохиролд 116 000 төгрөг төлсөн. Улсын яллагчтай 450 000 төгрөгөөр торгох ялыг сайн дураараа тохиролцсон. Энэ ялыг тогтоосон хугацаанд төлж барагдуулана гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-М.О мэдүүлэхдээ:

Тухайн өдрийн өглөө ажил дээрээ 06 цагт ирээд хувцасаа солиод үүд хэсгийн тоос соруулж байтал тоос сорогчийн ар талаас их тоос гараад байсан. Тэгтэл манай ажлын харуул Х.Б ирээд “чи санаатайгаар тоос бужигнууллаа” гэж намайг харааж загнахаар нь би тоос соруулахаа болиод чийгтэй цэвэрлэгээ хийсэн. Чийгтэй цэвэрлэгээ хийгээд лифтний дрожийг гараараа цэвэрлэж байтал Х.Б намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд доромжлоод байхаар нь би шалны мод авч очоод нуруу руу нь зөөлхөн 2 удаа цохиод, буцаж очоод лифтээ арчаад байж байтал Х.Б миний үснээс зулгаагаад чирч байснаа намайг орхиж яваад дахин хэсэг байж байгаад буцаж ирээд миний 2 гарыг мушгиад цээж рүү цохисон. Зүүн гарын суганаас мушгиж зодсон. Би Х.Бат-Эрдэнийг “болиоч чи, шал угаадаг гар эвгүй болголоо” гэсэн чинь намайг тавиад хэл амаар доромжлоход би уйлаад 4 давхар руу гарсан.  

Миний бие хохирол 116 000 төгрөгийг хүлээн авсан. Х.Бтэй эвлэрсэн, гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 5-8, 55 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2886 дугаартай дүгнэлтэд:

1. М.Огийн биед тархи доргилт, зулайн хуйх, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы гадна, дотор хэсэг, баруун бугуй, зүүн суганы ард цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Х.Б ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 46 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Платинум” ХХК-ийн ажлын байранд хохирогч М.Отэй “санаатайгаар тоос бужигнууллаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйх, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы гадна, дотор хэсэг, баруун бугуй, зүүн суганы ард цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Огийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2886 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч М.О нь “хохирол 116 000 төгрөгийг хүлээн авсан. Х.Бтэй эвлэрсэн, гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Бат-Эрдэнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Х.Б нь торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.Б нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.  

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Х.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН