Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 325

 

 

 

 

 

 

 

 

   2020          04          03                                    325        

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                             

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Н.Өсөхжаргал, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан,

хохирогч: Б.Л, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин /0611/,

шүүгдэгч: Г.Г, түүний өмгөөлөгч Б.Энхболд /3062/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн д холбогдох эрүүгийн 1905 0465 30124 дугаар хэргийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Гранд плаза төвийн 315 дугаартай лангуунд худалдагч ажилтай, сард 500 000 төгрөгийн цалинтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт.

 

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кензо +30” бааранд үл ялих зүйлээр шалтаглан иргэн Б.Лыг гараараа болон нүүрэн тус газарт нь шилэн аягаар цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, баруун шанаанд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор булан, цээжинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Г мэдүүлэхдээ:

2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажлаа тараад ажлынхантайгаа Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кензо +30” бааранд орсон. Тэнд Б.Лыг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулснаа санахгүй байгаа. Өөрийн буруутай үйлдэлдээ Б.Лаас уучлалт гуйж байна. Хохирол төлбөрийг одоогоор төлөөгүй байгаа. Б.Лын нэхэмжилсэн 328 000 төгрөгийг цалингаасаа төлнө. Цаашид гарах эмчилгээний зардлыг мөн төлнө. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Б.Л мэдүүлэхдээ:

2019 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кензо +30” бааранд найзуудтайгаа орсон. Тэнд Г.Г нь намайг зодож, биед маань гэмтэл учруулсан. Г.Ган-Эрдэнийг надаас уучлалт гуйх байх гэж бодсон. Гэтэл надаас огт уучлалт гуйгаагүй. Одоогоор эмчилгээ хийлгэсэн болон эм тариа авсан нийт 328 000 төгрөгийн зардал гарсан бөгөөд нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. Хамрын гэмтлээ чих, хамар, хоолойн эмнэлэгт үзүүлэхэд хагалгаа хийлгэх юм бол 1 200 000 төгрөг болно гэсэн. Үүн дээр шинжилгээ хийлгэх 200 000 төгрөг нэмэгдээд нийт 1 400 000 төгрөгөөр эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Гомдолтой байна гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ю.Д мэдүүлэхдээ:

2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хамт худалдаа эрхэлдэг Алтансувдын төрсөн өдөр болоод хамт наймаа эрхэлдэг 10 орчим хүн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байрлах шөнийн захын орчим одоо нэрийг нь санахгүй байна, нэг пабд орж байгаад 00 цагийн орчим Дуламсүрэн, Цоож, Лхагваням, Оюун-Эрдэнэ бид нар хамт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кензо” бааранд орсон. Бид нар бааранд нэг мухрын өрөөнд ороод нэг шил шар айраг аваад ойр зуурын юм ярьж бүжиглэж байгаад баарнаас гарах гээд би түрүүлж алхаад явж байтал миний ард явж байсан манай найзууд “зодоон болж байна” гэхэд нь би буцаад очтол Лхагваням нүүрээ дараад “нэг хүүхэн намайг үсдэж дараад, хүмүүс салгахад нь босоод иртэл миний нүүр рүү архитай хундага шидсэн” гээд нэг улаан өнгийн урт ноосон цамцтай эмэгтэйг зааж байсан. Тэгтэл хамгаалагч нар гүйж ирээд тэр эмэгтэйг хамт явсан хүмүүстэй нь тусгаарлаад удалгүй цагдаа нар ирсэн. Бид нар хүмүүстэй маргалдах зүйл болоогүй. Тэр хүн өөр хүнтэй андуураад Лхагванямыг чирээд дараа нь хундага шидсэн юм шиг байна лээ. Лхагванямын хамрын хэсэг нь сэтэрчихсэн цус гараад байсан гэжээ. (хэргийн 13-14 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Д мэдүүлэхдээ:

2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хамт худалдаа эрхэлдэг хүмүүс  Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд пабд ороод Дулам, Лхагваням, Оюун-Эрдэнэ бид нар хамт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кензо” бааранд орсон. Бид нар бааранд нэг мухрын өрөөнд ороод нэг шил шар айраг аваад ойр зуурын юм ярьж бүжиглэж байгаад баарнаас гарах гээд Дулам бид хоёр түрүүлж алхаад явж байтал баарны хамгаалагч нар “бааранд зодоон болоод байна” гээд баар руу орж байхаар нь Дулам бид хоёр буцаад баарны заал руу ороход Лхагванямын үснийх нь боолт байхгүй, үс нь сэгсийчихсэн, нүүрээ дараад уйлчихсан, “энэ эмэгтэй намайг зодоод, миний нүүр рүү архитай хундага шидсэн” гээд туранхай биетэй, дунд зэргийн нуруутай эмэгтэйг зааж байсан гэжээ. (хэргийн 15-16 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Э мэдүүлэхдээ:

Би 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кензо” бааранд хамгаалагчаар ажилд орсон. Би хамгаалагчаар ороод эхний өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө ажлаа хийж байхад цагийг нь яг сайн санахгүй байна. 00 цаг өнгөрч байхад “Хар хорин” худалдааны төвд ажилладаг гэх 45-50 орчим насны эмэгтэйчүүд орж ирээд заалны хойд талын булангийн нэг өрөөнд орсон. Тэдгээр эмэгтэйчүүдийн араас 30-35 орчим насны 5, 6 эмэгтэйчүүд орж ирээд үүдний хэсэгт суусан. Тэгээд нэг цаг орчмын дараа тэдгээр эмэгтэйчүүд хоёр талаасаа бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад яг юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна, гэнэт сүүлд нь орж ирсэн эмэгтэйчүүдийн улаан өнгийн урт плажтай эмэгтэй түрүүнд орж ирсэн “Хар хорин” төв дээр ажилладаг гэх эмэгтэйчүүдийн нэгтэй бүжгийн талбай дээр үсдэлцэхээр нь би очиж салгаад, бүгдийг нь ширээ рүү нь явуулсан. Тэгтэл тэд нар хоорондоо уулзаж байгаад дахиж хэрэлдээд, би хамгаалагч нартайгаа очиж дахиж салгатал “Хар хорин” дээр ажилладаг гэх эмэгтэйчүүд сүүлд орж ирсэн эмэгтэйчүүдийн ширээн дээр очоод хэрүүл хийгээд байж байхаар нь би очоод тэд нарыг болиулах гээд байж байхад бүжгийн талбай дээр зодоон хийж байсан улаан өнгийн плажтай эмэгтэй ширээн дээр байсан архитай жижиг хундагыг аваад бүжгийн талбай дээр зодолдож байсан махлагдуу эмэгтэйгийн нүүрэнд нь оночихсон. Тэгтэл тэр эмэгтэйгийн хамар нь хугарсан бололтой, цус гарч байсан. Тэгээд бид нар нөгөө эмэгтэйчүүдийг бүгдийг нь тусгаарлаад цагдаа дуудсан. Би тэр хундага шидсэн эмэгтэйг нь “чи яаж байгаа юм бэ” гэхэд тэр эмэгтэй “тэд нар чинь манай найзыг зодох гээд байсан, тэгэхээр нь миний уур хүрээд шидчихсэн юм, намайг хүн хараагүй биз дээ” гэхэд нь би “чамайг зөндөө олон хүн харсан” гэхэд тэр эмэгтэй юм дуугарахгүй байсан гэжээ. (хэргийн 17-18 дугаар хуудас)

 

Мөрдөгчийн таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэлд:

Таньж олуулах ажиллагаа явуулахаар 4 иргэний зургийг гэрч Ц.Эд үзүүлэн “тухайн хэрэг гарсан өдөр ширээний хажууд зогсож байсан эмэгтэй хүн рүү хундагатай архи авч шидсэн хүний зургийг заана уу гэхэд гэрч Э.Энхтүвшин 1 дүгээр дээр наасан зургийг зааж энэ эмэгтэй мөн байна, энэ эмэгтэй тэр ширээний хажууд байсан эмэгтэй рүү хундага авч шидсэн, би сайн санаж байна гэснээр таньж олуулах ажиллагааны үйл явцыг дуусгав гэжээ. (хэргийн 27-28 дугаар хуудас)

 

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Бичлэгт 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 03 цаг 18 минут 30 секундэд эхэлж баарны бүжгийн талбайн хэсэгт эрэгтэй, эмэгтэй хүмүүс бүжиглэж байгаа нь бичигдсэн байв.

Бичлэгийн 03 цаг 19 минут 52 секундэд бүжгийн талбайн зүүн хэсэгт хэсэг бүлэг хүмүүс маргалдан зодолдож эхэлж байх ба уг хүмүүсийн царай төрх нь танигдахгүй байв.

Бичлэгийн 03 цаг 20 минут 21 секундэд бүжгийн талбайн зүүн хэсэгт маргалдаж байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг баарны хамгаалагч нар салгаж байгаа бичлэг байв.

Бичлэгийн 03 цаг 20 минут 30 секундэд бүжгийн талбайн зүүн урд талд зууралдсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс рүү бүжгийн талбай дээрээс урт цэнхэр өнгийн эмэгтэй /хохирогч Б.Л/ нь зууралдаж байгаа бичлэг байв.

Бичлэгийн 03 цаг 22 минут 17 секундэд бүжгийн талбайн зүүн урд талд эрэгтэй, эмэгтэй хүмүүс зууралдаж байхад бүжгийн талбай дээрээс урт цэнхэр өнгийн эмэгтэй /хохирогч Б.Л/ нь дээрх хүмүүс рүү ойртоход улаан өнгийн урт куртиктай эмэгтэй Б.Лын үснээс зуурч газар унагаж байгаа бичлэг байв гэжээ. (хэргийн 38-41 дүгээр хуудас)

 

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14023 тоот дүгнэлтэд:

1. Б.Лын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, баруун шанаанд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор булан, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Лын биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба бусад гэмтэл нь нийлээд хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэжээ. (хэргийн 23 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Г.Г ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 43 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кензо +30” бааранд хохирогч Б.Лын нүүрэнд шилэн аягаар цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, баруун шанаанд зулгаралт, хамарт зөөлөн эдрийн няцрал, баруун нүдний дотор булан, цээжинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Лын мэдүүлэг, гэрч Ю.Д, С.Д, Ц.Э нарын мэдүүлэг, мөрдөгчийн таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14023 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Гд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой 328 000 төгрөгийн нотлох баримт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс 328 000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Лд олгохоор шийдвэрлэв.

 

Харин хохирогч Б.Л нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Г.Г нь торгох ялыг биелүүлэхийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Г торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Г.Гэс 328 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Лд олгосугай.

 

5. Хохирогч Б.Л нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Г цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Гд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН