Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 919

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч Н.Э, 

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, хяналтын улсын байцаагч, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл,

Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/250 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, хяналтын улсын байцаагчийн 2017 оны 656 дугаартай дүгнэлт болон Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 03/03-19 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Бүртгэл, арга зүйн хэлтсийн иргэний улсын бүртгэлийн ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”, 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, өмгөөлөгч Ц.О , хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэл болон мэдүүлэгтээ: Миний бие 1992 оны 10 дугаар сараас хойш 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл төрийн байгууллагад тасралтгүй 25 жил тогтвор суурьшилтай ажиллахдаа төрийн бодлого, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хоёргүй сэтгэлээр, чин шударгаар гүйцэтгэж ирсэн.

Гэтэл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Төрийн албанаас халах тухай” Б/20 дугаар тушаалаараа намайг иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэхдээ тэднээс бэлэн мөнгө авч хувьдаа завшин, албан үүргээ биелүүлээгүй нь хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдож байна хэмээн дүгнэж төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь намайг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хууль болон өөрийн баталсан 2016 оны А/349 дугаар “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журам”-ынхаа 4 дүгээр зүйлийн 4.21, 4.26-д заасныг зөрчсөн байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Төрийн албанаас халах тухай” Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус тушаалыг гарахаас өмнө миний эрхэлж байсан ажил болох Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Бүртгэл, арга зүйн хэлтсийн иргэний улсын бүртгэгчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний хүчингүй болгуулахаар шаардсан Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан тус газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/20 дугаар тушаал нь Хяналтын улсын байцаагчийн 2017 оны 656 дугаартай дүгнэлт, Төрийн албаны зөвлөлийн Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2017 оны 03/03-19 дугаартай тогтоолыг тус тус үндэслэн гарчээ.

Гэвч дурдсан дүгнэлт, тодорхойлолт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан захиргааны акт дараах байдлаар илт хууль бус болох тодорхой үндэслэлтэй байх тул дор дурдсан шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байна.

1. Хяналтын улсын байцаагчийн 2017 оны 656 дугаартай дүгнэлт нь УБЕХ-ийн 10.10.5 гэх тус хуульд байхгүй зүйл заалтыг үндэслэсэн, хяналтын улсын байцаагч нь Улсын бүртгэлийн хяналтын дүрмийн 2.1.3 дахь хэсгийн заалтад заагаагүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн, Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх журмын 22.1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн, тус журмын дагуу хийх шаардлагатай ажиллагааг хийлгүйгээр дүгнэлт гаргаж, мөн журмаар олгоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд тэрээр “дүгнэлт” гаргах замаар хууль зүйн үндэслэлгүйгээр миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан. Иймд хяналтын улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 656 дугаартай дүгнэлт илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

2. Төрийн албаны зөвлөлийн Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2017 оны 03/03-19 дугаартай тогтоол нь Төрийн албаны зөвлөлийн Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 03/03-19 дугаартай тогтоол илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан  гаргасан тайлбартаа: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Дүнжингарав нэг цэгийн үйлчилгээн дээр ажиллаж байсан улсын бүртгэгч Н.Э-ийн иргэний бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой иргэн Ч.Алтанчимэг, А.Билгүүн, О.Наранцэцэг, Г.Нямаасүрэн, С.О , Л.Сүхбаатар, Одцэцэг нараас гаргасан өргөдөл, гомдлын дагуу холбогдох бүртгэлийн нотлох баримтуудыг хянаж шалгасан. Үүнд: 

1. Улсын бүртгэгчээр ажиллаж байсан Н.Э нь дээрх иргэдийг тус төвд хандан иргэний үнэмлэх захиалах хүсэлтээ гаргахад нь иргэний үнэмлэхийн үнэ, тэмдэгтийн хураамж болон ЗХТХ-ын дагуу хяналтын улсын байцаагч ногдуулах торгуулийн хэмжээг дур мэдэн тогтоож байгууллагын дансанд тушаалгахгүйгээр 2017 оны 02 дугаар сарын 20-ноос 3 дугаар сарын 16-ны хооронд сарын Ч.Алтанчимэгээс 35000 төгрөг, А.Билгүүнээс 35000 төгрөг, О.Наранцэцэгээс 25000 төгрөг, А.Хонгороос 35000 төгрөг, Г.Нямаасүрэнгээс 35000 төгрөг, С.О ээс 18000 төгрөг, Л.Сүхбаатараас 35000 төгрөг нийт 218000 /хоёр зуун арван найман мянган/ төгрөгийг бэлнээр авч хувьдаа завшсан байсан ба Н.Э-ийг ажлаас халагдсаны дараа ч иргэдийн гомдол тасрахгүй байгаа.

2. Шалгалтын явцад улсын бүртгэгч Н.Э-ийн гар дээр иргэн Т.Баярсайхан /НМ76051611/, А.Тунгалаг /ИЮ60051406,/, П.Төмөр /ЧТ74012711/, П.Анхбаяр /УА94022113/ нараар бичүүлж авсан иргэний үнэмлэх захиалах хүсэлтийн маягт 4 ширхэг байсныг хураан авч иргэдтэй холбогдох утсаар нь ярьж тодруулахад бэлнээр тус бүр 35000 төгрөгийг улсын бүртгэгч Н.Э-т бэлнээр өгсөн гэж хэлсэн болно.

3. Улсын бүртгэлийн цахим санд дээрх иргэдийн бүртгэлийг шалгахад Г.Нямаасүрэн /АД90031801/-ийн цахим үнэмлэх 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хэвлэгдсэн төлөвтэй, А.Тунгалаг /ИЮ60051406/-ийн иргэний үнэмлэх 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хэвлэгдсэн төлөвтэй, П.Төмөр /ЧТ74012711/ нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хэвлэгдсэн төлөвтэй байна.

4. Энэ талаар улсын бүртгэгч Н.Э-ээс тодруулахад “хүн нь хэл ам хийхээр нь Г.Нямаасүрэн, А.Тунгалаг нарын үнэмлэх иргэний үнэмлэхийг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсээс нь гуйж гаргуулсан” гэв.

5. Г.Батсүх /СЮ61121976/, Ж.Батсайхан /ЦА64101917/, Б.Отгонбат /АЭ81042767/, Т.Улаанхүү /МА76092503/ нар нь 2017 оны 03 дугаар сарын 20-23-ны хооронд холбогдох журмын дагуу иргэний үнэмлэх захиалсан боловч улсын бүртгэгч Н.Э нь хяналтын улсын байцаагчийн торгууль оногдуулсан өдрийг иргэний үнэмлэх дахин авах хүсэлтэнд засварлан 23-ны өдрийг 28 болгон өөрчлөн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр цахим үнэмлэх захиалсан хүсэлтээ 7-10 хоногийн дараа илгээсэн байсан.

6. Улсын бүртгэгч Н.Э нь 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гаргасан тайлбартаа “Улсын бүртгэгч Н.Э нь 2017 оны 2 дугаар сард банкны ачаалал ихтэй хүмүүс нь оочерлоход удаан хүлээж байгаа гэхээр нь нэр бүхий 6 хүний иргэний цахим үнэмлэхний захиалгын мөнгийг бэлнээр хураасан үйлдэлдээ гэмшиж буруугаа ойлгож байна. Дахин ийм асуудал гаргахгүй болно” гэжээ.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, шалгалтын явцад илэрсэн нөхцөл байдал, улсын бүртгэгчийн гаргасан тайлбар зэргээр Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа зөрчин, 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 13 дугаар зүйлийн 13.1.2-д заасан өргөсөн тангарагтаа үнэнч байх, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11.5.11-д заасан улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2-д заасан бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн үнэн зөв хөтлөх, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтаны ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.1-д заасан хүлээсэн үүрэгтээ үнэнч байж зөвийг эрхэмлэн дээдэлж, ажил үүргээ гүйцэтгэхдээ улс үндэстний эрх ашгийг ямагт тэргүүнд тавьж, шудрага бус байдалтай үл эвлэрэн ашиг сонирхолын зөрчлөөс зайлсхийх, 2 дугаар зүйлийн 2.3.5-д заасан хариуцлагатай байх зэрэг заалтуудыг улсын бүртгэгч Н.Э нь зөрчиж ажилласан болох нь иргэдээс ирүүлсэн өргөдөл болон өөрийнх нь гаргасан тайлбараар нотлогдсон болно.

Улсын бүртгэгчээр ажиллаж байсан Н.Э нь иргэдэд үзүүлж буй үйлчилгээндээ хувийн ашиг сонирхлыг илүүд үзэн холбогдох хууль журмуудыг зөрчин ажилласан нь иргэдийн амьдрал ахуйд нь хүндээр тусч улмаар төлбөл зохих төлбөр тушаагдахгүй тус байгууллагын нэр хүндийг ихээхэн унагасан. Өөрийнх нь гаргасан нэхэмжлэлд дурдсан “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хоёргүй сэтгэлээр, чин шударгаар гүйцэтгэсэн” гэсэн нь өөрийнх нь удаа дараа гаргасан хууль бус дээрх үйлдлүүдээс нь илт зөрүүтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар гаргахдаа: Салбар зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай гэж үзэн 7 хүний бүрэлдэхүүнтэй бүрэн ирцтэйгээр хуралдсан. Уг хурлаар 4 асуудлыг хэлэлцсэн бөгөөд түүнд нэхэмжлэгчтэй холбогдох улсын байцаагчийн дүгнэлтийг хэлэлцсэн. Уг дүгнэлттэй танилцаж хамтын зарчмаар хэлэлцээд энэ байдлыг таслан зогсоох шаардлагатай, цаашид үр дагавар үүсгэхээр байна гэж дүгнэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан хариуцлага тооцуулах дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгч нь Төрийн албан хаагчийн тангараг өргөж, улсын бүртгэлийн байгууллагад олон жил ажилласан атлаа ийм алдаа гаргасан тухайд салбар зөвлөлийн гишүүд их гайхаж хэлэлцээд ажлын байрыг мөнгө олох хэрэгсэл болгож, иргэдээс бэлэн мөнгө авч үүнийгээ иргэдэд хурдан түргэн үйлчлэх гэж тайлбарлаж байгаа боловч олон жил ажилласан туршлагатай ажилтны хувьд ямар зүйл хийж болох, болохгүй талаар сайн мэдэж байх ёстой. Олон жил ажилласан учраас бид цагдаад өгөөгүй. Сахилгын арга хэмжээ авсан ёс зүйн алдаа гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх  хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Н.Э-ийн  гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.Э нь анх шүүхэнд “Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/250 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Бүртгэл, арга зүйн хэлтсийн иргэний улсын бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/250 дугаар тушаал, хяналтын улсын байцаагчийн 2017 оны 656 дугаар дүгнэлт болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2017 оны 03/03-19 дугаартай тогтоолыг тус тус илт хууль бус” болохыг тогтоолгох гэж өөрчилсөн байна.

Хяналтын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 656 дугаар дүгнэлт болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2017 оны 03/03-19 дугаартай тогтоолын тухайд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга, Бүртгэл арга зүйн хэлтсийн дарга нараас хяналтын улсын байцаагч надад “иргэдээс удаа дараа Н.Э-тэй холбоотой гомдол ирсэн үүнийг шалгаж тодруул” гэсэн чиглэлийг өгсөн үүний дагуу шалгаж тодруулаад түүний буруутай үйлдлийг тогтоож, үр дүнгийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй талаар даргадаа танилцуулхад цааш нь тамгын даргад танилцуул гэсэн би Н.Э-тэй холбоотой маш олон асуудал гарсан цаашид энэ байдал дахин гарахыг үгүйсгэхгүй гэдэг байдлаар Тамгын даргад танилцуулахад өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд асуудлыг шийд гэж хэлсэний дагуу би өөрийн эрх мэдэл, ажлын байранд заасны дагуу дүгнэлт үйлдсэн. 

Шалгалтын явцад Н.Э нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан тангаргаа зөрчсөн, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх”, 13.1.2-т “...өргөсөн тангарагтаа үнэнч байх”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11.5.11-д “улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх”, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2-д “Бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн үнэн зөв хөтлөх, тайлан мэдээг нэгтгэж гаргах”, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Ёс зүйн дүрмийн 2.3.1, 2.3.5 Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх журам”-ын 22.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн Н.Э-ийг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж 2017 оны 04 дгээр сарын 03-ны өдрийн 656 дугаар дүгнэлтийг үйлдсэн гэж тайлбарлдаг бөгөөд  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан “....Хяналтын улсын байцаагчийн дүгнэлт болон Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол нь илт хууль бус акт өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн, хуулийнд байхгүй зүйл заалтыг баримталсан, зөрчлийн шинж байдлыг шалгаж тогтоогоогүй, иргэдийн мөнгийг авч хувьдаа ашгилсан гэдэг нь нотлогдоогүй....” гэх тайлбар хууль зүйн хувьд үндэслэлтэй байна.

Хяналтын улсын байцаагч Б.Б нь дээрх дүгнэлтийг үйлдэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.10.5 гэсэн заалтыг үндэслэл болгосон байх бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуульд 10 дугаар зүйлийн 10.10.5 гэсэн заалт байхгүй бөгөөд хариуцагчийн өөрийнх нь шүүх хуралдаанд тайлбарласнаар техникийн алдаа гэж үзэхээргүй байна.

Мөн хариуцагч  656 дугаар дүгнэлт гаргахдаа “Улсын бүртгэлийн хяналтын дүрэм”-ийн 2.1.3-д заасныг баримталсан бөгөөд уг заалтад “Улсын бүртгэлийн ерөнхий хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, тухайн баримт бичигтэй холбоотой бусад баримт сэлтийг акт үйлдэн хураан авч зохих журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох тухай дүгнэлт гаргах” гэж түүний эрх хэмжээг тодорхой зааж өгсөөр байхад хяналтын улсын байцаагч маргаан бүхий дүгнэлтээр улсын бүртгэгч Н.Э-т сахилгын шийтгэл ногдуулах талаар саналыг Төрийн албаны зөвлөлд оруулж байгаа нь буруу бөгөөд эрх хэмжээгээ хэтрүүлэн дүгнэлт гаргасан байна гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл дээрх журмаар хяналтын улсын байцаагчид улсын бүртгэлтэй холбоотой хяналт, шалгалтыг хийж, түүний зөрчилд холбогдуулан арга хэмжээ авах үүргийг заасан болохоос улсын бүртгэгчид сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар санал оруулахыг заагаагүй байна.   

Түүнчлэн уг дүгнэлтэнд хэд хэдэн иргэний нэр дурдан тэдгээрээс нийт 218000 төгрөгийг бэлнээр авч хувьдаа завшсан гэж тэмдэглэсэн байх боловч Н.Э-ийг хувьдаа авч завшсан гэдгийг нотолсон нотолгоо байхгүй, Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон тухайн салбарт мөрдөгдөж буй ёс зүйн дүрэм, хэм хэмжээг шалгаж хянаж тогтоох эрх бүхий этгээд нь шалгаж хянаагүй байхад улсын байцаагч ажилтны гаргасан зөрчлийг дүгнэх эрх хэмжээгүй юм.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/348 дугаар тушаалаар батлагдсан Ёс зүйн дүрмийн 3.1.1-д “Ажилтан албан үүргээ биелүүлэхдээ ...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журам”-ыг чанд мөрдөж ажиллах” гэж, мөн дүрмийн 5 дугаар зүйлд Ёс зүйн зөрчлийг хянан шалгах, хүлээлгэх хариуцлагыг зааж өгсөн бөгөөд 5.1-д “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь байгууллагын ажилтан, албан хаагчийн ёс зүйн байдалд хяналт тавих, зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоох, шийдвэр гаргах эрх бүхий Ёс зүйн хороотой байна”, гэж 5.6-д “Ёс зүйн салбар хороо нь ёс зүйн зөрчлийн шинж байдлыг хянан шалгаж, холбогдох саналаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн хороонд хүргүүлнэ”, 5.7.1-д “Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагын ажилтан, албан хаагч холбогдох хууль тогтоомж болон энэхүү дүрмийг зөрчсөн тохиолдолд тухайн газар, хэлтсийн бичгээр гаргасан санал, хүсэлт эсхүл иргэн, хуулийн этгээдийн болон гишүүний санаачлагаар Ёс зүйн хороо холбогдох шалгалтыг явуулж хуралдаанаараа хэлэлцэн дүгнэлт гаргана”, 5.8-д “Ёс зүйн хорооны хуралдаанд тухайн ажилтан, албан хаагч бичгээр тайлбараа гаргах ба биечлэн оролцож болно. 

Ёс зүйн хорооны гишүүд нэмэлт мэдээлэл шаардлагатай гэж үзвэл хариуцсан нэгжийн дарга, иргэн, хуулийн этгээд хуралдаанд оролцож тайлбар өгч болно. Аймаг, нийслэлээс ирүүлсэн санал хүсэлтийг шийдвэрлэхдээ шаардлага хангасан тайлбарыг авсан байна”, гэж тус тус заасан байхад Н.Э-ийн гаргасан зөрчлийг Ёс зүйн хороо шалгаж тогтоогоогүй, Н.Э-ийг ёс зүйн хорооны хуралд оруулж тайлбар нотлох баримтыг нь авалгүйгээр хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэнд тулгуурлан гаргасан нь үндэслэлгүй байна.

 Нэхэмжлэгч Н.Э шүүх хуралдаан дээр “..би үйлчилгээг түргэн шуурхай болгох үүднээс шинээр иргэний үнэмлэх авах гэж байсан иргэдээс 180.000 төгрөгийг бэлнээр авч дараа нь тушаагаад шинээр иргэний үнэмлэхийг нь гаргаж өгсөн нь үнэн, бэлэн мөнгө шууд авч болохгүй гэдгийг мэдэж байсан, хувьдаа ашгилсан зүйл байхгүй иргэд болон улсыг хохироогоогүй энэ талаарх тайлбараа анхнаасаа хяналтын улсын байцаагч Б.Бг миний ажлыг шалгаж байхад би хувьдаа ашигласан гэдэгт гомдолтой байна гэж хэлж байсан гэж тайлбарлаж” байгаагаас дүгнэвэл  Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03/0319 дугаартай тогтоолыг гаргахдаа өөрийн ажиллах журмын дагуу зөрчлийг хянан шалгаж тогтоогоогүй, ёс зүйн хорооны хуралд болон Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралд Н.Э-ийг байлцуулаагүй, түүнээс албан ёсны тайлбар авалгүйгээр зөвхөн эрх хэмжээгүй этгээдийн гаргасан дүгнэлт, танилцуулгыг үндэслэн Н.Э нь сахилгын болон ёс зүйн зөрчлийн алийг нь гаргасаныг тогтоолгүйгээр ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж шууд дүгнэн төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрх хууль ёсны ашиг сонирхолд халдан тогтоол гаргасан нь илт хууль бус болсон байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно 47.1.1-д ”утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.2-т “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”, 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.4-т “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус” байхыг хэлнэ гэж зааснаас үзвэл Хяналтын улсын байцаагчийн дүгнэлт нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн талаар хяналтын улсын байцаагчийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргасан байна. 

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 2.1-д Салбар зөвлөлийн эрх, үүргийг тодорхойлсон байх бөгөөд эдгээрийн аль эрхийг Салбар зөвлөл хэрэгжүүлсэн нь тодорхойгүй, 2.1.9-д зааснаар маргааныг хянаж тогтоосон асуудал байхгүй энэ эрхээ хэрэгжүүлэлгүйгээр зөвхөн хяналтын улсын байцаагчийн 656 дугаар дүгнэлтэнд үндэслэн тогтоол гаргаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

Тухайлбал дээрх тогтоолд “Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Бүртгэл, арга зүйн хэлтсийн иргэний бүртгэлийн улсын бүртгэгч Н.Э нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 1.1, 13.1.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.11, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь заалтыг тус тус зөрчиж албан үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон байх тул холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцуулсугай” гэжээ.

Гэтэл бодит байдал дээр Н.Э-ийн зөрчлийг нарийн шалгаж тодруулаагүй сахилгын болон ёс зүйн зөрчлийн аль нь болохыг тогтоогоогүй, баримтаар нотлоогүй атлаа эдгээр үндэслэлээр хариуцлага тооцуулах тухай тогтоол гаргаж байгаа нь илт хууль бус байна.

Дээрх илт хууль бус тогтоолыг үндэслэн гарсан 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/250 дугаар Н.Э-ийг “Төрийн албанаас халах тухай” тушаалын тухайд: 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдал энэ хуулиар зохицуулагдах ёстой.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохилдолд түүний шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэжээ.

Хуулийн зохицуулалтаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, тэдгээрийн үйл ажиллгаандаа хориглох зүйлийг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан сахилгын шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалттай байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь хууль тогтоомжид заасан үндэслэл журмыг зөрчиж зөрчлийн шинж байдлыг нягталж тогтоолгүйгээр сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр буюу халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна. 

Хариуцагч нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзсэн байлаа ч дээрх зөрчлийн шинж байдал, зөрчлийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан үзэлгүй төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас нь халж байгаа нь үндэслэлгүй байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасны дагуу Н.Э-ийн ажлаас халах тухай тушаалын гол үндэслэл болсон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/250 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй байна. 

Түүнчлэн дээрх илт хууль бус захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгч Н.Э-ийг Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Бүртгэл, арга зүйн хэлтсийн иргэний бүртгэлийн улсын бүртгэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гартал хугацаа буюу 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацаагаар тооцож 5,865,625 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу Н.Э-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Харин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь хууль, журамд нийцүүлэн Н.Э-ийн ёс зүйн зөрчил гаргасан эсэхэд хяналт шалгалт явуулах, шинээр захиргааны акт гаргахыг шүүхийн энэ шийдвэр хязгаарлахгүй болно.  

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.3, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/250 дугаар тушаал, хяналтын улсын байцаагчийн 2017 оны 656 дугаартай дүгнэлт болон Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 03/03-19 дугаартай тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Н.Э-ийг Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Бүртгэл, арга зүйн хэлтсийн иргэний бүртгэлийн улсын бүртгэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гартал хугацаа буюу 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин 5,865,625 төгрөгийг нэхэмжлэгч Н.Э-т олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.ОЮУНГЭРЭЛ