Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2021/0403

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 316 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу С.Б-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 316 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасныг тус тус баримтлан “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/253 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан Хан-Уул дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Б Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...

1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Би шүүхэд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/253 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилдаа буцаан тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, холбогдох бичилтүүдийг нөхөн хийлгүүлэх тухай шаардлага гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг “анх уг албан тушаал томилогдохдоо төрийн албаны шалгалт өгөөгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Намайг ажлаас чөлөөлсөн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/253 дугаар тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэсэн заалтыг үндэслэсэн байсан. Миний хувьд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт огт гаргаагүй бөгөөд үүнийг хариуцагч тал ч хүлээн зөвшөөрдөг, шүүх ч мөн шийдвэртээ нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл, ажлаас чөлөөлсөн тушаал нь холбогдох хуулийг зөрчсөн болох нь хангалттай нотлогдож байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “2020 оны 08 дугаар сарын 20, 21-ний өдөр ажил тасалсан, тайлан хэлэлцэх хуралд оролцоогүй зөрчил гаргасан тул уг зөрчилтэй холбогдуулан ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарладаг.

Гэвч ажлаас чөлөөлсөн тушаалд энэ талаар заагаагүй төдийгүй хэрэгт үүнтэй холбоотой нэг ч нотлох баримт байхгүй төдийгүй шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй.

Харин миний зүгээс хариуцагчийн дээрх тайлбартай холбогдуулан ажил тасалсан гэх 2020 оны 08 дугаар сарын 20, 21-ний өдөр болон хуралд оролцоогүй гэх өдрүүдэд ажлаа хэвийн гүйцэтгэж байсан талаарх нотлох баримт /Хан-Уул дүүргийн Засаг даргын албан бичгүүд, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн албан бичиг зэрэг/-уудыг хариуцагчаас нотлох баримтаар гаргуулсан.

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, маргаагүй асуудлаар дүгнэлт хийн шийдвэр гаргаж процессын журмыг ноцтой зөрчсөн.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч нь төрийн албанд анх томилогдохдоо төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдээгүй байсан ...” гэж маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, улмаар үүнийгээ шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна.

Хэргийн оролцогчдын зүгээс намайг Тохижилт, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/114 дүгээр тушаалын талаар огт маргаагүй.

Нөгөө талаас “төрийн албаны шалгалт өгөөгүй” гэх үндэслэлийн тухайд би уг албан тушаалд томилогдохдоо Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын зүгээс тавьсан шаардлага, бүрдүүлбэл зохих баримт бичгүүдийг бүрдүүлж өгсөн. Миний хувьд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан учраас намайг уг албан тушаалд томилсон гэж ойлгож байгаа. Төрийн албаны шалгалт өгөөгүй хүнийг ажилд томилсон гэдэг үндэслэл шалтгаан нь надаас шалтгаалах асуудал биш юм. Энэ бол захиргааны байгууллагын өөрийнх нь хариуцах ёстой үйл ажиллагаа, нөгөө талаас миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй асуудал байхад энэ талаар дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна.

Мөн шүүхийн шийдвэрт “ХУДЗДТГ-ын даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/126 дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Б-ийг Аж ахуй, өмчийн хэлтэст утасны лавлагаа хариуцсан оператороор томилсон байх ба уг Б/126 дугаар хүчинтэй үйлчилж байгааг тэмдэглэх нь зүйтэй” гэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийжээ.

Би өмнө эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргаж, улмаар шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь дахин тушаал гаргаж, намайг өөр ажилд томилсон байсан. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т зааснаар өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тохиолдолд тухайн томилогдож байгаа төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцох, эсхүл өөрийнх зөвшөөрснөөр томилон ажиллуулахаар хуульчилсан. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас надтай энэ талаар надтай огт ярилцаагүй, надад мэдэгдэлгүйгээр өөрсдөө дур мэдэн шийдсэн.

Урьд эрхэлж байсан ажилдаа буцаан тогтоолгох тухай маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байхад, Төрийн албаны тухай хуулийг зөрчиж, өөр албан тушаалд томилсон хариуцагчийн тушаалыг хүчинтэй үйлчилж байна гэсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй төдийгүй энэ маргаанд хамааралгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 39.1.15-д төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын нь байранд томилгоо хийхийг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл, шүүхээр маргааныг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл урьд эрхэлж байсан ажил, албан тушаал хэвээр хадгалагдах ёстой.

Гэтэл хариуцагч нь хуулийн дээрх заалтыг зөрчиж, миний урьд эрхэлж байсан Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилгоо хийсэн байдаг.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0316 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/253 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, холбогдох нөхөн бичилтүүдийг хийлгэхийг даалгах тухай шаардлагыг хангаж өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “С.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/253 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн тус дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилогдсон Сайнбуянгийн Баасандоржийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч С.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “... Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны ... Б/62 дугаар тушаалаар Хууль, зүй архивын тасгийн Эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр түр томилогдон ажиллаж байсан ... 2020 оны ... Б/114 дүгээр тушаалаар Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон ... ажил үүргээ хэвийн гүйцэтгээд явж байхад ... Б/253 дугаар ажлаас чөлөөлөх тушаал гаргасан ... ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргахдаа надтай холбоотой шийдвэр гаргах гэж байгаа атлаа уг ажиллагаанд намайг оролцуулаагүй, тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй ... уг албан тушаалд ажиллах миний хүсэл зориг /бодит байдал/ болон анх уг албан тушаалд томилогдсон шийдвэрээс харахад ... ажлаас чөлөөлсөн тушаалд дурдсан ... шалтгаан хууль зүйн хувьд илт үндэслэлгүй шийдвэр ... ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргаж байгаагүй ... “түр томилогдсон” гэж дурдсан нь үндэслэлгүй ... үндсэн ажилтнаар томилогдсон  ...” гэсэн үндэслэлээр “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “С.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/253 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан Хан-Уул дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 4.2-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуульд зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд зөвхөн хуульд заасан шаардлага, шалгуурыг хангасан хүнийг сонгон шалгаруулах журмаар томилохоор зохицуулсан байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “С.Б-ийг ажилд түр томилох тухай” Б/62 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг жирэмсний болон амаржсаны амралттай байгаа Хууль зүйн, архивын тасгийн Эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнийг ажилдаа эргэн орох хүртэлх хугацаанд тус албан тушаалд томилж, мөн тус газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “С.Б-ийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/114 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн томилжээ.

Хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/1896 /хх-86/, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Хариу тайлбар хүргүүлэх тухай” 04/1838 /хх-87/, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Тайлбар гаргах тухай” 04/638 /хх-114/ албан бичгүүд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд хариуцагч нэхэмжлэгчийг төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, төрийн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй, уг байдлаараа төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх ерөнхий болон тусгай шаардлага, болзлыг хангаагүй байхад төрийн жинхэнэ албан тушаалд томилсон, нэхэмжлэгч төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн байсан эсэхтэй маргаагүй энэ тохиолдолд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “С.Баасандоржийг ажлаас чөлөөлөх тухай” маргаан бүхий Б/253 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.

Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааны журам зөрчсөн, маргаан бүхий тушаалд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-д “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэх заалтыг үндэслэсэн байх боловч нэхэмжлэгчээс “өөрийн санаачилгаар чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй” гэж маргасан, нэхэмжлэгч өөрийн санаачилгаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үл хамааран төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрх хууль ёсоор үүсээгүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.

Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албан хаагчийн хууль ёсны эрхийг хамгаалах нөхцөл шаардлага үүсээгүй байна. Энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн “... ажлаас чөлөөлөгдөх хүсэлт огт гаргаагүй бөгөөд үүнийг хариуцагч тал ч хүлээн зөвшөөрдөг, шүүх ч мөн шийдвэртээ ... дүгнэсэн ... ажлаас чөлөөлсөн тушаал нь холбогдох хуулийг зөрчсөн болох нь хангалттай нотлогдож байна ... уг албан тушаалд томилогдохдоо ... тавьсан шаардлага, бүрдүүлбэл зохих баримт бичгүүдийг бүрдүүлж өгсөн ... тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан учраас намайг уг албан тушаалд томилсон гэж ойлгож байгаа ... төрийн албаны шалгалт өгөөгүй хүнийг ажилд томилсон гэдэг үндэслэл шалтгаан нь надаас шалтгаалах асуудал биш ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг буюу нэхэмжлэгчид хууль ёсоор үүссэн эрх, ашиг сонирхлыг харьяалан шийдвэрлэж, хамгаалах бөгөөд нэхэмжлэгчийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүй, архивын тасгийн эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлж, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/144 дүгээр тушаалтай маргаагүй хэдий ч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хуульд нийцсэн эсэхэд үнэлэлт, дүгнэлт хийхдээ нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан тушаалд хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилогдсон эсэх, нэхэмжлэгчид хууль ёсоор хамгаалагдах эрх байгаа эсэхийг үнэлж, дүгнэсэн нь буруу биш, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэгчийн “... шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч нь төрийн албанд анх томилогдохдоо ... мэргэшлийн шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдээгүй байсан ...” гэж маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, улмаар үүнийгээ шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон ... Б/114 дүгээр тушаалын талаар огт маргаагүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 316 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                 Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ