Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 101

 

“Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2016/00816 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлтэй,

хариуцагч А.Амгалан, А.Дөлгөөн нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 14 306 474,29 төгрөг гаргуулах, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд А.Амгалан, А.Дөлгөөн нарын бусад хөрөнгө, орлогоос төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, М.Батнаран, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хас банк, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч А.Амгалан, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Дөлгөөн нар нь 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Хас банктай 1090017885 тоот зээлийн гэрээ байгуулж 14 800 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй, автомашин худалдан авах зориулалттайгаар авсан ба 1090017885-01 тоот барьцааны гэрээ, 1090017885-02 тоот фидуцийн гэрээг байгуулсан. Зээлийн барьцаанд SG5-106380 тоот арлын дугаартай, 2006 онд үйлдвэрлэгдсэн, саарал өнгөтэй 37-34 УБҮ улсын дугаартай, Субарү форестер суудлын зориулалттай автомашин, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 50 мянгат гудамж, 15 дугаар байрны 23 тоотод орон сууцны зочны өрөөний тавилга, унтлагын өрөөний тавилга, “LG” брендийн хөргөгч, “Sharp”, “LG” брэндийн зурагтыг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг cap бүр төлөх үүргээ 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс биелүүлэлгүй, 363 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцөлөөр зээлээ төлөхгүй барьцаат зээлийн гэрээний 3.2.1, 3.2.2-д заасан үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс санаатай зайлсхийж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлдэгч А.Амгалан, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Дөлгөөн нар гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 11 099 777,29 төгрөг, хүү 2 996 392 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198 305 төгрөг, нийт 14 294 475,29 төгрөг болж байна. Иймд зээлийн гэрээний 5.1-д заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт төлбөр 14 294 475,29 төгрөг, нотариатын төлбөр 12 000 төгрөг, нийт 14 306 474,29 төгрөгийг зээлдэгч А.Амгалан, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Дөлгөөн нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд дээр дурдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 1090017885-02 тоот фидуцийн гэрээний 4.1, 4.4, 4.5-д тус тус заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд зээлдэгч А.Амгалан, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Дөлгөөн нарын бусад хөрөнгө, орлогоос төлбөрийг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Амгалан, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А.Амгалан нь 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 14 800 000 төгрөгийг 24 сарын хугацаатай жилийн 25.2 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон фидуцийн гэрээг тус тус байгуулсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болох боловч нэхэмжлэгч гэрээг цуцлах шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэрээ байгуулснаас хойш 8 сарын турш тогтоосон хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлж байсан ба санхүүгийн хүндрэлээс шалтгаалан 2015 оны 05 дугаар сараас хойш төлөх боломжгүй болсон. Гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 5 359 000 төгрөг, хүүд 1 654 719 төгрөг, нийт 7 013 719 төгрөг төлсөн, үндсэн төлбөрийн үлдэгдэл 9 441 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү ойролцоогоор 1 559 000 төгрөг, нийт 11 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх ёстой байтал 3 294 475 төгрөгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн шаардаж байна. Хэдий хугацааны хүү шаардаж байгаа, ямар үндэслэлээр зээлдэгчийн үндсэн төлбөрт төлсөн 5 359 000 төгрөгөөс 1 658 777 төгрөгийг хасаж, зээлийн үндсэн үүргийг нэмэгдүүлэн шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Хас банктай байгуулсан Фидуцийн гэрээгээр Субарү форестер маркийн 2006 онд үйлдвэрлэгдсэн 37-34 УБҮ улсын дугаартай суудлын автомашиныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар банкны өмчлөлд шилжүүлсэн, барьцааны хөрөнгөд халдахгүйгээр түүгээр зээлийн төлбөр бүрэн төлөгдөж байгаа гэжээ.

 

Хариуцагч А.Дөлгөөн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хас банкны нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Хас банкинд 7 000 000 төгрөгийн төлөлт хийсэн, зээлийн үлдэгдэл 11 000 000 төгрөг орчим байх ёстой. Зээлийн үлдэгдэлдээ тооцон Хас банкинд Субарү форестер маркийн 2006 онд үйлдвэрлэгдсэн 37-34 УБҮ улсынд угаартай суудлын авто машиныг хүлээлгэн өгөхийг зөвшөөрч байна. Иймд Хас банкны илүү нэхэмжилсэн 3 294 475 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, фидуцийн гэрээний зүйл болох Субарү форестер маркийн суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулимн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан А.Амгалан, А.Дөлгөөн нараас 1 494 475,29 төгрөгийг гаргуулж “Хас банк” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 12 800 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч 12 000 төгрөгийн шаардлагаас татгалзсаныг баталж, А.Амгалан, А.Дөлгөөн нар 1 494 475,29 төгрөгийг төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгийг баримтлан үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 50 мянгат гудамж, 15 дугаар байрны 23 тоотод байрлах зочны өрөөний тавилга, унтлагын өрөөний тавилга, Элжи брендийн хөргөгч, Шарп, Эл жи брендийн зурагтыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 38 862 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 482.37 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч А.Амгалан, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Дөлгөөн нарт холбогдуулан гэрээний үндсэн төлбөр 11 099 777.29 төгрөг, хүү 2 996 392 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198 305 төгрөг нийт 14 294 475.29 төгрөгийг гаргуулах, хэрэв үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй бол Фидуцийн хөрөнгө, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, зээлийн төлбөртөө тооцож хөрөнгийг авахаас татгалзсан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 12 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй буюу анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргаагүй гэж үзэхэд хүргэж байна. Энэ мэтчилэн анхан шатны шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нотлох баримтын хүрээнд зохих ёсоор, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн 12 800 000 төгрөгт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болгож, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчиж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч А.Амгалан, А.Дөлгөөн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14 306 474,29 төгрөг гаргуулах, үүргийг биелүүлээгүй тохиолдолд фидуцийн зүйл, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, үндсэн зээлд 5 359 000 төгрөг, зээлийн хүүд 1 654 719 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөр 11 000 000 төгрөг байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 14 800 000 төгрөгийг 365 хоногийн 25.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээл төлөх үүргийг зөрчсөн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцож, 1090017885 дугаар зээлийн гэрээ /хх.4-6/, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 1090017885-01 дугаар барьцааны гэрээ, 1090017885-02 дугаар фидуцийн гэрээг тус тус байгуулсан, эдгээр гэрээний агуулгын талаар талууд маргахгүй байна. /хх.8-12/

 

Дээрх зээлийн гэрээний тал болох Хас банк нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан Хас банкны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар /хх.15/ тогтоогдсон, талууд гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсгээр тогтоосон шаардлагад нийцүүлэн мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгийн хэлцэл хийж, хэлцэлд гарын үсэг зурсан байх тул хариуцагч А.Амгалан, А.Дөлгөөн нарын хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл, түүний хүү, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсжээ.

 

Талууд зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээний хувьд маргаантай байх бөгөөд хэргийн 13 дахь талд А.Амгалангийн эзэмшлийн 1090017885 дугаар дансны хуулга гэх баримтаас үзэхэд хариуцагч А.Амгалан, А.Дөлгөөн нар нь 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 3 700 222,71 төгрөг, зээлийн хүүд 1 657 720,77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 056.52 төгрөг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 11 099 778 төгрөг гэх баримт авагдсан, уг баримтыг хариуцагчийн зүгээс няцаасан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно. Иймд уг баримтад заагдсан мөнгөн хөрөнгийг хариуцагчаас нэхэмжлэгч байгууллагад буцаан төлсөн гэж үзэж, хариуцагчийн төлөх ёстой гэрээний үүргийн талаар хуульд нийцүүлэн дүгнэлт хийх боломтой байна.

 

Талуудын хоорондын зээлийн гэрээний хавсралтаар хариуцагч нарын төлбөл зохих үндсэн зээл, хүүгийн хуваарийг харилцан тохиролцож баталсан /хх.6 дахь хуудасны арын нүүр/ талаарх хэрэгт авагдсан баримтад үндэслэн хариуцагчийн зээлийн гэрээний үүргийн биелэлт, үүрэг зөрчсөнөөс үүсэх нэмэлт үүрэг буюу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх хэмжээг тодорхойлох боломжтой байна. “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, гүйлгээ хийгдсэн дансны хуулга” гэх баримтаас үзэхэд /хх.36/ хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл төлсөн нийт 5 359 000 төгрөг нь гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу 6 сарын хугацаанд төлбөл зохих үндсэн зээлд 3 700 222.71 төгрөг, зээлийн хүүд 1 658 777 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч нар нь зээлийн гэрээгээр баталсан хуваарийн дагуу 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлсөн байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 11 099 778 /14 800 000 – 3 700 222.71 = 11 099 778/ төгрөгөөс нэхэмжлэгч банкны зүгээс шүүхэд гэрээг цуцлан зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан татах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх 12 сарын хугацааны зээлийн хүү 2 797 144 /11099778 * 25.2% = 2797144/ төгрөг, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар дээрх зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан 12 сарын хугацаанд сар бүр 616 666.67 төгрөгөөр үндсэн зээл төлөх үүргээс хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү тооцоход 197 184 төгрөгийн үүрэг үүсжээ.  Эдгээр үндсэн зээлийн үлдэгдэл, гэрээний хугацаанд төлбөл зохих хүү, үндсэн зээл төлөх хуваарь зөрсөнтэй холбоотой нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгт хариуцагч нар нь нийт 14 094 106 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор автомашиныг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлэх талаарх хэлцлийг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт зааснаар бичгээр хийсэн байх тул талуудын хооронд мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний эрх, үүрэг үүссэн гэж үзнэ. Иймд хариуцагч буюу зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч банкны зүгээс мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу фидуцийн гэрээний зүйл болох Субарү Форестер автомашиныг хариуцагч А.Амгалангаас бодитойгоор гаргуулан авахаар шаардах эрхтэй.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг зөвшөөрч, шүүх фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шийдвэр гаргаж байгаа нь талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээний үүрэг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон, гэрээний үүргийн зарим хэсэг дуусгавар болсон гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрэгээр хариуцагч А.Амгалан нь фидуцийн зүйл болох 2006 онд үйлдвэрлэгдсэн, SG5-106380 арлын дугаартай, 37-34 УБҮ улсын дугаартай, саарал өнгөтэй Субарү Форестер маркийн автомашиныг нэхэмжлэгч Хас банкны эзэмшилд шилжүүлж, зээлийн гэрээний үүргийн зарим хэсгийг дуусгавар болгсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 12 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргийг гүйцэтгэх зарчимд нийцүүлэн хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзнэ.

 

Фидуцийн гэрээний хавсралтад фидуцийн зүйлийн үнийг 18 500 000 төгрөг гэж заасан боловч уг гэрээний 4.5-д фидуцийн зүйлийг бодитойгоор гаргуулан авах үнийг тухайн үеийн зах зээлийн ханшийг баримтлан хавсралтад заагдсан үнийн дүнгээс багаар тогтоож болохоор заасан байна. Талууд уг автомашины зах зээлийн үнийн талаар маргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхээс томилогдсон шинжээч автомашниы зах зээлийн үнэлгээг 12 800 000 төгрөгөөр тогтоосныг талууд маргаагүй тул фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах тохиолдолд уг хэмжээгээр зээлийн гэрээний үүргийг  гүйцэтгэсэнд тооцох боломжтой тул энэ агуулгаар фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах шаардлагатай байна.

 

Талуудын хооронд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 50 мянгат гудамж, 15 дугаар байрны 23 тоот орон сууцны зочны өрөөний тавилга, унтлагын өрөөний тавилга, “LG” хөргөгч, “Sharp”, “LG” зурагтыг барьцаалах гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн бичгээр байгуулсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэ талаар талууд маргаагүй Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан барьцааны эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч банкны хувьд хариуцагч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд эдгээр барьцааны зүйлийн үнээс үүргийн гүйцэтгэлийг тэргүүн ээлжинд хангуулахаар шаардах эрхтэй болно.

 

Үүргийн гүйцэтгэлийг хангах өөр аргын талаар талууд тохиролцсон буюу фидуцийн гэрээ байгуулагдсан байгаа нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрх үгүйсгэх хууль зүйн үндэслэл болохгүй. Дээр дурдсанаар хариуцагч нарын хүлээх үүргийн зарим хэсэг буюу 12 800 000 төгрөг төлөгдсөн эсхүл, уг мөнгөнд тооцон фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэх замаар фидуцийн гэрээний үүрэг болон зээлийн гэрээний уг хэсэгт холбогдох үүргийг дуусгавар болгосон гэж үзэх баримт байхгүй тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар гэж үзэх боломжгүй юм.

 

Харин нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч нарын бусад эд хөрөнгө, орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар барьцаалагч нь шаардах эрх үүссэн тохиолдолд зөвхөн барьцааны зүйлийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй юм.

 

Иймд хариуцагч нарт зээлийн гэрээний үүргийг сайн дураар гүйцэтгээгүй эсхүл, өөр аргаар хангаж дуусгавар болгоогүй тохиолдолд үлдсэн үүргйин гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар нэхэмжлэгч банк нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй тул холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2016/00816 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Амгалан, А.Дөлгөөн нараас 14 094 106 төгрөгийг гаргуулж “Хас банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 212 368.29 төгрөг гаргуулах, А.Амгалан, А.Дөлгөөн нарын бусад хөрөнгө, орлогоос төлбөрийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч 12 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд фидуцийн зүйл болох 2006 онд үйлдвэрлэгдсэн, SG5-106380 арлын дугаартай, 37-34 УБҮ улсын дугаартай, саарал өнгөтэй Субарү Форесртер маркийн автомашиныг 12 800 000 төгрөгт тооцон “Хас банк” ХХК-д шилжүүлж өгөхийг хариуцагч А.Амгаланд даалгасугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 50 мянгат гудамж, 15 дугаар байрны 23 тоот орон сууцны зочны өрөөний тавилга, унтлагын өрөөний тавилга, “LG” хөргөгч, “Sharp”, “LG” зурагтыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай” гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад “... 38 862 ...” гэснийг “228 420.52” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Хас банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

                                                                     ШҮҮГЧ                         А.ОТГОНЦЭЦЭГ

                                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ