Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2017/00104

 

О ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 

           Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 176 дугаар шийдвэр,

 

  Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дүгээр магадлалтай,

           О ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            М ХХК-д холбогдох

           Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 60.000.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

М ХХК-ийн О ХХК-иас  15.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн төлөөлөгч С.Энхцагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхрийцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхцаг, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

      Нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “О ХХК болон М ХХК-ийн хооронд 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, улмаар 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 02/15 тоот гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Тус нэмэлт өөрчлөлтөөр мод цагаалгын трактор ДТ-55, Зил 131 ачааны авто машин, погрузчик, тайга-3 мод зүсвэрийн хөрөө, тайга хөрөөний хөрөө ирлэгч, ажилчдын хээрийн байр /вангончик/, урт мод тээх зориулалттай ганц голт чиргүүл, 0.5 га үйлдвэрлэлийн зориулалттай газар, хашааг нийт 55.500.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрт 15.000.000 төгрөгийг худалдан авагч тал төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 40.500.000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Худалдан авагч нь манай компаниас худалдаж авсан тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашиглан ашиг орлого олж байгаа атлаа хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа нь хуульд нийцэхгүй юм. М ХХК гэрээний 1 дүгээр зүйлд 8 төрлийн эд хөрөнгийн үнийг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлснөөр гэрээний 2 дугаар заалт хэрэгжих байсан. Гэрээнд зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд алданги тооцохоор байгаа. Иймд 8 нэр төрлийн эд хөрөнгийн үлдэгдэл төлбөр 40.500.000 төгрөг, алданги 19.500.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. О ХХК-ийн хэрэглэж байсан тоног төхөөрөмжүүдийг “О ХХК өөрөө оруулж ирдэг. Хариуцагч тал өнөөдрийг хүртэл О ХХК-ийн тоног төхөөрөмж, техникийг ашиглаж үйл ажиллагаагаа явуулж ашиг олсоор байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

        Хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч С.Энхцагийн шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлд: Би О ХХК-тай 2 удаа гэрээ хийсэн. Эхний гэрээг 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хийсэн. Гэрээнд дурьдсан 13 нэр төрлийн тоног төхөөрөмж байгаа. Гэрээнд заасан худалдагчийн эрх, үүрэг гэдэг дээр ямар ч баримтууд өгөгдөөгүй. Б.Бат-Эрдэнийг би сайн танихгүй, манай найз О.Дорлигсүрэн таньдаг юм. Би тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг хүлээж аваагүй. Нутгийн иргэдээс сонсоход хулгайн юм байж магадгүй гэж байсан. Хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд байгаа хариу тайлбарт бичсэнээр Зил 131 машиныг төлбөрийг барагдуулсны дараа шилжүүлж өгнө гэсэн байгаа. Бусад тоног төхөөрөмжийг өгсөн гэж худлаа ярьж байна. Бид ямар нэг бичиг баримт аваагүй, тоног төхөөрөмж, техник хүлээлгэж өгсөн гэж гүтгэж байна. Мөн гэрээн дээр хуурамч бичиг баримт оруулсан байна. Тоног төхөөрөмжийн үнийг төлөөгүй бол алданги тооцно гэж нэмж бичсэн байна. Гэрээнд ингэж тусгаагүй. Бид тухайн үед амаар хэлэлцэж тохирсон. Хулгайн эд зүйлсээ бидэнд хүчээр шахаж байна гэж үзэж байна. Б.Бат-Эрдэнийн нэр дээр 1 эксковатор л байсан. Зил 131 болон урал машины гаалийн бичиг баримтыг надад өгөөгүй. Манай компани Зил 131 машинтай, 1 трактортой, урал машин, хөрөөтэй, бид өөрсдөө хэнээс ч гуйхгүй үйл ажиллагаа явуулах бүрэн чадалтай. Би тушаал гаргаад хүмүүс томилоод хүмүүсээр нь техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгасан. Энэ талаар нэмэлт гэрээний ар тал дээр бичсэн байгаа. Гэрээний дагуу Тэшиг сумын нутагт байгаа 0.5 га газрынхаа гэрчилгээг манай нэр дээр шилжүүлж, бусад техник, тоног төхөөрөмж, холбогдох бараа материалыг гаргаж өг гэж хэлж, хатуу сануулсан. Би удирдлагуудад бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаа явуулахгүй гэж хэлсэн байгаа. Эдний тоног төхөөрөмжөөс ашигласан зүйл байхгүй. Шүүхэд хэрэг шалгагдаж байх хооронд тоног төхөөрөмжийг нэгийг ч ашиглаагүй. Эдний тоног төхөрөөмжүүд өөр өөр газруудад тараагаад ажиллуулж байгаа. Миний хувьд авсан 0.5 га газарт хашаан дотор нь үйл ажиллагаа явуулж байна. Би хашаанд нь бүх тоног төхөөрөмж, техник хэрэгслийг байлгаж байгаад шаардлага хангахгүй байна гээд гэрээгээ цуцлах талаар ярьж байсан. Хашаагаа ч бүрэн бариагүй байсан. Э.Энхрийцэцэг “О ХХК-ийг  бүрэн төлөөлж байгаагийн хувьд 15.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Одоо тэр газар надад ямар ч хамаагүй, газраа авч болно. Иймд О ХХК-тай   байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээ цуцлаж, О ХХК-иас  урьдчилгаанд төлсөн 15.000.000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсье. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 176 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас  60.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О ХХК-д олгож, М ХХК-ийн нэхэмжлэлтэй, О ХХК-д холбогдох 15.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар О ХХК-ийн төлсөн 457.950 төгрөг, М ХХК-ийн төлсөн 232.950 төгрөгийг Төрийн санд тус тус хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас  457.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн           2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дүгээр магадлалаар: Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

       Хариуцагчийн төлөөлөгч /захирал/ С.Энхцагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 14 тоот магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1 дэх хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. М ХХК нь О ХХК-тай   2014 оны 06 дугаар сзрын 20-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан худалдагч нь эрх зүйн болон техникийн бүрэн бүтэн байдлын зөрчилгүй тоног төхөөрөмжийг засвар үйлчилгээ хийж, холбогдох бичиг баримтын хамт худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх ба худалдан авагч нь хөрөнгийг хүлээн авч төлбөрийг хийнэ гэсэн нийтлэг заалтаар гэрээ байгуулсан юм. Гэрээний урьдчилгаа болгож 15.000.000 төгрөгийг О ХХК-д төлсөн. Гэтэл “О ХХК нь гэрээнд заасан худалдагчийн үүргийнхээ ихэнх заалтыг биелүүлээгүй төдийгүй үлдэгдэл мөнгөө нэхэмжилж манай компанийг Булган аймгийн шүүхэд хариуцагчаар өгсөн. Бид ч мөн хариу нэхэмжлэл гаргасан юм. Булган аймгийн шүүх Иргэний хуулийн 111 дүгээр заалтыг голчлон үндэслэж хариуцагчийн буруу гэж шийдвэрлэж биднийг хохироож байна. Бид дээрх заалтын “худалдагчийн өмчлөх эрх нь дуусгавар болжээ” гэснийг Иргэний хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 111.1 “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж заасан байна. Энд бидний тавьсан шаардлага бол 2014 оны 06 сарын 20-ны өдрийн гэрээний 2 дахь хэсэгт заасан заалтуудыг бүрэн хангах, тухайлбал 2.4-т заасан гэрээний салшгүй хэсэг болох техникийн гэрчилгээ, паспорт, мод олгох эрхийн бичиг зэрэг холбогдох хүчин төгөлдөр баримт бичгүүдийг худалдан авагчид шилжүүлэн өгнө гэсэн заалт юм. Энэ заалтыг биелүүлээгүй нь худалдагчийн өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гарал үүслийн бичиггүйгээр /лавлагаа авсан тухай баримт хавтаст хэрэгт бий/ Монгол Улсад ямар ч тээврийн хэрэгсэл, машин механизм замын хөдөлгөөнд оролцох болон үйл ажиллагаа явуулах эрх хуулиар олгогдоогүй. Харин шүүх энэ ажиллагааг хүлээн зөвшөөрч тээврийн хэрэгслийн гэрчилгээгүйгээр худалдан авалт зөв хийгдсэн гэж шийдвэрлэж байгаад бид гомдолтой байна. Мөн Иргэний хуулийн 255.1.1 дэх заалтаар тухайн эд хөрөнгийг хүлээн авах уедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад тухайн эд хөрөнгийг хүлээн авсан нь шаардах эрхээ алдсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь “та нар мэдсээр байж яах гэж бичиг баримтын бүрдэлгүй, дутуу тоног төхөөрөмж хүлээн авсан юм, хохь нь” гэсэнтэй адил шийдвэр гаргасанд бид гомдолтой байна. Бид гэрээ байгуулж, гэрээндээ энэ бүхнийг тодорхой дурьдаж, богино хугацаанд дутуу бичиг баримтаа нөхөн бүрдүүлж өгөхийг бичгээр болон амаар нөхөрсөг байдлаар удаа дараа шаардсан. Худалдах, худалдан авах энэхүү гэрээний заалт нь биднийг бичиг баримт дутуу, доголдолтой техник, тоног төхөөрөмжийг мэдсэн ч мэдээгүй юм шиг авчихаад гомдол гаргаагүйг батлах баримт гэж бид ойлгож байна. Шүүх Иргэний хуулийн 255.1.1 дэх заалтыг хэрэглэсэн нь буруу гэж үзэж байна. Бидний сөрөг нэхэмжлэлийн шаардлага бол дээрх Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, тоног төхөөрөмжүүдийг буцаан өгч, урьдчилгаа төлбөр 15.000.000 төгрөгийг О ХХК-иас  гаргуулж авах шаардлага байсан. Иймд хэргийг хянан үзэж зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна. 

       Нэхэмжлэгч “О ХХК  М ХХК-д холбогдуулан гэрээний дагуу нийлүүлсэн мод цагаалгын трактор ДТ-55, Зил 131 ачааны авто машин, погрузчик, тайга-3 мод зүсвэрийн хөрөө, тайга хөрөөний хөрөө ирлэгч, ажилчдын хээрийн байр /вагончик/, урт мод тээх зориулалттай ганц голт чиргүүл, 0.5 га үйлдвэрийн зориулалттай газар, хашааны үнэ 55.500.000 төгрөгийн үлдэгдэл 40.500.000 төгрөг, алданги 19.500.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй, засвар үйлчилгээ бүрэн хийгдээгүй, холбогдох баримт бичиггүй, ажилд ашиглах боломжгүй тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч акт үйлдээгүй гэж маргаж, урьдчилгаа төлбөр 15.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

          Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй холбоотой худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон нь зөв, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээг хуулийн хувьд хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцжээ.

       2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр О ХХК , М ХХК-ийн хооронд 13 нэр бүхий тоног төхөөрөмжүүдийг 0,5 га газрын хамт 55.500.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба энэ гэрээнд 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өөрчлөлт оруулж, 02/15 дугаартай гэрээ байгуулахдаа худалдан авагчийн буюу хариуцагчийн урьдчилгаанд өгсөн 15.000.000 төгрөгийг суутгаж, үлдэгдэл 40.500.000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 15-ны дотор төлөх, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон тухай баримт хэрэгт авагдсан байна.

      “О ХХК гэрээний дагуу мод цагаалгын трактор ДТ-55, Зил 131 ачааны машин, ачаа зөөх зориулалтын машин /погрузчик/, тайга-3 мод зүсдэг хөрөө, тайга хөрөөний хөрөө ирлэгч, ажилчдын хээрийн байр /вагончик/, урт мод тээх зориулалттай хагас голтой чиргүүл, 0.5 га үйлдвэрлэлийн зориулалттай эзэмшлийн газар, хашааны хамт худалдан авагчид хүлээлгэн өгсөн болох нь тэдний хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээ, О ХХК-иас  техник, тоног төхөөрөмж хүлээн авсан тухай 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн актаар тогтоогдсон тул анхан шатны шүүх хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр 40.500.000 төгрөгийг гаргуулсан нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2., 243 дугаар зүйлийн 243.1-д нийцжээ.

           Хариуцагч буюу худалдан авагч тал 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэрээнд заасан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, газар зэргийг хүлээж авахдаа “...техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй, засвар үйлчилгээ бүрэн хийгдээгүй, холбогдох баримт бичиггүй, ажилд ашиглах боломжгүй” гэх доголдлын талаар хэлж байсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байх тул анхан шатны шүүх хариуцагчийг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнээд, гэрээг цуцалж урьдчилгаанд төлсөн 15.000.000 төгрөгөө буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

            Харин алданги гаргуулах шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

     Талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд “тоног төхөөрөмжийн үнийг тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч нь алданги 19.500.000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэх боловч хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд худалдагч тал гэрээнд заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

       Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд байгуулсан гэрээний 1.1-д “Худалдагч нь эрх зүйн болон техникийн бүрэн бүтэн байдлын зөрчилгүй техник, тоног төхөөрөмжийг засвар үйлчилгээ хийж, холбогдох бичиг баримтын хамт худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх,...” 2.4-т “Гэрээний салшгүй хэсэг болох техникийн гэрчилгээ, паспорт, ... зэрэг хүчин төгөлдөр баримт бичгүүдийг худалдан авагчид шилжүүлэн өгөх” үүргийг худалдагч тал хүлээсэн ба трактор ДТ-55, Зил 131 ачааны авто машин, погрузчикийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, холбогдох бичиг баримтыг худалдан авагч талд хүлээлгэн өгсөн тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

        Анз нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнтэй хамааралтай буюу үүрэг гүйцэтгэгчийг үүргээ зохих ёсоор гүйцэтгэхэд шахалт болж байдаг талууд гэрээгээр харилцан тохирч тогтоодог иргэний эрх зүйн хариуцлагын нэг бөгөөд нэхэмжлэгч нь техникийн холбогдох баримт бичгийг хариуцагчид шилжүүлээгүй байхад хариуцагчийг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж анз төлүүлэх нь гэрээний эрх зүйн зарчимд нийцэхгүй. Иймээс худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул хариуцагчаас алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

        Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 176 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас  40.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О ХХК-д олгож, хариуцагчаас алдангид 19.500.000 төгрөг гаргуулах шаардлага, О ХХК-иас  15.000.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д зааснаар “О ХХК техникийн бичиг баримтыг шилжүүлэн өгмөгц М ХХК 40.500.000 төгрөгийг төлөхийг дурдсугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан “457.950 төгрөг гаргуулж” гэснийг “360.450 төгрөг гаргуулж” гэж, “3,4” гэсэн дугаарлалтыг “4.5” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхцагийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457.950 /дөрвөн зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН