Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 347

 

 

 

 

 

 

 

 

         2020           4           09                                   347 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхболд,

шүүгдэгч, Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн т холбогдох эрүүгийн 2005 0096 80532 дугаар хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа бариа заслын ажил эрхэлдэг, сард 1 000 000 төгрөгийн орлоготой, ам бүл 4, нөхөр, 2-12 настай 2 хүүхдийн хамт

 

Шүүгдэгч Г.А нь 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 30/б байрны 17 тоот гэртээ хамтран амьдрагч Б.Агийн биед халдаж, улмаар биед нь зулайн зүүн ар хэсэг, баруун чамархайн ар хэсэг, дагзны төвгөрийн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуянд цус хуралт, цээжний зүүн хажуу хэсэгт цус хуралт, зулгаралт, баруун гарын ядам хуруунд шарх, зүүн тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.А мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж, харамсаж байна. Одоо нөхөртэйгээ хамт амьдарч байгаа. Өмнө нь манай гэр бүлд ийм асуудал гарч байгаагүй. Улсын яллагчтай 450 000 төгрөгөөр торгох ялын саналыг сайн дураараа тохиролцсон. Торгуулийн ялыг богино хугацаанд төлж барагдуулна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.А мэдүүлэхдээ:

Би 2020 оны 02 дугаар сарын 29-ний орой ажил дээрээ ажлынхаа хэдэн хүмүүстэй архи уугаад сууж байхдаа эхнэртээ архи ууж байгаа талаараа хэлтэл эхнэр гэрээсээ гараад манай ажил дээр хүрээд ирсэн юм. Тэгээд манай эхнэр ажил дээр ирээд миний машинд суугаад “чи жаргалтай архи уугаад байна, би ч бас жаргамаар байна” гээд уурлаад цамнаад байсан. Тэгж байгаад машинаас буугаад явахаар нь би тэр чигээрээ гэртээ харьчихсан юм. Гэртээ ирээд байж байтал эхнэр миний араас цаг орчмын дараа согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн бөгөөд ирэхдээ лаазтай пиво барьчихсан, түүнийгээ надад өгөхөөр нь би уугаагүй. Тэгээд эхнэр уурлаад “чи өмнөх эхнэрээсээ гэр бүлээ салгахгүй байна” гээд эхэлсэн бөгөөд би хариу үйлдэл үзүүлэхгүй байж байтал эхнэр улам уурлаад миний хувцаснаас зуураад, татаж чангаагаад байсан. Тэгж байгаад миний өмссөн байсан майкнаас зуурч ураад, толгой руу цохиод, аягаар толгой руу цохисон. Тэгэх үедээ миний биеийг маш ихээр урсан байсан. Тэгээд би аргаа бараад эхнэрээ дараад хоёр гарыг нь барьж доороо хийгээд дээр нь гарч суусан. Тэгээд цагдаа дуудаад, цагдааг иртэл нь би эхнэрээ дарж суусан.

Миний хувьд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бие биедээ хүлээцтэй байж, амьдралаа зөв, хэвийн авч явах талаар зөвөлгөө авч, цаашид хамт амьдрах тул ямар нэгэн асуудал байхгүй.

 Бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 23-24, 77 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 3186 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Агийн биед зулайн зүүн ар хэсэг, баруун чамархайн ар хэсэг, дагзны төвгөрийн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөр, бугалга, шуу, зүүн мөр, бугалга, тохой, цээжний зүүн хажуу, баруун дал, хэвлий, баруун гуянд цус хуралт, цээжний зүүн хажуу хэсэгт цус хуралт, зулгаралт, баруун гарын ядам хуруунд шарх, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. (хэргийн 27-28 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

 

Г.А ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 42 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Г.А нь 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 30/б байрны 17 тоот гэртээ хохирогч, хамтран амьдрагч Б.Атай өмнөх эхнэрээсээ гэрлэлтийн баталгааг салгасангүй гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүний биед халдан зодож, зулайн зүүн ар хэсэг, баруун чамархайн ар хэсэг, дагзны төвгөрийн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөр, бугалга, шуу, зүүн мөр, бугалга, тохой, цээжний зүүн хажуу, баруун дал, хэвлий, баруун гуянд цус хуралт, цээжний зүүн хажуу хэсэгт цус хуралт, зулгаралт, баруун гарын ядам хуруунд шарх, зүүн тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Агийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 3186 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Б.А нь баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд “миний хувьд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж мэдүүлсэн тул Г.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй Г.А өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 3186 дугаартай дүгнэлтэд ...Б.Агийн биед зулайн зүүн ар хэсэг, баруун чамархайн ар хэсэг, дагзны төвгөрийн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөр, бугалга, шуу, зүүн мөр, бугалга, тохой, цээжний зүүн хажуу, баруун дал, хэвлий, баруун гуянд цус хуралт, цээжний зүүн хажуу хэсэгт цус хуралт, зулгаралт, баруун гарын ядам хуруунд шарх, зүүн тохойд зулгаралт бүхий гэмтэл учирсан гэж тодорхойлсон байхад прокурор яллах дүгнэлтдээ ...Б.Агийн биед нь зулайн зүүн ар хэсэг, баруун чамархайн ар хэсэг, дагзны төвгөрийн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуянд цус хуралт, цээжний зүүн хажуу хэсэгт цус хуралт, зулгаралт, баруун гарын ядам хуруунд шарх, зүүн тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж зарим гэмтлийг дутуу бичсэнийг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Аийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Г.Ат даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.А  торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

           

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

 

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН