Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 349

 

 

 

 

 

 

 

 

    2020           4         10                                    349       

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Н.Өсөхжаргал, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Марал,

шүүгдэгч: М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн д холбогдох эрүүгийн 2005 0073 90317 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Их уул ХХК-д ачигч ажилтай, сард 800 000 төгрөгийн цалинтай, ам бүл 2, 10 нас 5 сартай хүүхдийн хамт.

 

Шүүгдэгч М.М нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 1 дүгээр гудамжинд иргэн Р.Гн нүүр хэсэгт толгойгоороо мөргөж, дээд үүдэн баруун 2 дугаар шүдний хугарсан гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-М.М мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийг гэмтээх тодорхой шалтгаан байгаагүй. Хохирогчид учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой нийт 400 000 төгрөг өгсөн. Хохирогч давхар шүдтэй юм билээ. Өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарсан зардлаа нэхэмжилвэл төлнө гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Р.Г мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 11-нд ажлаасаа буугаад гэртээ харих гээд гэрийн гудамжинд явж байхад зүс таних Мягаа гэх хүн эхнэртэйгээ маргаж байсан. Би чихэвч зүүгээд утсаар яриад явж байтал намайг дуудсан. Би тоогоогүй. Гэтэл дахиад гараараа даллаад дуудсан. Би очоод чихэвчээ аваад “сайн уу ахаа” гэхэд “чи одоо цагдаа болохоороо намайг тоохгүй байна уу, томроод байна уу” гэсэн. Би “юу гэж дээ” гэхэд шууд миний шүд рүү мөргөсөн. Тэгэхээр нь би түлхээд аманд цус амтагдаад, цус байсан. Тэгээд цагдаа дуудсан. Цагдаа нар ирэхэд зугтаад явсан байсан. Би уг хүнтэй маргасан зүйл байхгүй. Дуудахаар нь очсон бөгөөд намайг мөргөнө гэж бодоогүй байхад мөргөчихсөн. Би эрүүл, Мягаа ах согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Шүдээ авахуулсан бөгөөд үүдэн шүдээ холбуулсан. Угаасаа шүд маань унана гэсэн бөгөөд хөдөлгөөнтэй байгаа. Одоогоор эмчилгээ хийлгэсэн төлбөрийг Мягаа ах төлсөн. Нийт 150 000 орчим төгрөг болсон байх. Гомдолтой байна. Шүдээ хийлгэмээр байна.

Би өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгээгүй. Эмчилгээний талаар нотлох баримт байхгүй. М.М надад 300 000 төгрөг өгсөн. Гомдолтой байна, шүдээ эмчлүүлмээр байна гэжээ. (хэргийн 13-14, 52-53 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2575 тоот дүгнэлтэд:

1. Р.Гн биед дээд үүдэн баруун 2 шүд хугарсан гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.  

4. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээд үүдэн 2 шүд үгүй болсон нь цаашид хөдөлмөрийн чадварыг тогтмол 5 хувь саринуулана гэжээ. (хэргийн 18-19 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

М.М ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 51 дүгээр хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч М.М нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 1 дүгээр гудамжинд хохирогч Р.Гн нүүр хэсэгт толгойгоороо мөргөж, дээд үүдэн баруун 2 шүд хугарсан гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Р.Г, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2575 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас М.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Прокуророос М.Мд холбогдох хэрэгт “Р.Гн нүүр хэсэгт толгойгоороо мөргөж, дээд үүдэн баруун 2 дугаар шүдний хугарсан гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж яллах дүгнэлтдээ дурдсан бөгөөд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2575 тоот дүгнэлтэд Р.Гн биед дээд үүдэн баруун 2 шүд хугарсан гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээд үүдэн 2 шүд үгүй болсон нь цаашид хөдөлмөрийн чадварыг тогтмол 5 хувь саринуулна гэжээ.

 

Хэдийгээр прокуророос хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээчийн тоот дүгнэлтээс зөрүүтэй бичсэн боловч энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул прокурорын яллах дүгнэлтийг зөвтгөж шийдвэрлэв.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой эмчилгээний зардалд 300 000 төгрөг хүлээн авсан гэж мэдүүлсэн бөгөөд хохирлын талаар нотлох баримтыг гаргаагүй болно.

 

Хохирогч Р.Г нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Мыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг М.Мд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.М нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Р.Г нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН