Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 286

 

 

 

 

 

 

   2020         3 25                                           286                                        

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батсайхан,

шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Тт холбогдох эрүүгийн ..... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... дугаарын регистртэй, Д.Т.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 8 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрмонбилэг” зочид буудлын 214 тоотод Ж.Б-г зодсоны улмаас биед нь хамар ясны хоёр хажуу ханын хугарал, баруун, зүүн дээд доод зовхинд цус хуралт, баруун дээд 2-р үүдэн шүдний эмтрэл гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ:

“...Миний буруу байсан би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Тын өгсөн:

“...Би ямар хэргээ үйлдсэнээ мэдэж байна. Асуух зүйл байхгүй сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би хохирогчид гар хүрсэн нь үнэн. Б-гийн толгой тархи руу нь 2 удаа гараараа цохисон мөн унагааж байгаад бие рүү нь өшиглөсөн. Харин яг хаана нь өшиглөснөө мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 59-60/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Б-гийн өгсөн:

“...2019 оны 8 дугаар  сарын 12-нд Т-аа ах намайг модны хоёрт буудалд байна хүрээд ир гэсэн. Тэгээд очиход Б-, Л нартай хамт архи ууж байсан. Надад архи хийж өгөхөөр нь би уугаагүй амсаад өгсөн. Би орой хөдөө явна гээд юм яриад сууж байсан. Тэгээд архи дуусаад Л намайг архи авч өг гэсэн би нэг шил 0,75 литрийн архи авч өгсөн. Уг архийг ууж дуусаад Л, Б- хоёр явчихсан. Би Т-аа ахад хөдөө явах цаг болж байсан болохоор явах талаар хэлсэн. Т-аа ах архи авч өг гэхээр нь би хөдөө явах унааны зардалтай байсан уг мөнгөөр архи авч өгч чадахгүй болохоор би мөнгөгүй байна гэдгээ хэлсэн. Тэгэхэд Т-аа ах намайг чи архи авч өгч чадахгүй байна уу гээд намайг боогоод баруун нүд орчим цохисон. Намайг газар унагаасан тэгээд би толгойгоо дараад хэвтэхэд намайг дээрээс өшиглөөд байсан. Зодож байгаад дахиад архи авч өг гэж хэлсэн. Би чадахгүй гэж хэлээд, Т-аа ах уг буудлаас гарсан, би араас нь гарсан. Тэгээд цагдаа дуудсан Т-аа ах явах гээд байхаар нь би цагдаа иртэл нь байлгаж байя гээд зууралдсан. Тэгэхэд Т-аа ах миний толгой, бие рүү хэд хэдэн удаа цохисон, өшиглөсөн.

Т-аа ах миний хохирлыг бүрэн барагдуулсан, надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 18-21/,    

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.А-ын өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 12-нд би ажил дээрээ буюу Баянгол дүүргийн 17-р хороо Эрмон зочид буудалд ажлаа хийж байсан. Тухайн өдөр манайхаар байнга үйлчлүүлдэг шивээс гэж бид нар хочилдог Т-аа гэх залуу 2 хүнтэй 214 тоотод орсон. Тэгээд өөрийнхөө дүү гэх нэг залууг гар утас билүү мөнгө билүү авсан гээд зодоод байхаар нь салгасан чинь зодуулж байсан залуу нь гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-н 31-32/,   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 9909 тоот: 

  1. Ж.Б--н биед хамар ясны хоёр хажуу ханын хугарал, баруун, зүүн дээд доод зовхинд цус хуралт, баруун дээд 2-р үүдэн шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 34/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 54/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 63/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 72/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 8 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрмонбилэг” зочид буудлын 214 тоотод Ж.Б-г зодсоны улмаас биед нь хамар ясны хоёр хажуу ханын хугарал, баруун, зүүн дээд доод зовхинд цус хуралт, баруун дээд 2-р үүдэн шүдний эмтрэл гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Тын “...Би ямар хэрэг үйлдсэнээ мэдэж байна. ...би хохирогчид гар хүрсэн нь үнэн. Б-гийн толгой тархи руу нь 2 удаа гараараа цохисон мөн унагааж байгаад бие рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ж.Б-гийн “...Т-аа ах намайг чи архи авч өгч чадахгүй байна уу гээд намайг боогоод баруун нүд орчим цохисон. Намайг газар унагаасан тэгээд би толгойгоо дараад хэвтэхэд намайг дээрээс өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.А-ын “...Т-аа гэх залуу 2 хүнтэй 214 тоотод орсон. Тэгээд өөрийнхөө дүү гэх нэг залууг гар утас билүү мөнгө билүү авсан гээд зодоод байхаар нь салгасан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 9909 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Тт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Ж.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Б-гийн өгсөн “...Т-аа ах миний хохирлыг бүрэн барагдуулсан, надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 18-21/-ийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг   хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ