| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01381/и |
| Дугаар | 142/ШШ2016/01304 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 142/ШШ2016/01304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 23-19 тоотод оршин суух, Боржигин овгийн Самбадондовын Энхтуяа /ЙУ62092708/-ийн хүсэлттэй
"1979 оны 06 дугаар сараас 1989 оны 8 дугаар сарын 15 хүртэл Өвөрхангай аймгийн Өвдөгийн худагт тоосгоны үйлдвэрт нормчиноор, 1989 оны 8 дугаар сарын 15-наас 1989 оны 12 дугаар сарын 31 хүртэл Өвөрхангай аймгийн “Дөлгөөн” хорооны худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байснаас тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Энхтуяа, гэрч Ё.Адъяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие С.Энхтуяа нь 1979-1990 оныг хүртэл Өвөрхангай аймгийн Өвдгийн худагт “Ханын материалын үйлдвэр”-ын тоосгон заводод нормчиноор ажиллаж байсан. Би 1979 оны 06 дугаар сард ороод 1989 оны 8 сард Өвдөгийн худгийн Ханын материалын үйлдвэрээс, Дөлгөөн хорооны худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан. Би худалдаа бэлтгэлийн ангид 1993 оны 09 сарыг дуустал ажилласан бөгөөд 1990 оноос хойшихыг нь бөглүүлсэн учир 1989 оныг дуустал ажилласан жилээ тогтоолгоно. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл 1979-1981 оны архивын лавлагаа баримт олдохгүй ажилласан жилд тооцох боломжгүй байгаа тул Өвөрхангай аймгийн Өвдөгийн худагт тоосгоны үйлдвэрт нормчиноор ажиллаж байсан болон Дөлгөөн хорооны худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Самбадондовын Энхтуяа нь шүүхэд хандан “1979 оны 06 дугаар сараас 1989 оны 8 дугаар сарын 15 хүртэл Өвөрхангай аймгийн Өвдөгийн худагийн Ханын материалын үйлдвэрт нормчиноор ажилласан, 1989 оны 8 дугаар сарын 15-наас 1989 оны 12 дугаар сарын 31 хүртэл Өвөрхангай аймгийн “Дөлгөөн” хорооны худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-оор хүсэлт гаргажээ.
С.Энхтуяа нь 1979 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Өвдөгийн худагт тоосгоны үйлдвэрийн хэвлэх цехэд нормчиноор ажилд орж, 1989 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өөрийн хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдөж, 1989 оны 8 дугаар сарын 15-наас Дөлгөөн хорооны худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар орж 1993 оны 9 дүгээр сарын 30 хүртэл ажилласан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэр, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 470 дугаартай цалингийн лавлагаа, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 498 дугаартай цалингийн архивын лавлагаанууд, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Өвөрхангай аймгийн ханын материалын үйлдвэрийн даргын 1983 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 81 дугаартай С.Энхтуяад хүүхэд асрах чөлөө олгосон тухай тушаал, Өвөрхангай аймгийн барилга монтажийн конторын даргын 1979 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн С.Энхтуяаг ажилд томилсон тушаал, Барилга материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харъяа Өвөрхангай аймгийн ханын материалын үйлдвэрийн даргын 1989 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 186 дугаартай С.Энхтуяаг ажлаас чөлөөлсөн тушаал, 1989 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн худалдагчаар авсан тушаал, гэрч Ё.Адъяагийн мэдүүлэг, С.Энхтуяагийн өөрийнх нь тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд Самбадондовын Энхтуяагийн хүсэлтийг ханга шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар улсын орлогод оруулсан 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овгийн Самбадондовын Энхтуяа /ЙУ62092708/-г 1979 оны 06 дугаарын 18-наас 1989 оны 8 дугаар сарын 15 хүртэл Өвөрхангай аймгийн Өвдөгийн худагийн Ханын материалын үйлдвэрт нормчиноор, 1989 оны 8 дугаар сарын 15-наас 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Өвөрхангай аймгийн “Дөлгөөн” хорооны худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА