Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 287

 

 

 

 

 

 

 

     2020          3               25                                      287                                        

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б-т холбогдох эрүүгийн ____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ дугаарын регистртэй, О.Б-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Оюун-Эрдэнэ овогтой Б- нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Z” нэртэй зочид буудлын гадна иргэн Д.Н-тэй маргалдаж нүүр хэсэгт гараараа цохиж, шанаа, хамрын нуруу, зовхинд цус хуралт, уруул, хэлэнд язарсан шарх, эрүү, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Б-ын өгсөн:

“...Дуудлагын жолооч Б-ын ээж хүргэж өгөлгүй, машин нь асахгүй байна гээд бас байхаар нь буцаагаад машин аваад ир гэсэн. Би ганцаараа гарсан чинь буудлын хашаан дотор машин унтраагаад тавьчихсан байсан. Тэгэхээр нь би чи наад машинаа асаагаатах эвдэрчихсэн гээд байсан гэсэн чинь тэр жолооч асаахгүй машинруу орохгүй, эвдэрхий машин өгч явуулчихаад гээд байсан. Тэгээд муудалцаад бид хоёр барилцаж аваад байж байтал манай найз нар бүгдээрээ буудлаас гараад ирсэн. Б-, Ө, С нар бид хоёрыг салгасан. Тэгээд салсан чинь тэр хүн зугтаачихсан. Тэгээд би тэр хүний хойноос гүйсэн чинь М замын голд уначихсан байсан. Тэгэхээр нь би тэр хүнийг нэг дэлгүүрийн урд барьж аваад хойноо нь хүзүүдэж аваад бариад байж байсан чинь тэр хавьд явж байсан ах, эгч хоёр юу болж байгаа юм гээд зогсож байтал М цаанаас нүүрнээс нь цус гарчихсан, нүүр нь аймар болчихсон хүрээд ирсэн. Би тэгээд Мийн царайг харчихаад тэр зодуулсан гээд байгаа хүнтэй би бас чиний царайг ийм болгоно гээд муудалцаад заамдалцаад байж байсан чинь Б-, Ө хоёр бид хоёрын дундуур ороод салгасан...” гэх мэдүүлэг /хх-н 71-72/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Н-н өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр оператороос дуудлага аваад 17 цаг 17 минутанд 12-82 УБЧ улсын дугаартай мазда маркийн машин Z нэртэй зочид буудлаас хүлээж аваад уг машиныг унаад очиход найзууд нь Б- гэж дуудаж байсан залуу, машины эзэн хоёр зочид буудлаас гарч ирээд машины түлхүүр өгөөд манай найз Б-гийн ээж шинэ жилийн арга хэмжээтэй байгаа юм та Б-гийн найз болж очоод Б- ажилтай байгаа гэж хэлээд ээжийг ёолконд нь хүргэж өгчихөөд хүрээд ир гэсэн. Би машиныг нь унаад Олонлог сургуульд очиж ээжийг нь аваад хөдлөх гэхэд машин нь замын голд унтарчихсан. Тэгсэн чинь ээж нь машинаас буугаад машиныг нь буцаагаад өгчих би өөрөө явчихъя гээд буугаад яваад өгсөн. Тэгээд асахгүй болохоор нь би нөгөө машины эзний 90000782 дугаарын утас руу нь залгаад машин чинь унтарчихаад асахгүй байна гэсэн чинь янхан минь чи машин авч явсан юм бол авч явсан шигээ буцаагаад аваад ир, наадах нь аккумлятор нь хөндийрдөг юм гэхэд нь би аккумляторыг нь үзээд машиныг нь асаагаад машиныг нь Z нэртэй зочид буудалд аваачиж өгсөн. Бас би машиныг нь асаахаасаа өмнө удирдлагадаа машин нь унтарчихлаа гээд мэдэгдсэн чинь за чи ямар ч байсан машиныг нь асаагаад аваачиж өг гэсэн. Хэдэн цагт аваачиж өгснөө санахгүй байна. Жаахан түгжрэлтэй байсан. Гадаа нь оччихоод ирчихлээ гээд машины эзэн рүү залгасан чинь ороод ир гэхээр нь ресепшн дээр очоод дахиад утсаар залгасан чинь хар цамцтай шар гуталтай машины эзэн залуу гарч ирээд чи юм уу гараад ир гээд гадагшаа гараад машиныхаа хажууд очихоор нь би та тооцоогоо хийчих машиныг чинь бүрэн бүтэн аваад ирлээ гэсэн чинь нөгөө залуу юу хуцаад байгаа юм чи асахгүй байсан машин ингээд асаад хүрээд ирдэг юмуу гээд намайг шууд цээж рүү гараараа түлхээд миний цамц, куртикны захаар боогоод авсан. Би гарыг нь тавиулах гээд чадаагүй, ноцолдож байсан чинь нэг охин гарч ирээд салгах гэж оролдоод дийлээгүй. Миний хүч үнэхээр хүрэхгүй байсан.

Тэгээд намайг газар унагаагаад боогоод шанаа, толгой руу гараараа нилээн хэдэн удаа цохисон. Мөн гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би газар зодуулж байгаад босоод ирсэн чинь 2-3 залуу нэмэгдэж гарч ирээд урт цагаан куртиктэй залуу миний гарыг бариад боль гэж хэлээд гар тавихгүй тэр хооронд нөгөө намайг анх цохисон залуу нүүр лүү дахиад гараараа цохисон. Би аргаа бараад гарнаас нь мултраад зугатаасан. Гэтэл анх зодсон залуу Z нэртэй зочид буудлын хашааны урд талд намайг гүйцэж ирээд куртикны малгайнаас татаж унагаад дахиад боогоод үсдэж аваад толгой руу 3-4 удаа цохисон. Нөгөө урт цагаан куртиктэй залуу бас хүрч ирээд надтай зууралцаж аваад пизда минь чамайг ална шүү гээд намайг боосон гэхдээ цохиогүй. Тэгээд бас би арай гэж мултраад модны хоёрын төв замруу гүйсэн. Тэгээд Оч гээд хүнсний дэлгүүрийн урд намайг анх цохисон залуу, цагаан куртиктэй залуу гүйцэж ирээд анх зодсон залуу намайг дахиж боож унагаагаад миний гэдэс, шүд, нүүр, хамар луу өвдөглөсөн. Тэгээд би өнхрөөд цаахан талд нь очсон чинь Б- гэж дуудаад байсан залуу хүрч ирээд миний куртикнээс зулгааж боогоод булан руу чирсэн. Чирч байхад миний цамц фудволк куртик тайлагдаад нүцгэн болоод би довжоон дээр суусан. Тэгээд суухад анх зодсон залуу ирээд миний толгойноос үсдэж байгаад шанаа руу 2-3 удаа цохисон. Тэр үед урт цагаан куртиктэй залуу ирээд пизда минь чи яахаараа манай найзтай зодолддог юм гээд миний шанаа руу 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд би арай гэж мултраад цагдаа руу залгах гэсэн чинь анх зодсон залуу миний гар утсыг булаах гэж оролдсон. Тэгээд би мултраад 19 цаг 21 минутанд цагдаа руу дуудлага өгсөн. Цагдаа ирээд урт цагаан куртиктэй залуу, анх зодсон залуу бид гурвыг цагдаагийн хэлтэст авч ирсэн. Би тэр залуучуудад ямар нэг байдлаар гар хүрээгүй. Үйлчилгээний байгууллагад ажилладаг учраас би машины эзнийг та гэж харьцахад би ийм ахтай байснаа санах ч үгүй юм байна гэж надад хэлсэн.

Шанаа, хэлний гэмтлийг урт цагаан куртиктэй залуу, хүзүүний зулгаралтыг буудлын өмнө сүүлд чирдэг буржгардуу үстэй залуу найзууд нь Б- гэж дуудаад байсан, бусад гэмтлүүдийг зодсон шар гуталтай хар фудволктой эрэгтэй голлон намайг зодож учруулсан...” гэх мэдүүлэг /хх-н 20-21/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Мийн өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б-, Б-, Ө, Б-, С нартай 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлж уулзаад 3 нэртэй буудалд бид нар хоноцгоосон. Буудалд байхдаа бид нар Аурат нэртэй 0,75 литрийн 2 шил архи ууж байгаад би тасраад унтчихсан. Тэгээд 19 цагийн үед сэрэхэд буудлын өрөөнд хүн байхгүй болохоор нь гадагшаа гартал Б- хохирогч гэх хүнтэй муудалцчихсан наад машинаа асаа гээд заамдалцчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-н 31-32/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Б-ийн өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б-, Б-, Ө, М гээд найз нартайгаа хороололд байрладаг Z нэртэй буудалд архи ууж хоноцгоосон. Өглөө Сарангуа бид нар дээр хоол авчирч ирсэн. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед сэрцгээгээд хоол идчихээд 0,75 литрийн 1 шил архи уусан. Тэгээд юм ярьцгаагаад байж байтал Б-ын ээж шинэ жилтэй гээд бүгд архи уучихсан байсан учраас 19001950 руу залгаад дуудлагын жолооч дуудсан. Дуудлагын жолооч ирээд Б-, Б- хоёр гараад машины түлхүүр өгчихөөд орж ирсэн. Тэр машин Өын машин байсан. Удалгүй дуудлагын жолооч ирлээ гээд Б- гарсан. Бид нар нэг их удалгүй араас нь хувцсаа өмсөөд гарсан чинь Б- дуудлагын жолоочтой заамдалцаад зогсож байсан. Би Сарангуа, Ө бид 3 тэр 2-ыг салгахад тэр дуудлагын жолооч цаашаа зугтаагаад гүйчихсэн...” гэх мэдүүлэг /хх-н 35-36/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Н.Туяагийн өгсөн:

“...Хүзүүний зулгаралт, дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хэлний гэмтлийг тусад нь салгах боломжгүй эрүү шанаа уруул руу цохих үед хэл хазагдах боломжтой. Хамрын нуруу зовхи нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шанаа руу цохих үед хэлний гэмтэл үүсэх боломжтой. Тийм тохиолдолд хөнгөн гэмтэлд хамаарна...” гэх мэдүүлэг /хх-н 59/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 270 тоот: 

  1. Д.Н-н биед шанаа, хамрын нуруу, зовхинд цус хуралт, уруул, хэлэнд язарсан шарх, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

  5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-н 48-49/,

 

  - Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 17/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 89/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 92/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 107/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Оюун-Эрдэнэ овогтой Б- нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Z” нэртэй зочид буудлын гадна иргэн Д.Н-тэй маргалдаж нүүр хэсэгт гараараа цохиж, шанаа, хамрын нуруу, зовхинд цус хуралт, уруул, хэлэнд язарсан шарх, эрүү, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Б-ын “...муудалцаад бид хоёр барилцаж аваад байж байтал манай найз нар бүгдээрээ буудлаас гараад ирсэн. Б-, Ө, С нар бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Д.Н-н “...би та тооцоогоо хийчих машиныг чинь бүрэн бүтэн аваад ирлээ гэсэн чинь нөгөө залуу юу хуцаад байгаа юм чи асахгүй байсан машин ингээд асаад хүрээд ирдэг юмуу гээд намайг шууд цээж рүү гараараа түлхээд миний цамц, куртикны захаар боогоод авсан. Би гарыг нь тавиулах гээд чадаагүй, ноцолдож байсан чинь нэг охин гарч ирээд салгах гэж оролдоод дийлээгүй.

Тэгээд намайг газар унагаагаад боогоод шанаа, толгой руу гараараа нилээн хэдэн удаа цохисон. Мөн гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би газар зодуулж байгаад босоод ирсэн чинь 2-3 залуу нэмэгдэж гарч ирээд урт цагаан куртиктэй залуу миний гарыг бариад боль гэж хэлээд гар тавихгүй тэр хооронд нөгөө намайг анх цохисон залуу нүүр лүү дахиад гараараа цохисон. ...куртикны малгайнаас татаж унагаад дахиад боогоод үсдэж аваад толгой руу 3-4 удаа цохисон. Нөгөө урт цагаан куртиктэй залуу бас хүрч ирээд надтай зууралцаж аваад пизда минь чамайг ална шүү гээд намайг боосон гэхдээ цохиогүй. Тэгээд бас би арай гэж мултраад модны хоёрын төв замруу гүйсэн. Тэгээд Оч гээд хүнсний дэлгүүрийн урд намайг анх цохисон залуу, цагаан куртиктэй залуу гүйцэж ирээд анх зодсон залуу намайг дахиж боож унагаагаад миний гэдэс, шүд, нүүр, хамар луу өвдөглөсөн. Тэгээд би өнхрөөд цаахан талд нь очсон чинь Б- гэж дуудаад байсан залуу хүрч ирээд миний куртикнээс зулгааж боогоод булан руу чирсэн. Чирч байхад миний цамц фудволк куртик тайлагдаад нүцгэн болоод би довжоон дээр суусан. Тэгээд суухад анх зодсон залуу ирээд миний толгойноос үсдэж байгаад шанаа руу 2-3 удаа цохисон. Тэр үед урт цагаан куртиктэй залуу ирээд пизда минь чи яахаараа манай найзтай зодолддог юм гээд миний шанаа руу 2-3 удаа гараараа цохисон.

...Шанаа, хэлний гэмтлийг урт цагаан куртиктэй залуу, хүзүүний зулгаралтыг буудлын өмнө сүүлд чирдэг буржгардуу үстэй залуу найзууд нь Б- гэж дуудаад байсан, бусад гэмтлүүдийг зодсон шар гуталтай хар фудволктой эрэгтэй голлон намайг зодож учруулсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч О.Мийн “...19 цагийн үед сэрэхэд буудлын өрөөнд хүн байхгүй болохоор нь гадагшаа гартал Б- хохирогч гэх хүнтэй муудалцчихсан наад машинаа асаа гээд заамдалцчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Б-ийн “...Бид нар нэг их удалгүй араас нь хувцсаа өмсөөд гарсан чинь Б- дуудлагын жолоочтой заамдалцаад зогсож байсан. Би Сарангуа, Ө бид 3 тэр 2-ыг салгахад тэр дуудлагын жолооч цаашаа зугтаагаад гүйчихсэн...” гэх мэдүүлэг,

 

шинжээч эмч Н.Туяагийн “...Хүзүүний зулгаралт, дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хэлний гэмтлийг тусад нь салгах боломжгүй эрүү шанаа уруул руу цохих үед хэл хазагдах боломжтой. Хамрын нуруу зовхи нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шанаа руу цохих үед хэлний гэмтэл үүсэх боломжтой. Тийм тохиолдолд хөнгөн гэмтэлд хамаарна...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 270 тоот дүгнэлт, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч О.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Д.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 11 дүгээр талд хохирогч Д.Н-н Лазер мед эмнэлэгт үзүүлсэн КТГ-толгойн зураг авхуулсан гэх 100,000 төгрөгийн баримт авагдсан байх тул шүүгдэгч О.Бямбаргараваас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хуульд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч О.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баас 100,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Н-д олгосугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ