Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 21

 

А.Чулуунбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор Б.Болор-Эрдэнэ

          Ялтны өмгөөлөгч Д.Жаргал

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж шийдвэрлэсэн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолтой, А.Чулуунбаатарт холбогдох 201616000288 тоот эрүүгийн хэргийг ялтан А.Чулуунбаатарын давж заалдах гомдлоор 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А.Чулуунбаатар нь ялтай байх хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах “SGS” ХХК-ний хойд талд 5 км Гурвантэс сум руу явдаг сайжруулсан шороон зам дээр Уаз-2206 маркийн өөрийн эзэмшлийн 25-37 ӨМӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 21.8а дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас иргэн 51 настай эмэгтэй Д.Онжилмаагийн бие махбодид хүнд гэмтэл учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас А.Чулуунбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх: А.Чулуунбаатарыг Тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чулуунбаатарт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэх, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар №615789 дугаартай В,С,Д ангиллын тээврийн хэрэгслийн жолооны үнэмлэхийг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан аймгийн Цагдаагийн газарт хүргүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чулуунбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан А.Чулуунбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хуралдаанаар намайг гэм буруутайд тооцож 3 сар 15 хоног баривчлах ял оногдуулсан. Шүүх хурлын дараа 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр надад холбогдуулан Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч Цагдаагийн ахмад Б.Эрзориг, прокурор С.Мөнхтулга нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Би өөрийн шийтгэх тогтоолыг хүндэтгэн хүлээн авмаар байвч би нэг шийтгэх тогтоолоор холбогдсон хэргээ шийдүүлмээр байна.

Иймд надад холбогдох хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

Прокурор Б.Болор-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын байгууллагын тухай хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан зүйл заалтыг баримтлан Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан гэмт хэрэгт холбогдон ял шийтгэл оногдуулсан ялтан  Амаржаргалын Чулуунбаатарын гаргасан гомдлоор прокурорын дүгнэлт гаргаж байна. А.Чулуунбаатарт Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор ял оногдуулсан байдаг. Шийтгэх тогтоол гарсанаас хойш буюу 2017 оны 04 дугаар сарын 03-ний өдөр 201716000054 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулж байгаа. А.Чулуунбаатарын энэ хоёр хэрэг нь хоёулаа хүндэвтэр гэмт хэргийн ангилалд орж байгаа. Ялтан А.Чулуунбаатарын эрх зүйн байдал дордож байна гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байдаг. Яагаад гэвэл хоёулаа хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа учраас энэ шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр байна гэж үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарсаны дараа оногдуулсан ялыг бүрэн эдлэж дуусаагүй үед гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлсэн бол шүүх сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолын эдлээгүй үлдсэн ялыг биечлэн эдлүүлэхээр заасан байдаг учраас А.Чулуунбаатарын урд нь шийтгэгдсэн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-д зааснаар ялтан А.Чулуунбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Ялтны өмгөөлөгч Д.Жаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болно гэвэл хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ялтны эрх зүйн байдлыг дордуулахгүй ашигтайгаар шийдвэрлэх ёстой байдаг. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоод хэрэгжээд явбал ялтай байх хугацаанд  дараагийн ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл болж байгаа учраас давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Чулуунбаатар нь ялтай байх хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах “SGS” ХХК-ний хойд талд 5 км Гурвантэс сум руу явдаг сайжруулсан шороон зам дээр Уаз-2206 маркийн өөрийн эзэмшлийн 25-37 ӨМӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 21.8а дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Д.Онжилмаагийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Ялтан А.Чулуунбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр надад холбогдуулан Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч Б.Эрзориг, прокурор С.Мөнхтулга нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Иймд надад холбогдох хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

Хавтаст хэрэгт А.Чулуунбаатарын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн, дээрх гэмт хэргүүдэд холбогдуулан шалгах ажиллагаа хийж байгаатай холбоотой нотлох баримт авагдаагүй тул давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.1 дэх хэсэгт хэргийг хэлэлцэхдээ шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт байгаа материалыг үндэслэн хянана, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана гэж тус тус заасан учир ялтан А.Чулуунбаатарын гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй байна.

Ялтан А.Чулуунбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар бүхэлд нь хянан хэлэлцээд ялтан А.Чулуунбаатарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.5 дахь хэсэгт зааснаар тогтоолыг биелүүлэхэд шүүхээс оногдуулсан ялын төрөл ба хэмжээний талаар ямар нэгэн эргэлзээ төрөхгүйгээр бичигдсэн байх ёстой байтал анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн нэрийг буруу бичсэн, баривчлах ял эдлэх нөхцөл, нэмэгдэл ял тоолох хугацааг бичээгүй байна. Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. Үүнд:

А.Чулуунбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо “тээврийн хөдөлгөөний” гэж бичиж “хэрэгслийн” гэснийг,  баривчлах ялыг эдлүүлэх нөхцөлийг заахдаа “нийгмээс тусгаарлан” гэснийг, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг хэдийнээс тоолж эхлэхийг орхигдуулсныг тус тус нэмж, харин энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтыг шийдвэрлэхдээ “тээврийн хэрэгслийн жолооны үнэмлэхийг” гэж бичсэнийг “жолоочийн үнэмлэхийг” гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ялтан А.Чулуунбаатарын “хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгөхийг хүссэн” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах нэмэлт өөрчлөлт оруулсугай. Үүнд:

А. Шийтгэх тогтоолын 1 дэх заалтын “...тээврийн...” гэсний дараа “хэрэгслийн” гэж,

Б. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “...баривчлах ялыг...” гэсний дараа “нийгмээс тусгаарлан” гэж тус тус нэмж,

В. Шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “...тээврийн хэрэгслийн жолооны үнэмлэхийг...” гэснийг “жолоочийн үнэмлэхийг” гэж,

Г. Шийтгэх тогтоолын 6 дахь заалтын “...цагдан хорьсугай.” гэснийг “цагдан хорьж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар А.Чулуунбаатарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг 3 сар 15 хоногийн баривчлах ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг ялтанд мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

          2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

          3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.НАСАНЖАРГАЛ

 

                        ШҮҮГЧИД                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                      Х.ГЭРЭЛМАА