Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2017/0643/З |
Дугаар | 941 |
Огноо | 2017-12-18 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 941
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийж,
Нэхэмжлэгч: Н.Г,
Хариуцагч: Монгол Улсын Сангийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,
Нэхэмжлэлийн шаардлага: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хуулийн дагуу гадаадад эмчлүүлсний зардлыг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, миний гадаад улсад эмчлүүлсний зардлын 60 хувь болох 33,279,700 /Гучин гурван сая хоёр зуун далан есөн мянга долоон зуун/ төгрөгийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.7 дах хэсгийг тус тус үндэслэн Засгийн газрын нөөц сангаас гаргуулан олгохыг хариуцагч Сангийн яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тус тус даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Мөнхбаяр, Т.Лхамжав, хариуцагч Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч миний бие тус шүүхэд хандан 2017 оны 5 сард нэхэмжлэл гаргасан боловч Төрийн албаны зөвлөлөөр урьдчилан шийдвэрлүүл гэсний дагуу Төрийн албаны зөвлөлд хандсан. Төрийн албаны зөвлөлөөс Мэргэжлийн Хяналтын газрын даргад Төрийн албаны тухай хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн хариу албан бичиг хүргүүлсэн. Үүний дагуу МХЕГ-ын даргыг шийдэж өгөхийг хүлээсэн боловч хариуг надад өгөхгүй байсаар 2017 оны 07 сарын 03-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн даргын нэр дээр албан бичгийн хариу өгснийг олж авлаа. Миний бие улсад 32 жил ажиллахдаа 1985-2009 оныг хүртэл Улсын нэгдсэн төв эмнэлэгт мэдрэл судлалын клиникийн эмч, мэдрэл судлалын клиникийн эрхлэгч, Амбулаторын дарга, Поликлиник эрхэлсэн захирал, ЭТҮЭО дарга зэрэг албыг хашиж байгаад 2009-2016 оны 9 сар хүртэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ЭМБСХГ-ын даргаар ажилласан. Ажиллаж байхдаа 2012 онд баруун хөлийн ясны хагалгаанд 6 сарын дотор 3 удаа орж (сүүлийн яс шилжүүлэн суулгах хагалгааг Герман улсад хийлгэсэн), 2013 онд ирээд Төрийн албаны тухай хуулийн дагуу эмчилгээний зардлаас тодорхой хувийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу 2014 онд МХЕГ-ын удирдлагуудын зүгээс буцалтгүй тусламж болгож 10,800,000 төгрөг олгохоор шийдвэр гаргасаныг 2015 онд олгосон билээ. Гэтэл миний бие 2014 оны 10 сард гэнэт тархины баруун чамархай, дух, суурь хэсгийг хамарсан хавдар гэж оношлогдож 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн эмч нарын шийдвэрээр Герман улсад эмчлүүлсэн юм.
Эрүүл мэндийн сайдын 313 дугаар тушаалын А-8 тоот заалтаар гадаадад эмчлүүлэх шаардлагатай өвчний жагсаалтад миний эмчлүүлсэн өвчний онош орсон тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтын дагуу эмчилгээний зардлын 60 хувь болох 33,279,700 төгрөгийг шийдвэрлүүлэхээр байгууллагадаа хандсаар өдий хүрлээ.
Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хуулийн дагуу гадаадад эмчлүүлсний зардлыг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, эмчилгээний зардлын 60 хувь болох 33,279,700 төгрөгийг надад олгохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгасан шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч миний бие Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ЭМБСХГазрын даргын ажил үүргийг гүйцэтгэж байхдаа 2014 оны 10 дугаар сард тархины баруун чамархай, дух, суурь хэсгийг хамарсан хавдартай болсоноо мэдсэн бөгөөд тухайн сардаа яаралтай ХБНГУлсад очиж нарийн мэргэжлийн эмнэлэгийн тусламж үйлчилгээг авч эмчлүүлсэн болно.
Эрүүл мэндийн сайдын 2013 оны 313 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гадаад улсад зайлшгүй эмчлүүлэх өвчний жагсаалт”-ын А-4 дэх хэсэгт “тархины суурь хэсэг ба багана бүтцийн хавдрууд” гэх хэсэгт миний тус өвчин нь багтдаг.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-т “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах гэж хуульд заасан үүргээ өдийг хүртэл хариуцагч нар нь гүйцэтгэлгүй нэхэмжлэгч намайг хохироож ирсэн. Төрийн албан хаагчийн ажил үүргийг гүйцэтгэж байх хугацаанд хуульд заасан баталгаагаа эдлэх талаар удаа дараа хүсэлт тавьсан боловч өнөөдрийг хүртэл хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй тул аргагүйн эрхэнд шүүхэд хандсан.
Тус хуульд заасан “төр” гэдэгт ажиллаж байсан хуулийн этгээд болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, түүнчлэн эмчилгээний зардал төсөвтэй холбоотойгоор санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яам тус тус хамаарна.
Хариуцагч нар нь төсөв байхгүй гэсэн нэрийдлээр хуульд заасан үүргээ биелүүлэхээс цааргалж байгаа боловч Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-т “Тухайн жилийн төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд энэ хуулийн 8.1-д заасан сангийн хөрөнгийг зарцуулна”, 8.3.7.-т “байгууллага, иргэдээс тавьсан хүсэлт болон цаг үеийн шинжтэй зарим асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах зардал.” гэж хуульчилсны дагуу нэхэмжлэгч миний хуульд заасан төрийн албан хаагчийн баталгаагаар хангаж тархины хавдарын улмаас гарсан эмчилгээний зардлыг шийдвэрлэх боломжтой байна. Гэтэл хариуцагч нь 2013 оны 10 сард Германд хөлний яс шилжүүлэн суулгах хагалгаанд олгосон буцалтгүй тусламжийн 10,8 сая төгрөгийг 2014 онд хийлгэсэн тархины хавдрын өвчний зардлаас ялгаж салгаж ойлгохгүй, хайхрамжгүй хандсан. Жич: 2013 онд 6 сарын дотор баруун хөлний ясанд 3 том хагалгаа хийлгэж (эмч нарын мэргэжлийн алдаанаас болж хүндрэл үүсч) сүүлийн яс шилжүүлэн суулгах хагалгааг Германд хийлгэсэн.
Түүнчлэн Монгол улсын иргэн бүрт үйлчлэх Засгийн газрын 2011 оны 226 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам”-д заасны дагуу холбогдох эмчилгээний зардлын 5 хувьд хамаарна гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-т заасан төрийн албан хаагчийн баталгаа нь тусгайлан зохицуулсан хуулийн хэм хэмжээ байх бөгөөд дээрх журмаас үйлчилж буй субьектээрээ ялгагдана.
Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн баталгаа болох гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд эмчилгээний зардлын 60 хувийг төр хариуцах талаар тусгайлан зохицуулсан дүрэм, журам байхгүй зөвхөн тус хуулиар зохицуулсан ба 2011 оны 226 дугаар тушаалаар баталсан “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам”-ын зорилго нь иргэдэд чиглэсэн байдаг. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, гүйцэтгэх ажил, үйлчилгээний онцлог, зарцуулах хөрөнгийн хэмжээг харгалзан санхүүжилтийн хэлбэрийг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно”, 30 дугаар зүйлийн З0.5-д “Засгийн газрын нөөц сан, Эрсдэлийн сангийн зарцуулалтын тайланг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төсвийн тухай хуулийн 54.4-т заасан тайланд тусгаж Засгийн газар болон Улсьн Их Хуралд тайлагнана.” 31 дүгээр зүйлийн 31.3-т “Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийн зарцуулалтын явцад санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина” гэж Сангийн яамны эрх, үүргийг зааснаар нэхэмжлэгч миний асуудлыг Сангийн яам тусгай сангаас шийдвэрлэх бүрэн боломжтой тул энэхүү асуудлыг хариуцагчид даалгуулан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч Н.Г миний тархины баруун чамархай, дух, суурь хэсгийг хамарсан хавдарыг зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсний зардлын 60 хувь болох 33,279,700 /Гучин гурван сая хоёр зуун далан есөн мянга долоон зуун/ төгрөгийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.7 дах хэсгийг тус тус үндэслэн Засгийн газрын нөөц сангаас гаргуулан олгохыг хариуцагч Сангийн яаманд даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/3788 тоот албан бичгээр “тухайн үед ЭМБСШУХГ-ын даргаар ажиллаж байсан Н.Г-ийн ХБНГУ-д хөлийн хурууны яс нөхүүлэх мэс засал хийлгэсэн эмчилгээний зардлыг Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор батлан гаргасан “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам”-ын дагуу шийдвэрлэж өгөх хүсэлт”-ийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн байдаг. Харин Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн 2014.01.30-ны өдрийн 2/61-ө дугаар албан бичигт “Н.Г-ийн эмчилгээ хийлгэсэн өвчний онош нь зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх өвчний жагсаалтанд ороогүй тул эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх боломжгүй, танай байгууллага өөрөө шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байдаг. Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу Н.Г-ийн гадаадад эмчлүүлсэн зардлыг 2015 оны төсөвт тусгуулж шийдвэрлүүлэхээр Сангийн яамны Төсвийн бодлогын газарт МХЕГ-ын даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/3299 тоот албан бичгийг хүргүүлж байсан байна.
Харин Н.Г-ийн хөлний хагалгааг гадаадад зайлшгүй хийлгэх шаардлагатай гэсэн магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэр, эмчилгээ хийлгүүлсэн төлбөрийн талаарх баримт бичгүүд манай байгууллагад байхгүй байна. Н.Г-ийн өргөдөлд дурьдсанчлан 2013 онд манай байгууллагын төсөвт эмчилгээний зардал огт тусгагдаж батлагдаагүй бөгөөд тус эдийн засгийн ангилал дээр батлагдсан төсөв /мөнгө/ байхгүй байгаа болно. Энэ нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2012-2017 оны анх батлагдсан болон тодотгосон төсвийн хуваариас харах боломжтой. 2012-2017 онуудад манай газарт батлагдсан тэтгэмжийн зардлын задаргааг эдийн засгийн ангиллаар нь анх батлагдсан болон тодотгосон төсвөөр дэлгэрэнгүй нэгтгэсэн судалгаанаас харж болно. Мэргэжлийн хяналтын байгууллагын төсөвт Н.Г-ийн хөлөө эмчлүүлсэн зардал тусгагдаагүй тул байгууллагын зүгээс Н.Г-ийн “2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан эмчилгээний зардал олгох тухай хүсэлт”-ийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 351 дүгээр тушаалаар ХБНГУ-д хөлний хагалгаа хийлгэсэн эмчилгээний зардалд албан тушаалын сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж буюу 778,763 /долоон зуун далан найман мянга долоон зуун жаран гурав/-н төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр олгосон байна. Мөн Н.Г нь 2013 оны 10 дугаар сард Герман улсад эмчлүүлэхээр /хөлний хагалгаанд орох/ хүсэлт өгч, МХЕГ-ын даргын 2013.10.16-ны өдрийн 272 дугаар тушаалаар нэг сарын цалинтай чөлөө олгож байсан байна.
Иргэн Н.Г 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тархины хавдар авуулах хагалгаанд орж тус хагалгааны зардлын тодорхой хувийг олгож өгөх тухай хүсэлтийг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ирүүлснийг байгууллагын бичиг хэрэг 31-ний өдөр бүртгэж авсан байна.
Н.Г-ийн ирүүлсэн дээрх хүсэлтийн дагуу 2015 оны төсвийн тодотголд нэмж тусгуулахаар 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/93 тоот албан бичгийг Сангийн яамны Төсвийн бодлогын газарт хүргүүлсэн боловч тухайн үед шийдэгдээгүй /2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02:41:28РМ цагт Сангийн яамны төсвийн программаас татаж ирүүлсэн 2015 оны төсвийн тодотгосон хуваариас харагдана/.
Гэсэн хэдий ч тухайн үед ЭМБСШУХГ-ын даргаар ажиллаж байсан Н.Г-ийн нөхцөл байдлыг харгалзан үзэж 2015 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийж /2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 03:45:40РМ цагт Сангийн яамны төсвийн программаас татаж ирүүлсэн 2015 оны төсвийн тодотгосон хуваариас харагдана/ газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаар тушаал, Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 03 дугаар тогтоолыг үндэслэн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 10,8 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг олгосон байна.
Тархины хавдар авхуулсан эмчилгээний зардал хүссэн иргэн Н.Г-ийн хүсэлтийг дээрх тушаалын дагуу шийдвэрлэж олгосон мөнгө болон Сангийн яаманд төсвийн тодотголд нэмж тусгуулахаар хүргүүлсэн албан бичгийн тоотоор хаасан байх бөгөөд энэ нь ирсэн бичгийн бүртгэл хяналтын картаас харагдаж байна.
Тухайн үед Н.Г-г Герман улсад эмчилгээ хийлгэх 3 сарын хугацаанд нь байгууллагаас цалинтай чөлөө олгож, мөн жилийн эцсийн үр дүнгийн урамшууллуудыг олгож байсан байна.
3. Н.Г-ийн эмчилгээ хийлгэх хугацаанд болон эмчилгээ хийлгэсэнтэй холбоотойгоор МХЕГ-аас нийт 18.376.635 төгрөгийн тэтгэмжүүдийг олгосон байна./тэтгэмжийн задаргааг тайлбартайгаар хавсаргав/
4. Түүнчлэн жил бүрийн төсвийн төсөлд иргэн Н.Г-ийн эмчилгээний зардлыг тусгуулахаар санал явуулж байгаа боловч Сангийн яамнаас тус зардлыг нэмж тусган батлахгүй байгаа болно. Иргэн Н.Г-ийн эмчилгээний зардлыг 2018 оны төсвийн төсөлд эмчилгээний зардлын зөрүү болох 22,5 сая төгрөгийг нэмж тусгуулахаар дахин саналыг Сангийн яаманд хүргүүлсэн боловч Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 313 дугаар тушаалын дагуу Эрүүл мэндийн яаманд хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Энэ талаар Н.Г-д мэдэгдсэн болно.
Төсвийн тухай хуульд заасны дагуу манай байгууллага ирэх оны төсвийн талаарх саналаа зөвхөн Сангийн яаманд хүргүүлэх эрхтэй, харин манай байгууллагаас хүргүүлсэн саналын дагуу холбогдох зардлыг тусгах эсэх асуудлыг Сангийн яам шийдвэрлэдэг. Сангийн яам нь Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлд тусгагдсанаар “12.1.2. улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, ... төсвийн төсөл, тэдгээрийн тодотголын төслийг боловсруулах;”, улмаар Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах бүрэн эрхтэй.
Нэгэнт манай байгууллагын төсөвт тусгагдаагүй зардлыг гаргахыг Төсвийн тухай хуулиар хориглодог. Тухайлбал: Төсвийн тухай хуулийн 6.4.8-д “төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх”, 16.5.4-д “төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” 41.2.2-т “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах”, 42.7-т “Төсөвт зохицуулалт хийхдээ хөрөнгийн болон урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх, төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан байна.
5. Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам”-ын 2.1-т “Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн жагсаалт"-д орсон өвчин, эмгэгтэй болохыг нь улсын хэмжээний үйлчилгээтэй төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын зөвлөлгөөнөөс тогтоож, дүгнэлт гаргуулсан иргэн санхүүгийн дэмжлэг авах тухай хүсэлтээ эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тавина”, мөн журмын “Иргэний хүлээх үүрэг” гэсэн 3.1-т “Гадаадад оношлуулах, эмчлүүлэх талаар эмнэлгийн дүгнэлт гарсан бол санхүүгийн дэмжлэг хүссэн иргэд өргөдлөө дараахь материалын хамт бүрдүүлэн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ’’ гэж заасан байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Эрүүл мэндийн тухай хуулийн тавдугаар бүлэг буюу 23-24 дүгээр зүйлд зааснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт нь улсын төсөв, иргэний эрүүл мэндийн даатгал, Засгийн газрын тусгай сан болон аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэний хандив, эрүүл мэндийн байгууллагын төлбөртэй халамж, үйлчилгээ болон бусад үйл ажиллагааны орлого, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ гэж зохицуулсан. Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоогоор аливаа иргэний хувьд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг дараах хэлбэрээр санхүүжүүлж байна. Үүнд:
1. Төлбөрийг нь төр хариуцах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төрийн өмчит бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан хүргэж, зардлыг нь буюу үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж байна.
2. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэдийн хувьд Засгийн газрын тусгай сангийн нэг болох Эрүүл мэндийн даатгалаас санхүүжих эмнэлгийн тусламж үйлчилгээг төрийн болон хувийн өмчит эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан урьдчилан баталсан төлбөрийг авч байна.
3. Дээрх 2 төрлийн санхүүжилтэд хамрагдаагүй тусламж үйлчилгээний төлбөр, эрүүл мэндийн байгууллагын төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөр, эсвэл даатгалд хамрагдаагүй иргэнд үзүүлэх тусламж, үйлчилгээний төлбөр болон бусад хэлбэрийн нэмэлт төлбөрийн хувьд тухайн эмчлүүлэгч иргэн хариуцахаар байна.
4. Харин Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний жагсаалтыг ЭМЯ-наас жил бүр шинэчлэн баталж, уг жагсаалтад орсон аливаа тусламж, үйлчилгээг гадаад улсад явж эмчлүүлэх тохиолдолд зөвхөн эмчилгээний зардлын тодорхой хувийг төрөөс хариуцаж байна. Одоогийн хууль тогтоомжийн хүрээнд улсын төсвөөс Төрийн албан хаагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой зардлыг дараах хэлбэрээр шийдвэрлэж байна.
Үүнд: 1. Улсын Их Хурлаас батлагддаг жил бүрийн төсвийн хуульд тусгасны үндсэн дээр ажил олгогчоос төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажиллаж буй байгууллагаар нь дамжуулан төсвөөс төлж байна. Ингэснээр төрийн албан хаагч нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, даатгалаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдах боломжтой бөгөөд, тусламж, үйлчилгээний төлбөрийг нь ЭМДС-аас тусламж үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагад олгож байна.
2. Төлбөрийг төр хариуцах тусламж, үйлчилгээ болон бүх шатны төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагаас үнэ төлбөргүй үзүүлж буй аливаа тусламж үйлчилгээнд төрийн албан хаагч нь Монгол Улсын бусад иргэдийн адил хамрагдах боломжтой байна.
3. Мөн дээрх 1 болон 2-т заагдаагүй боловч Монгол Улсад буюу дотоодод эмчлүүлэх боломжтой эрүүл мэндийн бусад тусламж, үйлчилгээг дотоодод үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад хандан тусламж, үйлчилгээ авах боломжтой юм. Энэ тохиолдолд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг тухайн иргэн хариуцах ба хуульд заасны дагуу байгууллага, хамт олон, аж ахуйн нэгжийн хандив, тусламж, бусад эх үүсвэрийг татах боломжтой байна.
4. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д “эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаадад эмчлүүлсэн эмчилгээний зардлын 60-аас доошгүй хувийг төр хариуцна.” гэсэн заалттай холбоотойгоор Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журмаар зохицуулдаг бөгөөд Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын холбогдох алба нь гадаад оронд оношилгоо, эмчилгээ хийлгэх хүсэлт гаргасан иргэдийн өргөдлийг хүлээн авч судлах, шаардлагатай бол холбогдох эмнэлгийн байгууллагаар нарийвчлан судлуулж саналаа Зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлүүлдэг болно.
Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох тус журмын 1.4-т “Зайлшгүй шаардлагаар гадаад оронд эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг эрүүл мэндийн сайдын төсвийн багцад жил бүр тусгана.” гэж заасны дагуу жил бүр 500 сая төгрөгийг Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад тусган, дээрх журмын дагуу зарцуулагдаж байна.
Гэвч нэхэмжлэгч Н.Г-ийн нэхэмжлэлд дурдсанаар “...гадаад улсад өмчлүүлэх зайлшгүй шаардлагатай өвчний жагсаалтад миний эмчлүүлсэн өвчний онош орсон..” гэсэн байгаа нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дараах шийдвэрүүдтэй нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Үүнд: 1. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 313 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын иргэн өөрийн оронд эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалт”-д хамаарч буй эсэх; 2. Эрүүл мэндийн сайдын 2010-09-21-ний өдрийн 335 дугаар тушаалын 1-р хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, түүний өртгийн жин” ийн бүлэгт хамаарах эсэх нь тодорхой бус байна. 3. Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан Гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам”-ын хавсралтын 2.1-д “Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн жагсаалт”-д орсон өвчин, эмгэгтэй болохыг нь улсын хэмжээний үйлчилгээтэй төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын зөвлөгөөнөөс тогтоож, дүгнэлт гаргуулсан иргэн санхүүгийн дэмжлэг авах тухай хүсэлтээ эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тавина, мөн 3,1-т Гадаадад оношлуулах, эмчлүүлэх талаар эмнэлгийн дүгнэлт гарсан бол санхүүгийн дэмжлэг хүссэн иргэд өргөдлөө дараах материалын хамт бүрдүүлэн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж заасан байна.
4. Иргэн Н.Г-д Эрүүл мэндийн яаманд 2017 оны 3 дугаар сард Солонгос улсад эмчлүүлсэн эмчилгээний зардалд дэмжлэг хүссэн хүсэлтийн дагуу Эрүүл мэндийн сайдын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Гадаадад эмчилгээ хийгдсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай” А/116 дугаар тушаалын Д-22 дах /яс, зөөлөн эдийн нөхөн сэргээх мэс засал/ заалтын дагуу 5.8 сая төгрөгийн дэмжлэг олгосон байна.
5. Н.Г нь 2014 онд Герман улсад тархины хавдар авахуулах эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг хүссэн хүсэлтийг Эрүүл мэндийн яаманд гаргаагүй тул тус яамнаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргаагүй тухай Эрүүл мэндийн яамны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны 2/4117 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүгчид хүргүүлсэн албан бичигт тусгасан байна.
Иймд Герман улсад хийлгэсэн эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн сайдын багцад тусгагдсан зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд олгох санхүүжилтийн дэмжлэгт хамааруулан олгох боломжтой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Г нь “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хуулийн дагуу гадаадад эмчлүүлсний зардлыг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, миний гадаад улсад эмчлүүлсний зардлын 60 хувь болох 33,279,700 /Гучин гурван сая хоёр зуун далан есөн мянга долоон зуун/ төгрөгийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.7 дах хэсгийг тус тус үндэслэн Засгийн газрын нөөц сангаас гаргуулан олгохыг хариуцагч Сангийн яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тус тус даалгах” тухай нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянаж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэснийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрллээ.
Нэхэмжлэгч Н.Г нь улсад 32 жил ажилласан бөгөөд 2009-2016 оны 9 сар хүртэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол, соёл шинжлэх ухааны хяналтын газрын даргаар ажилласан байна.
Нэхэмжлэгч нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ажиллаж байх үедээ хүндээр өвдөж улмаар баруун чамархай суурь хэсгийг хамарсан хавдар оношоор оношлогдон 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ХБНГУ-д 24806,7 евро буюу 55466.2 мянган төгрөгийн үнэ бүхий хагалгаа хийлгэсэн байна.
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 121 дугаар “Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэний эмнэлгийн дүгнэлт”, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 313 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын “Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалт” зэргээс үзвэл гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалтад Н.Г-ийн өвчний онош орсон байх бөгөөд хагалгааны зардалд 24806,7 евро буюу 55466.2 мянган төгрөг зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.
Нэг. Нэхэмжлэгчийн “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрарт холбогдуулан гаргасан эмчилгээний зардал олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Н.Г нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтын дагуу эмчилгээний зардлын зохих хувийг олгож өгнө үү” гэх хүсэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий дарга Д.Батмөнхөд гаргаж байсан төдийгүй хариуцагч уг хүсэлтийн дагуу эмчилгээний зардлыг жил бүрийн төсөвт тусгуулахаар саналаа Сангийн яамны төсвийн бодлогын газарт явуулж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаар “Буцалтгүй тусламж үзүүлэх тухай” тушаалаар Н.Г-д гадаадад эмчлүүлсэн эмчилгээний төлбөрийн тодорхой хувь гэж 10 сая 800 мянган төгрөг олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь Н.Г-ийн өргөдлийн дагуу эмчилгээний төлбөрийн тодорхой хэсгийг өөрсдийн нөөц бололцооны дагуу олгосон, гадаадад эмчлүүлсэн эмчилгээний зардлыг жил бүрийн төсөвт тусгуулахаар саналаа удаа дараа явуулсан боловч Сангийн яамнаас тус зардлыг нэмж батлаагүй байх ба Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг Н.Г-ийн гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан гэж үзэхээргүй байна.
Учир нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8-т “төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх”, мөн хуулийн 16.5.4-т “төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 41.2.2-т “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах”, 42.7-д “Төсөвт зохицуулалт хийхдээ хөрөнгийн болон урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх, төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаас үзвэл төсөвт тусгагдаагүй мөнгийг Н.Г-ийн эмчилгээний зардал гэж шууд олгох боломжгүй байсан байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан Мэргэжлийн Хяналтын ерөнхий газар хуулийн дагуу гадаадад эмчлүүлсэний зардлыг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Хоёр. Н.Г-ийн “гадаадад улсад эмчлүүлсний зардлын 60 хувь болох 33.279.700 төгрөгийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д зааснаар Төрийн жинхэн албан хаагчийн баталгааг хангуулж эмчилгээний зардлыг олгохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгах, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.7 дахь хэсэгийг тус тус үндэслэн Засгийн газрын нөөц сангаас гаргуулан олгохыг хариуцагч Сангийн яаманд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд төрийн албан хаагчийн баталгааг хуульчилж өгсөн бөгөөд 27.1.8-д “...магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах”, 27 дугаар зүйлийн 27.4. “Энэ хуулийн 27.1.5, 27.1.8, 27.2.5-д заасан нэмэлт баталгаатай холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус зааж өгсөн байна.
Хэдийгээр Засгийн газраас уг асуудлаар нарийвчилсан журам гараагүй ч журмаар зохицуулаагүй гэдэг үндэслэлээр шүүх Төрийн албан хаагчийн баталгааг эдлүүлэхгүй гэх үндэслэлгүй байна.
Төрийн албаны тухай хуульд заасны дагуу “төр” гэдэгт ажиллаж байсан хуулийн этгээд болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, түүнчлэн эмчилгээний зардал төсөвтэй холбоотойгоор санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яам тус тус хариуцахаар хуулиар үүрэг болгосон байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь 2015-2017 оны төсөвт Н.Г-ийн эмчилгээний зардлыг тусгуулахаар санал явуулж байсан болох нь 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/93, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1/2345, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2/2060, 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/2368, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/1682 дугаар албан бичгүүдээр тогтоогдож байна.
Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн баталгааг эдлүүлж эмчилгээний зардлыг төсөвт суулгаж өгөөгүй нь Сангийн яамны буруу бөгөөд төр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, гүйцэтгэх ажил, үйлчилгээний онцлог, зарцуулах хөрөнгийн хэмжээг харгалзан санхүүжилтийн хэлбэрийг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно”, 30 дугаар зүйлийн 30.5-т “Засгийн газрын нөөц сан, Эрсдэлийн сангийн зарцуулалтын тайланг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төсвийн тухай хуулийн 54.4-т заасан тайланд тусгаж Засгийн газар болон Улсын Их Хуралд тайлагнана”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийн зарцуулалтын явцад санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина” гэж Сангийн яамны эрх, үүргийг зааж өгснөөс үзвэл нэхэмжлэгчийн гадаадад эмчлүүлсэн эмчилгээний зардлыг Сангийн яам тусгай сангаас шийдвэрлэх боломжтой байна.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Тухайн жилийн төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд энэ хуулийн 8.1-д заасан сангийн хөрөнгийг зарцуулна”, 8.3.7-д “байгууллага, иргэдээс тавьсан хүсэлт болон цаг үеийн шинжтэй зарим асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах зардал” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн хуульд заасан төрийн албан хаагчийн баталгааг хангах боломжтой байна.
Хариуцагч мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч “хэрэв мэргэжлийн хяналтын ерөнхий газарын төсөвт нэхэмжлэгчийн эмчилгээний зардлыг суулгаад өгвөл буцалтгүй тусламжаар олгосон 10.800.000 төгрөгийг суутгаад үлдэх эмчилгээний зардал болох 22.500.000 төгрөгийг бид олгоход татгалзах зүйлгүй” гэж шүүх хуралдааны явцад тайлбарласныг дурьдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний зардлыг олгохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгах, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.7 дахь хэсэгийг тус тус үндэслэн Засгийн газрын нөөц сангаас гаргуулан олгохыг хариуцагч Сангийн яаманд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3,Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3.7, 8.7, 28 дугаар зүйлийн 28.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хуулийн дагуу гадаадад эмчлүүлсний зардлыг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардлын 60 хувь болох 33,279,700 төгрөгөөс үлдэгдэл 22,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Г-д олгохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад, гадаад улсад эмчлүүлсний зардлын 22,500,000 төгрөгийг төсөвт оруулахыг хариуцагч Сангийн яаманд тус тус даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ