Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2021/0407

 

                                                                                                                               

“Э Ж Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Б.Ө, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарыг оролцуулан, би Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 404 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлын дагуу “Э Ж Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 404 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтаар: Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 43 дугаар зүйлийн 43.1, 43.5, 57 дугаар зүйлийн 57.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2,  Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 7 дугаар зүйлийн 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 21 дүгээр зүйлийн 21.4, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 28 дугаар зүйлийн 28.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 250012681 дугаартай актын төлбөр тогтоосон нийт 575,914,644.6 төгрөгийн төлбөрөөс 2013 онд 1,770,791,980.00 төгрөг, 2014 онд 1,650,933,057.90 төгрөг, 2015 онд 1,542,900,373.83 төгрөг, 2016 онд 1,676,262,524.49 төгрөг, нийт 6,640,887,936.00 төгрөгийн жонш борлуулсны орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцсон гэх зөрчилд ногдуулсан 332,044,396.80 төгрөгийн нөхөн татвар, 99,613,319.05 төгрөгийн торгууль, 103,982,559.57 төгрөгийн алданги нийт 535,640,275.40 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Э Ж Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох маргаан бүхий актын дөрөв, тав, зургадугаар хэсэг болох 2015 онд 4,325,610.6 төгрөгийг хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй гэх зөрчилд ногдуулсан 1,126,580.0 төгрөгийн торгууль, 585,822.0 төгрөгийн алданги, нийт 1,712,403.0 төгрөгийн төлбөрийг, 2016 онд 14,290,065.90 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй гэх зөрчилд ногдуулсан 1,314,868.3 төгрөгийн торгууль, 696,880.20 төгрөгийн алданги, нийт 2,011,748.00 төгрөгийн төлбөрийг, 2013 онд “Б Ж” ХХК-д 120,000,000 төгрөгийн жонш борлуулсан орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэх зөрчилд ногдуулсан 12,000,000 төгрөгийн нөхөн татвар, 6,000,000 төгрөгийн торгууль, 36,000 төгрөгийн хүү, нийт 18,036,000 төгрөгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Б.Э, Б.Д нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... “Э Ж Б” ХХК-ийн ... 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу татварын улсын байцаагч ... нар хяналт шалгалт хийж ... 250012681 дүгээр татварын улсын байцаагчийн актаар 575,914,644.6 төгрөгийн нөхөн татвар, алданги, торгуулийг ногдуулсан ... татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх ... нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт: Нэхэмжлэгч “Э Ж Б” ХХК нь Дундговь аймгийн Хулд сумын Түймэр цагаан нэртэй газарт орших жоншны илэрч бүхий талбайгаас орон нутгийн бичил уурхай эрхлэгч нэр бүхий нөхөрлөл, хувь хүнээс жонш худалдан авч, экспортод гаргасан болох нь 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/01 дүгээр, 2014 оны 05 дугаар сарын 14/01 дүгээр, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 15/06/10 дугаартай Бичил уурхайгаас ашигт малтмал худалдан авах тухай гурвалсан гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2015/01 дугаартай Орон нутгийн хөгжлийг дэмжих хамтран ажиллах гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн бөгөөд харин тухайн олборлосон жоншны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр улсад төлөгдсөн эсэхийг шүүх шалгаагүй, энэ талаар нотлох баримт бүрдүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дутуу явагдсан гэж үзэхээр байна.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Үүнтэй адил үйл баримтыг дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр өмнө нь багагүй гарсан, тухайлбал, Улсын дээд шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 200 дугаар тогтоолд ... Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаас үзвэл ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбай, уурхайн эдэлбэрээс ашигт малтмал олборлосон, уг олборлосон ашигт малтмалаа худалдсан, худалдахаар ачуулсан, эсхүл бусдад худалдахгүйгээр өөрөө ашигласан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр байна.

Харин уг хуулийн заалтаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн өөрөө олборлолт явуулахыг шаардахгүй байх тул өөрийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас бусад этгээдээр ашигт малтмал олборлуулсан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч төлөх үүрэгтэй гэж үзнэ хэмээн дүгнэснийг үндэслэсэн байна.

Шүүхээр хянагдаж шийдвэрлэгдэж буй маргаан бүр өөрийн гэсэн онцлогтой, үйл баримтууд нь өөр өөр байдаг тул улсын дээд шүүхийн шийдвэрийг үндэслэн маргааныг шийдвэрлэх үндэслэлгүй бөгөөд энэ нөхцөл байдалд шүүгч тухайн маргааны шийдвэрийг урьдчилан гаргасан байна гэж үзэхээр байна. Энэ нь мөн хэргийг үнэн бодитойгоор шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд хууль буруу хэрэглэсэн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлээгүй, маргааны үр дүнг урьдчилан дүгнэж шийдвэрлэсэн байсан зэрэг нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд нөлөөлсөн тул ... анхан шатны шүүхийн ... 404 дүгээр шийдвэрийн ... тогтоох хэсгийн 1 дэх заалтын 535,640,275.40 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгосон хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хуулийг зөв тайлбарлан маргааныг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 250012681 дүгээр актаар 6,940,124.682.8 төгрөгийн зөрчил илрүүлж, 360,106,503.9 төгрөгийн нөхөн татвар, 110,170,481.2 төгрөгийн торгууль, 105,601,659.5 төгрөгийн алданги, 36,000 төгрөгийн хүү, нийт 575,914,644.6 төгрөгийн төлбөр ногдуулж, нэхэмжлэгч “Э Ж Б” ХХК-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч “Э Ж Б” ХХК актын тогтоох хэсгийн 2,3 дахь хэсэгтэй маргахгүй харин 1,4,5,6 дахь хэсгийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Нэхэмжлэгч татварын улсын байцаагч нарын актын дээрх хэсгийг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 92 дугаар тогтоолоор татварын улсын байцаагч нарын  2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 250012681 дугаар актыг хэвээр баталжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “... 2013 онд 1,770,791,980.00 төгрөг, 2014 онд 1,650,933,057.90 төгрөг, 2015 онд 1,542,900,373.83 төгрөг, 2016 онд 1,676,262,524.49 төгрөг, нийт 6,640,887,936.00 төгрөгийн жонш борлуулсны орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцсон гэж үзэж ногдуулсан 332.044.396.80 төгрөгийн нөхөн татвар, 99,613,319.05 төгрөгийн торгууль, 103,982,559.57 төгрөгийн алданги нийт 535,640,275.40 төгрөгийн төлбөрийг хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг “... бусдаас ашигт малтмал худалдан авч, экспортод гаргасан нэхэмжлэгчийн тухайд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэг үүсээгүй нь тогтоогдсон ...” гэх үндэслэлээр хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 12 дугаар зүйлийн 12.1-д “... түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө”, 12.2-т “тухайн төрлийн татварын хуулиар уг татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийг нарийвчлан тогтооно” гэж заасан байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д  “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө” гэж тус тус зааснаас үзэхэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /татвар/-ыг төлөх этгээд нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байх ба уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан тохиолдолд уг төлбөрийг төлөх зохицуулалттай байна.

Хэрэгт “Э Ж Б” ХХК нь өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй нь үнэн болох талаар тодорхойлсон Дундговь аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өрийн 1/272 дугаар, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 49 дүгээр, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/58 дугаар албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан 2013 оны 05 дугаар сарын 14, 2014 оны 05 дугаар сарын 14, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Бичил уурхайгаас ашигт малтмал худалдан авах тухай гурвалсан гэрээнүүд, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2015/01 дүгээр “Орон нутгийн хөгжлийг дэмжих хамтран ажиллах гэрээ” зэрэг нотлох баримтуудад үндэслэн “нэхэмжлэгч “Э Ж Б” ХХК нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын Наймдай хэмээх нэртэй газарт орших 25 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал /жонш/ олборлох MY-010598 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг боловч уг талбайд 2013-2016 онд олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй болох нь, мөн Дундговь аймгийн Хулд сумын түймэрт хэмээх нэртэй газарт орших талбайгаас орон нутгийн бичил уурхай эрхлэгч нэр бүхий нөхөрлөл хувь хүнээс жонш худалдан авч, экспортод гаргасан болох нь тус тус тогтоогдсон тул нэхэмжлэгч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэггүй” гэж дүгнэснийг хариуцагчаас баримтаар няцааж мэтгэлцээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... анхан шатны шүүх олборлосон жоншны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр улсад төлөгдсөн эсэхийг шүүх шалгаагүй, энэ талаар нотлох баримт бүрдүүлээгүй, шүүхээр хянагдаж буй маргаан бүр өөрийн онцлогтой, үйл баримтууд нь өөр байхад Улсын дээд шүүхийн тогтоолыг үндэслэн маргааныг шийдвэрлэх үндэслэлгүй, ... шүүгч шийдвэрийг урьдчилж гаргасан ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч компанийн 2013 онд “Б Ж” ХХК-д жонш борлуулсан 120,000,000 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд хариуцагч 12,000,000 төгрөгийн нөхөн татвар, 6,000,000 төгрөгийн торгууль, 36,000 төгрөгийн хүү нийт 18,036,000 төгрөгийн төлбөр ногдуулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 5 дугаар зүйлийн 5.1-т “тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон ... аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна”, 7 дугаар зүйлийн 7.1-д “энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн тухайн жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон ... орлогод албан татвар ногдоно”, 7.1.3-д “үйл ажиллагааны орлого” гэж, 8 дугаар зүйлийн 8.1-т албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно”, 8.1.1-д “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого” гэж заасантай нийцсэн, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, шийдвэрийн тус хэсэгт нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаагүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх маргаан бүхий актаар нэхэмжлэгчид ногдуулсан зөрчлийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах үндэслэлгүй талаар зөв дүгнэсэн байна.

Мөн маргаан бүхий актын тогтоох хэсгийн 4, 5 дугаар хэсэгт нэхэмжлэгчийг 2015 онд 4,325,610.0 төгрөгийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ хугацаанд төсөвт төлөөгүй 105 хоногоор, 2016 онд 14,290,065.9 төгрөгийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй 198 хоногоор хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй,  Татварын ерөнхий хуулийн /2006 оны/ 43 дугаар зүйлийн 43.5-д “татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэж, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 28 дугаар зүйлийн 28.1-т “суутгагч нь энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 8.1, 11 дүгээр зүйл, 13 дугаар зүйлийн 13.1.3-13.1.4, 14.1.1, 15 дугаар зүйлд заасны дагуу суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд ирүүлнэ”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 21 дүгээр зүйлийн 21.4-т албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ” гэж заасантай нийцсэн, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэстэй, нэхэмжлэгчээс шийдвэрийн тус хэсэгт давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу маргаан бүхий акт үндэслэлтэй эсэх, тус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцсэн, маргаан бүхий актад дурдагдаагүй асуудлыг шалгаж тодруулах үүрэггүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... тухайн олборлосон жоншны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр улсад төлөгдсөн эсэхийг шүүх шалгаагүй, энэ талаар нотлох баримт бүрдүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дутуу явагдсан гэж үзэхээр байна” гэх давж заалдах  гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Мөн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Улсын Дээд шүүхийн 2015 оны ... 200 дугаар тогтоолын “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч төлөх үүрэгтэй” талаарх дүгнэлтийг оруулахдаа “... үүнтэй адил үйл баримтыг дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр өмнө нь багагүй гарсан” гэсэн   агуулгаар тайлбарласан нь учир дутагдалтай байх боловч энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэлгүй байна. 

Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд Улсын дээд шүүхийн хууль тайлбарласан хэсгийг энэхүү маргааны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх эсэхтэй холбоотой хэсгийн тухайд шүүхүүд хуулийг нэг мөр тайлбарлан хэрэглэх зарчмын хүрээнд дурдах боломжтой боловч анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн Улсын дээд шүүхийн тогтоолын Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг тайлбарласан хэсгийг “тухайн маргааны үйл баримтыг дүгнэгдсэн байна” гэж үзэх үндэслэлгүй юм.

 Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 404 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                 Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ