Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2017/00192

 

Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

      Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 

            Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 324 дүгээр шийдвэр,

            Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 27 дугаар магадлалтай,

            Г-ийн нэхэмжлэлтэй,

            Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

            Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Нэхэмжлэгч Г-ийн нэхэмжлэл болон тайлбарт: Миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1561 дугаартай шүүгчийн захирамжаар 16050578 дугаартай шийдвэр гүйцэтгэх хуудасны дагуу 29.537.782 төгрөгийг Хас банкинд төлөхөөр болсон. Гэтэл шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр миний өмчлөлийн Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 20-р байрны 3-24 тоотод байрлах 26.04 м.кв 3 өрөө орон сууцыг “Ашид билгүүн” ХХК-иар хөрөнгийн үнэлгээ гаргуулж 37.750.000 төгрөгөөр үнэлж дуудлага худалдаа явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний өмчлөлийн тухайн орон сууцны зах зээлийн ханш 45.000.000 төгрөгийн үнэтэй бөгөөд дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү. Би Хас банкинд 2015 онд гал тогоо тусдаа 2 өрөө байраа барьцаанд тавьж 25.000.000 төгрөгийн зээл авсан. Үүн дээр маргаан байхгүй. Хас банк надад 3 сарын хугацаа өгснөөр эвлэрч шүүхийн шийдвэр гарсан дээр маргаан байхгүй. Би тохирсон 3 сарын хугацаандаа төлбөрөө төлөөгүй учраас шийдвэр гүйцэтгэх албан дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэнд маргаан байхгүй. Би одоо энэ байрандаа амьдарч байгаа. 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гарсан шинжээчийн дүгнэлтийг надад 5 дугаар сарын 30-ны өдөр танилцуулаад үнэлгээг зөвшөөрөхгүй бол 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэхээр нь гомдол гаргасан. Шийдвэр гүйцэтгэх алба хүсэлтээ гаргаад “Ашид билгүүн” ХХК-иар үнэлгээ тогтоолгосон тул хариуцагчаар шийдвэр гүйцэтгэх албыг татаж “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд гомдол гаргаагүй гэжээ.

 

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн тайлбарт: Эхлээд энэ нэхэмжлэлийг шүүхэд өгөхөд хүлээн авахаас татгалзаж буцаасан байдаг. Үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь Шийдвэр гүйцэтгэх албаны томилсон шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж шаардлага гаргасан. Гомдлоо 7 хоногт гаргахаар шийдвэрлэж өгсөн байсан. 7 хоногийн дотор гомдол гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой биш байна гээд буцаасан. Тухайн байгууллага шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон байгаа учраас гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан байсан. Шүүхээс буцаасан талаарх баримтаа надад өгөөгүй. Би дараа нь өмгөөлөгчөөр гэрээ байгуулж орсон гэжээ.

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуяагийн тайлбарт: Г-д холбогдох материал нь 2015 онд Хас банкнаас авсан зээл нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Х1561 дугаартай захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байдаг. Уг захирамжийг гүйцэтгэх хуудас бичигдэж ирээд тус алба 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 16050578 гэсэн хувийн хэргийн дугаартай үүсгэн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Г-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000278 дугаартай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 20 дугаар байрны 3-2-24 тоотод 26,04 м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор шинжээчээр “Ашид билгүүн” ХХК-ийг томилж, мэргэжлийн үнэлгээчнээр дээрх барьцааны үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон. Шинжээчийн дүгнэлт 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 33.750.000 төгрөгөөр гарсан болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болохоор заасан тул манай байгууллага 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчтэй уулзаж үнэлгээг танилцуулсан байгаа. Гэтэл 5 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 6 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Манай байгууллага үнэлгээ тогтоох эрхтэй байгууллага биш, үнэлгээ гаргадаггүй учраас “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх хариуцагч болж оролцох боломжгүй. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 992 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзсэн байгаа. Төлбөр төлөгч нь дахин шинжээч томилуулах талаар санал хүсэлт гаргаагүй. Дуудлага худалдаа явагдаагүй байгаа. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ямар нэгэн байдлаар төлбөр төлөгч нь ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэгчид энэ үнийн санал тийм байна гэж манай байгууллага дээр хүсэлт гаргасан тохиолдол байхгүй болно гэжээ.

         Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээр: 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1561 дугаартай захирамжийн үндсэн дээр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу гарсан “Ашид билгүүн” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Г /ДЗ81031513/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

         Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 27 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 324 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгч Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.25-ны өдрийн 324 тоот шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2017.10.27-ны өдрийн 27 тоот магадлалыг тус тус Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул дараах хяналтын шатны гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 заасны дагуу 7 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргахаар заасан анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 156.1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийг гомдлоор авч хэлэлцэх маргаан байтал нэхэмжлэлээр хүлээн авч шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт зааснаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэл бүхий хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Г нь Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн “Ашид билгүүн” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмыг зөрчөөгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

         Нэхэмжлэгч Г нь Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн атлаа үүргээ сайн дураар биелүүлээгүй тул шүүгчийн захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхэлсэн байна.

         Төлбөр төлөгч Г төлбөрийг сайн дураар төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны зүйл болох Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Баянхайрхан, 20 дугаар байрны 24 тоотод байрлах, 2 өрөө, 26,04 м.кв талбай бүхий орон сууцыг актаар битүүмжилж, хадгалалт хамгаалалтыг нь төлбөр төлөгчид хариуцуулан хураан авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн ба нэхэмжлэгч нь энэ үнэлгээний тайлантай 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр танилцсан боловч энэ талаарх гомдлоо 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан байна. Иймээс нэхэмжлэгчийг үнэлгээний талаарх гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байх тул гомдлыг хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.     

          Барьцааны зүйлийн үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцсон гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн “Ашид билгүүн” ХХК нь барьцааны зүйл болох Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Баянхайрхан, 20 дугаар байрны 24 тоотод байрлах, 26,04 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Үнэлгээний Олон Улсын Стандартын дагуу зах зээлийн жишиг үнийн болон өртгийн хандлагын аргыг ашиглан тооцоолж, 33.750.000 төгрөг гэж зах зээлийн өнөөгийн үнэлгээг гаргасан байна.

         Харин нэхэмжлэгч Г нь дээрх үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй, ... түүний өмчлөлийн байр 45.000.000 төгрөгийн үнэтэй гэх боловч үнэлгээг хүчингүйд тооцуулах үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

      Төлбөр төлөгч Г нь шүүхийн шийдвэрээр баталгаажсэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба барьцаа хөрөнгийг битүүмжилж, хурааж, эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон дээрх ажиллагааг хийсэн нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.5, 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.

           Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хуульд зааснаар үнэлж, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 324 дүгээр шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 27 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Нэхэмжлэгч Г-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 70.200 /далан мянга, хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН