Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 246

 

  Ц.Анудар, Б.Алтантулга, С.Нямжаргал нарт

        холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоол,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 75 дугаар магадлалтай, 201511000195 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Анударын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, шүүгдэгч Б.Алтантулга, С.Нямжаргал нарын өмгөөлөгч Д.Урансувд нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 02 сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Олхонууд овогт Цогтсайханы Анудар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах”, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх хэргийг бүлэглэж үйлдэх” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Мөнх овогт Батсуурийн Алтантулга нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх хэргийг бүлэглэж үйлдэх” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бүргэд овогт Сувдмаагийн Нямжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх хэргийг бүлэглэж үйлдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар шүүгдэгч Ц.Анудар, Б.Алтантулга, С.Нямжаргал нарт холбогдох дээрмийн гэмт хэргийн хохирлоос 30,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Ц.Анударыг бусдын эд хөрөнгийг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн бүлэглэж дээрэмдсэн, мөн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Б.Алтантулга, С.Нямжаргал нарыг бусдын эд хөрөнгийг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн бүлэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Ц.Анударт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ц.Анударын эд хөрөнгийг хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Алтантулгын эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил 5 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар С.Нямжаргалын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 7 сар хорих ялаар тус тус шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Ц.Анударт оногдуулсан 5 жил 1 сар хорих ялаас 2 жилийг, Б.Алтантулгад оногдуулсан 3 жил 5 сар хорих ялаас 2 жилийг, С.Нямжаргалд оногдуулсан 2 жил 7 сар хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хасаж, Б.Алтантулгын биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар, С.Нямжаргалын биечлэн эдлэх ялыг 7 сарын хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Анударт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим хэсэг болох 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Анударт оногдуулсан 3 жил 7 сар, Б.Алтантулгад оногдуулсан 1 жил 5 сар, С.Нямжаргалд оногдуулсан 7 сар хорих ялуудыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх: шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Анудар, Б.Алтантулга, С.Нямжаргал, өмгөөлөгч Д.Урансувд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмгөөлөгч Ц.Бат-Өлзий хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... тухайн шөнө Ариунбуян гэх эмэгтэй 26-р байрны зүүн талаар явж байхад нь Б.Гомбо бас нэг залуутай хамт ирж, түүнийг хоргоож хамт жаахан сууя гэх зэргээр хүч хэрэглэн тэвэрч, машинд түлхэж суулгах гэхэд нь бүсгүй тэднээс зугтаж хамт явж байсан Ц.Анудар, Б.Алтантулга, С.Нямжаргал нар дээр очиж тусламж гуйсан. Энэ үед Б.Гомбо араас нь машинтай хөөгөөд бууж ирэхэд нь тэд “... эмэгтэй хүн дээрэлхлээ ...” гэж хэлсний төлөө Б.Гомбо тал тоосго гартаа барьж Ц.Анударын хамар луу цохихоор нь Ц.Анудар, Б.Алтантулга, С.Нямжаргал нар нь Б.Гомбыг 26-р байрны гадаа болон зүүн талын орцонд оруулж бүлэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Ийнхүү зодсон үйлдэл төгссөний дараа Ц.Анудар Б.Гомбын хүрэмний гадуур халаасыг ухаж “... биед чинь юу байна ...” гэхэд “... мөнгө байна ...” гээд халааснаасаа 90,000 төгрөгийг өөрөө гаргаж өгсөн байдаг. Ц.Анударын Б.Гомбоос мөнгө авах үйлдэлд Б.Алтантулга, С.Нямжаргал нар нь хамтарч оролцоогүй бөгөөд бүлэглэж үйлдсэн байдал ч тогтоогдоогүй. Хохирогч Б.Гомбо “... муруй хамартай залуу /Ц.Анудар/ миний хүрэмний гадуур энгэрийн халаасыг ухаж байснаа эд зүйлээ гаргаад ир гэхэд нь энгэрийн дотор халаасанд байсан 90,000 төгрөгийг өөрөө гаргаж өгсөн. Энэ үед хэнийг нь мэдэхгүй нэг нь миний баруун мөрнөөс бариад зогсож байсан ...” хэмээн мэдүүлдэг. Хохирогчийн энэ мэдүүлэг нь бүлэглэн дээрэмдэж авсан гэх утгыг илэрхийлж байх боловч энэ нь бусад нотолгооны хэрэгслээр давхар нотлогдоогүйгээс гадна хохирогч өөрөө мөрнөөс нь барьж байсан гэх хүнээ нэрлэж, мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй. Хэрэгт авагдсан баримтаар Б.Гомбын мөнгийг авсан үйлдэл нь ганцхан Ц.Анударын үйлдэл болох нь тодорхой байхад шүүх бүлэглэсэн гэдгийг нь сонгож нөгөөг нь үгүйсгэж байгаа үндэслэлээ тодорхой заагаагүй. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 99 дүгээр зүйлийн 99.2 болгон өөрчилж хөнгөрүүлээгүй явдал нь хууль буруу хэрэглэсэн үндэслэл бий болгож байна. Ц.Анудар нь одоо 4 сартай Тэмүүлэн гэдэг хүүхдийг харж асардаг. Шүүгдэгчийн хувийн байдал нь ял хойшлуулах үндэслэл болно.

Иймд Ц.Анударын хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 болгон өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Өмгөөлөгч Д.Урансувд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Б.Алтантулга, С.Нямжаргал нар нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байсан бөгөөд үйлдлээрээ нэгдсэн гэж шүүхээс дүгнээд ял шийтгэл оногдуулж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2-т заасныг зөрчсөн. Хохирогч Б.Гомбыг бүлэглэн зодоход гэрч Ариунбуянг өмгөөлөх, мөн Ц.Анударыг тоосгоор цохисон үйлдлүүд нь нөлөөлсөн.  Дээрэмдэх үйлдлийг зөвхөн Ц.Анудар нь өөрийн хүсэл зоригоор үйлдсэн байдаг. Уг үйлдэлд Б.Алтантулга, С.Нямжаргал нар хэрхэн ямар үйлдлээрээ нэгдсэн болохыг шүүх тогтоогоогүй. Иймд дээрэмдэх гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг үнэн зөвөөр тогтоож, Б.Алтантулга, С.Нямжаргал нарын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Ц.Анудар, Б.Алтантулга, С.Нямжаргал нар нь бусдыг хүч хэрэглэн зодож, эд зүйл, бэлэн мөнгийг нь дээрэмдсэн, мөн Ц.Анудар нь энэ хэргээсээ хойш иргэн А.Баярхүүг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Хэргийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгаж, уг ажиллагааг хууль зүйн дагуу хийсэн. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, тохирсон зүйлчлэлээр ял оногдуулсан. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Ц.Анудар, Б.Алтантулга, С.Нямжаргал нар нь бүлэглэж, согтуугаар 2015 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 26 дугаар байрны 1 дүгээр орцонд иргэн Б.Гомбыг хүч хэрэглэн зодож, 90,000 төгрөгийг дээрэмдсэн, мөн Ц.Анудар нь хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанд согтуугаар 2015 оны 7 дугаар сарын 6-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах 6 дугаар байрны хойд талын хүүхдийн тоглоомын талбайд хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн А.Баярхүүг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Ц.Анудар, Б.Алтантулга, С.Нямжаргал нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байх бөгөөд шүүх Ц.Анудар, Б.Алтантулга, С.Нямжаргал нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зөв зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.

Ц.Анудар, Б.Алтантулга, С.Нямжаргал нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдээгүй, “... зөвхөн Ц.Анудар ганцаараа мөнгийг авсан, бусад нь мэдээгүй ...” гэх боловч Ц.Анударын “... тэр ахтай маргалдаж, бүгдээрээ нийлж зодсон. Бас мөнгийг нь авсан ...” гэх /хх-9/, С.Нямжаргалын “... Ану биед чинь юу байна гээд энгэрийн дотор талын халааснаас нь мөнгийг нь аваад тоолоод 60,000 төгрөг байна гэж хэлсэн ...” гэх /хх-13/, Б.Алтантулгын “... Ану энгэрийн халаасыг нь ухаад мөнгийг нь авсан ...” гэх /хх-15/ анхны мэдүүлгүүд болон хохирогчийн удаа дараа тогтвортой мэдүүлсэн мэдүүлгүүдээр хохирогчийг орцонд оруулж, эд хөрөнгө шаардан довтолж, түүний улмаас учирч болох хор уршгийг Ц.Анудар, Б.Алтантулга, С.Нямжаргал нар урьдчилан мэдсэн атлаа хүсэж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр нэгдэн, уг санаагаа бодит байдлаар хэрэгжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл Ц.Анудар, Б.Алтантулга, С.Нямжаргал нар гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн бөгөөд гүйцэтгэгчийн үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх ялгамжтай ял оногдуулсан нь үндэслэлтэй болсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, Д.Уравсувд нарын гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Ц.Анудар нь тэнсэж хянан харгалзах хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн “... шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн ... ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг ... хойшлуулж болно.” гэсэн заалтыг хэрэглэх үндэслэлгүй байна.

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, Д.Урансувд нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 75 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, Д.Урансувд нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                          ДАРГАЛАГЧ,

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                       Т.УРАНЦЭЦЭГ                                                             ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ