Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 298

 

 

 

 

 

 

   2020         3          26   026262                            2020/ШЦТ/298

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Эд холбогдох эрүүгийн ..... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Ц.Э.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 50 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” бааранд үйлчлүүлж байсан хохирогч Б.Б-ын гээгдүүлсэн Айфоне 8 плас маркийн гар утсыг авч завшсаны улмаас 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Эын өгсөн:

“...Би 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өөрийн найз болох О-ий хамтаар Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Стелла нэртэй бааранд 22 цагийн орчимд орсон юм. Бааранд орохоосоо өмнө пабад сууж байгаад хүний 3 шил Сэнгүр пиво уусан байсан юм. Бааранд орохдоо жаахан согтчихсон орсон ба бааранд ороод бас 1 шил Сэнгүр пиво авч уусан юм. Ингээд бааранд сууж байгаад согтоод нэг мэдсэн унтчихсан байсан ба нэг сэрээд хартал найз О-ийн хажууд одоо хохирогч болох Б-а нь сууж байсан. Тэгээд би согтуу байсан учраас явлаа гэж уурлаад түүнээс болж бага зэргийн маргаан үүсээд, тэгээд гайгүй болох үед нь би эргэж сандал дээр суусан юм. Тэгээд тухайн үедээ согтуу манаралттай байсан учраас юу болсныг сайн санахгүй байгаа ба жаахан гайгүй болоод ухаан орохоор шууд гадуур хувцсаа өмсөөд гадагшаа гараад такси барьж яваад гэртээ харьсан. Баарнаас гадуур хувцсаа өмсөх гээд гарч явах үедээ хохирогч Б-ын унагаасан байсан гар утсыг авч гарснаа санахгүй байгаа.

Хяналтын камерын бичлэг үзэхэд би сандал дээр унагаачихсан байсан гар утсыг хувцсаа өмсөөд гарахдаа аваад гараад явчихаж байгаа дүрс бичлэг байсан. Би Б-ын нэхэмжилсэн 800,000 төгрөгийг өгч хохирлоо барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 43-44/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-ын өгсөн:

“...Би 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Стелла бааранд найз Батхүүгийн хамт орсон. Тэгээд хэсэг бүжиглэж байтал миний танил хүүхэн О-э таарсан. Бид хоёр түүний ширээн дээр хамт сууж хэсэг юм ярьж байхад хажууд түүний найз гэх нэг хүүхэн унтаж байсан. Хэсэг хугацааны дараа хажууд сууж байсан хүүхэн нилээн согтуу над руу уурлаад хэрүүл хийгээд байсан чинь Оюук чимээгүй бай гэж хэлэхэд нөгөө хүүхэн явлаа гээд байсан. Тэр үед би битгий яваа чи согтуу байна энд суу гээд суудал тавьж өгөөд хэсэг хугацаа өнгөрсний дараа босоод хамт явж байсан найз дээр очтол ширээ хоосон байхаар нь би үйлчлэгчийг дуудаад манай найзууд хаашаа явсан бэ миний цүнх хувцас хаана байна гэж асуухад танай найз үлдээгээд явсан гээд текэн дээрээс авч өгсөн. Тэгээд би гар утсаа гаргаж ирээд найз руугаа залгах гэтэл миний утас алга байхаар нь зөөгчийн утсыг гуйж өөрийн гар утас руу залгатал нэг дуудаад холбогдох боломжгүй болсон. Тэгээд найз руу залгаад утас авсан уу гэж асуухад аваагүй гээд буцаад хүрээд ирсэн. Тэр үед би нөгөө танил хүүхний хамт суусан ширээ лүү очиж үзэхэд нөгөө хоёр яваад өгсөн байсан. Тэгээд камер шүүж үзэхэд Оюуктай хамт байсан хүүхэн хувцсаа өмсөж байхдаа миний цагаан өнгийн гар утсыг халааслаж байгаа нь харагдсан. Тэгээд маргааш Оюуктай холбогдон хамт явсан хүүхэнтэй нь буюу Зулаатай уулзаад гар утас авч байгаа бичлэг чинь байна миний гар утсыг өгчих гэж хэлэхэд би аваагүй санахгүй байна бичлэгийг нь үзье гэж хэлсэн. Тэгээд Стелла бааранд очиход хаалттай байна боломжгүй Сидинд буулгаад өгье гээд сидинд бичиж өгсөн. Тэгээд би цагдаад хандсан.

Зулаа гэх хүүхэн би чиний утсыг авснаа санахгүй байна согтуу байсан учир мэдэхгүй байна би одоо гадуур чиний хохирлыг барагдуулах гээд гар утас үзээд явж байна таалагдах юм алга байна би өөрөө сайн мэдэхгүй байна чамд мөнгийг нь өгч болох уу гэж асуухаар нь тэг тэг гээд 5026907296 гэх дансны дугаараа өгтөл 800,000 төгрөг миний дансанд орсон. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 11-12, 14/,

 

- эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 16-18/,

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 22-23/,

- хохирогч Б.Б-ын “...өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан тул цаашид гаргах гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-н 45/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 27/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 29/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 50 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” бааранд үйлчлүүлж байсан хохирогч Б.Б-ын гээгдүүлсэн Айфоне 8 плас маркийн гар утсыг авч завшсаны улмаас 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ц.Эын “...Хяналтын камерын бичлэг үзэхэд би сандал дээр унагаачихсан байсан гар утсыг хувцсаа өмсөөд гарахдаа аваад гараад явчихаж байгаа дүрс бичлэг байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Б-ын “...камер шүүж үзэхэд Оюуктай хамт байсан хүүхэн хувцсаа өмсөж байхдаа миний цагаан өнгийн гар утсыг халааслаж байгаа нь харагдсан...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.Эыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-ын “...Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 14/, “...өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан тул цаашид гаргах гомдол санал байхгүй...” гэх хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Эд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос Ц.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Сиди нэг ширхэгийг хэрэгт хадгалан үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалан үлдээсүгэй.

 

            5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ