| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01278/и |
| Дугаар | 142/ШШ2016/01308 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 142/ШШ2016/01308
ШШ2016/01308 Орхон аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 7а-04 тоотод оршин суух, Буурал овгийн Банзрагчийн Цогтбаатар /РЭ670907779/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-2-56 тоотод оршин суух, Цагаан гэрүүд овгийн Бат-Эрдэнийн Лувсанбалдан /ИИ92042511/-д холбогдох
“1 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Цогтбаатар, Б.Лувсанбалдан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Цогтбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бат-Эрдэнэ овогтой Лувсанбалдан нь 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр миний Приус-20 загварын машиныг барьж яваад замын хажуу руу унагасан бөгөөд машин засварын мөнгө 1 300 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, бичгээр гэрээ хийсэн боловч одоо хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, утсаар залгахаар хэд хоног хүлээчих гэсээр 6 сар өнгөрлөө. Сүүлийн үед утсаа унтраагаад холбогдохгүй болсон. Иймд миний хохирлыг барагдуулж 1 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Лувсанбалдан нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Бат-Эрдэнэ овогтой Лувсанбалдан нь Б.Цогтбаатарын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 1 300 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Цогтбаатар нь хариуцагч Б.Лувсанбалданд холбогдуулан “1 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр хариуцагч Б.Лувсанбалдан нь нэхэмжлэгч Б.Цогтбаатарын нэхэмжлэлийн шаардлага болох 1 300 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргууллаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Цогтбаатарын нэхэмжилсэн 1 300 000 төгрөгийг хариуцагч Б.Лувсанбалдан төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Б.Лувсанбалдан нь Б.Цогтбаатарын 1 300 000 төгрөгийг сайн дураар эс төлбөл шийдвэрийн нэгэн адил албадан биелэгдэхийг дурьдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 35 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 35 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цогтбаатарт олгосугай.
3. Энэхүү тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА
ШҮҮГЧИД Д.АРИУНЦЭЦЭГ
Р.ҮҮРИЙНТУЯА