| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2020/0023/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/36 |
| Огноо | 2020-02-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: Д.Ганчимэг,
Хохирогч: С.Ж,
Шүүгдэгч: Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох 2029000000006 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг Цагаан-Овоогийн 14-7а тоотод 2019 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 03 цагийн орчимд хамтран амьдрагч С.Жтай маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: 12 сарын 25-ны өдөр шинэ жилдээ ороод өглөөгүүр гэртээ орж ирсэн бөгөөд маргааш нь манай хүн дахиад жаахан архи уусан. 12 сарын 27-нд манай шинэ жил болсон. Би орой 16 цаг өнгөрч байхад шинэ жилдээ явсан. Манай хүн найзуудтайгаа хамт караокед орно гэсэн учир би хэрэггүй гэж хэлсэн. Шөнө бид хоёр хоёулаа согтуу ирээд маргалдсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Ж мэдүүлэхдээ: 2019 оны 12 сарын 27-ны орой 18 цагт Б шинэ жилээ тэмдэглэх гээд явсан. Би гэртэй хүүхэдтэйгээ хамт үлдсэн. Утсаар ярихад нэлээн согтсон шинжтэй байсан. Би хүүхдээ дүүгийндээ хүргэж өгөөд найзтайгаа хамт таксинд явж байгаад гэртээ ирээд унтах гэж байхад манай ажлын газрын залуу над руу залгаад “ Чамайг таньдаг гэж ярьсан чинь танай нөхөр чамайг надтай хардаад байна. Муудалцах шахаад гарлаа” гэж хэлсэн. Цагийн дараа Б орж ирсэн. Архи уусан байсан учир би айсан. Үгийн зөрүүгүй намайг үсдээд зодож эхэлсэн. Үснээс зуураад гараа зангидаж байгаад цохиод боосон. Нэг гараараа үснээс бариад нөгөө гараараа цохиод байсан учир зугтаах ямар ч боломж байгаагүй. Хэсэг зууралдаж байгаад миний халаасанд утас байсан учир ах руугаа залгаад “ Намайг аллаа” гэж хэлсэн. Миний утас шидэгдээд алга болсон. Манай ах цагдаа дуудсан байсан. Манай гэрийн хаягийг мэдэхгүй учир манай дүү, хүргэн хоёрыг дуудсан байсан. Би бие засмаар байна гэж хэлэхэд “ Наад хувиндаа бие зас гэж хэлсэн” учир хувин авах гэж байгаа дүр үзүүлж гараад хаалгыг нь түгжээд зүүн айл руугаа зугтаасан. Цагдаа ирэх хооронд Б зугтсан байсан гэв.
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-2-р хуудас/,
- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч С.Жын мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,
- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 сарын 31-ний өдрийн №55 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/,
- Хохирогч С.Жын хохирлын баримт, эмнэлгийн хуудас, амбулаториор эмчлүүлэгчийн карт, цалингийн тодорхойлолт, гэрэл зураг /хх-ийн 32-35, 71-78-р хуудас/,
- Шүүгдэгч Б.Бын “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 37-р хуудас/,
- Шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, жолоочийн мэдээлэл лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, гэрлэлтийн талаарх лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, төлбөргүй талаарх лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 39-45-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Б.Б нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг Цагаан-Овоогийн 14-7а тоотод 2019 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 03 цагийн орчимд хамтран амьдрагч С.Жтай маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- хохирогч С.Жын: ...Үгийн зөрүүгүй намайг үсдээд зодож эхэлсэн. Үснээс зуураад гараа зангидаж байгаад цохиод боосон. Нэг гараараа үснээс бариад нөгөө гараараа цохиод байсан... гэх мэдүүлэг
- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 сарын 31-ний өдрийн №21 дугаартай шинжээчийн: “...С.Жын биед баруун талын нүдний доод, дээд зовхи, шанаа, чамархай, духны баруун тал хөхөрч, хавдсан, зүүн гарын шуу, бугалга, цээжний зүүн урд хэсэгт хөхрөлт үүссэн гэмтлүүдтэй байна. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. С.Жын биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар биеийн эрүүл мэндэд түр хугацаагаар нөлөөлөх учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№95, 97/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинж нь гэмт этгээд бусдын бие мах бодийн эсрэг санаатай идэвхтэй үйлдлээр халдаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл буюу хохирол учирснаар илэрдэг бөгөөд Б.Бын дээрх үйлдэл уг гэмт хэргийн шинжтэй тохирч байх тул прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийн дагуу тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж үзэх нь зүйтэй.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч С.Ж нь эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин нийт 7 500 000 төгрөгийг нэхэмжилж байх бөгөөд нэхэмжлэлийн зарим хэсэг болох 2 401 200 төгрөгийг хангаж, бусад хэсгийг хэлэлцэхгүй орхилоо.
Учир нь түүний хэрэгт өгсөн бичгийн баримтууд хуулбар, үсэг тоо нь харагдахгүй эм авсан гэх баримтууд нь хуулбар байх тул үнэн зөвд тооцох боломжгүй, бусад зардлын талаар баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Харин Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг хохирогчид төлөх үүрэгтэй” гэсний дагуу Энежри ресурс ХХК-ийн 2020 оны 2 сарын 10-ны өдрийн 20/430 албан бичигт хохирогч С.Жын нэг өдрийн цалинг 104 400 төгрөг гэж тодорхойлсныг /хх-71/ үндэслэн түүний эмнэлгийн магадалгаагаар нийт 23 хоног өвчтэй байсан /хх 72-73/ хугацааны цалин 104 400х23=2 401 200 төгрөгийг шүүгдэгч Б.Б төлөх үүрэгтэй гэж үзэв.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Баас 2 401 200 төгрөг гаргуулан хохирогчид олгож, мөн хохирогчийн биеийн байдал олон тооны цохилтоос үүссэн гэмтэл түүнээс шалтгаалах зовиур шаналгааны байдлыг нь харгалзан хэлэлцээгүй орхисон эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Харин шүүгдэгч Б.Б хохирогчийн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоног эм тарианы төлбөрт нийт 312 000 төлсөн төлөөр талууд маргаагүй болно.
Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлтэй.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав.
Өөрөөр хэлбэл түүний хувийн байдлын хувьд өөрийн үйлдлийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирогчид эмчилгээний зардалд тодорхой хэмжээгээр төлсөн төлсөн байдлыг нь үнэлж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний хувийн байдалд нь тохирсон мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Батчулууны Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Баас 2 401 200 төгрөг гаргуулан хохирогч С.Жд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 312 000 төгрөг төлсөн, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА