| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01248/и |
| Дугаар | 142/ШШ2016/01318 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 142/ШШ2016/01318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р Яргуйт толгод 11-12 тоотод оршин суух Хөх хамарт овгийн Бавуудоржийн Пагмадулам /РС87020706/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-1а-54 тоотод оршин суух, Харчу овгийн Батмөнхийн Батсолонго /ГЮ85053017/-д холбогдох,
“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавзан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Пагмадулам нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Б.Пагмадулам би 2008 онд Б.Батсолонготой танилцан 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 08 дугаар сарын 30-нд хүү Өсөх-Ирээдүй төрсөн. Одоо 5 настай. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2012 оноос эхлэн тусдаа амьдарсан. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжинд өсөн торнисон. Одоо бид тус тусын амьдралтай цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү, хүүхдээ би өөрийн асрамжинд авч эцэгээс нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж байна гэжээ.
Шүүх зохигчын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Пагмадулам нь хариуцагч Б.Батсолонгод холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Батсолонгод нь нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гардаж аваад, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээс татгалзах зүйлгүй гэсэн тайлбараа ирүүлжээ.
Б.Батсолонгод 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр болох шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 01-нд хийхээр товлосон. Гэсэн хэдий ч хариуцагч ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д заасны хариуцагчийн эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Б.Пагмадулам, хариуцагч Б.Батсолонго нарын дундаас 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүү Б.Өсөхирээдүй төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
Зохигчид 2008 онд танилцаад 2009 онд гэрлэлтээ батлуулж, 2011 оны 08 дугаар сарын 30-нд хүү Б.Өсөхирээдүй төрсөн, 2012 онд салахаар шийдэн тус тусдаа амьдарсан... гэсэн нэхэмжлэлд дурьдсан үйл баримтын талаар хариуцагч үгүйсгээгүй, эсэргүүцээгүй болно.
Гэрлэгчид зан харилцааны улмаас таарч тохирохгүй болж, хүүхэд төрснөөс хойш буюу 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа, одоо гэрлэгчид хэн аль нь гэр бүлээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөлгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хүү Б.Өсөх–Ирээдүй нь бага насны хүүхэд бөгөөд, төрснөөсөө хойш ээжтэйгээ амьдарч байгаа, хариуцагч Б.Батсолонго хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж, хүү Б.Өсөх-Ирээдүйг эхийнх нь асрамжинд үлдээж, эцгээс нь насанд хүртэл нь тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох 26 092 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б.Пагмадулам, Б.Батсолонго нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 08 дугаар сарын 30-нд хүү төрсөн хүү Б.Өсөх-Ирээдүйг эх Б.Пагмадуламын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 08 дугаар сарын 30-нд хүү төрсөн хүү Б.Өсөх-Ирээдүйг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Батсолонгоор сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Намуунцэцэгт даалгасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 26 092 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА