Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

               Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

               Улсын яллагч: Д.Ганчимэг,

               Шүүгдэгч: Т.Э, Ж.Б /өөрөө өөрсдийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Э, Ж.Б нарт холбогдох 2029000170021 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

            Шүүгдэгч Т.Э Ж.Б нар нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нүүрс тээврийн автомашин жолоодон явах үедээ “оочирт оруулсангүй” гэх шалтгаанаар маргалдан зодолдож, харилцан хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэг өгөхгүй гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэг өгөхгүй гэв.

- Т.Эын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,

- Ж.Бын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

- Ж.Б, Т.Э  нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 20-21-р хуудас/,

- Гэрч Б.Хүрэлбаатарын мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

- Гэрч И.Түвшинсайханы  мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас,

- Гэрч С.Дэлгэрхүүгийн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас,

- Гэрч Т.Билгүүний мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 95 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 97 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/,

- Шүүгдэгч Т.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 98, 101-112-р хуудас/,

- Т.Эын амбулаториор эмчлүүлэгчийн карт, төлбөрийн баримт /хх-ийн 89-96-р хуудас/,

- Шүүгдэгч Ж.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:

  Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт  Т.Э, Ж.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдэнд тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

  Шүүгдэгч Т.Э Ж.Б нар нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нүүрс тээврийн автомашин жолоодон явах үедээ “оочирт оруулсангүй” гэх шалтгаанаар маргалдан зодолдож, харилцан бие биедээ хөнгөн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Т.Эын: “...би газраас эхлээд чулуу аваад тэр ахруу шидсэн чинь оноогүй. Дараа нь дахиад чулуу газраас аваад шидсэн чинь тэр ах гарынхаа араар хаасан. Миний шидсэн чулууг аваад буцаагаад шидсэн чинь миний толгойн дээр оноод би газарт сөхрөөд ухаан алдсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,

- хохирогч Ж.Бын: “...Т.Э гэдэг залуугийн шидсэн чулуу нь миний нүүрлүү чиглээд ирэхээр нь би зүүн гарын ар хэсгээр хаагаад автал миний баруун нүдний хөмсөг шүргээд гарсан. Тэгэхээр нь миний уур хүрээд шидсэн чулууг нь буцаагаад өөрлүү нь шидсэн чинь Т.Э гэдэг залуугийн толгойн дээр нь онотол Т.Э газарт толгойгоо бариад сөхрөөд суусан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

- гэрч Б.Хүрэлбаатарын: “...тэр хоёр нэг нэгнийгээ харилцан цохиод байсан. Тэгэхээр нь би очоод тэр хоёрыг салгаад байж байтал нөгөө ах нүүрс тээврийн машинаасаа отверк аваад гараад ирсэн. ...Т.Э газраас чулуу авч Ж.Б гэдэг хүн рүү шидэхэд оноогүй. Тэгтэл Ж.Б нөгөө шидсэн чулууг аваад буцаагаад Т.Э гэдэг залуу руу шидэхэд толгойн тус газарт нь оноод газарт унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

  - гэрч С.Дэлгэрхүүгийн: “...тэр хоёр маргалдаж байтал 96-37 УБЯ улсын дугаартай машины жолооч 57-43 УНЗ улсын дугаартай нүүрс тээврийн машины жолооч ахын нүүрэн тус газарт нь цохиод авсан. Тэгтэл нөгөө 96-37 УБЯ машины жолооч машин дотроосоо лапатак аваад эхлээд шидэхэд оноогүй. Дараа нь дахиад газраас чулуу аваад шидэхэд тэр ах шидсэн чулууг гараараа хаатал тэр ахын хаасан гаран дээр нь онож ойгоод хөмсгөн дээр нь оносон. Тэгтэл нөгөө ах шидсэн чулууг нь буцаагаад тэр залуу руу шидсэн чинь толгойн дээр нь оноод тэр залуу газарт сөхрөөд унаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас,

- гэрч Т.Билгүүний: “...Интэр транс ХХК-ний 96-37 УБЯ улсын дугаартай нүүрс тээврийн машины жолооч, Ж.Б нар хоорондоо хэрэлдэж маргалдаад зодолдсон байсан. 96-37 УБЯ улсын дугаартай машины жолооч Т.Э гэдэг залуу нь толгойгоо хагалуулсан газарт суугаад цусаа гоожуулаад байж байсан. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 95 дугаартай: “...Т.Эын биед зүүн чамархай ба зулайн зааг хэсгийн хуйханд зах ирмэг нь тэгш бус шархтай, тархины доргилт, цээжний арын баруун доод хэсэгт зурагдалт үүссэн гэмтэлтэй байна. Зүүн чамархай ба зулайн зааг хэсэгт учирсан шарх нь мохоо зүйлээр, цээжний ард зурагдалт нь үзүүртэй зүйлээр тухайн хэргийн болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Т.Эын биед учирсан цээжний ард учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин хуйханд үүссэн шарх, тархи доргилт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/,

-Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 97 дугаартай: “...Ж.Бын биед зүүн гарын сарвууны арын хэсэг нийтдээ хавдаж, хөхөрсөн, баруун хөмсөгний дор, зүүн шанааны дээд хэсэг, баруун гарын сарвууны ард зулгаралт үүссэн гэмтэлтэй байна. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүссэн байх боломжтой. Гэмтэл үүссэн дэс дарааллыг тогтоох боломжгүй. Гэмтлүүд нь нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байж болох боловч үйлдлийн тоог тогтоох боломжгүй. Гэмтлүүд нь цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Ж.Бын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№95, 97/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинж нь гэмт этгээд бусдын бие мах бодийн эсрэг санаатай идэвхтэй үйлдлээр халдаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл буюу хохирол учирснаар илэрдэг бөгөөд Т.Э Ж.Б нарын дээрх үйлдэл уг гэмт хэргийн шинжтэй тохирч байх тул прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийн дагуу тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж үзэх нь зүйтэй.

Хохирол төлбөрийн тухайд:

Т.Эын “Ж.Б надад 350 000 төгрөг өгсөн ба одоо надад гомдол, санал байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 35-р хуудас/, Ж.Бын “бид бие биедээ гомдол саналгүй эвлэрч байна” гэх хүсэлт /хх-ийн 26-р хуудас/-т авагдсан тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч Т.Э, Ж.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлтэй.

Шүүгдэгч Ж.Б нь урьд ял шийтгэлгүй гэх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-р хуудас/,

Шүүгдэгч Т.Э нь урьд Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан /хх-ийн 101-106-р хуудас/,  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн /хх-ийн 107-112-р хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98-р хуудас/-аар тус тус тогтоогдлоо. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн ойлголт хуульчлагдаагүй байх тул Т.Э, Ж.Б нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э, Ж.Б нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав.

Өөрөөр хэлбэл тэдний хувийн байдлын хувьд өөрийн үйлдлийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа байдал, уг гэмт хэргийн зүйлээс гэмт хэргийн хор аюулын шинж чанарыг үнэлж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирлоо төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэднийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Т.Э, Ж.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.Э, Ж.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шавартай овогт Түмэндэмбэрэлийн Э, Боржигон овогт Жанчивдоржийн Б нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э, Ж.Б нарыг тус бүр 800 /найман зуу/-н тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч Т.Э, Ж.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэднээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.УРАНГУА