Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/39

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

            Улсын яллагч: Д.Ганчимэг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг,

            Шүүгдэгч: Н.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Оөд холбогдох 2029000090011 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.О нь 2019 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5 дугаар баг Шар довын 4-405 тоотод оршин суух иргэн С.Батбилэгийн гэрт нэвтэрч гар утас 3 ширхэг, мөнгөн аяга 1 ширхгийг, Лексус 470 маркийн 00-80 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээс Dell маркийн нөөтбүүк 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 2 200 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О мэдүүлэг өгөхгүй гэв.

-  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-22-р хуудас/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 25-р хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 28-р хуудас/,

- Хохирогч С.Батбилэгийн мэдүүлэг /хх-ийн 32-35-р хуудас/,

- Гэрч Б.Одгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

- “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн  2019 оны 11 сарын 09-ний өдрийн №01/02 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-р хуудас/,

- Шүүгдэгч Н.Оийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 52-53-р хуудас/,

- Шүүгдэгч Н.Оийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /54, 59-59-67-р хуудас/,

- Хохирогч С.Батбилэгийн хүсэлт /хх-ийн 111-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Н.О нь 2019 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5 дугаар баг Шар довын 4-405 тоотод оршин суух иргэн С.Батбилэгийн гэрт нэвтэрч гар утас 3 ширхэг, мөнгөн аяга 1 ширхгийг, Лексус 470 маркийн 00-80 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээс Dell маркийн нөүтбүүк 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 2 200 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч С.Батбилэгийн: “...2019 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө 07 цаг 45 минутад хүүхэд хичээлдээ явах гээд гар утсаа хайгаад олохгүй байхаар нь би өөрөө утсаараа залгаж үзэх гэсэн миний утас байхгүй болохоор нь гэрт гаднаас хүн орж гэдгийг гадарлаад орчин тойрноо ажиглахад орой унтахдаа манай эхнэрийн индүүдээд цонхны доор байрлах хүүхдийн орон дээр тавьсан хар өнгийн бирюкэн өмдөн дээр хүний хөлийн мөр гарсан байхаар нь гэрээсээ гараад хашаандаа харахад өмдөн дээр гарсан арзгар мөр олон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-35-р хуудас/,

- гэрч Б.Одгэрэлийн: “...Манай Ханбулаг буудалд О гэх эмэгтэй 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 10 цагийн орчимд 4 хоног байрласан. ...О буудалд байх хугацаандаа  өдөр нь дандаа байнга унтаж, хэвтэж байгаад үдээс хойш 16-17 цагийн үед буудлаас гадагшаа гардаг ...би шөнө ирсэн үгүйг нь мэддэггүй. Өглөө босоход ирсэн байдаг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

 -“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 11 сарын 09-ний өдрийн №01/02 дугаартай “...Dell маркийн CORE i3 үзүүлэлттэй нөөтбүүк 1 ширхэг-990 000 төгрөг, Samsung S7 edge маркийн гар утас 2 ширхэг- 560 000 төгрөг, Redmi note 7 маркийн гар утас 1 ширхэг-400 000 төгрөг, Дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг-250 000 төгрөг нийт 2 200 000 төгрөгөөр тогтоогдсон.” гэх дүгнэлт /хх-ийн 41-р хуудас/, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эд зүйлийн зах зээлийн үнийн судалгааг гаргасан /№01/02/ дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинж нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд гэмт хэрэгт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар илэрдэг бөгөөд Н.Оийн дээрх үйлдэл уг гэмт хэргийн шинжтэй бүрэн тохирч байх тул прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийн дагуу түүнийг иргэн С.Батбилэгийн гэрт нэвтэрч гар утас 3 ширхэг, мөнгөн аяга 1 ширхгийг, Лексус 470 маркийн 00-80 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээс Dell маркийн нөөтбүүк 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай гэж үзэх нь зүйтэй.

Хохирол төлбөрийн талаар:

            Хохирогч С.Батбилэгт “...нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй” гэх хүсэлт /хх-ийн 111-р хуудас/ байх тул шүүгдэгч Н.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгч Н.Оөд эрүүгийн хариуцлагыг оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6–д заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин түүний үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал, уг хэргийг үйлдэхээр бэлтгэж, төлөвлөсөн үйлдэл тогтоогдоогүй, хөнгөн хийсвэр байдлаар хандсан нь уг гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэмжээ нийтэд үзүүлэх аюулын хэмжээгээр бага хувьтай байна гэж дүгнэлээ.

Тэрхүү санаа зорилго нь гэмт хэргийг төгсгөсөн даруйдаа баригдаж, хулгайлсан эд зүйлийг буцаан өгсөн хэргийн байдлаас харагдаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэхээр заасныг түүнд хэрэглэх боломжтой гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хариуцлагын доод хэмжээний 2-ний нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулбал зохино гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн NEWSHITA гэсэн бичиг бүхий цайвар өнгийн хос пүүзийг эзэмшигч Н.Оөд буцаан олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

  Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Боржигон овогт Нямаагийн Оийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Шүүгдэгч Н.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Оөд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Н.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн NEWSHITA гэсэн бичиг бүхий цайвар өнгийн хос пүүзийг  тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Н.Оөд буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.УРАНГУА