Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

               Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

               Улсын яллагч: В.Төгсбаяр,

               Өмгөөлөгч: Д.Оюунцэцэг, 

               Шүүгдэгч: Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Дд холбогдох 2029000210023 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

            Шүүгдэгч Т.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант баг, Бага булагийн 802 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Цэцэгсайхантай хувийн таарамжгүй харьцаанаас буюу бусадтай хардсанаас маргалдан улмаар зодож, Ц.Цэцэгсайханы эрүүл мэндэд нь баруун гарын тохойн үений дотор тал, бугалганы гадна доод хэсгүүдэд хөхрөлт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Д мэдүүлэг өгөхгүй гэв.

- Хохирогч Ц.Цэцэгсайханы мэдүүлэг /хх-ийн 15,18-р хуудас/,

- Гэрч Д.Цэвээндоржийн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

- Гэрч Д.Үүрийнтуяагийн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

- Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 91 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/,

- Шүүгдэгч Т.Дгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-р хуудас/,

- Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 71-75-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Т.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

  Шүүгдэгч Т.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант баг, Бага булагийн 802 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Цэцэгсайхантай хувийн таарамжгүй харьцаанаас буюу бусадтай хардсанаас маргалдан улмаар зодож, Ц.Цэцэгсайханы эрүүл мэндэд нь баруун гарын тохойн үений дотор тал, бугалганы гадна доод хэсгүүдэд хөхрөлт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Ц.Цэцэгсайханы: “...Д миний араас аавын гэрт орж ирээд зуухан дээр нь үсэрч гараад бууж миний өгзөгний баруун хэсэг рүү 2-3 удаа өшиглөөд, миний баруун гарлуу гараараа 2-3 удаа цохиж авсан. Тэр үед манай аав Дг дарж аваад намайг “яв” гэхээр нь би аавынхаасаа гараад зүүн талын хашаанд байдаг айлруу орж цагдаад  мэдэгдсэн .” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

-Гэрч Д.Цэвээндоржийн: “...2020 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө 03 цагийн орчимд намайг гэртээ унтаж байхад миний охин Цэцэгсайхан “ааваа аллаа” гээд зүүн гэрт орилсон. Тэгээд би босоод гэрлээ асаагаад гарах гэсэн чинь манай охин дан хувцастай “ааваа намайг аллаа” гээд өөдөөс ороод ирэхэд араас нь хуучин нөхөр нь болох Д хөөгөөд зодох гээд орж ирсэн. Манай гэрийн зуухыг нар зөв тойруулаад “ална” гэж элдэж байгаад зуухан дээр гарчихаад “чамайг ална” гээд манай охины нурууны хэсэгрүү 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

-Гэрч Д.Үүрийнтуяагийн: “...Намайг 2020 оны 01 дүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 01-02 цагийн хооронд  байх яг цагийг нь санахгүй байна гэртээ унтаж байхад гаднаас хаалга татаад хүн ороод ирэхээр нь би утасны гэрлээ асаагаад “яасан бэ юу болсон” гэсэн чинь “хүн агсан тавиад байна цагдаагийн дугаар байна уу” гэж хэлэхээр нь цагдаагийн тасгийн дугаар өгч дуудлага өгүүлсэн. Цэцэгсайхан манай нөхөр байгаа юм ажлаасаа амраад ирсэн согтуу агсан тавиад байна, одоо явчихлаа гэж хэлж байсан. Цэцэгсайхан гэрт орж ирэхдээ нилээн сандарсан байдалтай, харин хувцас хунар нь урагдсан зүйл байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

- Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 91 дугаартай шинжээчийн: “...Ц.Цэцэгсайханы биед баруун гарын тохойн үений дотор тал, бугалганы гадна доод хэсгүүдэд хөхрөлт үүссэн гэмтэлтэй байна. Уг гэмтэл нь мохоо зүйлээр тухайн хэргийн болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтэл нь цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Ц.Цэцэгсайханы биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байх бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь Т.Дэлгэрбаяр нь санаатайгаар Ц.Цэцэгсайханыг гараар цохих өшиглөх зэрэг үйлдлээр баруун гарын тохойн үений дотор тал, бугалганы гадна доод хэсгүүдэд хөхрөлт үүсгэж хөнгөн хохирол учруулснаар үйлдлийн шинж илэрсэн.

Иймд түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№95, 97/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Ц.Цэцэгсайхан нь шүүгдэгч Т.Дгаас хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй, гомдол, саналгүй” гэх хэрэгт авагдсан тул шүүгдэгч Т.Дыг хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч Т.Д үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлтэй.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д нь хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав.

Өөрөөр хэлбэл түүний хувийн байдлын хувьд өөрийн үйлдлийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа байдал, уг гэмт хэргийн арга барил, үйлдлийн шинжийг нь гэмт хэргийн хор аюулын түвшин бага байна гэж үнэлж дүгнэлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд түүнд улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Т.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ханан овогт Түмэн-Өлзийгийн Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч Т.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид  төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Ц.УРАНГУА