Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

               Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

               Улсын яллагч: В.Төгсбаяр,

               Шүүгдэгч: Т.Э /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Эд холбогдох 1929003700015 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

            Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын төвд байрлах Хорол-Эрдэнэ нэртэй зочид буудалд Э.Мөнх-Оргилтой хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар зодож түүний биед нүүрний баруун тал, баруун шанаа хавдсан, дээд уруул, хамрын угалзны хооронд шалбарсан, хоолой төвөнх орчим шалбарсан, зүүн талд дух зулайн хуйханд бага зэргийн хавдсан, баруун нүдний доод зовхи орчимд хөхөрсөн, баруун гарын шуунд хөхөрсөн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтэд дурдагдсан зүйл болсон. Миний бие энэ хэргийн улмаас хутгалуулж нарийн гэдэс тасарсан байгаа. Одоо эмчийн хяналтад байдаг. Хийсэн хэрэгтэй гэмшиж байгаа гэв.

- Хохирогч Э.Мөнх-Оргилын мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

- Гэрч Э.Шинэхүүгийн мэдүүлэг /хх-ийн 33, 47-р хуудас/,

- Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 40 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/

- Шүүгдэгч Т.Эы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуулас /хх-ийн 99-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын төвд байрлах Хорол-Эрдэнэ нэртэй зочид буудалд Э.Мөнх-Оргилтой хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар зодож түүний биед нүүрний баруун тал, баруун шанаа хавдсан, дээд уруул, хамрын угалзны хооронд шалбарсан, хоолой төвөнх орчим шалбарсан, зүүн талд дух зулайн хуйханд бага зэргийн хавдсан, баруун нүдний доод зовхи орчимд хөхөрсөн, баруун гарын шуунд хөхөрсөн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

-  Хохирогч Э.Мөнх-Оргилын: “...Тэгээд архи ууж байхдаа Э согтчихоод буудалд орж ирсэн манай ажлын хүнийг сармагчин томроод байгаарай, далдайгаад байгаарай гээд агсрах гээд хэл амаар доромжлоод байсан гэхээр нь би “та яагаад хүн рүү агсраад дайраад байдаг болчихсон юм бэ? Урьд нь архи дарс уугаад зүгээр байдаг байсан биз дээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг “өөдөөс томорлоо, чи их том болжээ” гээд өөдөөс агсрах гээд байсан. Би тухайн үед “ тийм зүйл байхгүй, ах боль” гээд л байсан. Тэгж байгаад миний нүүрлүү гараараа нэг удаа цохиж аваад намайг орон дээр дарж аваад миний толгойруу 2-3 удаа цохиж авсан. Би буцаагаад түлхсэн чинь дийлдэхгүй миний дээрээс босохгүй байхаар нь халаасанд байсан хутгаар хэвлий орчимд нь хутгалсан чинь Э “дүү чи яаж байна” гээд миний дээрээс босохоор нь “та яагаад байгаан” гээд цээжрүү түлхээд орон дээр суулгаад яриад сууж байсан чинь гаднаас Шинэхүү ороод ирсэн. Тэгээд дараа нь буудлын үйлчлэгч Цагаанцэцэг орж ирээд эмч түргэн дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

- Гэрч Э.Шинэхүүгийн: “...Түүнээс өмнө нь тэр хоёр хоорондоо зууралдаад зодолдох гээд ч байгаа юм шиг зууралдаад байхаар н би “та хоёр больцгоо” гэж хэлээд болиулсан Мөнх-Оргил Эг “намбатай бай яах гэж ингэж байдаг юм” гэж хэлж байгаад бие засах гээд гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33, 47-р хуудас/,

- Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн: “...Иргэн Э.Мөнх-Оргилын биед нүүрний баруун тал, буруун шанаа хавдсан, дээд уруул, хамрын угалзны хооронд шалбарсан, хоолой төвөнх орчимд шалбарсан, зүүн талд дух зулайн хуйханд бага зэргийн хавдсан. Баруун нүдний доод зовхи орчимд хөхөрсөн, баруун гарын шуунд хөхөрсөн гэмтэл учирсан байна. Э.Мөнх-Оргилын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь цаашид биеийн эрүүл мэнд, гоо сайхан, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Э.Мөнх-Оргилын гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндэд нь түр хугацаагаар нөлөөлөх учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байх бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Т.Э нь хохирогч Э.Мөнх-Оргилыг санаатай цохих дарах үйлдлээр нүүрний баруун тал, буруун шанаа хавдсан, дээд уруул, хамрын угалзны хооронд шалбарсан, хоолой төвөнх орчимд шалбарсан, зүүн талд дух зулайн хуйханд бага зэргийн хавдсан. Баруун нүдний доод зовхи орчимд хөхөрсөн, баруун гарын шуунд хөхөрсөн гэмтэл үүсгэж хөнгөн хохирол учруулсан үйлдлийн шинж нь уг гэмт хэргийн шинжтэй тохирч байх тул гэм буруутайд тооцлоо.

Шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№95, 97/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Т.Эы гэмт хэргийн улмаас хохирогч Э.Мөнх-Оргил нь түүний биед хүнд хохирол учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэн прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт шүүгдэгч гомдолгүй гэсэн бөгөөд түүний зүй бус, эрүүл мэнд эрх чөлөөнд нь шууд чиглэсэн, бие болоод хүчээр илүүрхсэн үйлдлийг нь таслан зогсоож, аюулыг зайлуулах гэсэн хохирогчийн санаа сэдэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Э.Мөнх-Оргил нь шүүгдэгч Т.Энтайванаас хохирол төлбөр нэхэмжилсэн баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч Т.Энтайванг хохирол төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч Т.Энтайваны үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлтэй.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эы хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав.

Өөрөөр хэлбэл түүний хувийн байдлын хувьд өөрийн үйлдлийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа байдал, уг гэмт хэргийн арга барил, үйлдлийн шинжийг нь нийгэмд учруулах хор аюулын түвшин бага байна гэж үнэлж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хэдийгээр шүүгдэгч Т.Э хохирогчийн биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн боловч уг хэргийн улмаас өөрийн эрүүл мэнддээ гэмтэл авч хохирсон байдлыг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3-д зааснаар онцгой нөхцөл байдалд хамааруулан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Иймд дээрх үнэлэмжүүд болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цайвар өнгийн фудболк, 1 ширхэг цагаан өнгийн дөрвөлжин хээтэй сорочкин цамц, 1 ширхэг ишгүй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарнууд овогт Түвшинтөрийн Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч Т.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид  төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж цайвар өнгийн фудболк, 1 ширхэг цагаан өнгийн дөрвөлжин хээтэй сорочкин цамц, 1 ширхэг ишгүй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.УРАНГУА