Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 170

 

Ч.Баясгалангийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/05680 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.Баясгалангийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Долгионд холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

 

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, замчдын гудамж 75 дугаар байрны 207 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алдархишиг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Баясгалан нь О.Долгионд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээгээр 20 000 000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай зээлдүүлж, зээлдэгчийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамж, 75 дугаар байрны 207 тоот орон сууцанд үнэ төлбөргүй оршин суухаар тохирч гэрээ байгуулан нотариатаар батлуулж, Баянгол дүүргийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Гэрээний хугацаа дуусахад талууд тохирч хугацааг сунгасан бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Ч.Баясгалан орон сууцыг чөлөөлөн өгч, зээлдүүлсэн мөнгөө шаардахад 15 000 000 төгрөгийг өгч, 5 000 000 төгрөгийг өгөхгүй байгаа тул нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ариунхишиг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Замчдын гудамж 75 дугаар байрны 207 тоот 2 өрөө орон сууцыг 2014 оны 10 дугаар сард мөнгө зээлдүүлж сууж байсан хүний хугацаа дуусахад тус байрны 205 тоотыг түрээслэж байсан Ч.Баясгалан үүнийг мэдээд “би түрээсэлж сууя, миний сууж байгаа байр зарагдаж байгаа, хол нүүхгүйгээр танай байранд оръё” гэж гуйсан, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү н.Батболдтойгоо ирж байр үзээд 15 000 000 төгрөгөөр түрээсэлж суухаар тохирсон. Би 20 000 000 төгрөгөөр өмнөх түрээсийн хүмүүсийг гаргаж таныг суулгана гэхэд Ч.Баясгалан “эгч нь ганцаараа, мөнгө муутай, 15 000 000 төгрөгөөр сууя, харин 5 000 000 төгрөг түр зээлье, жаахан хүүхэд хардаг, хүүхдүүд Японд байдаг” гэснийг би хүлээн зөвшөөрсөн. Ингээд 2014 оны 10 дугаар сарын 10-нд Баянгол дүүргийн нотариат орж 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээ байгуулж, 20 000 000 төгрөг тоолж авсан. Энэ үед Ч.Баясгалан, түүний хүү н.Батболд, манай дүү О.Долгион хамт байлцсан. Наториатаас гараад Ч.Баясгалан бид 2 түрээсэлж байгаа байрандаа очиж 7 хоногийн хугацаатай 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан ба мөнгө нэмж аваагүй.

Миний хувьд 3 хоногийн дараа буюу 2014 оны 10 дугаар сарын 13-нд 5 000 000 төгрөгийг буцаан өгч, Ч.Баясгалан гарын үсэг зурж мөнгөө хүлээн авч, гэрээгээ хаасан. 2016 оны 7 дугаар сард Ч.Баясгалан түрээсийн байрнаас гарахаар болж мөнгөө авья гэж утсаар ярьсан. Би 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 15 000 000 төгрөгийг бэлнээр өгөх гэж очсон боловч 20 000 000 төгрөг нэхэж мөнгийг аваагүй. Ингээд би Ч.Баясгаланд өмнө 5 000 000 төгрөг өгсөн баримтыг 2016 оны 8 дугаар сарын 25-нд үзүүлж, 15 000 000 төгрөгийг бэлнээр тоолж өгч, Ч.Баясгалан 20 000 000 төгрөг дээр ямар ч маргаангүй хүлээн зөвшөөрч гэрээг дуусгавар болгон гарын үсэг зурсан. Гэтэл нотариатаар орж, Үл хөдлөх хөрөнгийн газраас барьцаанд байгаа байрыг чөлөөлөхгүй, гарын үсгийн баталгаа, байрны түлхүүр өгөхгүй, утсаа ч авахгүй өдий хүрсэн. Иймд Ч.Баясгалангийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Орсоогийн Долгионоос 5 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Чойжилын Баясгалангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн 3 дугаар хороо Замчдын гудамж 75 дугаар байрны 207 тоотод байршилтай, 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж өгөхийг Ч.Баясгаланд даалгаж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Баясгалангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөг, хариуцагч Д.Долгионы төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ч.Баясгалангаас 70 200 төгрөгийг гаргуулан О.Долгионд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Ч.Баясгалан О.Долгион нарын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр 20 000 000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай зээлдүүлж, зээлдэгчийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамж 75 дугаар байрны 207 тоот орон сууцанд үнэ төлбөргүй оршин суухаар тохирч гэрээ байгуулан нотариатаар батлуулж, Баянгол дүүргийн бүртгэлийн газарт орон сууц хөлслөх гэрээг бүртгүүлсэн бөгөөд энэхүү зээлийн гэрээний үүрэгт Ч.Баясгалан, О.Алдархишиг нарын хооронд байгуулагдсан 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг оруулж тооцсон нь хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.Баясгалан нь хариуцагч О.Долгионд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамж 75 дугаар байрны 207 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ”-гээр 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 20 000 000 төгрөгийг, хүүгүй зээлдүүлж, нэмэлт нөхцөлөөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, замчдын гудамж 75 дугаар байрны 207 тоот үл хөдлөх хөрөнгийг эзэмшүүлэх мөн өдөр “Орон сууц хөлслөх гэрээ” /үнэ төлбөргүй эзэмших/ байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

“Орон сууц хөлслөх гэрээ” /үнэ төлбөргүй эзэмших/-ний дагуу барьцааны гэрээ байгуулагдсан эсэх нөхцөл байдал тодорхой бус энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байхад шүүх зөвхөн улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх талуудын тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Тодруулбал, хариуцагч нь зээлийн гэрээний үндсэн үүрэг дуусгавар болсон гэж үзээд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд барьцааны гэрээ байгуулагдсан талаархи баримт хэрэгт авагдаагүй байхад Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-т зааснаар барьцааны эрх дуусгавар болсон эсэх талаар дүгнэлт өгөх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх тухай шаардлагыг шийдвэрлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Талууд үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж тайлбарлаж байх боловч улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх тодорхойгүй байхад барьцаанаас чөлөөлөх асуудал яригдахгүй.

Анхан шатны шүүх талуудын тайлбарыг маргаанд хамаарах эрх зүйн зохицуулалттай холбон тайлбарлаагүй, нотлох баримт хангалттай бүрдсэн эсэхийг анхаараагүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/05680 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Баясгалангаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                             ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                                     Д.БАЙГАЛМАА