| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2017/0594/З |
| Дугаар | 980 |
| Огноо | 2017-12-22 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 980
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б
Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 217 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Б 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан.
Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 217 дугаар тогтоолоор намайг ажлаас чөлөөлсөн. Хариуцагч Монгол Улсын Засгийн газраас маргаан бүхий тогтоолдоо Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, 18.8 дахь хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3-т заасныг тус тус үндэслэн намайг төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймээс Засгийн газрын 2017 оны 217 дугаар тогтоолыг дараах байдлаар хууль бус гэж үзэж, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:
1. Ажлаас чөлөөлсөн үндэслэлийн тухайд: Миний бие Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн.
Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллах хугацаанд би яамны ажлаа зохих хэмжээнд удирдан зохион байгуулж сайн ажилласан.
Энэ талаар 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2/505 дугаар албан бичгээр зөвлөгөө авахаар Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга Д.Баатарсайханд, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2/4382 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо болон Төрийн албаны зөвлөлийн ёс зүйн хорооны даргад мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайд Ж.Батсуурь нарт удаа дараа гомдол гаргаж байсан.
Маргаан бүхий актад “Яамны аппаратын гүйцэтгэх ажлыг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулан удирдаж чадаагүй, салбарын бодлого зохицуулалтын асуудлаар эрхэлсэн сайддаа мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч туслах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасны дагуу яамны төрийн нарийн бичгийн дарга нь төрийн захиргааны албан хаагчид хамаарна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д "Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө" гэж заасан.
Яамны төрийн нарийн бичгийн дарга нь төрийн захиргааны албан тушаалтан буюу төрийн жинхэнэ албан хаагчид хамаарч байх тул ажлаас чөлөөлөхдөө дээрх хуульд заасан үндэслэл байгаа тохиолдолд ажлаас чөлөөлөх ёстой гэж үзэж байна. Гэтэл дээрх хуулийн зохицуулалтаас маргаан бүхий акт болох Засгийн газрын тогтоолын үндэслэл нь илтэд зөрж байна.
Үүнээс үзвэл намайг төрийн албанаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд хариуцагчаас үндэслэлгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэж үзэхээр байна.
2. Тогтоолын хууль зүйн үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч миний эрхийг зөрчиж буй захиргааны актын тогтоох хэсэгт заасан хууль зүйн үндэслэлд Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 7, 8 дахь хэсэг болон Монгол улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3 дахь хэсгийг тус тус үндэслэл болгожээ.
Харин Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж чөлөөлөх үндэслэлүүдийг нарийвчлан зохицуулсан байхад Засгийн газрын тогтоолд төрийн жинхэнэ албан хаагч намайг хуульд заасан ямар үндэслэлээр чөлөөлж буй талаарх хуулийн зүйл, заалтыг тодорхой зааж шийдвэр гаргаагүй байна.
Энэ нь Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагааны '‘хуульд үндэслэх" тусгай журам, 40 дүгээр зүйлийн 40.3-т “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана" гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй тул хууль зөрчсөн захиргааны акт гэж үзэж байна.
Хариуцагчаас ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулах хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, төрийн жинхэнэ албан хаагч надад тайлбар, санал хүсэлтээ гаргах боломж олголгүйгээр шийдвэрлэсэн нь илт буруу болсон. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заажээ.
Засгийн газраас маргаан бүхий 217 дугаар тогтоол гарсан талаар надад мэдэгдээгүй бөгөөд өөрийгөө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болохоо тухайн өдрийн орой вэб сайтад тавигдсан мэдээллээс олж мэдсэн болно. Ийнхүү Засгийн газраас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байхад мэдэгдээгүйг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Иймд Монгол улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 217 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Боловсрол, соёл, Шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б нь 2016 оны 09 дүгээр сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад оролцон хамгийн өндөр оноо авч нэгдүгээр байранд шалгарсан. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан.
Ажилд томилогдсоноосоо хойш ажлаа зохих журмын дагуу гүйцэтгэж хуульд заасан ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 217 дугаар тогтоолоор ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргасан байна. Энэхүү тушаалыг нэхэмжлэгч Б.Б д албан ёсоор гардуулж мэдэгдээгүй бөгөөд тушаалын хуулбарыг интернетээс олж мэдсэн. Улмаар зохих журмын дагуу Төрийн албаны зөвлөлд хандаж гомдлоо шийдвэрлүүлсэн.
Ажлаас чөлөөлсөн үндэслэлдээ яамны аппаратын гүйцэтгэх ажлыг мэргэжлийн үндсэн дээр зохион байгуулж удирдаж чадаагүй, сайддаа мэргэшил арга зүйн зөвлөгөө өгч туслах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэсэн байна. Эдгээр үндэслэлүүд үнэхээр байсан эсэхийг тодруулж шалгаагүй, үүнтэй холбоотой баримт байхгүй байхад ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.
Төрийн нарийн бичгийн дарга нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд ажлаас чөлөөлж буй тохиолдолд Төрийн албаны тухай хуульд заасныг үндэслэл болгох ёстой. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн аль зүйл, заалтыг үндэслэж ажлаас чөлөөлж байгаа талаар маргаан бүхий захиргааны актад дурдаагүй, бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан тул Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 217 дугаар тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймээс маргаан бүхий актын эрх зүйн үндэслэлийг шалгаж үзэх шаардлагатай.
Маргаан бүхий акт нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, 18.8 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгосон байна.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 нь Монгол Улсын яам нь Төрийн нарийн бичгийн даргатай байх ба түүний чиг үүргийн талаар зохицуулсан ерөнхий заалт юм. Тус зүйлийн 18.8-д яамны Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Засгийн газар томилж, чөлөөлөх талаар зохицуулсан байна. Гэтэл маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй бөгөөд Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэл болгоогүй байна.
Мөн Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Төрийн нарийн бичгийн даргыг томилж, чөлөөлөх эрх Монгол Улсын Засгийн газарт олгогдсон талаар нарийвчлан тусгасан ба уг шийдвэрийг гаргахдаа төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэх талаар зохицуулсан. Тус зүйлийн 9.3-т Төрийн нарийн бичгийн даргын чиг үүргийн талаар зохицуулсан. Манай зүгээс Монгол Улсын Засгийн газар Төрийн нарийн бичгийн даргыг томилж чөлөөлөх эрх хэмжээний асуудлаар маргаагүй. Хууль зүйн болон бодит нөхцөл байдлын үндэслэлгүй захиргааны акт гаргасан гэж маргаж байгаа.
Дээрхээс үзвэл маргаан бүхий захиргааны актад Төрийн нарийн бичгийн даргыг томилж, чөлөөлөх ерөнхий эрх хэмжээний заалтыг үндэслэл болгосноос бус нарийвчлан барих ёстой хуулийн зүйл заалтыг баримтлаагүй байна.
Мөн хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 11-36 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг ханган биелүүлээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасан. Монгол Улсын Засгийн газар маргаан бүхий актыг гаргахдаа захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдлыг хамааруулсан үндэслэлээ хэрхэн тогтоосон талаар дурдах ёстой байсан боловч дурдаагүй. Мөн хууль зүйн үндэслэлийг нарийвчлан заагаагүй.
Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах, албан тушаал бууруулахыг хориглоно” гэж заасан. Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөх, халах, сахилгын шийтгэл ногдуулж байгаагийн аль нь болохыг тодорхойлох боломжгүй байна. Төрийн албаны тухай хуулийн Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1.2-т зааснаар Монгол Улсын Засгийн газар нь хууль дээдлэх ёстой. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар Монгол Улсын Засгийн газрын шийдвэр хуульд үндэслэх ёстой.
Маргаан бүхий захиргааны актад сахилгын шийтгэл ногдуулах, халах гэсэн нэр томьёог хэрэглээгүй бөгөөд чөлөөлөх гэсэн нэр томьёог 2 удаа хэрэглэсэн. Төрийн албаны тухай хуулийн 23 дүгээр зүйлийн 23.4-т “төрийн жинхэнэ албан хаагч улс төрийн албан тушаалд сонгогдсон буюу томилогдон ажиллах болсон эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж зааснаас өөрөөр төрийн албанаас чөлөөлөх зохицуулалт байхгүй байна.
Хариуцагчаас нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар удаа дараа албан тушаалын үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн халсан гэж тайлбарласан. Гэтэл маргаан бүхий захиргааны актад энэхүү заалтыг үндэслээгүй байна. Энэ зохицуулалтыг хожим нь шийдвэрээ хамгаалах зорилгоор үндэслэн тайлбарлаж байгаа нь захиргааны байгууллагын зарчимд харш зүйл гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нь албан үүргээ 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн гэдэг факт, нотлох баримт байхгүй байгаа. Баримтлах ёстой хуулийн зүйл заалтыг үндэслээгүй хууль зөрчсөн, ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй, хариуцагчийн сүүлд тодруулан хэлж байгаа үндэслэлүүд нь нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.
Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “
1. Монгол улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 217 дугаар тогтоол гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалт нь Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 18-р зүйлийн 8 дахь заалтыг тодорхой заасан байна.
Тодруулбал Монгол улсын Засгийн газар тухай хуулийн 18-р зүйлийн 8 дахь хэсэгт “Яамны Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлд заасны дагуу “Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө.” гэж уг акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заасан байна.
Нэхэмжлэгчийн Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаар хууль зөрчсөн гэж үндэслэл болгож байгаа энэхүү зүйл заалт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Засгийн газар нь Монгол улсын төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч дээд байгууллага” бөгөөд аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг хэрэгжүүлэх нийтлэг чиг үүргийг хуульчилсан хуулийн зүйл заалт юм.
Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Засгийн газрын шийдвэрийг нийтлэх талаар зохицуулахдаа “Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг тэдгээрт Ерөнхий сайд гарын үсэг зурснаас хойш ажлын 3 хоногийн дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвшөөрснөөр Ерөнхий сайдын ажлын хэсгээс эрхлэн хэвлэл, мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд мэдээлнэ.” гэж, мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно. “Тайлбар: Хэвшсэн журмаар нийтэд танилцуулах гэж захиргааны байгууллагын албан ёсны мэдээллийн самбар, цахим хуудас, орон нутгийн болон үндэсний шинжтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг ойлгоно” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зүйл, заалт нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актыг мэдэгдэх гэсэн зохицуулалт нь Засгийн газрын тогтоолыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхээр хуульд өөрөөр тусгайлан заасны дагуу тухайн өдрөө буюу 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч Б. Б өөрөө тухайн өдрийн вэб сайтад тавигдсан мэдээллээс олж мэдсэн талаараа нэхэмжлэлдээ бичсэн байгаар нотлогдож байх тул нийтэд танилцуулснаас хойш 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцохоор байх тул маргаан бүхий Монгол Улсын Засгийн газрын 217 дугаар тогтоолыг зохих журмын дагуу Б.Б д мэдэгдээгүй гэсэн нь үндэслэлгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25, 26 дугаар заалтуудад төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болох талаар хуульчлан зохицуулсан.
Монгол улсын Засгийн газрын 217 дугаар тогтоол нь БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Б ыг Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 26 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлүүдээр чөлөөлөх, түр чөлөөлөх, чөлөөлөгдөх, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэсэн үндэслэл бүхий шийдвэрүүдийн аль нь ч биш бөгөөд гагцхүү Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахаар шийдвэрлэсэн шийдвэр болно.
Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25, 26 дугаар зүйлүүдэд заагдсан төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөх, түр чөлөөлөх, чөлөөлөгдөх, төрийн албанаас халах, сахилгын шийтгэл оногдуулж төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр халах гэсэн төрийн алба хаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг дуусгавар болгох зохицуулалт үндэслэл, үр дагавар нь өөр өөр боловч Монгол Улсын Засгийн газрын 217 дугаар тогтоолд Ажлаас чөлөөлөх тухай “ ажлаас чөлөөлсүгэй “ бичигдсэн нь Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8-т заасан томилж, чөлөөлнө гэж заасан заалтын хүрээнд чөлөөлөх тухай гэж бичигдсэн болно.
Харин Засгийн газрын 217 дугаар тогтоолын үндэслэл нь Б.Б ыг албаны ямар үүргээ удаа дараа буюу 2 ба түүнээс дээш албан үүргээ хангалтгүй биелүүлсэн болохыг тодорхой заажээ. Нэгт: Яамны аппаратын гүйцэтгэх ажлыг мэргэжлийн үндсэн дээр зохион байгуулж удирдаж чадаагүй. Энэ зөрчил нь ерөнхий боловсролын сургуулийг 2017 онд төгсөгчдөөс авсан улсын шалгалтын сэдэв задарсан. Уг шалгалтыг явуулахад яамны аппаратыг удирдан зохион байгуулж чадаагүй. Яамны зүгээс улсын шалгалттай холбогдуулан бодлогын болон хэрэгжилтийн нэгдсэн арга хэмжээ аваагүй. Хоёрт: Салбарын бодлого зохицуулалтын талаар эрхэлсэн сайддаа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч туслах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн. Энэ талаар УИХ дээр дэлгэрэнгүй хэлэлцэгдсэн байдаг. Мөн аудитын тайланд ч бичигдсэн байдаг.
Улсын шалгалт зохион байгуулах ажиллагаанд яамны зүгээс анхаарал тавиагүй, жилийн жилд гардаг шалгалтын сэдэв задарсан” гэх нийгэмд социал орчинд тавигдаж байгаа мэдээ шүүмжлэлд бодит дүгнэлт хийж, шалгалтын сэдэв задрах олон арван сурагчдын хөдөлмөр зүтгэл, тэднийг шалгалтанд бэлдүүлсэн эцэг эхчүүдийн сэтгэл зүтгэл, хөдөлмөр үүнтэй холбоотой зарцуулсан санхүүжилт, багш нарын хүчин чармайлт үнэгүйдэж, шалгалтын сэдэв задруулж, тэдгээрийг ашиглаж хэрэглэсэн хууль зөрчигч нар өндөр үзүүлэлт оноо авах нөхцөлийг таслан зогсоож, нууц хадгалалт, хамгаалалтыг технологийн шинэ төвшинд хүргэх, урьдчилан сэргийлэх ажлыг бодлогын болон хэрэгжилтийн төвшинд хэрэгжүүлээгүй байж “би сайн ажиллаж байсан” гэж тайлбарлаж байгаа нь бодит байдалтай огт нийцэхгүй байна.
Засгийн газрын тогтоолд заагдсан Б. Б ы удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу яамны аппаратын гүйцэтгэх ажлыг мэргэжлийн үндсэн дээр зохион байгуулж удирдаж чадаагүй, Салбарын бодлого зохицуулалтын талаар эрхэлсэн сайддаа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч туслах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн талаар: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 115 дугаар тогтоолоор БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Б.Б томилогдон ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа яамны аппаратын ажлыг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулж, удирдаагүйгээс төрийн захиргааны байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан байна. БСШУСЯ-ны яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Яамны эрх зүйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9,5, 9.6-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж хариуцахаар зааснаас гадна БСШУС-ын сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээнд “Хуульд нийцүүлж, салбарын хэмжээнд мөрдөгдөх журам, дүрмийг боловсруулж хэрэгжүүлэхэд манлайлан оролцоно. Мөн Төрийн нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан “Яамны аппаратын ажлыг мэргэжлийн үндсэн дээр зохион байгуулж манлайлж оролцоно. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд бодлого стратегийн шийдвэр боловсруулах хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх” зэрэг үндсэн чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн.
Б.Б ы мэргэжлийн ур чадвар, ажлын арга барилын улмаас тус яамны бүтцийн нэгжийн удирдлага болон ажилчид хоорондоо талцан хуваагдаж, үл ойлголцол, хэрүүл маргаан газар авсны улмаас салбарын бодлого алдагдаж, төрийн байгууллагын үйл ажиллагаа доголдсон тул сайд болон яамны бүтцийн нэгжийн удирдах ажилтнууд зохих дээд байгууллага, албан тушаалтанд төрийн нарийн бичгийн даргатай хамтран ажиллах боломжгүй тухай хүсэлтийг гаргасан байдаг. Энэхүү хүсэлтүүдийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 19 дүгээр захирамжаар тус яаманд үүссэн нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Ажлын хэсэг газар дээр нь шалгалт хийж гүйцэтгэсэн ажлын талаарх Илтгэх хуудсыг Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулсан байна.
Уг илтгэх хуудсанд Төрийн нарийн бичгийн дарга Б.Б нь томилогдон ажилласнаас хойших хугацаанд яамны аппаратын ажлыг өдөр тутмын удирдлагаар хангаж чадаагүй, яамны хэмжээнд мөрдөх дүрэм, заавар журмыг цаг хугацаанд нь батлан мөрдүүлээгүй, хууль тогтоомжид нийцээгүй тушаал, шийдвэр удаа дараа гаргасан, яамны хүний нөөцийн талаар алдаатай үйл ажиллагаа явуулах зэргээр хууль тогтоомжоор өөрт олгогдсон эрхээ хэтрүүлж, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс удирдлагын хооронд зөрчил бий болсон нь “Төрийн нарийн бичгийн даргын мэргэжлийн болон удирдан зохион байгуулах ажлын ур чадвар хангалтгүй байна” гэсэн байна.
Гэтэл 2017 оны 5 дугаар сард улс орон даяар зохион байгуулагдсан 2016-2017 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөж байгаа сурагчдаас авах математикийн улсын шалгалтын сэдэв, даалгавар задарсан ноцтой алдаа гарсан нь яамны Боловсролын бодлогын газар улсын шалгалтын нэгдсэн удирдлагаар хангагдан ажиллахгүй, улсын шалгалтын нууцлалын баталгаа, сахилга бат, үүрэг, хариуцлагад хяналт тавиагүйтэй холбоотой байна.
Боловсрол үнэлгээний төвийн боловсруулж буй улсын шалгалтын даалгавар, түүний хариуг хадгалах хадгалалт, материалтай танилцах бүрэлдэхүүний баталгаа болон компьютерт зөөвөрлөлтөнд аюулгүй байдал бүрэн хангагдаагүй ноцтой зөрчил дутагдал гарсан нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх дотоод аудитын хорооны 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор нотлогдож байгаагаас үзэхэд Төрийн нарийн бичгийн дарга яамны Боловсролын газар болон бүрэн эрхийнхээ хүрээнд шууд харьяалах Боловсрол үнэлгээний төвийн үйл ажиллагаанд хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, сайдын тушаал, сайдаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ажлыг зохион байгуулж, өдөр тутмын явц, биелэлтэд хяналт тавьж ажиллаагүйгээс төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулж, төгсөх ангийн сурагчдад ноцтой хохирлыг учруулсан нь улс оронд даяар боловсролын салбарын нэр хүндийг унагасан нь олон нийтийн хэвлэл мэдээллээс харагдаж байна.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Б нь Засгийн газрын болон Яамны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар яамны аппаратын гүйцэтгэх ажлыг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулах, удирдах, салбарын бодлого зохицуулалтын асуудлаар эрхэлсэн сайддаа мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч туслах чиг үүргээ удаа дараалан хангалтгүй хэрэгжүүлснээс 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Монгол Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг огцруулсан болно.
Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар Төрийн нарийн бичгийн дарга нь яамны аппаратын ажлын үр дүнг сайдын өмнө хариуцах үүрэгтэй тул энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцож ажиллахыг Улсын Их Хурлын зарим гишүүдийн санал, шүүмжлэлд дурдагдсан болно.
Энэ дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны эхний хагас жилийн Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хэрэгжүүлэхээр заасан шийдвэрийн хэрэгжилтэнд хийсэн хяналт, шинжилгээний тайлангаар биелэлтийн дундаж 49.71 хувьтай гарсан байна.
Иймд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 217 дугаар тогтоолоор Яамны аппаратын гүйцэтгэх ажлыг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулан удирдаж чадаагүй, салбарын бодлого зохицуулалтын асуудлаар эрхэлсэн сайддаа мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч туслах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн Төрийн нарийн бичгийн дарга Б.Б ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 889 дүгээр албан бичигт Б.Б ыг чөлөөлөхтэй холбоотой асуудлаар тусгайлан саналгүй байгаагаа нэхэмжлэгч Б.Б ы нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б “Монгол улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 217 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Монгол улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 217 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.Б ыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн байна.
Ингэхдээ уг тогтоолд Б.Б ыг “Яамны аппаратын гүйцэтгэх ажлыг мэргэжлийн үндсэн дээр зохион байгуулж удирдаж чадаагүй, Салбарын бодлого зохицуулалтын талаар эрхэлсэн сайддаа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч туслах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн.” гэж буруутгажээ.
Хариуцагч тайлбартаа “...Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8-т зааснаар томилж, чөлөөлнө гэсний дагуу чөлөөлсөн.
...сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээ, Төрийн нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэх тайлбарыг шүүхэд гаргасан боловч Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тогтоолд үндэслэл болгоогүй, сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээ дүгнээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг хэрхэн биелүүлээгүй талаар хариуцагч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан тул эдгээр баримтыг нотлох баримтаар авч, үнэлэх шаардлагагүй гэж үзлээ.
Харин хариуцагчаас ирүүлсэн тайлбарт нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ “1. Яамны аппаратын гүйцэтгэх ажлыг мэргэжлийн үндсэн дээр зохион байгуулж удирдаж чадаагүй нь Ерөнхий боловсролын сургуулийг 2017 онд төгсөгчдөөс авсан улсын шалгалтын сэдэв задарсан зөрчлөөр илэрсэн.
2.Салбарын бодлого зохицуулалтын талаар эрхэлсэн сайддаа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч туслах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн. Энэ талаар Улсын Их Хурал дээр дэлгэрэнгүй хэлэлцэгдсэн, аудитын тайланд бичигдсэн.” гэж тайлбарладаг.
Түүнчлэн хариуцагчаас “... сайд болон яамны бүтцийн нэгжийн удирдах ажилтнууд зохих дээд байгууллага, албан тушаалтанд төрийн нарийн бичгийн даргатай хамтран ажиллах боломжгүй тухай хүсэлтийг тус яаманд шалгалт хийж, илтгэх хуудсаар Төрийн нарийн бичгийн дарга Б.Б нь ... Төрийн нарийн бичгийн даргын мэргэжлийн болон удирдан зохион байгуулах ажлын ур чадвар хангалтгүй ” гэж дүгнэсэн, мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх дотоод аудитын хорооны 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор нотлогдсон” гэж тайлбарлажээ.
Гэтэл Ерөнхий боловсролын сургуулийг 2017 онд төгсөгчдөөс авсан улсын шалгалтын сэдэв задарсан зөрчлийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны ажлын хэсэг шалгаад төрийн нарийн бичгийн даргын үйл ажиллагаанаас шалтгаалан уг зөрчил гарсан талаар дурдаагүй бөгөөд “... улсын шалгалтыг зохих аюулгүй түвшинд зохион байгуулж чадаагүй шалгалтын тест задарсан зөрчил гарсан тул Боловсролын үнэлгээний төвийн захиралд хариуцлага тооцох” талаар дүгнэлт гаргажээ.
Монгол улсын Ерөнхий сайдын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 19 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хийсэн шалгалтыг явуулж гаргасан дүгнэлтээр нэхэмжлэгч Б.Б ы төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажилдаа алдаа зөрчил гаргасан талаар дүгнэсэн боловч тухайн зөрчил буюу хууль бус үйлдэл нь нэхэмжлэгчийн эрхлэх үйл ажиллагаанд хамаарах эсэх, ямар зөрчлийг хэрхэн гаргасан эсэхийг тогтоолгүйгээр хэт хийсвэр ерөнхий дүгнэлт хийсэн байна.
Эдгээр байдлуудаас дүгнэхэд хариуцагчаас Б.Б ы үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар үнэлж дүгнэх журмын дагуу үнэлж дүгнээгүй, ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг “улсын шалгалтын сэдэв задарсан”, “илтгэх хуудсаар дүгнэсэн”, “Улсын Их Хурлын чуулганд яригдсан, дотоод аудитын тайланд бичигдсэн”-ээр Яамны аппаратын гүйцэтгэх ажлыг мэргэжлийн үндсэн дээр зохион байгуулж удирдаж чадаагүй, Салбарын бодлого зохицуулалтын талаар эрхэлсэн сайддаа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч туслах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэн төрийн албанаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 23 дүгээр зүйлийн 23.4-т “төрийн жинхэнэ албан хаагч улс төрийн албан тушаалд сонгогдсон буюу томилогдон ажиллах болсон эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө”, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах, захиргааны санаачлагаар албан тушаалаас нь бууруулахыг хориглоно.” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэгч Б.Б ы Монгол улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 217 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Монгол улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 217 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б ы ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан 5 сар 4 хоногийн цалин 5.737.981.8 төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 217 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Б ыг урьд эрхэлж байсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 5.737.981.8 /таван сая долоон зуун гучин долоон мянга есөн зуун наян нэгэн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Б д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН