Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 01467

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2016/01467

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамын 7-37 тоотод оршин суух Авцага хайрхан овогт Баяртогтохын Анхтуяа /ФА:95110723/

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнж 10-18 тоотод оршин суух Шаавай овогт Нямжавын Алтангэрэл  /ОМ:90112518/

            Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар  сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Анхтуяа, хариуцагч Н.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Анхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Н.Алтангэрэлтэй 2014 онд Орхон аймагт танилцаад 2015 оны 02 сард жирэмсэн болсон юм. Охин А.Хонгорзул нь 2015 оны 11 сарын 17-ны өдөр Орхон аймгийн төрөх тасагт төрсөн бөгөөд одоо 11 сартай, эрүүл бойжиж байна. Би хүүхдийнхээ эцэгтэй танилцаад нэг гэрт орж амжаагүй байхад Н.Алтангэрэл намайг жирэмсэн болсон гээд хаяад явсан ба одоо баруун дэнж багийн 10-18 тоотод амьдарч байна. Хүүхдээ төрснийг мэдэж байгаа ба эгч нар нь хэлж явуулсан боловч хүүхдээ эргэж тойрч асарч хандахгүй байна. Би аав ээжийндээ хүүхдийн хамт амьдарч байгаа ба эцгээс нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргийнх нь дагуу хүүхдийн тэтгэлгийг нэхэмжилж байна. Иймд охин А.Хонгорзулын эцэг Н.Алтангэрэлээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Алтангэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Нямжав овогтой Алтангэрэл нь Орхон аймгийн Баян-Өндөр суманд амьдардаг бөгөөд Анхтуяатай үерхэж хүүхэдтэй болсоноо хүлээн зөвшөөрч байна. Анхтуяатай нийлж амьдрах байсан ч бид хоёрын дунд асуудал гарсан учраас салах болсон. Би хөдөө өвөөгийнхөө малыг хариулдаг бөгөөд нэг удаа хөдөөнөөс ирээд унтаад энэ хүнээс бэлгийн замын өвчин авсан учраас итгэлгүй болж хөндийрсөн. Надад ажил төрөл байхгүй 3-р ангиасаа сургуулиас гарсан эцэг эх байхгүй бүтэн өнчин болно. Цөөхөн тооны малтай байсан өнгөрсөн жил ээжийнхээ эмчилгээг хийлгэхээр зараад дуусгасан. Иймд энэхүү асуудлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Анхтуяа нь хариуцагч Н.Алтангэрэлд холбогдуулан охин А.Хонгорзулд эцгээс нь тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч А.Алтангэрэл нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Зохигчид 2014 онд танилцан, хамтын амьдралтай байснаас охин А.Хонгорзул 2015 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр төрсөн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д зааснаар Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлээгүй тул хүүхэд эхийн нэрээр овоглогдон Иргэний гэр бүлийн байдлын төрөлтийн бүртгэлд бүртгүүлсэн,  одоо эрүүл бойжиж байгаа болох нь талуудын тайлбар, Уртын гол багийн Засаг даргын тодорхойлолт, А.Хонгорзулын 6101002144 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

Хариуцагч Н.Алтангэрэл 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин А.Хонгорзулын эцэг гэдгийг мөн эх Б.Анхтуяатай эр, эмийн харилцаатай байснаа үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрч байгаа тул эцгээр тогтоох үндэслэлтэй байна.

2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин А.Хонгорзулын нас, өсөж байгаа орчинг харгалзан эх Б.Анхтуяагийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар ... гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн эрх эдэлж, үүрэг хүлээх тул эцэг Н.Алтангэрэл нь мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д зааснаар ...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар...тэжээн тэтгэх үүрэгтэй байна. Иймд эцэг Н.Алтангэрэлээс тэтгэлэг гаргуулан олгох үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулин 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д зааснаар эцэг, эх тусдаа амьдрах болсон тохиолдолд чөлөөлөгдөх үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдөх бөгөөд, хариуцагч Н.Алтангэрэлээс тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 26 092 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

           

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин А.Хонгорзулын эцгээр Н.Алтангэрэлийг тогтоосугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин А.Хонгорзулыг эх Б.Анхтуяагийн асрамжид үлдээсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар охин А.Хонгорзулыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд / хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр эцэг Н.Алтангэрэлээр тэжээн тэтгүүлсүгэй.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н.Алтангэрэлээс 26 092 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
  5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           

 

 

 

 

 

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ